Америкчууд Хойд Солонгосын цөмийн асуудлыг цэргийн хүчээр шийдэх үү?

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс буюу бидний нэрлэж заншсанаар Хойд Солонгос болон АНУ хоёрын хооронд үүссэн адармаатай харилцаа олон жилийн туршид үргэлжилж, дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татдаг халуун сэдэв болоод удаж байна. Сүүлийн үед тус улсын хөгжүүлж буй цөмийн хөтөлбөрийг АНУ, хөрш зэргэлдээх Өмнөд Солонгос, Япон зэрэг улсууд буруушаахаас гадна ихээхэн болгоомжилж байгаа билээ.

Цөмийн зэвсэг гэдэгт үндсэн гурван ойлголт багтдаг. Энэ бол цөмийн бөмбөг, түүнийг тээвэрлэгч, эсвэл хүргэгч(нисэх/усан/шумбагч онгоц, пуужин, артиллери гэх мэтчилэн) болон удирдлагын систем гурав орно. Одоогоор хойд солонгосчууд 13-21 нэгж цөмийн бөмбөгтэй байж магадгүй тухай олон улсын ажиглагчдын гаргасан тоо бий. Харин уг бөмбөгийг холын зайд буй "бай"-д хүргэх баллистик пуужин, мөн цөмийн бөмбөгийг пуужингийн толгойд багтааж жижигрүүлэх технологи бүтээх ажил ид явагдаж байгаа бололтой. 

Сүүлийн 25 жилийн туршид АНУ нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох, тус улсын засгийн газартай хэвийн харилцаа тогтоох зорилгоор янз бүрийн дипломат яриа хэлэлцээрийг явуулж байлаа. Тухайлбал тус улсад аюулгүй байдалд баталгаа гаргаж өгөх, эдийн засгийн болон хүнсний тусламж үзүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг дурьдаж болно. Гэвч эдгээр бүх арга хэмжээнүүдээс бүтэлтэй болсон зүйл нэг ч үгүй. Америкчууд хойд солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан хэдий ч хятад улсаас шалтгаалан төдий л амжилт олоогүй нь үнэн. Харин сүүлийн үед Хойд Солонгосыг голлон дэмжиж "өмгөөлдөг" Орос, Хятадын дэмжлэгийг үгүй болгох, түүгээр зогсохгүй тэднээр дамжуулан тус улсад шахалт үзүүлэх гэсэн америкчуудын уйгагүй оролдлогын үр дүн эхнээсээ гарч эхэлсэн. Жишээ нь 2017 оны 2 дугаар сараас БНХАУ нь Хойд Солонгосоос авдаг нүүрсээ түр хугацаагаагаар зогсоосон бол өнгөрсөн 7 хоногт тус улстай батлан хамгаалах салбарт ямар нэгэн харилцаагүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. 
Хойд Солонгосын цөмийн асуудал зөвхөн АНУ, Өмнөд Солонгос, Япон гэлтгүй ОХУ, БНХАУ зэрэг их гүрний удирдагч нарын ярианы гол сэдэв болоод байгаа. Саяхан Москва хотод болсон ОХУ, БНХАУ-ын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч В.Путин, Си Зиньпин нар солонгосын хойгт үүсээд байгаа асуудлаар тусгайлан ярилцсан байдаг. Тэд уулзалтын дараагаар хамтран "Орос, Хятад хоёр улс нь Солонгосын хойгт үүсээд буй хямралыг энхийн яриа хэлэлцээрийн арга замаар шийдвэрлэхийн тулд стратегийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх ёстой. Үүсээд буй нөхцөл байдлыг зөвхөн яриа, хэлэлцээрийн замаар шийдвэрлэх нь хамгийн үр дүнтэй арга юм," гэдэг мэдэгдэл хийсэн. 
Түүнчлэн Хойд Солонгосын асуудлыг нухацтай ярилцаж байгаа олон улсын хамгийн том байгууллага бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл юм. 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр буюу АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрөөр Хойд Солонгосчууд тив алгасан нисэх чадвартай баллистик пуужин харвасан нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан зарлан хуралдуулах шалтгаан болсон. Ер нь 2017 он гараад тус улс нийтдээ 12 удаа пуужин харваж туршилт хийсний 8 нь амжилттай 4 нь амжилтгүй болсон байдаг. Хойд Солонгос Улс 2016 онд 24(үүний хоёр нь цөмийн туршилт), 2015 онд 15, 2014 онд 19 удаа пуужингийн туршилт хийж байжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааны үеэр америк, орос, хятадын төлөөлөгч нарын дунд нэлээд ширүүн яриа өрнөсөн. Ямарч тохиолдолд Орос, Хятадын зүгээс солонгосын хойгт үүсээд буй асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэхийн эсрэг байсан. Эдгээр улсууд эртнээс одоог болтол энэ байр сууриа хадгалсан хэвээр байгааг мартаж болохгүй. Түүгээр ч зогсохгүй энэхүү хуралдаанд оролцсон оросын төлөөлөгч "Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хатуу арга хэмжээ авах нь тус улсын хэдэн сая хүмүүсийг хүмүүнлэгийн сүйрэлд оруулахад хүргэж болзошгүй," гэдгийг америкчуудад зориуд анхааруулж байв.
АНУ эртнээс Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох талаар дипломат яриа хэлэлцээр тасралтгүй явуулж байсан хэдий ч Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй болсоноор зогсохгүй түүнийгээ Америкийн нутаг дэвсгэрт хүргэх боломжтой баллистик пуужингийн туршилт хийсэн нь асуудлыг тун ноцтой хэмжээнд авч үзэхээс өөр аргагүй байдал руу олруулж байгаа бололтой. Америкчууд өөрсдийн үндэсний аюулгүй байдалд заналхийлэх ямар ч аюулыг зүгээр хараад суухгүй уг аюулыг устгахын тулд бүхий л арга замыг эрэлхийлэх нь тодорхой юм. 
Үүсээд буй асуудлыг цэргийн хүч ашиглан шийдвэрлэх хувилбарыг Америкийн засаг захиргаа нухацтай авч үзэж байгааг илтгэсэн мэдэгдлийг тус улсын зүгээс хэд хэдэн удаа хийсэн. Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх МкМастер "Ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс болох, түүгээр зогсохгүй АНУ-ыг заналхийлэхийг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрч чадахгүй. Ерөнхийлөгч асуудлыг шийдвэрлэх бүхий л хувилбаруудыг түүний дотор цэргийн хүч ашиглах хувилбарыг хүртэл бэлтгэх чиглэл өгсөн," хэмээн мэдэгдсэн. Харин АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга генерал Жэймс Маттис парламентад өгсөн яриандаа "АНУ нь Хойд Солонгостой мөргөлдөөн үүсгэвэл бид ялалт байгуулах нь гарцаагүй боловч энэ дайнд 1953 оноос хойш бидний үзсэн хамгийн их хүний хохирлыг Өмнөд Солонгос Улс үзэх болно," гэж мэдэгдэж байв. Өмнөд Солонгост АНУ-ын 28 мянган гаруй цэрэг(8 дугаар армийн 2 дугаар явган дивиз, 7 дугаар агаарын армийн 51 болон 8 дугаар нисэхийн хороо, тэнгисийн болон тэнгисийн явган цэргийн зарим ангиуд, мөн инженерийн ангиуд) байрлаж байгаа юм. 
Өнгөрсөн 50-60 жилийн хугацааг тоймолж харвал Америкчууд хэд хэдэн удаа Хойд Солонгост цэргийн хүчээр түрүүлж цохилт өгөх талаар төлөвлөгөө боловсруулж байсан түүхтэй. Хэрвээ Америкчууд Хойд Солонгостой дайн хийхээр болбол энэ дайн нь өмнө Америкчуудын явуулж байсан бусад дайнуудаас ялгагдах зүйлгүй байх болно. Мэдээж Америкчууд Хойд Солонгосын эсрэг өөрийн цэргийн хүчирхэг машиныг бүрэн хэмжээгээр ажиллуулах нь ойлгомжтой. Ямар ч төрлийн байлдаан болсон Хойд Солонгосын давших байлдаан явуулах чадавхийг Өмнөд Солонгост буй Америкийн цэрэгт цохилт өгөхөөс өмнө түрүүлж устгах нь ялалт байгуулах гол түлхүүр болох юм. Үүний тулд тус улсын цөмийн пуужингийн аюул, мөн 38 дугаар өргөргийн дагуу байрлаж буй артиллерийн их буунуудыг устгах шаардлагатай. 

