Нийтлэл 10 сарын 12, 2017

Дан дээлтэй Ерөнхий сайдын Давхар дээлтэй сайдуудыг сонжъё

Шадар сайд- Ө.Энхтүвшин Шадар сайдын суудал нам дахь чансааг илэрхийлдэг. Ерөнхий сайдад горилогч л шадар сайдад зүтгэдэг. Ерөнхий сайдад өрсөлдсөний хувьд шадар сайдын суудалд суух нэрсийн жагсаалтыг тэргүүлсэн нь гарцаагүй. БСШУ-ны сайд, ЗГХЭГ-ын дарга хийж байсан туршлага нь  ч түүнийг сонгох шалтгаан болж байна.  

ЗГХЭГ-ын дарга-Стэнфордын их сургуулийн судлаачаар ЗГХЭГ-аа удирдуулна. Г.Занданшатар нь Стэнфордын их сургуулийн судлаачаар ажиллаж байхдаа  Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалж, зөвлөлдөх ардчиллын чиглэлээр дэлхийд нэр хүндтэй бүтээлүүдийг монголчууддаа хүргэх ажлыг хийж байсан. Хөгжингүй орнуудын сайн жишгийг засгийн ажилд нэвтрүүлэх боломж түүнд нээгдэж байна. Улс төрийн туршлагын хувьд 3 дахь удаагаа сонгогдож байгаа улс төрч бөгөөд 2003-2004 онд Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан. 

Сангийн сайд- Энэ хугацаанд эдийн засгийн чиглэлээр хамгийн олон удаа дуугарсан гишүүн нь Ч.Хүрэлбаатар. Ард түмэн бүгдээрээ өртэй болчихлоо гээд аюулын дохио өгч байсан Ч.Хүрэлбаатар гишүүн нутгийн хамтрагчаасаа сайдын суудлын халааг нь авах учраас бодлогынх нь залгамж халааг ч давхар авна. Сангийн яам түрүү жилд ОУВС-тай хэлэлцээр хийж, яана даа гэж байсан эдийн засагт маань хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэлсэн. Хонгилын үзүүрт ассан гэрлээр хонгилыг гэрэлтүүл гээд эрхийг нь гардуулж байна. Хэлэх биш хийх цаг нь ирж байна.

Хууль зүйн сайд- Хууль зүйн яам сайдаа 3 дахь удаагаа хүлээж авна. Хууль зүйн сайдад нэр нь тодроод байгаа Ц.Нямдорж гишүүнийг гүйцэх мэргэжлийн сайдыг халхын хавтгайгаас хайгаад олдохгүй нь лав. Найм дахь удаагаа парламентчаар ажиллаж байгаа тэрээр 3 дахь удаагаа Хууль зүйн салбарыг толгойлно. Харин гэм нь  “хөнжилдөө хууль засчихаж” магадгүй ажиглах л хэрэгтэй.  

Гадаад харилцааны сайд- Гадаад харилцааны чиглэлээр оюутан ахуйдаа онолыг нь сурч, мэргэжилтнээс нь эхлээд албаны дарга, төрийн нарийн бичгийн даргын ажлыг нь хийсэн яамандаа сайд л хийх дутуу байснаа гүйцээж байгаа гишүүн бол Д.Цогтбаатар.

Батлан Хамгаалахын сайд- Батлан хамгаалах яамыг Н.Энхболд тэргүүлэх болж байна. Тав дахиа сонгогдсон туршлагатай түшээ 2006-2007 онд Гадаад хэргийн сайдын албыг, 2007-2008 онд ЗГХЭГ-ын даргын албыг давхар хашиж байснаас нь харахад сонгогдсон 65-ын дотроо сайдад тохирох хамгийн оптимал сонголт нь байсан аж.

Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд- С.Чинзориг гишүүн 2000-2008 онд Нийгмийн хамгааллын чиглэлээр дэд сайд, 2010-2012 онд ерөнхий сайдын нийгмийн хамгааллын бодлогын зөвлөх, 2014-2015 онд Хөдөлмөрийн яамыг тэргүүлж байсан гээд нийгмийн салбар дахь туршлагаараа ангийнхаа, намынхаа гишүүд дунд толгой цохиж байна.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд- Ц.Цогзолмаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг тэргүүлэх болж байна. Найрамдал төвийн багш, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Жендрийн тэгш байдлын үндэсний хорооны албаны дарга гээд хүүхэд, эмэгтэйчүүдтэй ажиллаж байсан туршлагаараа намын нөхдөөсөө сонгогджээ.

Эрүүл мэнд, спортын сайд- Д.Сарангэрэл сайдын салбар хичээж чадах л юм бол хийснээ сурталчлах тал дээр санаа зоволтгүй. Эрүүл мэндийн салбарын тэргүүнд хэвлэл мэдээллийн салбарын хур их туршлага бий. Ардчилсан хувьсгал ялсан үеэс л сурвалжлагчаас эхлээд, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн даргаар ажиллаж, анхдагч ТВ-үүдийн нэг TV5-ыг байгуулсан. Магадгүй эрүүл мэндийн яам нь хүн амынхаа эрүүл мэндийг өвдсөнийх нь дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх компанит ажлыг зардал багатайгаар хийх боломж бүрдэж байна.

Эрчим хүчний яам-Эрчим хүчний яамныхан сайддаа хичээл заах шаардлагагүй. Гишүүн Ц.Даваасүрэн нь  ажил амьдралын гараагаа эрхлэх салбараасаа эхлүүлж байсан учраас эрчим хүчний салбарынхан эмээх хэрэггүй. Хэлсэн үгээрээ ард түмний дэмжлэгийг их хүртдэг. Хөвсгөл нутгаас 3 дахь удаагаа сонгогдсон тэрээр сангийн яамны ажлыг цэргээс нь дарга хүртэл нь хашиж явжээ. Цэргээс дарга хүртэл албыг нь хашсан салбартаа сайд хийх санаа байсан ч, энэ удаад мултарч, эрчим хүчний салбарыг хариуцахаар болоод байна. 

Зам тээврийн сайд- Ж.Бат-Эрдэнэ нь 2000-2004 онд Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга,  2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ийн ТУЗ-ын дарга, 2011-2012 онд МИАТ ХК-ийн ТУЗ-ын дарга зэрэг сүүлийн 16 жилд зам тээврийн салбартай ажил амьдралаа холбосон нь чамгүй урт хугацаа. Урт хугацааны ажлын гүйцэтгэлийг арын албаныхан нь дүгнэх биз ээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд- Д.Сумъяабазар гишүүнийг бөхийн салбараас бизнесийн салбарт, бизнесийн салбараас улс төрд орсныг нь та бид мэднэ. 2003 оноос “ЭйБиСи Девелопмент” ХХК-ийн Ерөнхий захирал, ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүргээс хоёр дахиа парламентад сонгогдоод байгаа улс төрч юм.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд- Б.Батзориг нохойны хөшөө барьсан засаг дарга гэдгээр нь эчнээ бид сайн мэднэ ээ. БЗД-ийн засаг даргаас гадна 1992-1999 онд Зэвэг хоршооны дарга, 1999-2008 онд Кёкүшюзан хөгжил сан ТББ-ын гүйцэтгэх захирал,2004-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч хийж байсан ба 2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан нь сайдын суудалд сонгогдох шалтгаан болжээ.

Барилга хот байгуулалтын сайд- Х.Баделхан. 1991-1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ий захирал, 1994-2000 онд Зам барилгын “Жол” ХХК-ний ерөнхий захирал 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2008-2012 онд УИХ-ын гишүүн хийж байсан туршлагаараа бүтээн байгуулалтын салбарт сонгогджээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд- Н.Цэрэнбат нь байгуулагдах гэж байгаа засгийн газартаа хамгийн залуу, улс төрийн туршлага хамгийн нимгэн сайдаар тодорч байна. 2000 оноос 2015 он хүртэл бизнесийн салбарт зүтгэж явсан тэрбээр улс төрийн салбарт цахиур хагалан орж ирж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon