Нийтлэл 11 сарын 16, 2017

АМЬДРАЛ САЙХАН: Одоо миний амьдрал хэмжээлшгүй их жаргалтай байгаа

Амьдралын урт замд өөр өөрсдийн гайхамшигт түүхийг бүтээн аз жаргалтай, уйтгар гунигтай, инээд хөөртэйгээр хорвоог туулж буй хүмүүсийн гэрэл гэгээтэй сайн сайхнаас эхлээд амьдралын алдаа оноо, эрээн бараан бодит дүр зургийг сурвалжлан хүргэдэг “Амьдрал сайхан” булангийн маань энэ удаагийн дугаарт Хан-Уул дүүрэг дэх “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн тэргүүн Ц.Энхтуяа амьдарлынхаа нэгээхэн хэсгийг бидэнтэй хуваалцсан юм.

 Би шинжлэх ухаан технологийн их сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгсөөд мэргэжлийнхээ дагуу эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, хөөрхөн охин төрүүлээд элэг бүтэн сайхан амьдарч байсан. Гэтэл 1994 оны тэр аймшигт өдөр автын осолд орж нуруу нугасны хүнд гэмтэл авсан. Тухайн үед залуу ч байсан охин минь ч жаахан байсан. Одоо ингээд л босож чадахгүй, охин минь яанаа гэх мэт маш олон зүйлийг бодож, шаналж, өөрийнхөө төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа шаналдаг байлаа. Харин манай аав эмч байсан учраас аавтайгаа нийлээд үе мөч, нуруу нугасны гэмтэлтэй хүмүүст зориулсан сувилал ажиллуулж хөл дээрээ босож, цаашдаа охиноо хөтлөөд алхана гэж өдөр шөнөгүй дасгал хөдөлгөөн хийж, охиндоо ч анхаарал тавьж чадахгүй хөл дээрээ босохын тулд л хичээдэг байсан. Тэгсэн ч төдийлөн үр дүн гараагүй. Тэгээд өнгөрсөн хугацаагаа эргээд харсан миний амьдрал зүгээр л нэгэн хэвийн хөл дээрээ л босохын тулд зөвхөн өөрийнхөө төлөө л хичээж ямар ч утгагүй амьдарч байсан. Энэ хугацаанд охиныхоо том болж, сургууль төгсөж, хайртайгаа учирч жаргалтай байгааг ч анзаараагүй. Нэг л мэдэхэд би сайхан хүргэнтэй, хоёр хөөрхөн зээтэй болж жинхэнэ гэр бүлийн аз жаргалыг мэдэрсэн. Энэ өдрөөс эхлэн хөл дээрээ босно гэсэн бодлоосоо салж энэ хэвээрээ тэргэнцэртэйгээ яаж сайхан, жаргалтай, хамгийн гол нь үр бүтээлтэй амьдарч болох арга замыг эрэлхийлсэн. Тэгээд “Түгээмэл хөгжил” төвийн гишүүн нь болоод энэ төвийнхөө ажилд нь туслаад, надтай адил олон хүнд сэтгэл санаад нь болоод амьдралд нь бодит дэмжлэг үзүүлэхүйц сайхан зүйлсүүдийг санаачлан хийж эхэлсэн. Үүнээсээ урамшин одоогоор Хан-Уул дүүрэгт “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийхөө нэг салбарыг нээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж, ажиллахаас гадна хамтдаа хөгжилдөж, уралдаан тэмцээнд багаараа оролцож яг л эрүүл хүмүүсийн хийдэг бүхнийг хийж амьдрах боломжийг бид хамтдаа олсон. Одоо миний амьдрал хэмжээлшгүй их жаргалтай байна. Би алхаж чадахгүй ч үргэлж инээж, өөрийн хийж буй зүйлсээсээ аз жаргалыг мэдэрдэг. Хүн ямар дүр төрхтэй байх нь огт хамаагүй хамгийн гол нь хийж буй бүхэн нь үр дүнтэй өөртөө тааламжтай, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлдэг байхад л сэтгэл амар амьдардаг юм байна гэдгийг ойлгосон. Миний тэргэнцэртэй амьдарч байгаа 30 гаруй жил хоёр хөл дээрээ алхаж явсан 20 гаруй жилээс минь ч үнэ цэнэтэй, үр бүтээлтэй өнгөрч байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon