Нийтлэл 04 сарын 30, 2017

МОНГОЛ СУДЛАЛ: Шинжлэх ухаан, соёл урлагийн “АЛТАН АГСАРГА” шагнал гардуулах ёслол боллоо

Монгол үндэстний соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгээс шинжлэх ухаан соёл урлагийн “АЛТАН АГСАРГА” шагнал гардуулах ёслол энэ сарын 27-нд Улаанбаатар хотноо зохиогдлоо. “Алтан агсарга” нийгэмлэгийг Олон улсын Монгол судлалын холбоо, Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сан, Лувсанданзанжанцан судлал төв зэрэг байгууллагууд, мөн үндэстний хэл соёл, уламжлал түүхээ сонирхон судлах, өвлөн хамгаалах хүсэл зорилготой иргэд нэгдэн үндэстний соён гэгээрлийг дэмжин тэтгэх зорилгоор үүсгэн байгуулжээ.

“Алтан агсарга” нийгэмлэгээс Олон улсын монгол судлалын холбооны үйл ажиллагааг дэмжиж, чансаа ач холбогдлоороо шалгарсан гадаад дотоодын монголч эрдэмтдийн судалгаа бүтээлүүдэд эрдэнийн чулуун шигтгээтэй алтан бүс, мөнгөн шагнал бүхий шинжлэх ухаан соёл урлагийн “АЛТАН АГСАРГА” шагналыг олгодог байна. Энэхүү ёслолын үеэр Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар Монгол тулгатны бөхийн их наадам зохион байгуулах гэж буйгаа мэдэгдлээ.

Тус нийгэмлэг нь шинжлэх ухаан, соёл урлагийн салбарт олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа шинжилгээ, соёл урлагийн бүтээл туурвисан монгол угсаатан, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдийн үйл ажиллагааг дэмжиж, нийгэм эдийн засгийн бусад салбарууд дахь  дэлхийн монголчуудын хамтын ажиллагааг сайжруулан өргөжүүлэх зорилготой юм.

Олон улсын Монгол судлалын холбоо нь 1959 онд Улаанбаатар хотноо Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчин, Хангин Гомбожав Оуэн Латтимор нарын нэрт эрдэмтдийн санаачлагаар байгуулагдаж өдгөө Европ, Ази, Австрали, Америк тивийн 27 улсын 100 гаруй их сургуульд салбар төвтэй төдийгүй  эрдэмтэн судлаачдын судалгаа бүтээлүүдээр дэлхий дахинд Монгол улс үндэстнийг таниулан сурталчилж байна.

Монгол улсад төвтэй Монгол судлалыг далайцтай хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах нь монгол хүн бүрийн бахархалт үүрэг бөгөөд өнөөдрийн эдийн засаг, нийгэм улстөрийн тулгамдсан асуудлуудыг оновчтой шийдэхэд төр засгийн холбогдох институциуд, олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдад урт хугацааны шийдвэр гаргахад нь туслах суурь судалгааны орчинг бүрдүүлдгээрээ нийгэмд ач холбогдолтой юм.

Үндэстний соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгийн бодлогын зөвлөл нь Ардын уран зохиолч яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, гэвш Д.Нямсамбуу, түүхч С.Чулуун, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж, найруулагч Б.Баатар нарын ахмад залуу гурван үеийн төлөөлөлүүдээс бүрдэж,”Монгол тулгатны 100 эрхэмүүдээс бүрдсэн их чуулганаар бодлого төлөвлөлтөө хэлэлцүүлэн батлуулах бүтэцтэйгээр ажиллахаар болжээ.

Үндэсний соён гэгээрлийн  “Алтан агсарга” нийгэмлэгийн гишүүнчлэл нь тус нийгэмлэгийн  үйл ажиллагааг дэмжин оролцох гадаад дотоодын байгууллага хувь хүн бүрт нээлттэй болохыг нийгэмлэгийн бодлогын зөвлөл онцлон дурдлаа.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Би
    • 2018-01-23

    Зөв

arrow icon