Нийтлэл 05 сарын 11, 2017

ЗАСГИЙН ГАЗАР: Оюутолгой орд газрын эрчим хүчийг дотоодоос хангах шийдвэр гарлаа

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар эдийн засаг, нийгэмд тулгараад байгаа гол асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон "Оюутолгой"-н эрчим хүчийг Монгол улс БНХАУ-аас худалдан авдаг байсан. Тэгвэл өчигдөр Засгийн газраас Оюутолгой орд газрын эрчим хүчийг дотоодоос хангах шийдвэрийг гаргалаа.

Засгийн газрын хуралдаанаас гарсан онцлох шийдвэрүүдийг  хүргэж байна.

Оюутолгой орд газрын эрчим хүчийг дотоодоос хангана

Засгийн газрын хуралдааны эхэнд Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэн дэмжжээ. Энэ хүрээнд Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 онд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 118 саяыг нь “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөлд зарцуулах аж. Уг хэлэлцээрийг байгуулснаар Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга зэрэг томоохон орд газрыг эрчим хүчээр хангахаас гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд хоёр талын эх үүсвэртэй болно гэж Засгийн газар тооцоолжээ.

Мөн дээрх төслийн хүрээнд Туул голоос Баянзүрхийн товчоо хүртэлх 321 метр болон Сонсголонгийн 289 метр бетон гүүрийг шинээр барих юм. Туул гол дээр барих Баянзүрхийн гүүр нь 1963, 1965 онд ашиглалтад орсон учир автозамыг өргөтгөж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аж. Харин Сонсголонгийн гүүртэй холбогдож байгаа замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөжээ.

Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулснаар төсөв хэмнэнэ

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Тухайн хуульд “Санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэсний “65-аас доошгүй” гэсэн хугацааг “21-ээс доошгүй” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. Хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулснаар төсвөөс гарах зардлыг бууруулж, хэмнэх боломж бүрдэнэ гэж Засгийн Газар үзлээ.

Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолборыг тохижуулна

Улсын тусгай хамгаалалттай газарт иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх, Богдхан ууланд түймэр гарах зэрэг болзошгүй аюулын үед түргэн тусламж, онцгой байдлын албаны машин саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд Богдхан уул орчмын автозамыг өргөтгөх, автозам болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар болон үйлчилгээний төвүүдийг стандартад нийцүүлэн өөрчлөхөөр болжээ. Энэ ажлыг энэ ондоо багтаан дуусгахыг БОАЖЯ-ны сайд Д.Оюунхоролд даалгасан байна.

Түүнчлэн Богдхан уулаас гадна, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолбор газарт аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулахыг холбогдох сайд, Засаг дарга нарт даалгалаа.

 Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулахаар болов

Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сангууд байгуулах зорилго бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулахаар болжээ. Энэ дагуу дүрмийг нь батлахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргад даалгалаа.

Хөрөнгө оруулалтын сан байгуулснаар уул уурхай, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгож, энэ хүрээнд ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талтай гэж Засгийн газар үзжээ. Цаашид нийгмийн дундаж давхаргыг тэлэх, хуримтлал нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүн дотор хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын экспортыг дэмжих, уул уурхайн салбарын дэд бүтцийг сайжруулах, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай байгаа учир Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар болжээ.

 Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авна

Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ хэлэлцэн шийдвэрлэвэл ассоциациас 2015-2017 онд манай улсад хуваарилсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авах боломж бүрдэнэ.

Энэ зээлээр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулж чадавхийг нь нэмэгдүүлэх, эрчим хүчний түгээлтийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэтхэгээс авах нэг тэрбум ам.долларын зээл-ийг аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт зарцуулна

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр боллоо.

20 жилийн хугацаатай энэ зээл нь жилийн 1,75 хувийн хүүтэй бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил юм. Зээлээр аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжилд зориулсан төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар БНЭУ-тай тохиролцоод байна.

Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллараас дээш дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллараас дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил байна.

Польшид амьдарч байгаа монгол иргэдээ нийгмийн даатгалд хамруулна

“Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/ хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжжээ. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Н.Номтойбаярт олгохоор болсон байна.

Манай иргэд БНПУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж авдаг. Харин тэтгэврийн даатгалд хамрагдаж, төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, тэтгэвэрт гарсан хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс байдаггүй.

Иймээс иргэдээ нийгмийн даатгалд хамруулах, тэтгэвэр, тэтгэмж олгохын тулд Засгийн газар БНПУ-ын талтай яриа хэлэлцээ хийж, хэд хэдэн зарчмыг баримтлахаар болжээ. Тухайлбал, нийгмийн даатгалд хоёр оронд давхар даатгуулахгүй байх, тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн орны хууль ёсоор төлж, хоёр орны хуулийн дагуу тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох болзол, нөхцөл хангасан үедээ хоёр улсын тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулах, шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэвэр авах, тэтгэвэр авах эрх үүссэн хүнд хоёр орны нутаг дэвсгэрт болон гуравдагч оронд оршин сууж байгааг үл харгалзан тэтгэвэр олгох зэргээр асуудлыг нь шийдэхийг зорьж байна.

Хэлэлцээр батлагдсанаар БНПУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа монгол улсын иргэд ирээдүйд тэтгэвэр авахгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авдаг байдал арилна гэж Засгийн газар үзжээ.

 БНСУ-аас 500 сая ам.долларын хөнгөлөлтэй зээл авна 

“Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн тухай хэлэлцжээ. Ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Шинээр авахаар төлөвлөж байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, хүү нь 0.2 хувь, эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх юм.

 “Хөгжлийн зам” хөтөлбөрийг баталлаа

Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгажээ.

Уг хөтөлбөр хэрэгжсэнээр дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалт, нийгмийн бүтээн байгуулалт нэмэгдэж, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хөгжил шинэ шатанд гарч, ажлын байр нэмэгдэн, иргэдийн амьдрал ахуй сайжран, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө гэж Засгийн газар үзэж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon