Нийтлэл 11 сарын 20, 2017

Н.Дэмбэрэл: МАН гээгдсэн үзэл санаа, үнэт зүйлээ сэргээх эсэхээс намын хувь заяа, Монголын хувь заяа шийдэгдэнэ

МАН-ын ЕНБД-ын зөвлөх, МАН-ын даргад нэр дэвшигч Н.Дэмбэрэлийн өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Энэ удаагийн хурлыг Монголын цаашдын ирээдүйг тодорхойлох чухал хурал гэж олон нийтийн зүгээс их хүлээлттэй байна. МАН-ын XXYIII Их хурлын уур амьсгал ямар байна вэ?

Монголын улс төрийн уур амьсгалд нөлөөлөх онцгой үйл явдал болж байна. Манай нам бол хагарсан байна. Хөдөөнөөс ирсэн зочид төлөөлөгчид бүгд л хэлж байна. Юуны өмнө бид өмнөө тулгамдаад байгаа асуудлыг нэг талд нь шийдэх түүхэн хурал болж байна. Хоёрдугаарт МАН цаашид яах вэ гэдгээ ярих зайлшгүй шаардлага гарч байна. Ер нь бид яагаад хагараад, ийм байдалд хүрчихэв ээ? гэдгээ эргэж харах, тодорхойлох шаардлага тулгараад байна. Тэр намайг тагнасан чагнасан гэж жижиг үйл явдал,асуудал хөөж явсаар байгаад мөн чанараа ойлгохгүй, асуудлынхаа гүнийг оношлохгүй байсаар байгаад тунхаг, лоозон ярьсаар байгаад нийлчихнэ гэж бодоод байна. Маш гүн хагарал явагдсан байна.

Энэ хагарлыг зөв оношилж байж, учир шалтгаан нь хаана юундаа байна гэдгийг харж байж бид цаашаа явна

Чадахгүй бол орших уу? эс орших уу? гэдэг хурал болох нь.

Энэ удаагийн хурал дээр МАН нэг зүг рүү харж чадаж байна гэж зарим хүмүүс ярьж байна. Бидний харж байгаагаар намын бүлэг 32, 33-аараа хуваагдчихсан. Гол өрсөлдөөн бас энд явагдах нь гэж харагдаж байна. Орон нутгаас ирсэн төлөөлөгчид ямар бодолтой байна вэ? 

Хуучин шиг болчих юм шиг гоё сайхан яриад, хэдэн төлөөлөгчдөө хуураад явуулчихаж болохгүй. Улс эх орны, намын хувь заяанд анхаардаг бол өөрсдийгөө эргэж нэг харах цаг болсон. Үзэл санаагаа алдсанаас болж байна. 65 гишүүний 65 хувийн эрх ашгийг хөөсөн учраас бид хуваагдаж, талцаж байна. Энийг бидний үзэл санаа, итгэл үнэмшил нэгтгэнэ. Үзэл санаан дээр тулгуурлаж байж бид зохион байгуулалтаа өөрчилнө. 

Бодит байдалд дүн хийх ёстой. Нам бол үзэл санааны нэгдэл. Үзэл санааны нэгдэл байж байж зорилго зорилтоо нэгтгэж явдаг. 100 жилийн өмнө МАН ингэж байгуулагдсан. Анхны долоогийн зорилго зорилт хаана байгаа юм гэж би намын гишүүдээс асуумаар байна. Яагаад залуу нас, хөдөлмөрөө намд зориулсан намын дарга байсан хүн өөр нам байгуулаад хаяад явчихдаг юм. Бид үнэт зүйлээ гээсэн гэсэн үг. Үнэт зүйлээ олж авчрахгүй бол мөнгөтэй хүн гарч ирээд, бид түүнийг дагаад худалдагдаад явна. Үзэл санаан дээрээ эргэж нэгдэх ёстой.

Үзэл санаан дээр нэгдсэн итгэл үнэмшил байвал бид цаашаа хөгжлийн бодлого, ирээдүйд хаа хүрэхээ ярьж болно

Улс төрийн нам байж захын наймаачид шиг ингэж явж болохгүй.

УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чиглүүлж явах лидер болох ёстой байсан. Лидер болж чадаагүй. Нам дээрээ ирдэггүй, намынхаа гишүүдтэй уулздаггүй байсан. Сайд нар нь ажлыг нь аваад хийчихсэн. Өөрөө юу хийж байгаа нь мэдэгддэггүй байсан. Сайд нарынхаа араар, намын даргын араар ороод нуугдчихдаг лидер байж таарахгүй. Тэр хүн хүлээн зөвшөөрөгдөж чадсан бол бид түүнийг өргөөд авч явах байлаа. Намын хагарал нь намыг толгойлох ёстой лидер нь лидер болж чадаагүй учраас үүдсэн. Намаа үл тоосон, хоёрдугаарт тавьснаас ийм асуудал үүссэн.

Та нэг ярилцлагадаа У.Хүрэлсүхийг Ардчилсан намын Ерөнхий сайд гэж хэлсэн. Намын дарга нь Ерөнхий сайд байна гээд МАН-ын дүрмэнд заасан байгаа. Өнөөдрийн нөхцөл байдалд энэ дүрэм үйлчлэх үү? 

