Нийтлэл 06 сарын 07, 2017

МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарын ИХ АЯНЫГ ЭХЛЭХҮЙ мөрийн хөтөлбөр бүрэн эхээрээ

ЕСӨН ХҮСЭЛ, ЕСӨН ЗОРИЛТ


Нэг. ХАРИУЦЛАГАТАЙ ЗАСАГЛАЛЫГ БУЙ БОЛГОЖ, АЖИЛГҮЙДЭЛ БА ŸЯДУУРЛЫГ АРИЛГАНА

Өнөөдөр хариуцлагагүй төр, Ард түмнээ боддоггүй төр засаглаж байна. Эрх мэдэл, мөнгө хоёр холилдож төрийн үйл ажиллагааны гажуудлыг бий болгож байна. Монголд ажилгүйдэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хөдөлмөрийн чадвартай хүн амын 20 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Ажил хайсан Монголын залуус эх орноосоо дайжин гарч, саар санаатангууд эх нутгаар минь хөлхөж байна. Энэ нь аюулын харанга дэлдэж үндэсний аюулгүй байдалд заналхийж байна. Ядуурал Монголын нийгмийг бүхэлд нь бүрхээд байна. Монголд хариуцлагатай төр засгийг бий болгохгүйгээр ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулж чадахгүй. Үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ.

Хоёр. ОЛИГАРХИУД БА ОФФШОРЧДЫГ ХАЗААРЛАЖ, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООНО

Ажилгүйдэл, ядуурал Монголд маань газар авсны улмаас баян хоосны ялгарал тэнгэр газар шиг зааглагджээ. Олигархиуд язартлаа баяжиж, оффшорчид Монголын баялгийг харх шиг мэрж байна. Дундаж давхарга өсөн нэмэгдэх бус харин шавхран ширгэж байна. Энэ бүхэн нь шударга ёсыг ноцтойгоор алдагдуулж байна. Гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой. Олигархиуд болоод оффшорчдыг халхавчлан хамгаалж, өөгшүүлэн давруулж буй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төр засгийн хүнд суртлын гинжийг тас цохих хэрэгтэй байна. Өнөөдөр Монголд шударга ёс ус, агаар мэт үгүйлэгдэж байна.Шударга ёсыг тогтоосноор хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож чадна.

Гурав. АРД ТҮМНИЙ АМИН ЭРХ АШГИЙГ ДЭЭДЭЛЖ, ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ, ЭВ НЭГДЛИЙГ ЭРХЭМЛЭНЭ

Монголын ард түмэн бол миний дээд шүтээн. Өнөөдөр улс төрийн намууд худал хэлж, хоосон амалж, ард түмнээрээ эрээ цээргүй тоглож, тархи толгойг нь дэндүү ихээр угааж байна. Монголын ард түмний амин эрх ашиг, Монгол Улсын үндэсний эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэж, эрх чөлөөг баталгаажуулна.

Дөрөв. МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ БАХАРХАЖ, МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ

Монгол газар шороон дээр Монгол хүн болж төрсөн нь та бидний бахархал.  Хөх Монголын хөх толбот монголчууд бид эзэн Чингис хааны үр сад, үргэлжлэл нь мөн. Туурга тусгаар Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх нь Монгол хүмүүн болж төрсний их хувь заяа. Монголынхоо төлөө зүтгэнэ. Хамтдаа зүтгэе.

Тав. МОНГОЛЧУУД БОСОО ЗАŸЯАТАЙ, БОСОО БИЧИГТЭЙ, БОСОО ТӨРСӨН ТЭНГЭРЛЭГ АРД ТҮМЭН

Монгол хүний үнэлэмжийг даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт огт эргэлздэггүй. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би ард түмнээ ажилтай, ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгож, ахмад үеийнхнээ хайрлан халамжилна. Өнөөгийн туурга тусгаар улсыг та бидэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн өвгөдийн ач, буяныг санан хариулж тэдний амар тайван амьдрах нөхцөлийг хангах  ёстой.

Зургаа. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ЭХ ОРНЫХОО ЭЗЭН НЬ БАЙНА

Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байна. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн. Монгол хүн газар шороо, байгалийн баялгийнхаа эзэн байх ёстой. Монгол хүн Монгол Улсынхаа жинхэнэ эзэн байх ёстой.Та бид энэ улс орны эзэд. Монголчууд та бид толгой дээгүүр эрхэмсэг аж төрөх хувь тавилантай тэнгэр заяат ард түмэн мөн.

Долоо. АМ БА АЖИЛ, ҮГ БА ҮЙЛ ХЭРГИЙН НЭГДЛИЙГ ХАНГАНА

Эзэн хүнд эрхэмлэх нандин зүйлс гэж байх учиртай. Энэ бол ам ажлын болоод үг ба үйл хэргийн нэгдэл юм. Хэлсэн бол хийдэг байцгаая. Хуурдаг байж таарахгүй. Худал хэлж бүр ч болохгүй. Монголын “За бол андгай буйзаа” хэмээн өвөг дээдэс минь сургамжлан гэрээсэлж үлдээсэн билээ. Бидэнд Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө, ард түмнээрээ хэлэлцүүлэн баталж хэрэгжүүлэх, ирээдүйн Их Монголыг бүтээх Үндсэн хуулийн цогц төсөл бий.

Найм. ЭХ ОРНЫХОО ӨМНӨХ ТУЛГАМДСАН ЗОРИЛТУУДЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

Та бидний өмнөх тулгамдсан зорилт бол өчигдрөөсөө сургамж авч, өнөөдрөө зөв тунгааж, маргаашийн ирээдүйгээ үндэслэлтэй өөдрөгөөр төлөвлөн бүтээх явдал мөн.
Хариуцлагагүйн зуднаас үтэр түргэн салцгаая. Сахилга, хариуцлага, зохион байгуулалтыг нэвтрүүлцгээе!
Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, хот суурин газрыг үндэсний үйлдвэрлэлийн цогцолборууд болгон хөгжүүлцгээе!
Ажилгүйдлийг арилгаж, ард түмнээрээ нэгэн санаагаар зүтгэж, төрийг түмэнд үйлчилдэг болгоё!
Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлж,үндэстэн ястны хөгжин цэцэглэх баттай суурь мөн гэдэгт итгэн тэмүүлцгээе!
Эв нэгдлийг эрхэмлэн батжуулцгаая!

Ес. МЯНГАНЫ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ

Та бидний, бүх монголчуудын хөгжлийн их аян юм. Эх орны минь жаргалын замын эхлэлийг тавих Их аян юм. Энэ их аяныг, Монголын хөгжлийн “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлцгээе. Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина. Монголоороо  бахархаж Монгол Улсаа хамтдаа хөгжүүлцгээе.
Энэ бол миний чин сэтгэлийн есөн хүсэл, хийж хэрэгжүүлэх ёстой есөн гол зорилт мөн!


Монгол хүн таныг хүндэтгэсэн:
Монгол Улсын Ерөнхийлөгчид
МАХН-аас нэр дэвшигч

Сайнхүүгийн ГАНБААТАР

  

ӨӨР ГАРЦ БАЙНА. БИДЭНД ИТГЭ

 

arrow icon