Нийтлэл 11 сарын 01, 2017

Төсвийн төслийг 10 хоногт хэлэлцэнэ

Өчигдөр үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг болон 2018 оны төсвийн тухай хуулийг авч хэлэлцэх байсан боловч МАН-ын бүлэг  Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар хэлэлцэх, нягтлах, зарим зүйлийг тодруулах шаардлагатай тул тав хоногийн завсарлага авлаа гэв. УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх хамгийн гол асуудал бол ирэх жилийн төсвийг батлах явдал байдаг. Төсвийн тухай хуулийн дагуу 11-р сарын 15-ны дотор  төсвөө батлах ёстой. МАН-ын бүлэг завсарлага авснаар төсөв хэлэлцэх хугацаа улам бүр багассаар байна. МАН-ын бүлгийн завсарлага авсан цаад шалтгаан нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх дээр санал зөрөлдсөн явдал гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан жил бүрийн 9-11 сард улстөржилт газар авч засгийн газар ганхаж, улмаар улсын ирээдүйн тухай биш сайдын суудалд хэн суух вэ? гэдэг тэмцэл, улстөржилт явсаар төсөв хэмээх асуудлыг анхаарлын гадна талд үлдээж ирсэн. Одоо ч мөн энэ явдал давтагдаж л байна. Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт, ирэх жилийн төсөв хэлэлцэгдэж байгаа энэ цаг үед бид Ч.Хүрэлбаатар 30 гэр бүлийн нэг мөн үү, 30 гэр бүл гэж хаанаас ийм тоо гаргаад ирэв гэхчилэн дээр анхаарал хандуулж сууна.

Ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар

Зээлийн хүүнд төсвийн зарлагын 15.4 хувь зарцуулагдана.

Ирэх жилийн төсөвт анхаарал хандуулваас нийт урсгал зардлыг бүтцийн хувьд авч үзвэл 2018 оны төсвийн төсөлд цалин хөлс 24.1 хувь, бараа үйлчилгээний бусад зардал 19.5 хувь, зээлийн хүүгийн зардал 15.4 хувь, татаас ба урсгал шилжүүлгийн зардал 40.9 хувьтай байна. Сүүлийн жилүүдэд төсвийн зарлагад зээлийн хүүгийн зардлын өсөлт гол нөлөөлөл үзүүлж байгаа бөгөөд 2005-2010 онуудад нийт урсгал зардалд зээлийн хүүгийн зардлын эзлэх хувь 2-3 хувь байсан бол 2015 онд 12.8 хувь, 2016 онд 14.7 хувь, 2017 онд 19.4 хувьд хүрч тасралтгүй нэмэгдсээр байна. 

Хүүхдийн мөнгөнд 164.2 тэрбумыг, Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрт 9.2 тэрбумыг

Цалинтай ээж хөтөлбөрт 72.8 тэрбум, Насны хишиг хөтөлбөрт 20.5 тэрбум, Цалингийн урамшуулалд 56 тэрбум, малчны тэтгэврийн насыг 5 жилээр бууруулах хөтөлбөрт 44.6 тэрбум, хүүхдийн мөнгөнд 164.2 тэрбум төгрөгийг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгажээ. Харин ЕБС-ийн сургуулийн 3 ээлжийг 2 ээлжид шилжүүлэхэд 0.8 тэрбум, Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрт  9.2 тэрбум төгрөгийг ирэх онд шинээр төсөвт суулгаж өгчээ. 

Утааг бууруулахад 17.9 тэрбумыг, 5000 ширхэг цахилгаан халаагуурт 1 тэрбумыг

Утааг бууруулахад 17.9 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн нь 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулбал 13.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэхдээ нийслэлийн цахилгааны шөнийн үнийн тарифыг хөнгөлөх арга хэмжээнд илүү олон өрх хамруулах зорилгоор Улаанбаатар хотын 2 тарифт тоолууртай гэр хорооллын айл өрх, 10,000-аас дээш хүн амтай сумдыг шөнийн цахилгааны үнийн урамшуулалд хамруулахад 8.3 тэрбум төгрөгийг нь зарцуулах нь. Агаарын чанарыг сайжруулах бүсийн зорилтот айл өрхөд 5000 ширхэг цахилгаан халаагуур, 570 ширхэг сайжруулсан зуух, 1000 тонн боловсруулсан түлш олгоход 1.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.

 Өрийг өрөөр дарж, жилээс жилд хүүгийн төлбөр ихэсч байхад сонгуулийн нэг удаагийн амлалтаа биелүүлэх, хавтгайруулан мөнгө тараах арга хэмжээнд төсвийн мөнгийг үргүй зарцуулсаар л байх уу? 

Сэтгэгдэл бичих

arrow icon