Нийтлэл 08 сарын 10, 2017

Хятадын мобайл төлбөр тооцоo

Хятадын мобайл төлбөр тооцооны шинэ тоглогч, Монголчуудын хувьд зайлшгүй мэдэх ёстой нэгэн компанийн үйлчилгээг танилцуулъя.

Энэ бол Tencent группийн WeChat. Хятад уруу аялал, бизнес, хувийн зорилгоор тогтмол зорчдог Монголчуудын хувьд энэ үйлчилгээ аль хэдийн танил болсон байж ч магадгүй. Бээжингээр саяхан миний бие яваад үзэхэд хотын захын жижиг дэлгүүрээс авахуулаад том брэндийн их дэлгүүрүүдэд хүртэл бэлэн мөнгө, тэр ч байтугай манайхан шиг картаар төлбөр тооцоо хийж байхыг олж харсангүй. Хөгшин залуугүй бүгд л гар утаснаасаа төлбөр тооцоогоо хийж байна. Ашиглаж буй аппликейшнийг нь ажиглавал, WeChat

WeChat нь Facebook шиг найзуудтайгаа чатлах, видео уулзалт хийх, үзэл бодлоо бусадтайгаа хуваалцах зэрэг харилцааны үндсэн хэрэгсэл байхаас гадна өөр хоорондоо мөнгө шилжүүлэх (Рeer to Рeer, P2P),  онлайнаар төлбөр тооцоогоо хийх боломжтой олон нийтийн сүлжээний хэрэгсэл юм. Өдгөө нийтдээ 900 сая хэрэглэгчидтэй бөгөөд тэдний 830 сая нь тус аппликэйшнийг төлбөр тооцоондоо ашигладаг байна. WeChat нь зөвхөн чатлах бус өдөр тутмын төлбөр тооцооны үндсэн хэрэгсэл болж чадсан нь Tencent группийн хамгийн том амжилт гэж хэлж болно. Хэрэглэхэд маш хялбар бөгөөд бизнес эрхлэгчдийн хувьд заавал олон төрлийн POS машинуудыг кассан дээрээ тавилгүйгээр дан ганц баганан код л наагаад тавихад хангалттай. Түүнийг нь худалдан авагч өөрийнхөө гар утсан дээрээ уншуулаад л, нийт төлбөл зохих дүнг бичээд л болоо. Ердөө хэдхэн секундийн л ажил.

Хятадын мобайл төлбөр тооцооны нийт дүн 5.5 их наяд ам.долларт хүрсэн (дэлхийн хамгийн том) бөгөөд энэ нь АНУ-ын дүнгээс 50 дахин их гэж бодохоор уншигч та Хятадын мобайл төлбөр тооцооны хөгжлийг шууд гадарлаж байгаа бизээ.

Хятадын төлбөр тооцооны гол тоглогч нь өдийг хүртэл Alibaba группийн Alipay байв. Alibaba-ын хувьд 2004 онд өөрсдийн худалдааны төв болох Taobao, Т Mall дахь төлбөр тооцоог түргэн шуурхай болгохын үүднээс АНУ-ын PayPal-тай төстэй Alipay гэх энэхүү электрон төлбөр тооцооны системийг анх нэвтрүүлж, түүнээс хойш тогтмол Хятадын мобайл төлбөр тооцооны зах зээлийг атгаж байсан ч, шинэ үеийн тоглогч Tencent группийн WeChat-д өдгөө зэх зээлээ алдсаар байна.

WeChat нь ердөө ганцхан аппликэйшнээр чатлах, тоглоом тоглох, худалдан авалт хийх зэрэг бүх зүйлсийг амжуулж байгаа нь хэрэглэгчдийн хувьд том давуу талыг бий болгож, WeChat-г өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болгож чадсан юм.

Өнгөрсөн жилийн 9 сарын байдлаар гэхэд л, WeChat-р  830 сая хэрэглэгч нь төлбөр тооцоогоо хийж байхад Alipay-ын уг үзүүлэлт ердөө 400 сая.

Төлбөр тооцооны нийт дүнгээр авч үзвэл, WeChat нь онлайн худалдааны акул Alipay-г давахгүй ч, 2014 онд 79 хувь байсан Alipay-н зах зээлийн эзлэх хэмжээг 2016 онд 50 хувь хүртэл бууруулж, 38 хувь хүртлээ зах зээлээ тэлж чадсан нь WeChat-ын хувьд том амжилт билээ.

Apple-ын төлбөр тооцооны систем болох Apple Pay нь өнгөрсөн оны 2 сараас Хятадад үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч, төлбөр тооцооны системийн хэрэглэлтээрээ эхний 10-д ч орж чадаагүй л байна.

Саяхан, Tencent групп АНУ-ын Starbucks-тай гэрээ хийн,  Хятад дахь 2,600 гарам Starbucks-ын дэлгүүрүүдэд WeChat-аар төлбөр тооцоо хийх боломжтой болохоо зарласан.  Түүнчлэн, Tencent групп нь цаашдаа төрийн үйлчилгээ болох эмнэлэг, боловсрол, нийгмийн даатгалын үйлчилгээг WeChat-аар үзүүлэхээр бэлтгэн ажиллаж байгаа юм.

Эсрэгээр, WeChat-ын өрсөлдөгч AliPay-ын хувьд Зүүн Өмнөд Азийн зах зээл рүү гарч, гадаад төлбөр тооцоонд сүлжээгээ тэлэхдээ анхаарч байгаа ажээ.

Дашрамд хэлэхэд, Tencent группийн орлогын эх үүсвэрийн 70 хувийг гар утасны тоглоом эзэлдэг. Үүнээс харахад WeChat-тай байхад л тоглочихно, чаталчихна, мэдээллээ олоод авна, төлбөр тооцоогоо хийчихнэ. Аргагүй л Хятадуудын хувьд WeChat өдөр тутмынх нь амин хэрэгцээ нь болохоос өөр яахав.

Интернэт, гар утас өргөн хэрэглээ болсон өнөө цагт бэлэн мөнгө, төлбөрийн картууд үеэ өнгөрөөх цаг болж. Энэ удаад Хятадыг жишээ болгон авсан ч, дэлхийн бусад улс орнуудад ч (АНУ-д Venmo, Тайваньд Rabbit Line Pay, Сингапурт Rikid Pay, Индонезид Go Pay зэрэг төлбөр тооцооны аппликэйшнийг ашиглаж байх жишээтэй) гар утсаа ашиглан төлбөр тооцоог банкны данстай, дансгүй ч маш хурдан гүйцэтгэдэг болоод байна.  Монголын технологийн компаниуд, банк санхүүгийн байгууллагууд ч дэлхийн энэхүү жишигээс суралцан өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болохуйц хэрэглэхэд хялбар, олон төрлийн хэрэглээнд ашиглаж болохуйц төлбөр тооцооны цогц бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх мөч удахгүй ирэхийг тэсэн ядан хүлээж байна.

О.Баярсайхан

Сэтгэгдэл бичих

    • бө
    • 2020-12-15

    манайх бас

    • Монголжин
    • 2020-05-19

    Баярлалаа

    • Ganbaatar
    • 2019-07-01

    Сайн мэдээ.баярлалааа

arrow icon