Нийтлэл 05 сарын 11, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Оросын сэтгүүлчийн өчил

Оросын нэгэн сэтгүүлч төрийн телевизэд ажиллаж байх үедээ үзэл суртлын бэрхшээлтэй хэрхэн тулгарсан тухайгаа бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Энэхүү нийтлэлд буй сэтгүүлчдийн нэрс өөрчлөгдсөнийг анхаарна уу.

Дмитрий Киселёв манай редакцд өрөөнд ганган хослол, бардам инээмсэглэн орж ирлээ. Гурван өдрийн өмнө буюу 2013 оны 12-р сарын 9-нд ерөнхийлөгч Владимир Путин Оросын медиагийн тогтолцоог аажим өөрчлөх зарлиг батлав. Барууны медиагийнхан Киселёвыг Кремлиний “гол үзэл сурталч” гэж тодорхойлсон. Тэрээр Риа Новости телевизийн шинэ дарга болох гэж байв.

Риа Новости олон жилийн турш Оросын төрийн мэдлийн өндөр нэр хүндтэй, тэнцвэртэй мэдээлэл түгээдэг ер бусын агентлагуудын нэг байв. Путины зарлигийн дагуу Риа Новости “Россия Сегодная” хэмээх шинэ байгууллагад нэгдэх учиртай байв. Англи хэлээр нэвтрүүлэг бэлддэг RT Оросын албан ёсны үзлийг Баруунд түгээх бол “Россия Сегодная” дотоодын үзэгчдэд хандах аж. Киселёв шинэ даргаар нь томилогдов.

Киселёв мэдээний өрөөний дунд зогсож байхдаа алсын хараагаа танилцуулав. “Бид ерөнхийлөгч болон засгийн газрын дэмжлэгтэй. Манай улсад үг хэлэх эрх чөлөөтэй гэдгийг та нар мэднэ. Шударга сэтгүүл зүйн үе дууссан. "Обьектив" байдал гэдэг бол бидэнд тулгасан үлгэр. Хэдийгээр би энэ зарчмыг дагаж байсан ч миний дотор хувьсал явагдсан” гэжээ.

Би “Риа Новости”-гоос сарын өмнө гарч хэдэн долоо хоногийн турш шинэ ажил хайсан. Эцэст нь Москва хотын захиргааны мэдлийн телевиз надад хөтлөгч хийх санал тавив. Надад өөр ямар ч сонголт байсангүй. Ярилцлагын үеэр би редактортаа ямар нэг улс төрийн асуудал хариуцаж ажиллахгүй гэж хэлэхэд тэрээр миний хүслийг зөвшөөрсөн юм. Гэвч би суртал нэвтрүүлгийн машинд залгиулахаас зайлж чадна гэсэн нь өөрийгөө хуурсан хэрэг байжээ.

Ихэвчлэн долоо хоног бүрийн тав дахь өдөр засгийн газрын бүх медиа Кремлинд цуглан “редакторын уулзалт” зохион байгуулдаг. Уулзалтуудыг ихэвчлэн Путины хэвлэлийн нарийн бичиг Дмитрий Песков даргалдаг. Хэдэн цагийн дараа Кремлиний уулзалтын үр дүн дээр жинхэнэ редакторын хурал мэдээний өрөөнд шилдэг продусерууд мэдээгээр ямар асуудал хөндөх, дараагийн ярилцлагад хэнийг урих зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Би цагийн гарз гэж үзээд уулзалтад очихгүй байх гэж хичээдэг байв. Би мэдээн дээрээ ажиллаад завгүй байна гэж хэлээд оффисийн хажуу талын баранд нуугдана. Гэвч тэр болгон нуугдаж чаддаггүй байв. 2014 онд Кримийг нэгтгээд удаагүй байхад болсон нэг уулзалтыг санаж байна. Тэгэхэд нэг редактор “Одоо үнэнийг хайх цаг байхгүй”, “Манай улс Хүйтэн дайны үед буцаж орлоо” гэж билээ.

