Хүүхдийнхээ тоглоомуудыг эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг нэг хараарай

Элдэв өнгийн эрээн мяраан тоглоомонд шохоорхохгүй хүүхэд гэж үгүй. Гэхдээ зарим  хаяг шошгогүй, чанаргүй, хямдхан тоглоомууд хүүхдийн хүмүүжил төлөвшил болоод эрүүл мэндэд асар их хортой байдаг байна. Тус асуудлаар  МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас зохион байгуулж буй “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд хүүхдийн тоглоом импортлогч, худалдаалагч, хэрэглэгчид, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад тоглоом импортлогч 15 иргэд, аж ахуйн нэгж, 25 цэцэрлэгийн эрхлэгч нар оролцож хүүхдийн тоглоомын хяналт шалгалт, эрүүл ахуйн шаардлагын талаар мэдээлэл авч, хэлэлцүүлэг хийлээ.

Мөн хяналт шинжилгээнд Улаанбаатар хотод болон 14 аймагт үйл ажиллагаагаа явуулж буй 129 цэцэрлэгийг хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан импортын болон цэцэрлэгүүдэд хэрэглэгдэж байгаа хүүхдийн тоглоомуудаас дээж авч шинжлэхэд физик, хими, хүнд металлын шинжилгээний үзүүлэлтүүд нь стандартын шаардлагыг хангаж байгаа гэж гарсан байна. Гэхдээ зарим хилийн боомтоор хувь хүний хэрэглээ гэх нэрээр БНХАУ-д үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхойгүй, баримт бичгийн зөрчилтэй тоглоом импортолж, худалдаалах эрсдэл байсаар байгаа нь хүүхдүүдийн дунд ханиад томуу, салхин цэцэг зэрэг халдварт өвчин үүсэх эрсдэл бий болж буйг дурдлаа.  Тухайлбал хүүхдүүдийн тоглож буй тоглоомд хар тугалга, цадми гэх мэтийн өсөлт зогсоодог химийн хортой бодис нэвт шингээстэй байдгаас гадна үслэг тоглоомууд нь харшил үүсгэх ч тохиолдол байдаг байна. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд  хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй , шинжилгээний бичиггүй тоглоомууд хил гаалиар ямар ч хяналтгүй орж ирсээр байтал төрөөс хяналт тавих арга хэмжээг төдийлөн үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй байна гэлээ.  

Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон эрүүл чанарын шаардлага хангасан тоглоом авч хэвшихгүй бол хүүхдүүд эрүүл мэнд сэтгэхүйгээрээ хохирохоос гадна хурц ирмэгтэй бие биеэ гэмтээх эрсдэл бүхий тоглоомуудаар тоглож гэмтэх тохиолдол багагүй гардаг аж.  Тэгвэл хүүхдэдээ тоглоом сонгоход хэрэг болохуйц бяцхан зөвлөгөөг хүргэе. Мэдээж эдгээр тоглоомуудыг сонгохдоо эрүүл ахуйн шаардлага хангасан, шинжилгээний бичигтэй, эсэхийг нягтлах хэрэгтэй шүү. 

0-6 сартай хүүхдийн тоглоомыг сонгоход юуг анхаарах ёстой вэ?

  • Дуу чимээ: Хараа нь бүрэн хөгжих хүртэл хүүхэд эд зүйлсийн байрлалыг дуу чимээгээр илүү мэдэрдэг. Шажигнадаг, жингэнэдэг, аялгуу гаргадаг тоглоомууд маш тохиромжтой. 
  • Тод, эрс тэрс өнгөтэй: Тоглоом тод, хоорондоо эрс тэрс өнгөтэй байх нь хүүхдэд тоглоомынхоо хэлбэр хэмжээг ялгаж харахад нь тусална.
  • Хөдөлгөөнт: Төрсний эхний 3 сард хүүхэд хөдөлгөөнт тоглоомд маш дуртай байдаг. Хараа нь дөнгөж хөгжиж байгаа учраас хөдөлгөөнтэй зүйлсийг илүү сайн ялгаж харж чаддаг байна.
  • Унжуургатай тоглоом: Доошоо унжуулсан тоглоом нь хүүхдийн атгах, базах чадварыг хөгжүүлдэг.
  • Хүрэх мэдрэхүйг хөгжүүлэх тоглоомууд: Зөөлөн, барзгар, товруутай, гөлгөр, хатуу гэх мэт төрөл бүрийн бүтэцтэй тоглоом нь хүүхдийн хүрэх мэдрэхүйг хөгжүүлэхэд тустай

Харин 6-12 настай хүүхдүүдэд аль болох хүмүүжил төлөвшил, зан араншинд нь эерэгээр нөлөөлөхүйц тэр тусмаа дотооддоо үйлдвэрлэсэн тоглоомуудаар тоглуулахыг судлаачид зөвлөж байгаа юм. Тухайлбал элдэв янзын үзүүртэй сэлэм, үрлэн сумтай буу, хэтэрхий үнэтэй боловч хэврэг янз янзын машинаас илүүтэй бие бялдар болоод сэтгэхүйг нь хөгжүүлж болохуйц дараах тоглоомуудыг сонгож болох юм.

