Нийтлэл 05 сарын 13, 2017

Зохиолчид ном хэрхэн уншдаг вэ?

Жилд хоёр удаа зохион байгуулагддаг Номын баяр эдгээр өдрүүдэд төв талбай дээр үргэлжилж байна. Номын баяраар зохиолч, туурвигч нар өөрийн номоо сурталчилан  гарын үсэгтэй номоо худалдаалж, уншигчидтайгаа уулздаг нь Номын баярын нэг онцлог юм. Номын баярын хоёр дахь өдөр зарим зохиолчидтой уулзаж ном бичих биш харин ном унших дадал зуршил, хувийн арга барилаас нь  уншигчидтайгаа хуваалцахыг хүслээ. 

Орчуулагч, түүхч Г.Аким 

“Монгол өвөрмөц хэлцийн тайлбар толь”, “Тэнгэрийн нохой”, “Бурхан шашны англи-монгол, монгол англи толь”, “XX зууны монголчууд”, “Чингис хаан”, “Зуун жилийн ганцаардал”, “Цаазын тавцан”, “Дээрхийн гэгээнтэн Далай багшийн билиг сургааль”гэх зэрэг бүтээлийг орчуулагч, туурвигч. 

Би нүдээрээ л уншчихдаг шүү дээ. (инээв) Нүдээрээ унших дадалд хүн сурдаг. Жишээ нь би энэ "Тэнгэрээс залрагсдын “мөр”-ийг “тэнгэрийн хүүхдийн наадгай”-гаар мөшгөхүй" гээд номыг бичихийн тулд 40-өөд ном уншсан. Энэ олон номыг үг, үсэгчлэн уншвал бараг жил болно шүү дээ. Тиймээс нүдээрээ гүйлгээд өөртөө хэрэгтэй зүйлээ олоод авчихдаг. Бүх номыг уншиж дуусгана гэвэл хүний нас хүрэлцэхгүй. Тиймээс хурдан уншдаг дадлыг өөртөө суулгах л хэрэгтэй болсон доо. Аав маань нэг өдөр надад Сталины боть  гэж айхтар зузаан ном авчирч өгөөд унш гэсэн. Тэр үед гуравдугаар ангийн хүүхэд юугаа ойлгохов дээ “Ааваа би ойлгохгүй байна” л гэсэн. Гэтэл дахиад унш гэдэг юм байна. Тэгээд 3,4 дахин уншсан. Тэр номыг үнэндээ ойлгоогүй ч  нүдээрээ гүйлгэж унших аргыг л сурсан даа.

Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо

“Утгын болор сүм”, Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй”, “Хэсэг цагаан манан”, “Гэрэлтэх агшин бүр”, “Алтан-Овоо”, “Гэгээнтэн”, "Шилийн богд", "Гол ус тунгалагших цаг", "Оюун санааны хээр тал", "Он цагийн хүрд" гэх зэрэг бүтээлийг туурвигч. 

Номоо аваад бүх хуудсыг нь эргүүлж хардаг. Тэндээс өөрийнхөө мэдрэмжээр номыг ерөнхийд нь  “барьж” авдаг. Тэгээд төдий үед уншина даа гээд номын сандаа дарааллынх нь дагуу хийдэг. Харин уншихдаа зөөлөн балтай харандаагаар жаахан жаахан товч тэмдэглэл хийдэг дээ. Ном бол хүний амьдралын олон асуултад хариулдаг учраас нэг удаа уншаад орхидоггүй. Дараа нь "тэр хавьд л миний асуултад хариулсан хариулт" энэ номонд байгаа даа гээд тэмдэглэсэн хэсгээ эргэн эргэн хардаг.

Зохиолч, судлаач шүүмжлэгч П.Батхуяг  

“Буух зурвас”, “Өнгөт ертөнц”, “Улаан хотын зүрх”, “Салхи, чулуу, борооны- сахиус”, “Цаг хугацааны цас бороо”, “Бурхангүй газар”, “Хүрэл зүрх”, “Тэнгэр хэмээх шувуу”, “Тайзгүй жүжгүүд” , “Эсрэг цаг”, “Монголын уран зохиолын үнэт зүйлсийн социологи”, “Момо & Моно”, “Их үдийн хот загасны хайрс шиг гудамж” гэх зэрэг бүтээлийг туурвигч. 

