Нийтлэл 10 сарын 25, 2017

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ямар түвшинд явж байна вэ?

VTV HD телевизийн нийгэм улс төрийн хүрээн дэх тулгамдсан асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлэг энэ удаагийн дугаарын зочноороо "Эм Ай Би Жи" үнэт цаасны компаний гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцсаныг trends.mn тоймлон хүргэж байна.

Д.Жаргалсайхан: Танай компани Дисковер Монголиа арга хэмжээг хэдэн жил зохион байгуулж байна. Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ямар байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад юу болж байна, юу болохгүй байна энэ талаар яриагаа эхэлье?

А.Билгүүн: Миний бие Дисковер Монголиаг 2012 оныг хүртэл зохион байгуулаад түүнээс хойш гардан оролцоогүй, зохион байгуулах хороонд санал бодлоо хэлээд явж байгаа. Ер нь энэ хурлыг зохион байгуулах болсон санал нь гэвэл Торонто хотын PDAC хуралтай төстэй хөрөнгө оруулалт татах чиглэлийн хурал монголд зохион байгуулъя гээд 2002 оноос эхэлсэн.

Д.Жаргалсайхан: Уул уурхайн салбарын асуудлуудыг яаж харж байна. Ямархуу сорилтууд байна?

А.Билгүүн: Яг одоогийн байдлаар монгол улсад уул уурхайн салбар луу хөрөнгө оруулахад 2 томоохон салбарт хөрөнгө оруулж болж байна. Нэгдүгээрт уул уурхайн олборлогч компаниудын хувьцааг авах, олборлогч компаниудын бондыг авах замаар санхүүжилтэнд оролцож тухайн олборлогч салбар луу хөрөнгө оруулалт хийж болж байна. Хоёрдугаарт уул уурхайн хайгуулын салбар луу хөрөнгө оруулах. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн компаниудын хувьцааг худалдан авах, эсвэл мөнгө зээлэх замаар хөрөнгө оруулж болж байна.

Д.Жаргалсайхан: Уул уурхайн бизнесийн онцлогийг ярья. Хайгуулын компани эрсдэл маш өндөртэй байдаг. Энэ талаар та үзэгчиддээ тайлбар өгөөч?

А.Билгүүн: Уул уурхайн хайгуулын компани бол хөрөнгийн зах зээл дээр байгаа хамгийн эрсдэл өндөртэй салбар. Үндэстэн дамнасан компаниуд эрсдэл хүлээх ямар ч сонирхол байдаггүй. Тухайн эрсдлийг эрсдэл хүлээдэг зориулалтын компаниар эрсдлээ хүлээлгээд хайгуулыг нь худалдан авдаг. Монголд энэ салбарт хөрөнгө татахад хамгийн гол нь хайгуулын тусгай зөвшөөрөл хаалттай байдаг. 2010 оноос эхлэн ерөнхийлөгчийн тамгын газраас хайгуулын тусгай зөвшөөөрөл шинээр гаргах түүнчлэн хуучин байсан тусгай хайгуулын зөвшөөрөлд шилжих хөдөлгөөн хийх асуудлыг хорьсон байдаг. Хорьсон гол шалтгаанаа тайлбарлахдаа хайгуулын зөвшөөрөл дээр тулгуурласан лицензийн наймаа хийгээд байна гэдэг шалтгаанаар хорьсон. Өнгөрсөн жилээс эхлээд уул уурхай хүнд үйлдвэрийн яам сэргээгээд онлайнаар олгох зарчмыг нэвтрүүлээд байгаа.

Д.Жаргалсайхан: Эдийн засгаа солонгожуулах бодлого цагаа олоогүй бодлого байна гэж ярьж байна. Ямар учиртай вэ?

А.Билгүүн: 2009 оноос 2012 оныг хүртэл манай монгол улсын эдийн засаг хамгийн дээд цэг буюу 17,3%-тай байсан. Дэлхийн хөгжиж байгаа орнуудыг эдийн засгийн өсөлтийн хурдаараа тэргүүлж эхэлсэн. Тухайн үед манай монгол улсад орж ирдэг хөрөнгө оруулалтын тоо маш өндөр байсан. Нийт 10 тэрбум долларын эдийн засгийн 4 тэрбум нь гадны шууд хөрөнгө оруулалт орж ирж байлаа. Тухайн үед бодлого боловсруулагчдын, монголчуудын хандлага бол уул уурхайн салбарт хэтэрхий тулгуурлах нь алдаа юмаа. Бид хүчээр эдийн засгийг солонгоруулах хэрэгтэй юм байна гэдэг бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. 2012 оноос эхлэн Чингис бондын санхүүжилтээр гадаадын зах зээл дээр бонд гаргах зарчмаар засгийн газар нэлээн их хэмжээний өр хийсэн. Өрөөрөө уул уурхайн бусад салбар, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих  гэх мэт олон төрлийн төрийн оролцоотой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

Д.Жаргалсайхан: Ер нь солонгожуулахгүйгээр уул уурхайн баялгаасаа яавал бид нар монгол айл болгонд , хүн болгонд хамгийн өгөөжтэйгээр хүргэж болох вэ?

А.Билгүүн: Яавал монгол улс гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирж дараагийн том том уурхайг монголдоо барих вэ гэдэг асуудлыг нэн тэргүүнд тавих шаардлагатай. Үүний тулд монгол улсаа гадаадын хөрөнгө оруулагчийн нүдээр харах нь зүйтэй юм болов уу гэж бодож байгаа. Хөрөнгө оруулалтын орчноор нь харвал монгол улс мөнгөө банкны хадгаламжинд хийх юм бол жилдээ 15-18 орчим хувийн хүү авч байгаа. Яг түүнтэй адил гадныхан манай монголд хүрч ирээд банкны хадгаламжинд мөнгө хийхэд 15-18 хувийн хүү авч байгаа нь тухайн хүмүүс  монголд хүрч ирээд эрсдэлтэй бизнес эрхлэхэд тэрнээс 2-3 дахин өндөр хүү шаардах шаардлагатай болно. Мөн Монгол улсын хууль эрх зүйн орчин  улс төрийн нөхцөл байдал үүнээс үүдсэн төрийн институци маань харьцангуй тогтвортой бус 4 жилийн хугацаанд 2 засгийн нүүр үздэг боллоо. Энэ бүх дүр зургуудыг анзаараад гадаадын хөрөнгө оруулагчид монгол улсад орж ирж үйл ажиллагаа явуулснаараа жилдээ нэг 50-100 орчим хувийн хөрөнгө оруулалтын өгөөж шаардаж байгаа. Иймэрхүү хөрөнгө оруулалтын өгөөжийг гаргаж болох ганцхан салбар нь уул уурхайн салбар тэр дундаа хайгуулын салбар байна гэж бодож байгаа.

Уул уурхайн салбар яагаад нууцлагдмал юм шиг байгаад байгаа юм бэ гэхээр хангалттай ил компаниуд, олон нийтэд мэдээлэл нь ил компаниуд цөөн байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд мэдээллээ ил байлгаачээ гэж хүсмээр байна. Ямар компаниуд ил байж чадаж байна гэхээр ОУ-ын хөрөнгийн бирж дээр дотоодын хөрөнгө оруулалтын бирж дээр хувьцаагаа гаргачихсан компаниуд бүх мэдээллээ ил болгох шаардлагатай болдог. Тухайн байгууллагын хувьцааг хэдэн мянган хувьцаа эзэмшигчид эзэмшиж байдаг учраас.

Д.Жаргалсайхан: Харамсалтай нь монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа компаниудын 5 6 нь л тайлангаа өгдөг. Үүний цаана тухайн компаниуд мэдээллээ нуугаад байна гэдэг нь харагдаж байна. Төр засгийн улс төрийн  намаар шахааны албан тушаал авсан этгээдүүд нөгөөдүүлээ шахаанд оруулаад шаардаад төр хийх ёстой юмаа хийж чадахгүй, шаардлагүй зүйлдээ очиж хөрөнгө завшдаг. Тийм учраас уул уурхайн салбарыг нэгдүгээрт ил тод болгоё, хоёрдугаарт аль болохоор энэ компаниудыг хувьцаат компани байлгаад тэр мэдээллийг нь ил тод болгох шаардлагатай гэж ярьж байна. Энэ зарчмыг яаж хэрэгжүүлэх вэ? Төр засаг уул уурхайн салбарт яаж оролцсон нь дээр гэж бодож байна?

А.Билгүүн: Монголын уур уурхайн компаниуд олон нийтэд нээлттэй байх, гадаадын хөрөнгийн бирж дээр байгаа уул уурхайн компаниуд олон нийттэй харилцах сонирхол хоёр нь эсрэг тэсрэг байдаг. Заримдаа монголын уул уурхайн компаниуд өөрсдийхөө олсон ордын нөөцийг  аль болохоор дарах, муу харагдуулах сонирхолтой байгаа юм шиг анзаарагддаг. Гэтэл нөгөө гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд аль болох ордоо илүү гоё болгож харагдуулах илүү эерэг талуудыг нь дөвийлгөх. Энэ нь санхүүжилт татах магадлал илүү байдаг.

Д.Жаргалсайхан: Ойрын 10 жилд монгол улс уул уурхайгаараа л явах юм байна. Ингэхдээ ил тодоор явуулахгүй бол авилга бий болно тэгэх тусам өрөнд орно, өр нэмэгдэхээр дампуурчих гээд яваад байна. Уул уурхайн салбар ирэх 10 жилд  эрэлттэй салбар хэвээр байна. Хувийн компаниуд ил тод байж  хөрөнгийн биржээс хөрөнгө татна гэж та хэлж байна. Хэрвээ та уул уурхайн компанитай, алтны уурхай олох гээд явж байгаа бол хамгийн түрүүнд юу анхаарах ёстой вэ?

А.Билгүүн: Хамгийн түрүүнд олсон орд, байгалийн нөөцөө эдийн засгийн эргэлтэнд оруулах магадлал хэр байна, эрсдэл хаана байна гэдгийг харна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon