Менталитет, нийтлэг шинж бүрэлдэхэд хөдөлмөр, уур амьсгал нөлөөлөх нь

Газар орон, уур амьсгалын онцлог нь тухайн газар нутгийн хүмүүсийн уламжлалт аж ахуйг цогцлоодог билээ. Уламжлагдан ирсэн аж ахуй амьдралын онцлог нь тухайн нутгийн хүмүүсийн (үндэсний) нийтлэг шинж, үндэсний сэтгэлгээ ухамсар, менталитет бүрэлдэхэд нөлөөлдөг. Менталитет гэж он удаан хугацааны турш тодорхой бүлгийн оюун санаа соёл сэтгэлгээнд тогтсон дадал зуршил, онцлог, яс цусанд шингэсэн чанар гэж болно.

Science сэтгүүлд хятадуудын будаа болон буудай тариалалтын ялгаатай байдлаас үүдэлтэй бүлгийн менталитет, ухамсрын зөрүүг харуулсан судалгаа гарчээ (http://science.sciencemag.org/content/344/6184/603). Өмнөдөөс хойшлох тусам, зүүн зүүн өмнөд эргээс эх газрын гүн рүү ахих тусам эдийн засгийн хувьд бусдаас хамааралгүй биеэ даах шинж буурч эдийн засгийн хөгжлийн ялгаатай байдал ихэсдэг. Жишээ нь, өмнөдийн Гуандун болон “газрын гүний” мужуудын ДНБ зөрөө 3 дахин болсон. Ерөнхийдөө Янцзы буюу Хөх мөрнөөс урагшаа будаа голдуу, харин хойшоогоо буудай тариа голдуу тариалсаар ирсэн. Будааныхан буудайныхныг бодвол илүү нэгдмэл, бие биенээс хамаарсан, үнэнч, тусч байдаг гэсэн нийтлэг төрх байдаг байна.

Будаа болон буудай тариалалтанд ажил хөдөлмөрийн онцлог талаасаа доорх үндсэн шинж бүлгийн менталитетийг бүрдүүлэхэд нөлөөлжээ:

  • Будаа: Будаа тариалагчид усалгааны системээ тордон будааны талбайдаа байнга арчилгаа хийж жилийн турш завсаргүй ажиллана. Усалгааны систем болох суваг шуудуу тус тусдаа биш бусдын газраар дамжиж нийтээрээ усаар хангагдах тул хамтдаа хөдөлмөрлөж харилцан биенээс хамааралтайгаар аж ахуйгаа эрхэлнэ. Ойр хөршүүд адил төрлийн будаа нэгэн зэрэг тариалалгүй, хураалтын хугацааг зөрүүлэхээр зориуд зохицуулан тариалж хөршүүд нэг нэгэндээ ээлжлэн тусалж хамтаараа ургац хураалтын их ажлын ард гарна. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө”, “Дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэх дүр зураг бодитоор оршино.
  • Буудай тариа: 17-р зууны хятадын тариалангийн лавлах номд: “... ажиллах хүн хүч дутагдалтай бол буудай тариалсан нь дээр...” гэх зөвлөгөө байдаг аж. Буудай тариалагчид байгалийн бороо, чийг, нар хангалттай л бол байнгын арчилгаа усалгаа шаарддаггүйгээрээ будаанаас ажиллагаа хамаагүй багатай, хөршүүдээс болон бусад хүмүүсээс хамаарах нь бараг үгүй ба тариалах, хураах үеэр ажил ихтэй ч будааг бодвол харьцангуй бага. Будаатай харьцуулахад талбайдаа 2 дахин бага цагаар ажилладаг байна. Өөрөөр хэлбэл бусдаас хамаарал багатайгаар, бага хөдөлмөр зарцуулж “хувиа бодон довоо шарлуулж” амьдран иржээ. Тэр чинээгээр өөрийн үнэлэмж ихтэй байдаг байна.

Судалгааны явцад будаа, буудайныхныг өөрийгөө болон бусад хүмүүсийг дүрслэн зурах даалгавар өгөхөд өмнөдийнхөн буюу будааны хөдөлмөр эрхлэгчид өөрсдийгөө бусдаас жижгээр, буудай голдуу тариалагч хойдууд өөрсдийгөө томоор зурсан байна. Үүнтэй төстэйгээр, америк хүн өөрийгөө бусдаас дунджаар 6 мм, европчууд 3.5 мм-ээр томоор зурж байхад япончууд өөрсдийгөө бусдаас жижгээр зурдаг ажээ. Хятадын хүн амын 90 хувь нь хан үндэстнээс бүрдэх бараг цул гэж хэлж болох ч хөдөлмөрийн онцлогоос шалтгаалж менталитет, ухамсар хэрхэн ялгаатай бүрдсэнийг харуулах маш сонирхолтой талбар болдог байна.

Уур амьсгал, газар нутгийн онцлог байдлаас шалтгаалан урдаас хойшлох тусам будаанаас буудай, буудайнаас мал аж ахуй гэж уламжлалт аж ахуй шилжих ба хөдөлмөрлөх үйл ажиллагаа ялгаатай болсноор бүлгийн онцлог, имиж стереотип, менталитетийг бүрдүүлэхэд нөлөөлөх нь тодорхой. Судалгааг монголд буулган монголчуудын менталитет бүрдэхэд эрхлэх аж ахуйн онцлог хэрхэн тусч буйг антропологи, социологи, сэтгэл судлалынхан болон холбогдох чиглэлийн улсууд хийж толилуулбал сонирхолтой байх болов уу. Нүүдлийн мал аж ахуйтай монголчуудын хувьд манайхны менталитет, сэтгэлгээ, зарим нийтлэг шинж тогтоход уур амьсгал, байгалийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлсөн байж болохыг доор товч өгүүлье.

Монголчууд тариа ногоо эрхэлж суурин суулгүй, эртнээс малаа маллан цаг агаар, газрын байдал харж нүүн амьдарч ирсэн. Тод ялгаатай 4 улиралтай байгаль, цаг агаарт захирагдан, малынхаа ая тавыг тохируулан улирлаар нүүдэллэн амьдарна – АЛИВААД ЗОХИЦОН АМЬДРАХ ЧАДВАР сууна. Нийтээрээ адилавтар аж ахуй эрхлэх тул амьдралын хэрэгцээний бүхий л зүйлсээ өөрсдөө хийчихдэг БҮТЭЭЛЧ, бусдын гар харахгүй, “бүгдийг чадагч” универсаль мэт боловч тэр нь бүдүүн бараг, нэг зүйлийг дагнан нарийсч төрөлжиж мэргэшсэн нь бага. Үйлдэлтэй холбогдсон баримжаат цагтай, агшин хормоор хэмжигдэх ЦАГ БАРИМТАЛДАГГҮЙ. Тухайлбал, хонь хотлохоор, идэшнээс өмнө, өвөлжөөнд буусны дараа гм. Энэ нь одоо ч хэвшил хэвээр – цайны цагийн өмнө хойно, 7 хоногийн дундуур, баярын дараачаас гэх мэт яг таг бус хугацааг их хэрэглэдэг. Өвс ногооны гарц үндсэндээ чийг хураас хамааралтай тул өвс ургамал муу газраас гарц сайтай газар луу отор нүүдэл хийнэ. Аль ч газар нутгаас хэдэн ч мал хүн ирж бэлчээрийг хуваан эзэмшиж болох тул газар нутгаас үүдэлтэй ӨМЧИРХӨХ, ХАРАМЛАХ асуудал гарах нь бий. Хаана гайгүй идэш ууштай, нөмөр нөөлөг газар байна тийшээ очиж хэсэгтээ байрлана – хатуухнаар бөгөөд шулуухнаар хэлэхэд тулсан бэрхшээл гачаалд АМИА АРГАЦААСАН шинжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл нэг талаар хүн мал талаасаа байгальтай зохицон амьдрах арга ухаан гэцгээдэг ч байгалийн талаасаа бол байгальд захирагдан, эрхшээлд нь амиа аргацаан амьдрах шинж юм. Ган зудад мал олноороо өртөж хиарах аваас морио унаад модоо бариад сүргээрээ хөдлөн өөр газраас олзлон булаана – ТҮРЭМГИЙ, ОМГОЛОН, ДАЙНЧ шинж бүрдэнэ. Булчин биеэ ажиллуулж байж л ам тосдон амьжиргаа залгуулах биеийн хөдөлмөрийн ажил эрхлэх тул харагдах байдал том бие, биеийн хүч хурд онц чухалд тооцогдоно. Будаа тарианыхан шиг байнга хөдөлмөрлөж өгөх ашгаас илүүтэй хурд хүчээ агшин зуур гаргаж олох олз ашиг, гэнэтийн азанд дуртай.

