Нийтлэл 08 сарын 04, 2017

Устөрөгч нүүрсийг орлож, утааг шийдэж магадгүй

Эрчим хүчний шинэ бөгөөд боломжийн эх үүсвэрүүд дундаас “Ус төрөгчийн Эрчим хүч” анхаарлын төвд хамгийн их байна. Гурван жилийн өмнө Тоёота корпораци “Mirai” (Ирээдүй гэсэн утгатай) машиныг борлуулж эхэлсэн юм. Уг машин бид бүхний мэддэг АИ93, 95, А76, Дизель гэх мэт газрын тосны гаралтай шатахуунаар бус, зөвхөн устөрөгчөөр ажилладаг шидтэй.

(Усны дуслыг санагдуулам цэнхэр өнгийн Мирай машин Японы зах зээлд 1500, Америкийн зах зээлд 1200 гаруй ширхэг зарагдсан ба 57,400 ам.долларын үнэтэй)

Байгаль дэлхийн баялаг хэзээ нэгэн цагт дуусна. Газрын тос, нүүрс, байгалийн хийн ачаар бид цахилгаан үйлдвэрлэж, машин онгоц хөлөглөж, утсаа цэнэглэж, хоолоо хийж байна. Одоохондоо болж байгаа ч эдгээр баялаг дуусахад яах вэ? За даа бид бүхнийг амьд байхад өнөө маргаашдаа гайгүй л байх. Гэхдээ дараа дараагийн үедээ боломж үлдээхийн тулд сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй баялгыг сонгох ёстой болоод байна. Олон хувилбар дундаас хамгийн ойрын хугацаанд хэрэглэж болох мөн хэдийнэ хэрэглэж эхлээд буй нь H2 буюу Устөрөгч

Яагаад гэвэл устөрөгчөөс энерги гаргахад нүүрсхүчлийн хий, SOx, NOx гэх мэт хий огт гарахгүй зөвхөн ус л ялгардаг. Өөрөөр хэлбэл Тоёота-ийн Мирай машины яндангаас зөвхөн ус л гарна. Гайхалтай биш гэж үү? За тэгвэл устөрөгчөөс яаж энерги гаргаж авдаг талаар тайлбарлая.

Анх сульфат Натри Na2SO4-г усанд уусгахад, ус нь электролизоор салдаг гэдгийг нээснээс гаралтай. Na2SO4-тай усанд нэмэх болон хасах цэнэг (анод болон катод)-ийг байршуулахад H+ болон OH- нар үүсч, эдгээр нь тогтворгүй учир тэр дороо хийн төлөвт H2 хасах туйл дээр, нэмэх туйл дээр мөн адил хийн төлөвт O2 үүсдэг байх нь.

Тэгвэл яг үүний эсрэг урвал буюу O2 буюу хүчилтөрөгчийг H2 ус төрөгчөөр хооронд нь урвалд оруулахад хасах туйлаас нэмэх туйл уруу H+ гүйж ус үүсдэг ба үүний үр дүнд цахилгаан үүсдэг. Энэхүү урвал аль 1839 онд батлагдасан ба Мирай машины механизм нь тэр чигтээ энэхүү амархан урвалаас бүтэж байна.

Гэхдээ, устөрөгчийн хийг хэрхэн хямд өртгөөр цуглуулах нь асуудал хэвээр. Одоогоор байгалийн хийгээс голдуу гаргаж авч байна.

CH4+H2O=CO+3H2, CO+H2O=CO2+H2

Мөн олон зүйлд ашигладаг химийн бодис болох идэмхий Натри NaOH-г гаргаж авах явцад үүсдэг.
2NaCl+H2O=Cl2+H2+2NaOH

Төмөрлөгийн үйлдвэрт нүүрсээр коксжуулахад устөрөгч 55% орчим үүсдэг байна.
Нүүрс  Кокс C + Кокс зуухны хий (H2, CH4, CO, CO2, N2)

Устөрөгчөөс үүсэх эрчим хүчний 40%-ийг цахилгаанд, 40%-ийг дулаанд ашиглаж болно. Одоогоор мэдээж өндөр зардалтай ч, хямд аргаар гаргадаг болбол айл болгон ашиглаж болно. Дулаанаар халаалтын систем болон усаа халаахын зэрэгцээ цахилгааны эх үүсвэр шийдэгдэх болно. Бүтэн 80%-г ашиглаж болох атлаа зөвхөн ус ялгаруулах ийм цэвэр бөгөөд ашигтай энергийн шийдэл ховор юм. Цахилгаан станц гэхэд хэрэглэгчийн гарт 35% нь л ирдэг байна. Устөрөгчийн энерги хөгжингүй орнуудад тун удалгүй өргөн нэвтрэх бололтой.

                                                                                                                                        

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon