ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА? Википедиа 15 жилд юу бүтээв?

Дэлхийн хамгийн том онлайн нэвтэрхий толиудын нэг Википедиа (Wikipedia) 2016 онд 15 нас хүрсэн билээ. Өдгөө сардаа 400 сая гаруй уншигчдийг татаж 294 хэлээр 70,000 гаруй идэвхитэй хэрэглэгчид өгүүлэл бичиж байна. Википедиагийн хөгжил, сорилтуудын талаар бичсэн Мартин Поултэрын (Martin Poulter) нийтлэлийг орчуулан хүргэж байна. Тэрээр Википедиаг багтаадаг Викимедиа байгууллагын (Wikimedia) төслүүдийн идэвхитэй хэрэглэгч бөгөөд одоогоор Оксфордын их сургуульд ажиллаж байна.

2016 онд Википедиа 15 нас хүрэв. Чөлөөтэй нэвтрэх 30 сая ширхэг болосвролын агуулга бүтээв. 2015 оны 12 сард Википедиагийн бичээчид хамтдаа нийгэм, соёлын оюуны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст өгдөг Эрасмусийн шагналыг хүртсэн. Википедиа ердийн медиа байгууллагаас хамаагүй бага санхүүгийн нөөцтэй ч соёлын үр нөлөөний хувьд аварга юм.

Википедиа бол “хүн бүр хүмүүний бүх мэдлэгийг чөлөөтэй хуваалцах” зорилготой Викимедиа сүлжээний вэб сайт юм. Бусад нэр хүндтэй сайтуудаас ялгаатай нь Викимедиа зөвхөн энэ зорилгын төлөө ажилладаг. Үүнд бусад вэб сайтууд шиг ямар ч хувьцаа эзэмшигч, ямар ч ивээн тэтгэгч байхгүй, хэрэглэгчдийн мэдээллээ солилцдоггүй. Викимедиагийн вэб сайт бүр олон хэлтэй, чөлөөтэй нэвтэрч болдог. Википедиатай адил Викимедиа коммонс (Wikimedia Commons-фото зургийн бааз), Викисоорс (Wikisource-зохиогчийн эрхийн хугацаа дууссан номын цуглуулга болон материалын эх сурвалж) болон боловсролыг дэмжсэн бусад вэб сайтууд бий.

Бүх хүнд нээлттэй мэдлэгийн зорилго нилээн том. Википедиагийн 15 жилд олсон амжилт дөнгөж эхлэл нь. Олон зуун сая хүн мэдээллийн хомсдолтой байгаа ба тэдгээр хүмүүст хүрэхэд энэ эхлэл үеэс асар их өөрчлөгдөнө. Интернет сүлжээгүй хүмүүс ч гэсэн үүнээс үр өгөөжийг нь хүртэж байна. Жишээ нь SOS Children’s Villages байгууллага Ази, Африкын алслагдсан газруудад Википедиагийн программыг компьютерт суулган илгээдэг байна. Харин Kiwix төслийнхөн технологи эсвэл интернет цензурээс шалтгаалан Википедиад орж чадахгүй хүмүүст тус вэб сайт руу орох хэрэгсэл өгдөг аж.

Википедиа дэлхий даяар хүмүүс бичдэг дэлхийн хэмжээний нэвтэрхий толь болно гэсэн томоохон зорилгоосоо одоогоор хол байна. Одоогийн сайн дурын бичээч нар нь голдуу эрэгтэй, цагаан арьстан, хүүхэдгүй бөгөөд Хойд Европ эсвэл Хойд Америкд амьдардаг. Хэдийгээр маш их хэрэглээтэй ч гэсэн үүний үүсэл болон зайлшгүй туйлшралаас болгоомжлох хэрэгтэй юм. Эдгээрийн зарим туйлшрал Википедиагаас өөрөөс нь гарч байгаа бол ихэнхи нь гадаад ертөнцөөс гарч байгаа юм.

Википедиагийн өрөөсгөл хандлага

Википедиагийн бодлого өгүүллүүдийг тэнцвэртэй хэлбэрээр бичих, хамгийн сайн нээлттэй эх сурвалжуудын үзлийг тусгахыг шаарддаг. Эдгээр бодлогын хэрэгжилтийг хэрэглэгчдийн хамт олон хариуцдаг буюу википедиачид бие биенээ хянадаг. Англи эсвэл Герман хувилбаруудын маш идэвхитэй хамт олонтой хэсгүүдэд маргаан, асуудалтай өгүүллүүдийг хэдэн арван эдиторууд “хянадаг”. Тиймээс өгүүллээр дамжуулан тодорхой асуудлыг түрж шахах хэцүү байдаг. Арай жижиг хамт олонд маш бага хяналт, тодорхой үзлийг сурталчилсан өгүүллүүд  байдаг. Тодруулбал Хорват хувилбарт 500-аас бага хэрэглэгчтэй ба хэт-барууны улс төрийн үзэл сурталчилсан өгүүллийн асуудлууд байдаг.

Хэдий өгүүлэл бүрийг төвийг сахисан байр суурьтай бичсэн ч гэсэн өөр өөр мэдээллүүдэд хандсан шууд бус туйлшралууд байдаг. Хүмүүс амар олж болох мэдээлэл дээр тулгуурлан сонирхолтой зүйлийнхээ тухай бичдэг. Тэд ерөнхийдөө очих дуртай газар, зугаа цэнгэл эсвэл их сургууль, дунд сургуульдаа сурсан хичээлийнхээ тухай бичих дуртай байдаг. Тиймээс Википедиагийн бичээчид Африкын хотын тухай бичихээсээ илүүтэй Английн нэг тосгоны талаар дэлгэрэнгүй бичих нь элбэг. Эмэгтэйчүүдийг янз бүрээр ялгаварласан тухай бичихээс илүүтэй Холливуудын алдартай эмэгтэй жүжигчний талаар бичнэ. Мэдээж олон хүмүүс тэр орон зайг нөхөхөөр ажиллаж буй ч жинхэнэ дэвшил нь илүү олон янзын хувь нэмэр оруулагчдыг шаардаж байна.

Англи, Герман, Франц, Голланд зэрэг Хойд Европын хэлээр бичсэн өгүүллийн тоо Википедиад хамгийн их. Хятад, Араб зэрэг тэрбумаас илүү хүн ярьдаг хэлнүүд 15-р болон 20-р байранд жагсаж байна. Оксфордын их сургуулийн Интернетийн институт судалгаандаа Нидерландын (17 сая хүн амтай) тухай мэдээлэл бүхэл бүтэн Африк тивийнхээс (1.2 тэрбум хүн амтай) илүү байгааг харуулжээ.

Википедиагийн өгүүллийн хэмжээ хүний түүхийн аль хэсэг эсвэл ямар ололт нь чухал талаар соёлын урьдчилсан ойлголтыг бүтээж болно. Илүү өргөн соёлын хүрээнд энэ туйлшрал хэрхэн нөлөөлөхийг обьектив байдлаар хэмжихэд хэцүү, гэхдээ бид туйлшралын чиглэлийг мэдэж байна. Нээлттэй, хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн эх сурвалж нь Ойрхи Дорнодод байгаа эмэгтэй хүний гэхээсээ илүүтэй Европ хүний сонирхол, хэрэгцээг харгалздаг. Үүнд цэргийн эсвэл улс төрийн удирдагч болон эрэгтэйчүүдийг гоо үзэсгэлэнгээрээ татдаг эмэгтэйчүүдийн тухай байдаг.

Ертөнцөд засварлах товчийг өгөх нь

Википедиа аажим, хамтын ажиллагаагаар сайжран дэвшдэг. Хэн нэг хүн өгүүллийн дээр байрлах “засварлах” товчийг даран компьютер эсвэл гар утас нь дээрээ өөрчлөн хадгалах товчийг дарж нийтлэдэг. Ойролцоогоор гурван тэрбум гаруй удаа “засварлах” товчийг дарсан байна. Заримдаа хүмүүс өгүүллийг баллаж, хуурамч мэдээлэл тараадаг. Гэвч тэд засаж, сайжруулж, мэдлэг нэмдэг засваруудад дарагддаг. Нэг өгүүлэл гэхэд хэдэн мянган хүний, хэдэн арван мянган удаа засварласны үр дүнд өдөр бүр олон мянган уншигчдад хүрдэг.

Зөвхөн чөлөөт нэвтэрхий толь бүтээгээд зогсоогүй хэрэглэгчдэд засварлах товч өгсөн нь Википедиагийн ертөнцийг өөрчлөх онцлог юм. Сенегалийн Дакар хотын оюутан Адама Диоп төрөлх Агнам-Голи тосгоны тухай өгүүлэл байхгүй бол Википедиад өөрөө бүтээж чадна. Тэрээр урилга хүлээж аван өгүүлэл бичсэн (Франц хэлээр) бөгөөд тосгоны амьдралын зургийг харуулахын тулд дижитал камер авах мөнгө цуглуулсан байна. Хэдийгээр мэдлэгийн бусад эх сурвалжууд өөрсдийн гэсэн давуу талтай ч зөвхөн Википедиа Диопд ийм боломж олгосон юм.

Засварлах товч танийг хэн, хаанаас ирснийг тоохгүй, мэдэхгүй. Гэвч бодит байдалд технологийн, соёлын, хувийн зэрэг олон хүчин зүйлүүдээс шалтгаалан товчийг дарахаас хүмүүс айдаг эсвэл зоригждог. Википедиад “хүн болгон засварлах” боломжтой гэдэг ч явцуу утгаар үнэн юм.

Соёлын хүчин зүйл гэдэг нь чөлөөт цаг, боловсролыг хэлж буй. Википедиад хэн нэгэн бичиж байгаа бол чөлөөт цагтай эсэх, мэдлэгт нэвтрэх боломжтой эсэх буюу их сургуульд явсан, гэртээ номын сантай эсэхээс хамаарна. Соёлын онцлогууд хүмүүс хэр их чөлөөт цагтай байхад нөлөөлдөг. Тодруулбал нөхрүүд биш эхнэрүүд гэрийнхэнээ харж ханддаг бол эмэгтэйчүүд Википедиа шиг төсөлд сайн дураараа оролцох боломж бага байх юм.

Википедиад бичихийн тулд уншиж, бичиж, харьцуулах хэрэгтэй. Практикт бол том дэлгэцтэй, олон программтай компьютер хэрэгтэй. Тийм учраас интернеттэй гар утастай байснаас компьютертэй байсан хүнд илүү амар. Викимедиа сан болон сайн дурын программистууд утсаараа засварлахыг илүү хялбар болгох гэж оролдсон боловч зөвхөн утасны системд таарахаар л зохицуулсан юм.

Википедиад хувь нэмрээ оруулах нь ашиглаж буй хэрэгсэлээс хамаарахаас гадна интернет сүлжээнээс хурдан, найдвартай эсэхээс хамаарна. Сонирхолтой нь Википедиагийн өгүүллийн тоо дэлхийн өргөн зурвасны холбооны (ө.х интернет сүлжээ Орч.) дүр зурагтай дөхөж байна.

Дэлхийн улс орнуудын өргөн сүлжээнд холбогдох өртөг жилийн дундаж орлогын хувиар

                                                                          Эх сурвалж: Oxford Internet Institute

Илүү тэгш байдалд очихын тулд дэлхийн хүмүүс интернетэд холбогдох ёстой юм. Ямартай ч ойрын хугацаанд дэлхийн зарим хэсэгт бичиж болохуйц болж ихэнхи хэсэгт зөвхөн унших хэлбэрээр байх болно.

Мэдлэгт нэвтрэх нь

Википедиа өөрөө судалгаа хийдэггүй гэхдээ одоо байгаа судалгааны системээс сорчилдог. Хэрвээ энэ систем дэлхийн хүн бүрт ижилхэн нээлттэй байсан бол Википедиаг сайжруулах тэгш боломжийг өргөсгөх юм. Харин хэвлэгдсэн судалгаанд нэвтрэх боломж нилээн тэгш бус учраас

Европ, Хойд Америк дахь хэвлэгчид маш олон судалгааны ажлуудыг эзэмшдэг ба нэвтрэх хязгаар тавих санхүүгийн сонирхолтой байдаг. Судалгааны ажлууд ихэвчлэн Англи хэлээр хэвлэгддэг. Тиймээс би Их Британид ажиллаж байгаа учраас сүүлийн үеийн судалгаануудыг уншихад асуудалгүй, гэвч бусад хүмүүс илүү чухал хэрэгцээтэй ч гэсэн хэд хэдэн бэрхшээлтэй учирдаг. Үүний жишээ бол 2015 онд Африкийн Либери улсад Эбола вирус тархаж эхлэх үед болсон явдал (New York Times сонины мэдээллэснээр) юм. Өөрсдийн улсдаа хийсэн эмнэл зүйн судалгааны мэдээлэлд нэвтрэх хэцүү байсан учраас Либерийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд удаан хариу арга хэмжээ авчээ.

“Шинжээчид тэдний шинжилгээг цуглуул, гэртээ харин Европын эмнэл зүйн сэтгүүлүүдэд судалгааны дүнгүүдээ хэвлүүлжээ. ...Өнөөдрийг хүртэл энд нэг судалгаа хуулж авахын тулд эмч 45 ам.доллар төлөх шаардлагатай ба энэ нь хагас долоо хоногийн цалин юм.”

Би дээр Африк тивээс илүү Нидерландын тухай өгүүлэл Википедиад байдаг гэсэн. Энэ судалгааг хийсэн судлаач судалгааны ажил хэвлүүлсэн байдлаар маш их тэгш бус байгааг олжээ. Нидерландад Африк тивийнхээс дөрөв дахин их академик өгүүлэл хэвлэгддэг аж.

Мөн бид идэвхитэй цензурыг харгалзах шаардлагатай. Википедиагийн зорилго бол хүмүүний нийт мэдлэгийг хуваалцах явдал. Үүнд: улс төрийн систем буюу ардчилал, шашны итгэл үнэмшил буюу атеизм, хүйсийн тухай буюу ижил хүйстэн, жирэмслэлтийн эсрэг тариа зэрэг мэдлэг багтана.

Хүн бүр энэ бэлгийг таатай хүлээж авах авдаггүй. Дэлхий даяар энэ мэдээллийг чөлөөтэй хүлээж авахад улс төр, соёлын эсэргүүцэлтэй тулгардаг. Цензур Википедиад өөрт нь эсвэл Википедиагийн эх сурвалжуудад нөлөөлж болно. Википедиа ямар ч засгийн газрын хүсэлтээр цензур тогтоодоггүй гэвч цөөн хэдэн засгийн газар иргэдээ Википедиаг уншихыг хэсэгчлэн эсвэл бүхлээр нь хорьсон байдаг.

Сайн мэдээ

Википедиаг сайн дурынхан бичиж, засварладаг бөгөөд Сан Франциско дахь Викимедиа сан болон дэлхий даяарх үндэсний болон орон нутгийн бүлгүүд дэмждэг. Эдгээр байгууллагууд контентын олон талт байдал, хувь нэмэр оруулагчдын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Үр дүнд нь программ хангамж, заавар, тусламж хүсэх зэрэг шинэ хэрэглэгчдэд хэцүүхэн санагдах зүйлсүүд тасралтгүй сайжирч байдаг. Харин нөгөө талаас хэвлэгдсэн судалгаанд нэвтрэх боломж ихээхэн тэгш бус байдаг.

Бид улам олон хүчирхэг найзуудтай болж байна. Олон их сургууль, номын сан, музей болон бусад институтууд нээлттэй мэдлэгийг сайжруулахын тулд Викимедиатай хамтарч ажиллаж байна. Би Оксфордын Бодлэйн номын санд ажиллаж Барууны бус урлаг, текстийн цуглуулгын зургуудыг хуваалцан бусад соёлын тухай өгүүллүүдийг нэмэгдүүлэхэд дэм болж байна. Би болон дэлхий даяарх миний хамтран ажиллагчид Википедиагийн хүйсийн туйлшралын тухай үйл ажиллагаа зохион байгуулпаг бөгөөд эмэгтэйчүүд, тэдний амжилтын тухай өгүүлэл бичдэг. Ингэх явцдаа голдуу эмэгтэйчүүдийг элсүүлэн шинэ хувь нэмэр оруулагчдыг дадлагажуулдаг.

Түүхэн үйл явдал болсон газар, цаг хугацааг харуулсан зураг, баримтуудыг цуглуулах арга хэрэгсэлүүдийг бүтээхэд маш их хүч хөдөлмөр зарж байна. Викимедиагийн шинэ төсөл бол Викидата (Wikidata) буюу дээр дурдсан мэдээллүүдийг цуглуулсан олон хэлт мэдээллийн бааз байгуулах юм. Энэ болон бусад инновациуд боловсролын материалуудыг олон хэл, олон сэдвээр бүтээхэд дөхөм болгох юм. Өгүүллээс ялгаатай нь мэдээллийн баазаар газрын зураг, цаглабар болон зөвхөн унших биш хүмүүс хоорондоо харилцаж болох программ бүтээх боломжтой юм.

Бичвэрээс өөр аргаар мэдлэгт нэвтэрч болох нь баяртай явдал гэвч энэ хөгжил өөрийн гэсэн сул талтай. Бүх мэдлэг тоогоор илэрхийлэгдэж мэдээллийн баазад сууж чадахгүй. Хуваалцвал зохих зарим мэдлэг буюу улс төр, нийгэм, соёлын асуудлууд (жишээ нь үг хэлэх эрх чөлөө) нь зохих текстийн дагуу өөр өөр өнцгөөс тайлбарлах шаардлагатай байдаг.

Мэдлэгийг нээлттэй болгох нь агуу боломж боловч амжилт нь хүмүүсийн оролцооноос хамаарна. Википедиа болон түүний зэрэгцээ төслүүд, чөлөөт интернет нь дэлхийн мэдлэгийг хуваалцах үр өгөөжийг нь хүртэн хөгжих боломж хүн бүрт олгоно. Чухам энэ нь бид бүгдийг хэлж байгаа юм шүү.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.freespeechdebate.com

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2823

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%