Нийтлэл 06 сарын 02, 2017

Ч. Ганжавхлан: Хүүхдийн баярыг хэн булаав? #Facebook #trending

Бидэнд бага зэрэг бэлэг илүү гарсан юм. Хүүхдийн баярын бэлгийг энэ өдөр нь л эзэнд хүргэх ёстой, тэгэж гэмээнэ утга учиртай болно. Ядаж энэ өдөр арай ч хүүхэд байхгүй биз гэхдээ юу ч гэсэн дайраад гарья хэмээн хоёр ч хогийн цэгээр очив. Монгол хүн нэрэлхүү. Тэнд байсан бүх л хүмүүс энд нэг ч хүүхэд байхгүй гээд хэлж дуусаагүй байтал шуудай үүрсэн бяцхан хүү цухуйгаад гараад ирэв. Бэлэг авахдаа хүртэл нүдэндээ цог золбоогүй, хүүхдийн гэмээргүй хэрсүү харцтай хүү ширэв татаад бэлгийг шүүрээд зөрлөө. Хүүхэд л бол хүүхэд ... Хоёр том хураасан хог тойроод буцаж явахад газар суучихсан бэлгээ задлаад сонжиж суулаа. Би итгэлтэй байна, тэр хүү баярласан, учир нь тэр бол хүүхэд. Харин хэн түүний бага насыг булааж орхив ?

Тэндээс гараад биогийн хогийн цэг өөд өгсөж явтал хоёр бяцхан жаал "Хог түүх ажлын хувцсаа" өмсчихсөн алхаж явлаа. Хоёуланг нь хараад л танив. Өнгөрсөн өвөл, шөнө 21 цаг болж байхад гар чийдэн толгойдоо углачихаад хог түүж явсан хоёр хүү мөн байсан. Хог шатаан дулаацангаа хуушуур идэж суусан тэр хоёр хүү хэрхэн мартагдах билээ. Яагаад ийм шөнөөр ажил хийж байгааг нь асуухад зөвхөн амралтын өдрөөр л ингэж ажилладаг гэж ярьж байсан хүүхдүүд 06.01 хүүхдийн баяр, бүх нийтийн амралтын өдөр хогоо түүсээр л ...

Энд тэнд очиж худаг жорлон бас шоронгийн тууз хайчилсан дарга нарт эмгэнэл илэрхийлье. Нэг цэцэрлэгийн үнэтэй машин унан нэг сургууль барих мөнгө идчихээд ичихгүй "Хүүхдийн ирээдүй" хэмээн бөөлжих новшнууд ... Хорвоогийн үнэнд итгэх биш хошногоны баас долоох зусарч албат, новшыг нүүр луу нь харж байгаад новш гээд хэлчих зориггүй хурган зангиатнуудад эмгэнэл илэрхийлье. Эцэст нь хүүхдийн төлөө нэг ч төгрөг төсөвлөхгүйгээр хэмжээлшгүй бодлого ярьдаг, хууль дүрэм батладаг Монгол улсад эмгэнэл илэрхийлье. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Та нарыг хүүхдийн баяр тэмдэглэж суух зуур энхрий үрс чинь тэнд, ер нь бол үхэр гахай хоёртой уралдан сурч мэдэж хайрлуулах насандаа хог түүж, хүчирхийлэлд өртөж, хүнд амьдрал туулж яваа шүү. Та гурван намын сонгуульд цацаж буй 100 тэрбум төгрөгөөр чинь бидний зүтгээд байгаа "Ид шидийн орон"-с 100 ширхэгийг, томоохон цэцэрлэг 50 ширхэгийг барьж чадна шүү. Тэгэхэд та нар энэ их мөнгийг мэдээллийн хүчирхийлэл, хэнд ч хэрэггүй өс хонзон гүтгэлэг хар бараан мэдээнд л цацаж буй. Ийм үе хурдан улиран одож, Монгол хүмүүс саруул ухаантай болоосой.

Цагаан давааны хогийн цэг
Ч.Ганжавхлан

arrow icon