Би улс төрөөс аль болох хол асуудлуудыг мэдээллэх гэж хичээж байв. Москвагийн удирдлагууд шинэ метроны шугамыг хэрхэн барьсан, хотын замын чанар, түгжрэл зэргээр хөтөлбөр бэлтгэж байв. Ийм түвшинд ямар ч цензур байсангүй. Заримдаа би өөрийгөө жинхэнэ сэтгүүл зүйн ажил хийж байна гэж мэдэрдэг байв. Үл хөдлөх хөрөнгийн гэмт хэргийн сэжүүрийг сурвалжилсан нь хохирсон гэр бүл байраа эргүүлэн авахад тус болсон.

Гэвч би сэтгүүлч гэхээргүй хүмүүстэй хамт зурагтаар гарч байв. Ихэвчлэн би ичдэг байсан. Би хэзээ ч ажлынхаа тухай найз охин, эцэг эх, найз нартайгаа ярьдаггүй байв.

Манай мэдээний өрөөний хананд “Крим: “таслаж авсан” биш “эргэн нэгдсэн” гэсэн бичиг өлгөөтэй байв. Телевизийн хөтлөгч, сурвалжлагчид Кримийг нэгтгэсэн асуудлаар энэ чиглэлийг баримтлах ёстой. Манай студи улс даяар шинэ нэр томъёо нэвтрүүлж байв: Украйны Засгийн газрыг “хунт”, Украйны армийг “яргачид”, Оросын сөрөг хүчнийг “тав дахь багана” гэж тодорхойлно.

Эдгээр үгнүүд мэдээний өрөөнд ашигладаггүй ч тэнд ажиллахад аварга загастай усан санд сэлж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Бид ажлынхаа дараа хамтдаа зугаацдаггүй. Бараг хоорондоо ярьдаг ч үгүй. Гэхдээ би бусад телевизэд ажилладаг танилуудтайгаа сайн харилцаатай байдаг. Тэд яг над шиг хийдэг ажил болон өөрийн үзэл бодлын хооронд зааг гаргаж байв. Бид ийм байдлыг Зөвлөлтийн үеийн “дотоод цагаачлал” гэх үгээр тайлбарладаг байсан.

Ийм “цагаачдын” нэг нь Андрей байв. Тэрээр өөрийгөө аядуу либерал гэнэ. Оросд ийм хүнийг Засгийн газрын ажилд дургүй, үүнийг эсэргүүцдэг гэхдээ бүхэл улс төрийн системийг зэгсэн гэж үздэг хүнийг хэлдэг.

Андрей бид хоёр нэг өдөр уулзах үед тэрээр Зүүн Украйн дахь дайныг сурвалжлахаар явсан юм. Мөргөлдөөн ид өрнөж байх үед Андрей Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчидтай хамт байв. Түүнийг буцаж ирсний дараа би өөрчлөгдсөнийг нь мэдсэн. Энгийн ярианд хүртэл Оросын төрийн телевизийн шинэ нэр томъёонуудыг ашиглаж байв.

Үзэл санааны хувьд би түүнтэй маргах гэж үзэв. Би түүнийг нөгөө талыг нь харгалзаж үзэхийг хүссэн ч Андрей дотроо шийдсэн байв. Тэрээр эхлээд “обьектив” мэдээ сурвалжлах гэж хичээсэн боловч дараа нь Украйнд ямар ч үнэн гэж байхгүйг мэдсэн гэв. “Нэг нь их буугаар буудаж нөгөө нь хамгаалж байна. Өдөр ирэх тусам чи ууртай болох болно. Тэгээд  аль нэг талыг нь сонгох ёстой.” Миний сөрөг аргумент нөлөөлсөнгүй.

Энэ хугацаанд Оросуудын мэргэжлийн болон хувийн ертөнц олон мөргөлдсөн юм. Бүх мөргөлдөөн Украйн дахь дайнтай холбоотой байсангүй.