Би  арван хэдэн наснаасаа номонд дурласан. Минийхээр хүн, номыг 3 үе шатаар уншиж сурдаг юм болов уу. Эхний үед тааралдсан ном болгоноо шахуу СОНИРХОЖ  уншдаг үе. Ном л бол ном гэсэн байдлаар. Дараа нь ШОХООРХОЖ  уншина. Юу унших вэ, хэнийхийг унших вэ гээд сонголтууд бий болдог. Унших номоо сонгож эхэлснээр жинхэнэ уншигчийн үе шат руу шилждэг. Харин одоо миний насанд БЯСАЛГАЖ  уншина.  Үйл явдлыг хөөхгүй зохиогчийн үзэл санаа, хүн, байгаль нийгмийн зүй тогтлыг ойлгож ухаарч түүнийг өөрийнхөө ертөнцөөр хэрхэн илэрхийлж байна вэ гэдгийг чухалчилдаг буюу бясалгаж уншдаг нь. Хүний оюун санаа хязгаартай учраас өөртөө илүү шингээх байдлаар уншиж байна.

Орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй

“Ялалтын симфони”, “Сэтгэл хазгар биш бол…”, Хөшүүрэг,  “Хүмүүсийн тухай роман”, “Үхэл дагуулсан сүйрлүүд”, “Од шингэдэггүй”, “Авсанд хэвтээ хүн, “Хүн, араатан, бурхад”, “Ленин”, ”Социализм хэрхэн дампуурах вэ?”, “Кремлийн эзэгтэй”, “Ор хөнжлийн Орос орон”, “Илдэн дорхи Эберчүүд” “Капитализмыг өмөөрөх нь”, “Атлантын нуруу тэнийв,  “Забиба, хаан хоёр,  “Бухимдал”,  Сергей Есениний “Сонгомол шүлгүүд” , “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ”,  Барон Унгерн” “Домогт Барон”, “Азийн зүрх”,  “Агуу их Босуул,  “Алтан ордны яруу найраг” гэх зэрэг бүтээлийг орчуулагч, туурвигч. 

Би бол уншихыг хүссэн номоо л уншдаг. Үйл явдал хөөж уншдаггүй. Номоо сонгоно, үг бүхнийх нь учрыг нь олж уншина. Уран зохиол, утга зохиол бол хоёр өөр зүйл. Уран зохиолын ном  үгээ голлодог. Утга зохиол бол утгыг нь голлосон байдаг. Одоо уран зохиолын сайхан хэллэгүүд мартагдаж байгаа энэ цаг үед их сайн,  үгийн зөв сонголттой, уран тансаг номуудыг унших хэрэгтэй. Уншина гэдэг үгийнх нь уранд шимтэнэ, сэтгэлийн цэнгэл авна гэсэн үг. Судалгааны бүтээлүүдийг бол бас  өөрөөр уншина.

Зохиолч, яруу найрагч  Д.Энхболд

"Битүү морь", “Өвс ногоо аниргүй”, "Паанан", "Буйлс дахин цэцэглэх цагаар",  “Казиног номхотгосон түүх”,  “Соёо”,  “Хүн байхад юу хэрэгтэй вэ?” гэх зэрэг бүтээлийг туурвигч. 

Зохиолч З.Энхболд, зохиолч Т.Бум-Эрдэнийн хамт 

Би хүүхэд байхаасаа унших дадалд суралцсан. Ер нь хүн багаасаа уншиж сурах юм бол номын амт шимтийг бүрэн авдаг. Номын найруулга,  хэлбэр, зохиомж гэж юм бий. Найруулга нь өөрөө уншигчаа дагуулдаг номыг эхэлж унших нь зөв.  Достоевский ч юм уу хүнд жанрын номыг эхлээд барьж авах юм бол ном уншихад хэцүү болно. Жишээ нь Монголын Нууц Товчоо бол уншихад хамгийн сайхан ном. Монгол ардын хуучны үлгэр домгууд хэчнээн сайхан билээ. Эхнийх нь хуудсыг уншихад л цаашаа уншмаар санагддаг номыг сонгож авч уншаарай гэж захимаар байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon