Нийтлэл 07 сарын 28, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Хятадууд яагаад үндэсний ‘баатрууддаа’ дуртай байдаг вэ?

Бид Хятадын зөгнөлт кинонуудыг ойлгохдоо дүрүүдийнх нь ер бусын үйл хөдлөл, зан авирт анхаарах нь олон. Гэтэл үйл хөдлөл, үйл явдлын цаадах үзэл санаа нь анхаарлаас хөндий, ялангуяа гадаадын үзэгчдийн хувьд, байдаг ч Хятадуудын хувьд зөгнөлт киноны баатрууд нь үлгэр дуурайлал болдог. Яагаад гэвэл тэдгээр баатрууд нь үндэсний болон соёлын үзэл санааны баатрууд болдог аж. Ингээд Хятадын кино зохиолч Ву Шуаны Хятадын зөгнөлт киноны онцлогийг тайлбарласан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Сүүлийн жилүүдийн Хятадын кино зах зээлийн өсөлт гадаадын олон зөгнөлт киног Хятадын зах зээлд татах болов. Хэдийгээр зарим хүн Хятадын дотоодын кинонууд Холливүүдийн кино зохиолчдын гял цал бүтээлүүдтэй зэрэгцэж чадахгүй гэж бодож болох ч кино зах зээлийн үзүүлэлтүүд өөр дүр зураг харуулж байна.

2016 онд “Лусын дагина” (The Mermaid) кино 2,2 тэрбум юанийн (333 сая ам.доллар) орлого олж Хятадын бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой шинжлэх ухааны зөгнөлт (sci-fi) кино болсон. “Мангасын ан” (Monster Hunt) кино 2,43 тэрбум юань (360 сая ам.доллар) олж уран зөгнөлт (fantasy) киноны төрөлд тэргүүлэв. Дээрх хоёр кино хоёулаа дотоодын кино. Эхний кино нь далайг эзлэхээр төлөвлөсөн хүмүүстэй лусын дагинас оршин тогтнолынхоо төлөө дайтаж буй тухай гардаг. Удаах кино нь хүний мах иддэг мангасаар дүүрсэн ертөнц дэх хоёр анчны адал явдалт түүхийг өгүүлдэг.

Эдгээр кинотой зэрэгцээд Барууны алдартай кино цувралууд Хятадад нээлтээ хийж байв. Өнгөрсөн жил “Оддын дайн” (Rogue One: A Star Wars Story) киноны цуврал, энэ жилийн “Харийнхан: Ковенант” (Alien: Covenant) кинонууд сайнгүй үзүүлэлттэй ("Оддын дайн кино" 69,4 сая ам.доллар олсон бол "Харийнхан: Ковенант кино" 45,9 сая ам.доллар олжээ. Орч.) байв. 

Дотоодын шинжлэх ухааны зөгнөлт кинонууд олон нийтийг илүү татаж буй нь Хятадын түүх, соёлын онцлогтой тодорхой хэмжээнд холбоотой. Хятадын олон кино үзэгчдийн нүдэнд дотоодын шинжлэх ухааны зөгнөлт киноны баатрууд Барууныхтай харьцуулахад маш их ялгаатай харагдаж буй.

Нэгдүгээрт, “шинжлэх ухааны зөгнөлт” гэх тодотголыг авч хаян Хятадын уламжлалт соёл дахь баатруудын тухай ярилцъя. НТӨ 100-аад оны үед Хань гүрний үед бичигдсэн “Хөлсний алуурчдын намтар” (Biographies of the Assassins) хэмээх зохиолоос бид Хятадын баатруудын бодит амьдралын тухай мэдэж авдаг. Тэд хатуу чанга, тууштай мөн хэзээ ч золиос гаргахад бэлэн. Өөрийгөө сохлох, нүүрээ будах эсвэл хоолойгоо сөөнгө болгохын тулд халуун нүүрс залгих зэргээр Хятадын алуурчид хохирогчийнхоо итгэлийг олж авахын тулд зориуд ер бусын зүйлс үйлддэг. Хятадын уламжлалд алуурчид эрдэмтэй, ёс суртахууны чанд хатуу итгэл үнэмшилтэй ба Даогийн сургаалийг эсвэл ертөнц, байгалийн хуулиудыг даган даалгавраа биелүүлнэ.

Даогийн сургааль өнөөгийн Хятадын шинжлэх ухааны зөгнөлт киноны баатруудад нөлөөлсөөр байна. Хятадад баатруудын амжилт буруу, зөвийг нарийн ялган даалгавараа биелүүлэх явдал биш. Даогийн сургаалийг дагаснаар баатрууд тулгамдсан хямралт нөхцөлд яаж хандвал хамгийн оновчтой вэ гэдгийг ойлгоход нь тусладаг.

