Нийтлэл 04 сарын 04, 2017

ТЕХНОЛОГИ: Дэлхийн ажлын байрны 57% автомат системээр солигдоно

JP Morgan Chase & Co бол АНУ-ын хамгийн том банкуудын нэг. Мөн банкны салбарын хамгийн том ажил олгогчдын нэг. Тус банкинд 240,000 гаруй ажилтан сая сая харилцагчдад үйлчилж байна. Дээрх ажилтнуудад жилд нийтдээ 360,000 цагийг арилжааны зээлийн гэрээ тайлбарлах гэх зэрэг энгийн ажил хийхэд зарцуулдаг хуульч, зээлийн мэргэжилтнүүд багтана. Харин одоо JP Morgan уг ажлыг хэдхэн секундэд хийж гүйцэтгэх чадвартай ухаалаг машин ашиглахаар болжээ.     

JP Morgan 2016 оны 6-р сараас эхлэн “Contract Intelligence (Гэрээний Ухаан)” буюу COIN хэмээх прогарммыг суурилуулж эхэлсэн байна. COIN нь JP Morgan банкны хэрэглэдэг системд ажилладаг. Уг программыг ашиглаж эхэлснээс хойш баримт материалыг хянах цагийг хэмнэж эхэлснээс гадна зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ хүмүүсийн гаргадаг алдаа мадгийг эрс багасгасан байна.

COIN программ нь тус банкны бичиг баримт боловсруулах ажлыг автоматжуулах болон банкир, харилцагчдадаа зориулан шинэ хэрэгсэл бий болгох ажлын нэг хэсэг болж байгаа юм. JP Morgan-ы 9,6 тэрбум долларын технологийн төсвийг автоматжуулалт эзэлж байгаа бөгөөд төсвийн хэмжээ нь ч мөн өсөх хандлагатай байна. Сүүлийн 2 жилийн турш гэхэд JP Morgan харилцагчийн банкны салбарын технологит 1 тэрбум доллар зарцуулжээ. Жил бүр зохиогддог хөрөнгө оруулагчдын өдрөөр банкны удирдлага

“Бид технологи, маркетингт маш их хөрөнгө оруулсан. Хөрөнгө оруулсны ач тус ч их гарч байна”

гэж мэдэгджээ.     

Ирэх жилүүдэд artificial intelligence (AI) буюу хиймэл оюун ухаан автоматжуулалтын шинэ эринийг бий болгох төлөвтэй байна. Түүнийг дагаад санхүү, тээвэр, үйлдвэрлэл, мэдээллийн технологи болон хууль зүйн салбарт хүртэл ажлын байр багасна. Нэгэн судалгааны үр дүнгээр бол дэлхийн ажлын байрны 57% нь автомат системээр солигдоно гэжээ.   

JP Morgan-ы COIN программын хийсэн шиг автоматжуулалт ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна хүний гаргаж болох алдааг багасгах болно. JP Morgan банкны Технологи хариуцсан захирал Матт Зеймс

“Бид өөрсдийн ажлын үр шимийг хүртэж эхэлж байна. Автоматжуулалт хий хоосон мөрөөдөл биш боллоо.” гэжээ. 

Харин банкны зүгээс автоматжуулалтыг ажилгүйдлийн шалтгаан болно гэж үзэхгүй байгаа аж. JP Morgan-ы харилцаа хариуцсан захирал Дана Дизи хэлэхдээ:

“Хүмүүс автоматжуулалтын талаар ярихдаа хүнийг машинаар сольж байна гэж ярьцгаадаг. Би хувьдаа хүмүүсийг илүү өндөр ач холбогдолтой ажилд өөрсдийгөө сорих боломж гаргаж өгч байна гэж харахыг хүсдэг. Тийм ч учраас энэ программыг нэвтрүүлэх нь манай банкинд гарч байгаа маш том боломж юм”

гэжээ.   

Ямартай ч ирээдүйд автоматжуулалтаас болж ажлын байр багасах нь тодорхой. JP Morgan гэх мэт зарим байгууллагад хэдийн эхэлчихсэн явна. Хувийн болон төрийн байгууллагууд автоматжуулалтаас бий болох ирээдүйд нийцэж ажиллахад бэлэн байх шаардлага тулгарч байна. 

Эх сурвалж: Futurism.com

Сэтгэгдэл бичих

arrow icon