2014 оны зун Москва хотын удирдлагууд хотын замын асуудлыг шийдэхээр болов. Шийдвэрт зогсоолоос төлбөр авах өөрчлөлт багтжээ. Машинтай хүмүүсээс авхуулад Москва хотынхон бүгд уурлав гэвч би болоод манай ажлынхан үүнийг эерэг өнцгөөс мэдээллэх ёстой болов.

Манай ажлын байшин машины зогсоолгүй учраас машинтай хүмүүс гудамжинд машинаа тавихдаа хураамж төлөх шаардлагатай болжээ. Манай ажлын Анна энэ асуудлыг сурважилсан ба замын цагдаагаас машинаа нуух гэж их хичээсэн гэдэг. Тэрээр заримдаа машинаа тавихдаа дугаарын хавтангаа авчихдаг учир цагдаа нар торгууль тавьж чаддаггүй аж. Гэхдээ телевизээр бол Анна эсрэгээр ажиллана. Тэрээр хотын даргын байр суурийг баримтлан өөрчлөлт бол сайн зүйл гээд шинэ журмын тухай сөрөг бодолтой хүмүүсээс ярилцлага аваагүй байдаг. Тодруулбал шинэчлэлийг дэмжсэн “жинхэнэ хүмүүсийг” олох боломжгүй байв. Тиймээс төрийн компаниудын ажилчдыг оролцуулна.

Манай олонх сэтгүүлчид магадгүй 60% гаруй нь ажлаасаа гарахыг хүсдэг. Харин 25% нь юу хийж байгаадаа санаа тавьдаггүй, үлдсэн хэсэг нь зөв зүйл хийж буй гэдэгтээ итгэдэг.

Би долоон сар ажиллаад ажлаасаа гарсан. Гэхдээ би үлдсэн хүмүүсээ яаж шүүх билээ? Эдгээр хүмүүсийн зарим нь 2000 оны эхээр буюу телевизээр утга учиртай мэтгэлцэж болдог үед ажилд орсон. Аажим аажмаар, нэг нэгээрээ амьдралдаа шигдсэн. 2010 оны эхэн үед эдгээр редактор, сурвалжлагчид хүүхэдтэй, орон сууцны зээлтэй байсан учир ажлаасаа гарахыг сонгохгүй. Кремлиний мэдээллийн үйл ажиллагаа нь ийм сэтгүүлчдэд тулгуурладаг. Дэлхийг өөрчлөх хүсэлтэй хүмүүсд биш харин найзууд, хамаатан садан нь телевизээр битгий хараасай гэсэн хүмүүс дээр тулгуурладаг.

Миний хуучин хамтрагчдын нэг Алексей бас нэгэн жишээ. Бид хоёр сурвалжлагчаас ажлын гараагаа эхэлж ихэвчлэн хэвлэлийн хурал, арга хэмжээ сурвалжилдаг байв. Гэвч Алексей албан тушаал хурдан дэвшиж хэлтэсийн дарга болов.

Бид өнгөрсөн тав дахь өдөр Москва хотын хүн ихтэй, чимээ шуугиантай баранд орлоо. Виски уунгаа Алексей Оросын Спортын яамны сайдтай хэцүүхэн ярилцлага хийсэнээ ярив. Ийм хөтөлбөрийг хүнд асуултгүй, олон хүн үзэхээр бэлтгэхэд маш их цаг, хүч хөдөлмөр шаарддаг.

Алексейн Оросын төрийн телевиз дэх кареер амжилттай байсан ч ажлаасаа гарах төлөвлөгөөгөө бэлдчихсэн. Саяхан эхнэр, хоёр охиноо Вьетнамд нүүлгэж тэд далайн эргийн байшинд амьдарч байна. Тэрээр нэг эсвэл хоёр жилийн дараа тэдний араас очиж жижиг буудал нээн “бүх асуудлаа мартана” гэж найдаж байна.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.codastory.com

Сэтгэгдэл бичих

arrow icon