Эртний Хятадын хагас домгийн нэгэн баатар Чу Юань (НТӨ 340-278 он) зохиолч Шиа Жиагийн “Милуо голын тухай” гэдэг шинжлэх ухааны зөгнөлт зохиолд гардаг. Хятадын өргөн уудам нутгийг жижиг хаант улсууд эзлэхээр өрсөлдөж байсан Байлдаант улсуудын үед Чу өөрийн төрсөн Жу улсаа сүйдэхийг харжээ. Тэрээр хааны албатын хувьд улстайгаа хамт үрэгдэх ёстой гээд Милуо голд үйж үхдэг. Уншигчид Шиагийн зохиолоор дамжин түүхэн цаг үеэр аялан Чугийн үнэнч, шийдэмгий байдлыг дараагийн үе нь бодлогошронгуй хүлээн авдаг.

Даосизмын гол зохиол “Дао Дэ Зин”-д байгалийн хуулиудыг эрхэмлэн, тэдгээрийн хүчийг ашиглан ертөнцөөс суралцах тухай номлодог. Байгалийн хуулиудад нэвтэрсэнээр Хятадын баатрууд дайсантайгаа тэмцэх арга өөрчлөгдөж, тэд тэмцэлдээ ямар нэг механик зэвсэг эсвэл супер хүний чадвар бараг ашиглахгүй.

Өөр нэгэн шинжлэх ухааны зөгнөлт зохиол нь Лю Цишиний “Хөдөөний багш” зохиол юм. Энэ зохиолч The Three-Body Problem зохиолоороо Хюгогийн шагнал хүртэж нэрд гарсан билээ. “Хөдөөний багш” зохиолд хорт хавдар нь сүүлийн шатандаа хүрсэн, ууланд орших ядуу, жижиг тосгоны багш нас барахаасаа өмнө сурагчиддаа хөдөлгөөний тухай Ньютоны гурван хуулийг зааж өгдөг.

Гэтэл дараа нь дэлхийд харь гаригийнхан ирэв. Тэд хэрвээ хүн төрөлхтөн оюун ухаантай гэдгээ батлахгүй бол бүгдийг нь устгана гэжээ. Харь гаригийнхан нөгөө багшийн сурагчдыг байцаах үед тэд Ньютоны гурван хуулийг мэддэг байсныг харсан учир дэлхийг устгах төлөвлөгөөгөө орхидог.

Хятадын шинжлэх ухааны зөгнөлт баатрууд дэлхийг аврахын тулд сүр хүчтэй арга хэрэглэх шаардлагагүй.

Харин багшийнхаа сургаалийг даган асуудлыг шийддэг. Жирийн багш өөрийн зорилгоо биелүүлж чадаж байна гэдэг нь тэр өөрөө ч агуу баатар болж чадна гэсэн үг.

Мөн Хятадын цэргийн тактикийн тухай бичвэрүүд орчин үеийн шинжлэх ухааны зөгнөлт уран зохиолд нөлөөтэй. НТӨ 5-р зууны үед цэргийн стратегич Сүн Цүгийн бичсэн “Дайтах урлаг” зохиолд “Хамгийн шилдэг цэргийн эрдэм бол дайсныхаа төлөвлөгөө рүү довтлох; дараа нь дайсныхаа холбоотнууд руу; тэгээд арми руу нь довтлох хэрэгтэй” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл дайсныхаа стратеги, улс төрийн харилцааг сүйтгэх нь хамгийн шилдэг арга , харин байгаа бүх хүчээ ашиглах нь сүүлчийн арга юм.

Чиан Лифаны онц сонирхолтой зөгнөлт зохиол “Тэнгэрийн таалал”-д (Will of Heaven) Хань гүрний генерал Хань Шинь хүн төрөлхтөнийг бүтээсэн гэгддэг уламжлалт бурхан Фүшигийн дүрд хувилсан хүчирхэг харь гарагийнханы эсрэг тэмцдэг. Хань дэвшилтэт зэвсэг хэрэглэхдээ тааруу боловч хуурах төлөвлөгөө боловсруулахдаа гарамгай аж. Тэрээр Фүшиг хууран харь гаригийнхан суурьшсан аралд нэвтрэн галт уулыг нь дэлбэлэн дайснаа устгадаг.

Дээр тайлбарласан жишээнүүд бол Хятадын зөгнөлт зохиол Холливуудын зөгнөлт хөөрлүүдийг сохроор дагах хэрэггүй гэдгийг харуулж байна. Хятадын зөгнөлт баатрууд асуудалтай тулгарах үед Америкийн кино баатрууд шиг түргэн дайрч орохоос зайлсхийдэг. Харин тэд илүү нямбай, философилог ханддаг. Эцэст нь манай баатрууд нинжин сэтгэлийг даган бүх амьд зүйлст үлгэр жишээ болохуйц зан суртахуунтай байх ёстой билээ.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.sixthtone.com

Сэтгэгдэл бичих

arrow icon