Нийтлэл 06 сарын 30, 2017

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2017.06.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

Танилцуулгын эхэнд Сангийн сайд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газраар аудит хийлгэн УИХ-д танилцуулж байгааг онцолсон.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн танилцуулснаар, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 31.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 24.8 их наяд төгрөгийн өр төлбөр, үүнээс мөнгөн хөрөнгө 2.9 их наяд, авлага 4.6 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 5.6 их наяд, үндсэн хөрөнгө 13.3 их наяд төгрөг тайлагнагдсан байна. Нийт өр төлбөрийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 7.6 их наяд төгрөг байгаа бол, Засгийн газрын дотоод үнэт цаасны өглөг 4.0 их наяд, гадаад үнэт цаасны өглөг 5.4 их наяд, гадаад зээлийн өглөг 7.0 их наяд төгрөгт хүрчээ.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1689 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 5097 төсвийн байгууллагууд, Хүний хөгжлийн сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвүүд хамрагдсан байна.

2016 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.8 их наяд төгрөгт хүрч 107.5 хувийн биелэлттэй, зарлага 9.5 их наяд төгрөгт хүрч 95.0 хувийн биелэлттэй гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч дотоодын нийт бүтээгдэхүүний 15.3 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангасан байна. Нэгдсэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын үнэт цаас, зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор 5 их наяд 58.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн байна. Тайлант хугацаанд Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 1 их наяд 725.5 тэрбум төгрөг, Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөрт 135.6 тэрбум төгрөгийг тус тус төлсөн бол, гадаад төслийн зээлээр 762.6 тэрбум төгрөгийг, хөтөлбөрийн  болон синдикат зээлээр 587.5 тэрбум төгрөгийг авч ашигласан байна. Түүнчлэн, Хөгжлийн банкнаас 252.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлжээ.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3.9 их наяд төгрөгт хүрч, 109.2 хувийн биелэлттэй, улсын төсвийн зарлага 7.4 их наяд төгрөгт хүрч, 95.4 хувийн биелэлттэй гарсан байна. Улсын төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биелсэн нь төсвийн тодотголоор төсвийн орлогын төлөвлөгөөг улс орны өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдалтай уялдуулан бууруулан тооцоолсон, түүнчлэн төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлж ажилласантай холбоотой гэв.

Улсын төсвийн зарлага 7 их наяд 394.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 355.4 тэрбум төгрөгөөр бага, өмнөх оны гүйцэтгэлээс 2 их наяд 397.3 тэрбум төгрөгөөр их гарсан байна. Нийт зарлагын 14.1 хувь буюу 1 их наяд 43.2 тэрбум төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд, 12.5 хувь буюу 926.3 тэрбум төгрөгийг хүүгийн зардалд зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтад 976.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь төлөвлөснөөс 70.7 тэрбум төгрөгөөр бага, харин гадаадын зээлийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд 627.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь төлөвлөснөөс 116.6 тэрбум төгрөгөөр илүү гүйцэтгэлтэй гарсан байна.

УИХ-аас төсвийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор төсвөөс гадуур санхүүжүүлсэн Сайн хөтөлбөр, өрийн бичгээр санхүүжүүлсэн болон концессын гэрээгээр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний зардлыг нь төсвийн тодотголоор төсөвт нөхөж тусгасан бөгөөд Сайн хөтөлбөрийн санхүүжилтэд 451 тэрбум, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд төсвөөс гадуур бичигдсэн өрийн бичиг болон концессын гэрээний төлбөрүүдэд 730.2 тэрбум төгрөг, нийт 1 их наяд 180.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Улмаар улсын төсвийн тэнцэл 3 их наяд 499.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Орон нутгийн 2016 оны төсвийн гүйцэтгэлээр нийт орлого 2 их наяд 169.8 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 0.9 хувь буюу 18.8 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлэг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын санхүүжилтэд нийт 1 их наяд 277.6 тэрбум төгрөг батлагдсанаас 1 их наяд 266.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон аж.

Орон нутгийн төсвийн нийт зарлага 2 их наяд 330.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 4.6 хувь буюу 111.6 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Орон нутгийн нийт зарлага, санхүүжилтийн 79.5 хувь буюу 1 их наяд 853.0 тэрбум төгрөгийг урсгал зардалд, үүнээс цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн халамжийн зардалд 1 их наяд 88.1 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд орон нутгийн төсвийн тэнцэл 160.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн гүйцэтгэлээр 169.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 189.1 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 111.4 хувийн биелэлттэй гарсан. Тус сан 2016 оны төсвийн жилд Засгийн газрын үнэт цаас болон урьдчилгаа төлбөрийн хүүгийн зардал 59.8 тэрбум төгрөг, хүүхэд бүрт сар бүр олгох 20 мянган төгрөгт нийт 218.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан бөгөөд 2016 оны төсвийн тэнцэл 89.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. 

Нийгмийн даатгалын сангийн 2016 оны орлогыг 1 их наяд 752.4 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1 их наяд 809.9 тэрбум төгрөг төвлөрч, 103.3 хувийн биелэлттэй гарсан байна. Нийгмийн даатгалын сангийн орлогуудаас нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийн төлбөрт 1 их наяд 315.0 тэрбум төгрөг төвлөрч 104.6 хувийн, улсын төсвөөс авсан татаас 494.9 тэрбум төгрөгт хүрч 100 хувийн биелэлттэй гарсан аж. Харин нийгмийн даатгалын сангийн зарлага 2016 онд 1 их наяд 720.3 тэрбум төгрөгт хүрч, нийт төлөвлөгөөний 97.5 хувьтай тэнцсэн байна. Улмаар тус сангийн төсвийн тэнцэл 89.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Түүнчлэн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэнээр төслийн нэг дэх хэлэлцүүлэг дуусч, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

 Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Үргэлжлүүлэн 2017 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцааг бусад хуулиудаар зохицуулж байгааг нэг мөр болгох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй, ил тод удирдах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан талаар тэрбээр танилцуулсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчийн тэтгэврийн насыг уян хатан тогтоохоор  өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч хүсвэл 65 нас хүртлээ ажиллаж болохоор зохицуулахаар тусгасан байна.

Үүнтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг одоогийн хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүчингүй болгож, ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж байгаа гэв.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах байнгын хороонд шилжүүлсэн юм.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Сэтгэгдэл бичих

arrow icon