Mongolia Focus: Х.Баттулга ба Монгол Улсын гадаад бодлогын эрсдэл

Ерөнхийлөгч Х.Баттулгын хэрэгжүүлж буй гадаад бодлогын талаар Mongolia Focus сайтад тавигдсан нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

11-р сар нь Азийн дипломат харилцааны хувьд Хойд Америкийн гадаад бодлогын хэтийн төлөв зэргээс шалтгаалсан өсөлтийн сар болж байна. Энэ онцгой үйл явдлууд тохиож байгаа үед Монгол улсын ерөнхийлөгч Баттулга элчин сайдуудын чухал томилгоог хийхгүй байгаа нь өмнө нь болж байгаагүй хачирхалтай тохиолдол болж байгаа бөгөөд энэ нь зарим талаар түүнийг гадаад бодлогын хувьд ямар байр суурь баримталж байгааг тодорхойлох боломжгүй байдалд оруулж байна.

11 дүгээр сард Азид өрнөх олон улсын харилцаа 

Энэ жил эхэлж байсэн үеэс АНУ-ын гадаад бодлого уялдаа холбоо нь алдагдчихаад байгаа энэ үеэр бүс нутаг дахь Трампын айлчлалыг олон улс түгшүүртэй ажиглаж байгаа. Ялангуа Хойд Солонгосын асуудлыг халуун цэгээ болгож байгаа энэ үе нь Монголын гадаад харилцаанд чухал ач холбогдолтой үе юм. Энэ сард Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган, Зүүн Азийн орнуудын холбооны уулзалтууд зохион байгуулагдаж байгаа. Энэ уулзалтуудад дэлхийн дипломат харилцааны бодлогууд төвлөрч байна. Канадын ерөнхий сайд Трудо зэрэг олон улсын удирдагчид бүс нутагт анхаарлаа хандуулж Ази тивийг зорьж буй энэ үед Монгол улс эдгээр арга хэмжээний аль алинд нь оролцохгүй байгаа юм.

Ерөнхийлөгч Баттулгын гадаад бодлого

Гадаад харилцааны сайд нь Монгол улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй боловч Ерөнхийлөгч нь гадаадад улсаа шууд төлөөлөх эрхтэй. Одоог хүртэл ерөнхийлөгч Баттулга гадаад бодлогын хувьд тодорхой авч хэрэгжүүлсэн ажил байхгүй байна. Тэрээр Зүүн Азийн тэргүүнүүдтэй уулзаж байсан боловч, ерөнхийлөгч Элбэгдорж оролцож хэвшээд байсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоос татгалзсан юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоогүй нь 2022 онд болох НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн суудалд нэр дэвших зорилт тавьсан орны хувьд ихэд гайхшрал төрүүлсэн шийдвэр юм. 

Элчин сайдуудын томилгоонуудын гацаа

Ганц илэрхий байгаа бодлого нь аль хэдийн УИХ-аар томилогдоод тэр байтугай тухайн улсаас нь зөвшөөрөл ирчихсэн байгаа гурван ч элчин сайдын томилгоог хийгээгүй байгаа явдал юм. Доор жагсаасан элчин сайдуудыг ерөнхийлөгч Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан сүүлийн сарууддаа нэр дэвшүүлэн томилох талаар УИХ-ын дарга М.Энхболдтой тохиролцсон байсан юм. Гэвч эдгээр томилгоонууд ерөнхийлөгч Баттулгын санаанд нийцсэнгүй. 
УИХ 2017 оны 5 дугаар сарын 26-нд 
Канадад суух бүрэн эрхт элчин сайдаар Н.Чингүүндарийг
Германд суух элчин сайдаар Д.Ганбатыг
Японд суух элчин сайдаар Г.Тэнгэрийг
Швейцари улсад суух элчин сайдаар Л.Пүрэвсүрэнг
АНУ-д суух элчин сайдаар Ё.Отгонбаярыг
Францад суух элчин сайдаар А. Баттөр нарыг томилохоор баталжээ.
Эдгээрээс зөвхөн Д.Ганбат л Берлинд 9-р сарын 21-нд өөрийн илтгэмжлэх жуух бичгээ албан ёсоор өргөн барьсан. Харин Л.Пүрэвсүрэн нь ерөнхийлөгч Х.Баттулгын албанд үргэлжлүүлэн ажиллаж байна. Мөн элчин сайд А.Баттөр нь Ц.Элбэгдоржийн зөвлөхийн албан тушаалыг хашиж байна. Бусад гурван элчин сайдын зөвшөөрөл нь тухайн орнуудаас нь ирчихсэн байгаа. Н.Чингүүндарийнх 7 сарын 22-нд, Г.Тэнгэрийнх 7 сарын 7-нд, Ё.Отгонбаярынх 8 сарын 31-нд ирсэн юм. Эдгээр томилогдоогүй байгаа элчин сайдууд нь Монголын гуравдагч хөршийн бодлогод чухал үүрэг гүйцэтгэдэг АНУ, Япон, Канад улсад суух элчин сайдууд юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга нь эдгээр элчин сайдуудын зөвшөөрлийг хүлээн авснаас хойш одоог хүртэл гарын үсэг зураагүй байгаа бөгөөд яагаад гарын үсэг зурахгүй байгаа тухай албан ёсны байр сууриа одоогоор илэрхийлээгүй байна. 
Элчин сайд Д.Ганбат нь Элбэгдоржийг ерөнхийлөгч байх үед түүний зөвлөхөөр, мөн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан туршлагатай. Элчин сайд Н.Чингүүндарийн эгч Н.Оюундарь нь МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн. Н.Чингүүндарь, Ё.Отгонбаяр нарын аль аль нь гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай юм. Н.Чингүүндарь нь өмнө нь Францын элчин сайдын яаманд ажиллаж байсан бол Ё.Отгонбаяр нь ОХУ-ын гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломатын Академийг төгссөн, Намбарын Энхбаярыг ерөнхий сайд байх үед гадаад харилцааны зөвлөх, мөн гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд эдгээр элчин сайдуудын туршлага нь тэднийг мэргэжлийнх гэдэгт эргэлзэх шалтгаан байхгүй гэдгийг нотолж байна. 

Харин ТЕГ-ын дарга Б.Хурц нь ХЗДХ-н сайд Ц.Нямдоржийн хууль бус үйл ажиллагааны талаар хийсэн мэдэгдлээс хойш хэдхэн хоногийн дараа БНСУ-д суух элчин сайдаар томилогдсон нь элчин сайдын томилгоо нь улс төрийн наймааны хэрэгсэл болдог гэсэн сэтгэгдлийг улам бүр бататгаж байна. 

Хурцыг супер тагнуул гэдгээр нь Монголчууд сайн мэддэг. Хурц нь 2003 онд Д.Энхбатыг Зориг агсны хэрэгт холбогдуулан Францаас хулгайлж, ХБНГУ-д авчран, улмаар түүний ухааныг нь балартуулж Монголд авчирсан юм. Д.Энхбат хожим нь Монголын шоронд нас барсан. Хурц нь энэ хэргийнхээ улмаас Британид хоригдож байсан боловч ялтан шилжүүлэх гэрээгээр Германд хоригдож байгаад Германы канцлер Ангела Меркелийг Монголд айлчлах үеэр суллагдсан юм. Товчдоо, түүний туршлага нь  дипломат карьер гэхээсээ илүү, тагнуулын тал дээр мэргэшсэн гэдгийг харуулж байна.

Хэрвээ Хурц БНСУ-д суух элчин сайдаар томилогдож, бусад элчин сайдууд барьцаалагдсан хэвээр байх юм бол энэ нь наанадаж Ерөнхийлөгч болон парламентын хоорондын харилцаанд, цаашлаад Монгол улсын гадаад бодлогод муугаар нөлөөлөх туршлага болно.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4467

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%