Цагийн байдал хурцдаж дайн хийхдээ тулбал АНУ-ын Тусгай ажиллагааны хүчин хамгийн түрүүнд татагдан оролцох нь тодорхой асуудал билээ. Америкийн тусгай хүчний анги, салбарууд ямар ч даалгаврыг биелүүлэх боломж, чадавхитай. Тэд дэлхий даяар явагдаж буй шууд болон шууд бус байлдааны ажиллагаанд тогтмол оролцож байлдааны асар их туршлагатай болсон. Нөгөө талаар тусгай хүчин гэхээр зөвхөн "Дельта" эсвэл "Далайн хав"-нуудыг ойлгож болохгүй. Сүүлийн агаарын цэргийн хүчний онгоц, нисдэг тэрэгнүүд тусгай хүчний дайчдыг дайсны нутгийн гүнд оруулах/гаргах зарим тохиолдолд шууд байлдааны ажиллагаанд оролцох, галын болон тагнуулын дэмжлэг үзүүлэх зэрэг чухал рольтой оролцох болсон. Америкийн цэргийн хамгийн хүчирхэг төрөл болох нисэх хүчин хамгийн чухал үүрэг гүйцэтгэж, дайны хүндийг нуруундаа үүрэх болно. Тухайлбал нисэх хүчин өөрийн "B-2/52" стратегийн бөмбөгдөгч болон бусад цөмийн бөмбөг тээвэрлэх боломжтой нисэх онгоцуудаа илгээж хойд солонгосын цөмийн байгууламжийг бөмбөгдүүлж болно. Мөн цөмийн хөдөлгүүртэй шумбагч завинаас "Томахок" загварын далавчит пуужингуудаар тодорхой "бай"  устгах боломжтой. 
АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Жэймс Маттис "Хойд Солонгосын цэрийн эсрэг цөмийн зэвсэг ашиглах нь хамгийн энгийн бөгөөд өндөр үр дүнтэй арга юм" хэмээн мэдэгдэж байсан. Тэгэхээр Америкийн нисэх хүчин 0,3-340 ктн хүчтэй "B-61" загварын цөмийн бөмбөгийг ашиглаж Хойд Солонгосын газар доорх цөмийн байгууламжуудыг устгахаар төлөвлөсөн байж магадгүй юм. Түүнчлэн нисэх хүчин өндөр цэцтэй бөмбөг, пуужин ашиглаж газрын гүнд буй нуувчнуудад цохилт өгч болно. Афганистанд явагдаж буй ажиллагаанд Америкчууд том хэмжээний бөмбөгийг(Massive Ordnance Air Blast) агаараас хаяж байгааг бид харсан. Тэдэнд ийм төрлийн бөмбөгийг өргөнөөр ашиглах бүрэн боломж бий. Түүнчлэн нисэх хүчний тусгай ажиллагааны командлал Хойд Солонгосын артиллери, пуужингуудыг агуулж буй нуувчнууд, уулын хонгил, агуйнуудыг дарах, битүүлэх зорилгоор ийм хүчтэй бөмбөг хэрэглэж магадгүй билээ. 

Гэхдээ Хойд Солонгосын цөмийн зэвсгийг устгахын тулд цэргийн хүчийг ашиглах нь хоёр том бэрхшээлийг үүсгэж болзошгүй. Эхнийх нь цэргийн хүчээр түрүүлж цохилт өгөх нь бүрэн амжилттай болох, эсрэг талын цөмийн болон галын хэрэгслийг бүрэн устгана гэсэн магадлал бага гэнэ. Яагаад гэвэл тэдний цөмийн байгууламжууд нь нэлээд өндөр нууцлалтай, газрын гүнд оршдогоос гадна цөмийн пуужингууд нь байнгын хөдөлгөөнт байдалд байдаг учраас тэдгээрийг олж илрүүлнэ гэдэг амаргүй ажил юм.

Цөмийн байгууламжид нисэх онгоцоор цохилт өгөх, эсвэл цэргийн тусгай хүчний дайчдыг кибер дайралттай хослуулж ашиглавал зарим талаар хохирол учруулж болох хэдий ч бүрэн устгаж чадна гэсэн баталгаа бас л байхгүй. Тэгээд ч Хойд Солонгосчууд хохирлоо богино хугацаанд засаад хариу цохилт өгөх магадлал өндөр байх болно. Мэдээж тус улс өөрийн цөмийн байгууламжуудаа устгуулаад гар хумхин зүгээр суухгүй нь тодорхой. Бид Өмнөд Солонгос тэдний артиллерийн галын хөнөөлийн зайд оршиж байгааг хэзээ ч мартаж болохгүй.

Дараагийн дугаарт тус улсын удирдагчийг устгах нэг хувилбар байж болох ч түүнээс гарч болох эрсдэл өндөр байна. Удирдагчийг устгах тушаал ирвэл Америкийн тусгай хүчний дайчид даалгаврыг эргэлзэх зүйлгүй биелүүлэх боломжтой. Нисэх хүчний тусламжтайгаар дайсны нутгийн гүнд тусгай бэлтгэгдсэн цэргүүдийг буулгах ба энэ нь дэндүү өндөр эрсдэлтэй бараг л амиа хорлож байгаатай адилхан ажиллагаа байх болно. Удирдагчийг устгах даалгавар амжилттай биелсэн тохиолдолд тус улсын дэглэм нуран унах, эсвэл түүний ойрын хүрээлэл дундаас дараагийн удирдагчийг тодруулан тэмцлээ цааш үргэлжлүүлэх сонголт гарч ирнэ.

Асуудлын гол нь ганцхан удирдагчид бус түүнийг тойрон хүрээлж буй тус улсын нам, улс төрийн болон цэргийн удирдлагыг гардан удирдаж байдаг элит давхрагаас шууд хамааралтай гэдгийг миний бие өмнө нь дурьдаж байсан. 

Хамгийн сүүлд анхаарах ёстой зүйлийн нэг бол хэрвээ Өмнөд болон Хойд Солонгосын цэргүүд яг нүүр тулан тулалдах болбол Хойд Солонгосын жирийн цэргүүд үй олноороо бууж өгөх магадлал байж болохыг үгүйсгэхгүй. Намын үнэнч гишүүд болоод улс төрийн ажилтан офицеруудын хяналтгүй бол жирийн цэргүүд нэг их байлдаж амь насаа үрэх сонирхол бага байгаа гэж үзэж байна. 
Ямартай ч солонгосын хойгт нөхцөл байдал хүнд, Хойд Солонгосчууд өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болоод зогсохгүй түүнийгээ тээвэрлэх тээвэрлэгч бүтээх ажил нь тун амжилттай явагдаж байгааг харсан. Америкийн Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Хойд Солонгосын энэхүү үйлдлийг тус улсын үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлж байгаа гэж үзэн уг аюулыг устгах хувилбарыг албан ёсоор боловсруулж эхэлжээ дүгнэлт хийж болж байна. Америкчууд дангаараа шийдвэр гарган цэргийн хүч ашиглан богино хугацаанд хүчтэй цохилт өгөх нь асуудлыг шийдэх хамгийн боломжтой хувилбар байж магадгүй. Гэхдээ ингэхийн тулд америкчууд ОХУ, БНХАУ-аас ямар нэгэн хэлбэрээр зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Гэвч ОХУ, БНХАУ улс орнууд өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр Америкчууд хил залгаа хөрш улстай нь байлдахыг зүгээр хараад суухгүй гэдэгт итгэлтэй байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5145

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%