Нийтлэл 06 сарын 08, 2017

Тоосгоор байлдах нь буюу конструктив сэтгэлгээний хомсдол  

Нэг ийм сургаал яриа байдаг.

Тоосго өрж байгаа 3 хүнээс асууна. Та яах гэж тоосго өрж байгаа юм бэ гээд. Эхний хүн нь “ээж аав  өр гээд” гэж ялархсан байдалтай хариулах юм. Хоёрдох нь “аа нэг байшин босгоод авах санаатай” гэх энгийн хариутай. Гуравдах нь “үүнийг өрж байгаад их дуган босгоод олон хүнийг аврах юм” гэж бардам, баясгалантай хариулдаг.

Энэ уг нь зорилготой амьдрахын үнэ цэнийг сургах гээд эхний хүнийг жаахан миалсан өнгө аястай үлгэр л дээ. Надад бол монголчууд  бид эхний хүний түвшинд очвол их юм харагдаад сэтгэл төвдөхгүй бичиж байна.

Тоосгоор байлдах нь буюу конструктив сэтгэлгээний хомсдол   

Монголчууд болохоор тоосгоор байлдаж тоглож байгаад тоосго гэж ер нь анхнаасаа юу байсныг мартчихдаг.  Гэхдээ бас нэг юм хийхгүй бол болохгүй тул юу ч л гэсэн байлдаанаа үргэлжлүүлж нэг нэг рүүгээ сэхээ сөтөөгүй  нүүлгэх бөгөөд зарим нь үзэгчийн суудалд шилжиж хэдэн тоосго давхарлаж сандайлаад алмайрсан шинжтэй сууна. Харж байхнээ эд дуган байтугай шавар тагз яаж босгоно доо гэж бодмоор аж. Төр, ардчилал, боловсрол, улстөр, нам, сонгууль, үг хэлэх эрх чөлөө, эрдэнэт хүний бие оюун ухаан гээд хүн төрөлхтөн хөгжил дэвшил хэмээх дуган барихдаа хэрэглэж ирсэн бүхнийг баруун зүүнгүй нүүлгэж, бяцалж, сандайлж утгыг нь алдуулна. Улмаар хүйтэн салхи үлээж, орох орон хоргодох халхавч хэрэг болмогц овоолсон нурангиа эргэж хараад эдгээр зүйлсийг огтын хэрэггүй, хамаг амьдралын садаа байсан байна хэмээн дүгнэх нь домогт Орвелл ч магад сэтгэж чадахааргүй хэмжээнд хамаг юмны хайран утга хамгийн сонгодог хэлбэрээр алдуурахуй мөн.  Энэ талаар “Хонхонд буруу байхгүй” гэж өмнө нь нэг бичиж байсан.  Сүүлдээ бүр зарим нэг нь тоосгыг бусдын толгойг зуу зуугаар нь бяц цохиод тойрон бүжихэд хэрэглэх сураг ч  гарна, ээ чойрын богд минь гэж халхын заяа түших болтугай, энэ улсыг.

Одоо сонгууль дөхөж байна. Сонгууль бол мөн л төлөөллөө томилоход хэрэглэдэг хэнд ч буруугүй тоосго ба харин дайнч монголчуудын хувьд улам ширүүнээр, улам тэнэгдүү байлдаж тоглох боломж юм. Ингэж тоглож байхад нь анхны утга нь алдагдаж харагдаад байгаа зарим юмны анхны хэрэглээг сануулах гээд үзье. Тоосгыг байшин барихад хэрэглэх хүн хэд гурваар олшроосой гэсэн хүслээс өөр юмгүй.

  • Улстөр. Уг нь оролцоо хийж, хариуцлага үүрэх замаар улс нийгмийн удирдлагад хувь оруулах. Монголчууд үүний утгыг алдуулж бохир жорлон барьдагт монголчууд л буруутай баймаар ч тэнгэр заяатай улс тийм байж мэдээж таарахгүй. Анхны утгаар нь оролцоо хийж, хариуцлага үүрэх хүсэл зорилготой залуусыг долоогч, намчин, валиар заваан хэмээн элдвээр цоллож зүрхийг нь үхүүлээд мөнхөд бохирт амьдрах нүхээ ухаж авна. Аль гайгүйнүүдээ тийшээ хурдхан ороод цэвэрлээд өгөөч гэх хүн ховор, учир нь  конструктив хүсэл буюу хүрэх үр дүн, барих байшингийн зорилго байхгүй, түүнийг барихад яах хэрэгтэйг тунгааж бодохгүй. Түйлэх миалах цэцэрхэх л чухал.
  • Үзэл бодол, илэрхийлэл.  Үзэл бодол бол энгийндээ хүн амьдралыг хэрхэн тусгаж авч байгаа нь.  Харин Монголд бол зарим нь хэрхэн тусгахаа хүнээр заалгаад худалдчихдаг. Тэр нь дэндмэгц мартамхай монгол хүн үзэл бодлын үүргийг, түүнийгээ илэрхийлж, хэлэлцэж, ухаан нэмж хөгжиж ирсэн хүний түүхийг ор тас мартах ба өөрт нь болон бусдад хэрэгтэй үзэл бодлыг ч хомроголон миалж, тоосго нүүлгэх тоо нэмэгдэж, хурд нь ширүүснэ, аймшигтай. Мөн л барих байшингийн хийцийг үзэл бодол шийддэгийг мартсан, мартсанаа ч мартсан конструктив сэтгэлгээний хомсдол.
  • Улстөрчийн үзэл бодлын болон бодлогын шүүмж. Улстөрчийн хүзүү бол тэр хувь хүний эрхэм оршихуйд хамаарна, харин үзэл бодол, үнэт зүйл нь бол улсын хувь заяа. Дээр дурдсанчлан өөрийн үнэт зүйлийн үүднээс улстөрчийг шүүмжлэх, түүгээр дамжуулан рейтинг тогтоож өгөх нь ардчилсан тогтолцоонд иргэний болон тэдний нийлбэр public choice/нийтийн хүсэл зоргыг улстөрд тусгах арга хэрэгсэл юм. Үүнийг мөн өөрийн бус бусдын зааснаар хийх явдал газар авмагц тэнгэрлэг монголчууд тэр чигт нь хэрэггүй гэж үзэх ба хувь заяаг нь шийдэх сонгууль болох гээд хүсэл зоргын захиалгаа хийж буй идэвхитэй иргэдийг хэнээтэй, улстөрийн солиотой гэхчлэн элдвээр цоллож ихэрхэж пээдэлзэнэ. Аль гайгүй нь, эсвэл бага мууд нь арай гайгүй рейтинг үүсгэж, арай бага хорлогдох маягийн зорилго үр дүн талаас сэтгэх  конструктив сэтгэлгээ хаана явна? Хамгийн их өртөх нийгмийн дорой хэсгийг энэрэх сэрэмж аймар олон дипломтой аюулын хэдэд нь ч байхгүй маягтай. Аль нэг нь сонгогдож дуусах нь тодорхой уралдаан явж байхад бүх улстөрч, бүх дэвшүүлсэн бодлогыг хэрэгтэй хэрэггүй үл хамаараан бултаар нь дооёолон шүүмжлэхийн дээр шүүмжилж байгаануудыг нь ч хамтатган шүүмжлээд хамгийн цэцэн, хамгийн шогийн мэдрэмжтэй гарамгай мэргэн тоосго нүүлгэгч болж тодроно. Байшин яах юм, бүү мэд. Шүүмжлэлд конструктив буюу үр дүнд чиглэсэн зорилго байх ёстой.
  • Эцэст нь медиа. Медиа салбар баримт, үнэнийг мэдээлэх, түүнийг боловсруулах мэдлэг олгох буюу соён гэгээрүүлэх, үнэнийг мартагнах завсарлага буюу урлаг үзүүлэх гэсэн үндсэн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл гол тэнхлэг нь баримт/fact, үнэн/truth. Үүнийгээ хийхэд барилга барихтай адил хөдөлмөр, зардал гарна. Баримтаа нийтлүүлсэн талаас төлбөр авах нь энэ утгаараа байранд хүн үнэгүй оруулдаггүйтэй адил бизнесийн энгийн зарчим. Харин тэнхлэгээ хазайлгаж үнэнийг худал болгон тархи угаах, тэгэхийн тулд мөнгө авах үзэгдэл газар авмагц мөн л медиа анхнаасаа хэрхэн ажилладгийг бүгд мартах ба байгаагаар нь мэдээлсэн үнэнийг хүлээж аваад боловсруулж, хэнээр байшин бариулахаа тунгаах конструктив зорилгод хэрэглэх нь байтугай өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдахын үлгэрээр тэр захиалж, энэ тэгж хэмээн хардахын дон тусч, хохирогчийн дүрд тоглож гоншигононо.