Оньсон тоглоом

Монголчууд эрт дээр үеэс тоглож ирсэн оньсон тоглоом. Оньсыг түгжих, гаргах, эргүүлэх, шургуулах, эвлүүлж угсардаг учраас хүүхдийн гарын жижиг булчингуудыг хөгжүүлж, анхаарал, ой тогтоолт, ургуулан бодох, ажиглах чадвар суулгахаас гадна бүтээлч, тэсвэр хатуужилтай, авхаалж самбаатай болгодог.

Өрж байгуулах буюу эвэнд нь оруулах тоглоом 

Өрж байгуулах буюу угсардаг тоглоомыг хүүхдийн нас сэтгэхүйд тохируулан сонгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хүүхдээ өсөх тусам жижиг ширхэгтэй тоглоом сонгоно. Хөвгүүдэд магадгүй төрөл бүрийн байшин байгууламж, унаа машин, робот угсардаг тоглоом сонгож болох бол охидод хүүхэлдэйн байшин, гал тогоо, гоо сайхны ширээ сандал угсардгийг авж өгч болох юм. Гэхдээ заавал хүйсээр ялгаварласан тоглоом сонгох албагүй шүү дээ. Мөн сургуулийн өмнөх насны хүүхэдтэй айл бүр зураг харж эвлүүлдэг олон жижиг хэсгүүдээс бүтсэн puzzle буюу эвлүүлдэг тоглоомтой байхыг зөвлөж байна. Энэхүү тоглоом нь хүүхдэд өнгө дүрс ялгах, аливаа дүрсийг бүрэн бүтэн болгох чадвар суулгахаас гадна ургуулан бодох, логик сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ хүүхдийг сургуульд бэлтгэгдсэн эсэхийг шалгахад тусалдаг ажээ. Хүүхэд зааврыг харалгүйгээр эвлүүлж чаддаг бол маш сайн.

Зурагт карт 

Улс орон, хот хөдөө, гудамж талбай, зам тээвэр гэх мэт төрөл бүрийн сэдвээр дагнасан зурагт картуудаар тоглох нь хүүхдийн газар зүйн мэдлэгийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, хүүхэдтэйгээ хамт тоглосноор хүүхэд баруун зүүн, өмнө хойно, хол ойр, жижиг том гэх мэт орон зайг баримжаалах чадвартай болдог байна.

Шоо
Энэхүү тоглоом нь бүхий л цаг үед байсаар ирсэн хамгийн сонирхолтой тоглоомын нэг. Төрөл бүрийн зурагтай шоонууд эвлүүлж, өөрийн бүтээлээ туурвих нь хүүхдийн бүтээлч, ургуулан бодох, сэтгэлгээг хөгжүүлж байдаг бөгөөд үүний хажуугаар гар хурууны булчингууд ажиллаж байдаг гэнэ. Үсэг тоотой шоонууд нь уншиж бичиж сурах гэж байгаа хүүхдэд цагаан толгой сурахад дөхөм болно.

Бөмбөг

Орон орны үндэстэн ястан, ард түмний дунд эрт цаг үеэс уламжлагдан ирсэн хүүхэд бүхний тоглох дуртай тоглоом бол бөмбөг юм. Бөмбөгөөр тоглох нь хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хамт олонч чанарыг хөгжүүлэхээс гадна зохион байгуулалт, орон зайн баримжаалалтай, түргэн шаламгай, авхаалж самбаатай болгодог.

 Дуугардаг тоглоом
Төрөл бүрийн дуу чимээ гардаг тоглоом нь хүүхдийн сонсгол, хэл яриаг хөгжүүлэх давуу талтай. Хүүхэд урт богино, чанга сул чимээг ялгаж чаддаг болохын зэрэгцээ дуулж ярьдаг тоглоомууд нь хэл ярианы хөгжлийг дэмждэг байна.

Эх сурвалж: maamuu.mn

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2823

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%