Байгаа хөрөнгө баялаг нь нүдэн дээр ил – мал, гэр орон, хувцас хэрэглэл ба анхдагч хэрэгцээг ихэд эрхэмлэнэ. Хаанаас ч хэзээ ч хэн ч ирээд дээрэмдчих аюултай тул аль болох их хөрөнгө өөртөө наахыг эрмэлзэнэ, хүзүү толгой бүснээс зүүх үнэт хэрэглэл, чимэглэл, зүйлс. Мөнгөтэй болсон даруйдаа, олох боломжоосоо өрсөөд ч хамаагүй байр, машин, утас, хувцас болгож авахыг эрмэлзэж, анхдагч хэрэгцээг өндөрт тавидгаа өдгөө ч алдчихаагүй явна. Мал сүрэг нь өвсөө олоод өөрөө идчихдэг, үс ноосоороо хүйтнээс хамгаалагддаг тул будаа тариаланг бодвол бага хөдөлмөр зарцуулж, зуд турхан болчихгүй л бол өгөөжөө бэлэн шахуу өгдөг учраас байнгын хөдөлмөр шаргуу тууштай эрхлэх гэхээсээ илүү БЭЛЭНЧЛЭХ сэтгэлгээ давамгай. Гэвч зуд турхан болно гэж муу амлахын оронд өөдрөг үзлээр хатуу өвөл хахир цагийн ард гарлаа хэмээн хавар цагт, дэлгэр зун налгар намаржингаа хөөрч наадан баярлана – БАЯР НААДАМ, ХӨӨР ЦЭНГЭЛД туйлаас дуртай. Боломж гарвал цэнгэн баярлах, наадаж тоглохыг хичээнэ, амралт баяр наадмын улиралтай, баяр тэмдэглэж хөөрөхдөө байдгаа барахаас ч сийхгүй, ТООЦООТОЙ БУС, АЖ АХУЙЧ ХЯМГАЧ БУС. Гэвч үүндээ бүтээн байгуулалт хийсэн аятай сэтгэл хангалуун үлдэнэ. Аз жаргал, амьдралын амтын талаар ойлголтыг “хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэх” хэмээн хүүхдүүдэд үлгэрлэн төсөөлүүлдэг.

Гадныхан ямар байгууллагад юу эрхэлдэг, чаддаг, аль сургуулийн төгсөгч, юунд дуртай зэргээр өөрийн байр суурийг илэрхийлж танилцаж эхэлдэг бол монголчууд танилцахдаа аль нутаг усных, хэний танил хамаатан зэргээр хамаарлын шинжээ тодотгож эхэлдэг нь эртнээсээ өөрт хамаатай газар нутгаа гэсэн өөриймсөг сэтгэлтэйг илтгэнэ. Өнөөгийн нутгийн зөвлөлүүд НУТГАРХАГ шинжийг сайн бүрдүүлж нэгнээ дэмжих, дөвийлгөх, туслах зэргээр хичээнгүй сайн ажиллацгаадаг. “Нутгийн зөвлөлд” сум аймгийн бүлгээс гадна ангийнхан, сургуулийнхан, фракц багийнхан гээд бүхий л бүлгийнхнийг хамруулж болно. Гэвч монгол дотроо НУТГАРХАГ шинжтэй ч гадагшаа гарахаар ХАМТРАЛЧ БУС, биеэ даасан шинжтэй нь дээр өгүүлсэн будаа, буудай, нүүдлийн мал аж ахуйн үйл ажиллагааны онцлогтой ихээхэн хамаатай. Түүнчлэн, БҮЛЭРХЭГ ХАМТРАЛЧ ШИНЖ МУУ тул хувийн хариуцлага сул, амлалт тохиролцоо биелүүлэхдээ муу, НАЙДВАРГҮЙ, ИТГЭЛГҮЙ. Энэ шинж спортод ч ил харагдана, манайхны бахархдаг тамирчид олон хүн хамтарсан багийн спортод бус ганцаарчилсан, биеэ даасан, нэгийн эсрэг нэг төрөлд амжилттай байдаг. Танигдаагүй шинэ зүйлд ХАРДАМТГАЙ, дайсан өнгөөр анх ханддаг нь дээрэмдүүлчихэж магад гэсэн уламжлалт сэтгэхүйнх. НАЙДВАРГҮЙ, ИТГЭЛГҮЙ хүн олон тул танихгүй хүнд үнэмшил муутай, үл итгэлээр ханддаг ба “танигдсан”, таньдаг мэддэг хүний үгэнд итгэн дагаж, туйлшрах нь амархан. ИТГЭМТГИЙ, ТУЙЛШРАМТГАЙ байдал нь харьцуулах, харьцуулж дүгнэлт гаргах, бие даасан чадвар, рациональ сэтгэлгээг дардаг. Үүний өнөөгийн жишээг сошиал орон зай нийгмийн зан байдалд хэрхэн нөлөөлж буйгаас бэлхэнээ харж болно.

Гэлээ ч ...

Бидний уламжлалт ахуй байгалийн хатуу шалгуурыг давж, эрс тэс уур амьсгалтай тэмцэлдэн өрнөж ирсэн тул БИД аливаад авхаалжтай сэргэлэн, дасан зохицох чадвартай, шалмаг хурдан, баригдмал хайрцаглагдсан байдалд дургүй, задгай эрх чөлөөт, саруул ухаантай, сониуч, соргог, бие бялдар эрүүл чийрэг, хатуужил тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй, уулыг ч эргүүлэх дүрэлзсэн эрч хүчтэй, хийморьлог, зовхи нь өөдөө цовоо ард билээ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2826

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%