Гэхдээ энэ бүхэн цөм монголчуудын буруу биш, май өөх гээд булчирхай үмхүүлсээр байгаад өөхний амт мартагдаж, өөх идэх хүсэл цөм унтарсан байгаа нь энэ бололтой.  Одоо сонгууль боллоо. Бидэнд конструктив сэтгэлгээ хэрэгтэй байна.  Элэг ходоодны хавдар, элдэв үзүүлэлтээр Африкын ард унаж, ирээдүй болсон хүүхдүүдээ онц аюултай түвшнээс онц аюултай давсан угаар, шалбаагт хаясан орны насанд хүрсэн иргэн бүр энэ өгөгдсөн гурваас аль дөмгийг нь сонгох, сонгохдоо public will/хүсэл зоргоо ойлгуулж салахын тулд чадах бүхнээ хийх үүрэгтэй. Тэгэхийн тулд юм бүхнийг миалахаасаа өмнө тэгээд ер нь юу хүсээд байгаагаа өөрсдөө ойлгох нь чухал байх.

Тэр үүргээ биелүүлэхэд улстөрийн идэвхи, дуу хоолой, рейтинг, медиа хэлэлцүүлэг, нөлөөлөл хэрэгтэй. Бүгдийг нь завхруулан үгүйсгэх хандлага газар авч, багажгүй болсноо анзаарахгүй бол байшин бариулах хүн сонгох гэж байгаа атал баахан бацаан чулуугаар байлдаж тоглох мэт сэхээ чөлөөгүй нэг нэг рүүгээ тоосго нүүлгэж, бүр сүүлдээ “Монгол ялна” гэхчлэн хотын гудамжаар нэг тунхаглаж, байшинтай болох  конструктив зорилготой нэг нийгэм биш үхэх сэхэхээ үзэж байгаа хагарал ялгаварлалтай байлдааны арми гэж үзэх хандлагаа бүх монголчуудыг заамдаж байгаад улаан нүүрэнд нь тулгах хэмжээнд хүрчээ. Бид хааш чиглэж явна вэ? Бидний хүсэл юу юм бэ?

Чи яах гэж улстөржиж, яах гэж үзэл бодлоо илэрхийлж, яах гэж шүүмжилж, яах гэж медиа агуулга уншдаг юм бэ? Шүүмжлэхийн тулд шүүмжилж, цэцэрхэхийн тулд илэрхийлж, улстөржихийн тулд улстөржиж, ялахын тулд ялах гэж үү?  Хоолыг ч идэх гэж иддэггүй. Хүний оюун ухаан, үг хэл хэмээх хүчирхэг тоосгыг илүү дээр бодлого нэхэх, урагштайг нь урамшуулах, болохгүйг нь баалах, юуг нь үнэлж сонгосноо сануулж нэхэх,  улмаар улс Монголыг өндөрлөхөд зарахгүй юм бол маргааш бид хэний барьсан юунд амьдрах юм бэ?

Шүүх, прокурор гээд Үндсэн хуулиар үлэмж их эрх мэдэл олгогдсон, хүүхэд чинь ямар байшинд амьдрахад хэдэн хувь ч юм бэ нөлөөтэй улстөрийн дээд албан тушаалтан хэн байхыг шийдэх сонгууль ойртож байна. Миалахын тулд миалдаг ямар ч конструктив зорилгогүй хэсгийг бүү тоо. Улстөрж, ярь, мэтгэлц, тунгаа, медиад үгээ хэл, бич. Чиний гарт үг хэлэх эрх чөлөө, оюун ухаан, үг хэл, сонгууль гэх мэт олон тоосго байна. Нөгөө монголын толгойг бяц цохиж ялахад хэрэглэх үү, нийтдээ толгой хоргодох байшин өндөрлөхөд хэрэглэх үү, чиний мэдэх хэрэг.

 

 

arrow icon