Нийтлэл 05 сарын 05, 2025

EYESCOOL-н дурсгалд: Нэг нэгнээ хайрлах сайхан тэнгэрт одод түгэх гайхам

Алив тэр алаг дэлхийд энэ төрөлдөө төрөөд, учраа олохгүй бужигнаж байгаа хүн төрөлд миний хайраас түгээгээд ир хэмээн бурхнаас зараал болгосон хүмүүс үнэхээр байдаг л юм даа. Тийм хүмүүс янз бүрийн дүртэй. Зарим нь Авраам, Будда, Жисүс гэгдэж шүтэгддэг л байх. Зарим нь номын мөр дагаж богдын дүрээр залардаг л байх. Зарим нь зараал болмогцоо за тэгвэл хоолойг минь уянгатай болгоодох гэж байгаад ирж дуулж өгдөг л байх. Аискүүл бас бурхны зараал байсан байх аа. Ерөөсөө л хайрын тухай дуулсаар ирээд, дуулсаар буцчихлаа. Хамгийн сүүлийн үг нь ч хайрын тухай захиас байсан. Харахад ч хайраар дүүрэн мэт хэр баргийн гэгээнтэнд тодрохгүй зөөлөн төрх, зөөлөн инээмсэглэл, зөөлөн харцтай хүү байлаа багаасаа. Бурхны газартаа буцахад нь л түүний дуулсан бүтээсэн машид дулаан, машид энэрэлтэй хайрын оронзайд амьдарч явснаа нээж мэдээд нээх их өнчирч үлдлээ... яав даа даанч...

Манай наяад оныхныг ид дурлаж хайрлаж явахад Icetop дурлал хайрын тухай дуулж байлаа. Энэ бол миний хайр тийм ээ энэ миний хайр тийм ээ чамдаа хайртай... дурлаад дуулаад л дуулаад бас дурлаад л. Бид нар аистопын хэмнэлд дурлаж дуулж салж шархалж шархалснаа дуугаар нь аргадаж дахин дурлаж явлаа. Чиний хайр тийм үү тийм үү ердөө ийм л юм уу, тийм үү чи юу гээ л хэхэ. Сайхан ч байж, залуу ч байж, цаг хугацаа өөрөө цагаан бөгөөд гэм хоргүй ч байж.

Ээлтэй дулаахан зун цаг ирлээ хайрт минь
Эхний сардаа багтаад чи минь наддаа ирэв үү... 

Дурлал хайраас гадна гэрт гадаа өөрөө өөрсдийгөө бүтээсэн шилжилтийн нийгмийн хүүхдүүдийн зовлон жаргалыг ч дуулж өгсөн. Манай наяад оныхон цаанаа нэг тийм хэнхэг, зөв байдаг юм. Аистопынхон чинь аминдаа л бас манайхнаас хүнд гарууд. Гэхдээ цаанаа л нэг зөвийг дуулдаг. “Өөрийнхөө бас өрөөл бусдын өчүүхэн хугацаанд туулах амьдралыг өрөвдөхгүй аргадахгүй үнэн зөвийг далдлахгүй хоосон амлалт тавихгүй... “

Наяад оныхон насанд хүрч, ажил хөдөлмөр хийдэг болж, үр хүүхэдтэй боллоо. Аистоп хамт дуулсаар байсан, хайрыг, зөвийг, хамтдаа байхын сайхныг дуулсаар л байсан. “Өргөө гэртээ суух сайхан үр хүүхдээ тэврэх сайхан” хэмээн эгэл жирийн амьдрал ч дууны мөрөнд орж ирсэн. “Амьдрах сайхан амар тайван өргөө гэртээ амгалан суух сайхан...” хэмээн дуулж байсан дуучнаа ийм залуугаар нь хүний газар үднэ гэж даанч бодоогүй явлаа даа.

Тэдний дуунаас ямар ч үед бас л хатуу хэцүү нийгмийг туулж өндийсөн залуусын тэмцэл, хамгийн гол нь түүнийгээ хамтдаа даван туулсан нөхөрлөлийн тухай, сэтгэл зүрхний тухай мөртүүд хэзээ ч хасагдаж байгаагүй. “Залуу насыг сорьсон тэр саадыг ганцаардаа юу найз минь хамт туулах уу. Залуус бидний хүслийн хаалгыг хамтаараа нээж бүгдээр хамт туулах уу... “ хэмээн нэгийгээ энэрч дуулсан, хайрлаж дуулсан, уриалж дуулсан, хамгаалж ойлгож өмөөрч өмгөөлж нөмөрлөж дуулсан. “Даваа нугачаааг туулан байж хамт яваа миний найз” гэнэ, “алив бос хам аа амьдрал өөд зүтгэ хам аа” гэж нэгийгээ ар нуруунаас дэмжиж дуулсан. Ухаан байвал авьяас байвал толгой байвал тэмцэл байвал юм бүхнийг даван туулна аа хэмээн зоригжуулж дуулсан. “Итгэл алдсан одоо нэгэнт өнгөрсөн гэж бүү бод Энэ насандаа шинээр төрвөл Итгэл ирнэ сэтгэл сэргэнэ...”. “Энэ нийгмийн бохирдлыг одоо больё устгая, улс орныхоо төлөө санаа тавь тавь... “ яг л манай сэтгэлтэй зүтгэлтэй наяад оныхон мөн.

Аистоп алдаа онооноос ангид яваагүй ч алдаагаа ч үнэнээр нь дуулсан. Дуугаараа уучлал гуйж, дуугаараа алдаагаа засна хэмээн амалж байх шиг сонсогддог байлаа. “Хүний амьдралд ганцхан тохиох энэ залуу насандаа Хайрлах ёстой нэгийгээ хайрласан шиг хайрлаж Хамгаас эрхэм дуртай дуугаа дуулсан шиг дуулъя...” гэж дуулсан. Жанр дотроо харин ч томоотойд орох харьцангуй ийм амьдраллаг, эерэг философитой хамтлаг авч хүн чанарын тухай, мөн чанарын тухай мэдээж дуулсан. “Сэрүүн зүүд зүүдлэгсэд ээ хөөрхий yм ма хум сэтгэл нь нэгэнт хөрсөн хүмүүс yм ма ни бад мэ хум...” хэмээн бүгдээрээ цагаан мактай тайзан дээр бүжиглэж байхдаа бууж ирсэн бүлэг бөө шиг л байлаа шүү дээ.

Хүн чанар бид нарт байна уу?
Pon pon pon
Хүнээ байсан бид нар мөн үү?
Pon pon pon pon pon 

Аискүүл орчин үеийг дуугаараа шинэчилж, зөөллөж, орчин үежих гэж зүдэрч яваа нэгэн үеийг бүтээлээрээ, хөгжмөөрөө хайрласан лидерийн хувьд том агуулгын бүтээлүүд ч дуулсан. “Түмэн олныг үүл мэт хуваана гэвэл Тува, Ойрад, Захчин, Халх хилэгнэнэ. Буриад зон олон, Өвөр монгол, Халимаг, Тува, Хазара Монгол, Дээд Монгол Хамаг Монгол нэгдэхтүн Монгол зоны өмнө бүгд нэг цэг хүн” хэмээн дээл малгайтай рэппэр монгол гэрийн хоймор үглэхийг зөвхөн тусгаар Монголд л үзэж болох билээ.

Ингээд миний үеэс нэг домгийн хуудас дэндүү эрт хаагдаж, нэг зөөлөн чавхдас дуун дундаа тасарчдаг юм байжээ. “Дууны бадаг дундаршгүй дурлал хэмнэл дуусашгүй Дурлах өдөр туулах замыг чамгүйгээр төсөөлөшгүй... “ гэсэн мөртүүдэд нь хууртаж эд нартай хамт хөгшрөх юм шиг санаа амар явжээ. Хүний амьдралд жамын дагуух хагацал байна, жам бус нь байна. Уран бүтээлчээ алдах бол жам бус юм байна. Одоо яалтай билээ бурхнаас авсан даалгавраа бүтээлээрээ илэрхийлж дуусаад ядраа байлгүй. Манай версээс магад илүү зөөлөн ээл орчлондоо буцаа байлгүй. Нэг нэгнээ хайрлах сайхан тэнгэрт одод түгэх гайхам... хэмээн дуулсан дуу нь тэнгэрт үлдээд, өөрөө тэр одныхоо нэг болон харвав. Тэндээ дуулж, тэндээ амгалан амар оршиж, тэнгэрт инээмсэглэж, тэндээс бидэнд хайраа түгээж явах болтугай. Баяртай EyesCool, баярлалаа!Чи күүл нь байлаа, гоё байлаа, үнэн байлаа, хайраар дүүрэн байлаа, сод байлаа, домог байлаа.

 

arrow icon