Өнөөдөр 65 суудалтай, 65 гишүүнтэй улс төрийн нам. Ялж чадсан уу? бид ялж чадаагүй байна. 9 гишүүнтэй АН ялчихсан банйа. Яагаад гэвэл тэд биднийг хувааж чадсан байна. Улс орноо биш намаа боддог ерөнхийлөгчтэй болсон нь нууц биш. Энэ хүн МАН-ыг яаж жижиглэн бутаргах вэ гэдэг л бодлого явуулж байна Энэ хүн улс орны эрх ашгийг бодохгүй байна. Бид өөрсдийн үзэл санаагаа гээсэн, увайгүй хувийн эрх ашгаасаа тэр хүний тоглоомонд гүйгээд орчихлоо. Тэрийг мэд, сана, сэр гэдэг утгаар У.Хүрэлсүхийг Ардчилсан намын Ерөнхий сайд гэж хэлсэн. Монгол улсын хамгийн сүүлийн улс төрийн инстүүцийг нураах, хагалан бутаргах цаад утгаараа Монгол улсыг хорлох бодлого явж байна. Энийг МАН-ын гишүүд өөрсдөө ойлгохгүй, мэдэхгүй, нэгдэхгүй юуны төлөө яаж нэгдэхээ мэдэхгүй яваад байна. 

Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд намын дарга биш байгаа. Урьд нь ч ийм тохиолдлууд байсан. Өнөөдөр болж буй нөхцөл байдал, гадна болж буй нөхцөл байдал, дэлхийн чиг хандлагыг харвал заавал ийм байх албагүй. Заавал намын дарга нь Ерөнхий сайд болох албагүй. Би намын дарга болох гээд байгаа нь Ерөнхий сайд болох гээд байгаа амбиц биш. Алдагдсан, гээгдсэн үзэл санааг нь сэргээж, эвлэрүүлэн нэгтгэхийн төлөө би МАН-ын даргад өрсөлдөж байна. Энэ нь Ерөнхий сайд болохоос хамаагүй том зорилго. МАН-ын үзэл санааг тодорхойлно гэдэг бол маш өргөн хүрээтэй, том ажил. 

Д.Хаянхярваа дарга эв нэгдэл гэж ярьж байна. Парламент дээр бүлгээ хуваачихсан бүлгийн дарга нь эв нэгдэл яриад сууж байх нь хэр ёс зүйтэй асуудал вэ? Өрсөлдөгч, намын гишүүний хувьд та юу гэж харж байна вэ?

Ордон дотор юу ярилцдагийг нарийн сайн мэдэхгүй байна. Намын гишүүний нүдээр харах юм бол бүлгийн гишүүдийг 2 хуваасан хүн одоо нийлүүлнэ гэхээр хэр үнэмшилтэй харагдаж байна. Өөрөө хагалсан хүн нь шүү дээ. Өөрөө 32-ын бүлэг дотроос дэвшиж гарч ирж байгаа. 33-ын бүлэгтэйгээ эвээ олж чадах уу? Үнэмшилгүй л санагдаад байна. Болсон үйл явдал, цаашид өрнөх процессыг харах юм бол намаа эвлүүлэх боломж Хаянхярваа даргад байхгүй.

28-р их хурлын дийлэнхи олонхийг хөдөө орон нутгийнхан эзэлж байна. Анхнаас нь гарахад нь улаан хивсэн дээр гишгүүлээд сүү амсуулаад гаргаж байна. анхнаасаа хэнийг дугуйлах нь тодорхой болчихсон хүмүүс дунд шударга өрсөлдөөн болж чадах уу? Мөнгө тараагаад эхэлчихсэн байна гэж та бас хэлж байсан.

20 хоногийн өмнө МАН-ын үүрүүд хуралдаад Их хурлын төлөөлөгчид сонгогдсон. Очихоор чинь хэний төлөө санал өгөхийг чинь хэлнэ гээд худалдаж аваад эхэлсэн. Өөрийнхөө үзэл бодол, хүсэл мөрөөдлийг таван төгрөгөөр худалдчих юм уу? Тийм бол намын гишүүн байгаад яах юм. Хэдхэн төгрөгөнд үзэл бодлоо худалдчихдаг юм бол яаж улс төрийн нам байх юм. Тодорхой хэлвэл Гаалийн дарга байсан Төрийн өмчийн хорооны дарга болох гээд явж байгаа хүмүүс

Яг одоо Баян-Өлгий аймгаас ирсэн төлөөлөгчид хуралдаа орж чадахгүй оронд нь бизнесменүүд орчихсон байна гэдэг мэдээлэл байна. Хэр бодитой вэ? 

Бодитой. Завхарсан үйлдлүүдийг болимоор байгаа юм. Ирж байгаа төлөөлөгчдөө хоёр талаас нь татаж зулгаагаад 2 багцлаад хаячихдаг. Буудлынх нь үүдэнд хамгаалалтын алба гаргачихсан байна гээд утсаар ярьж байна. Хүн чөлөөт сонголтоо хийх эрхтэй. МАН ингээд эхлэх юм бол юу үлдэх юм. Жилийн өмнө бид С.Эрдэнийг Ардчилсан намыг худалдаад авчихлаа гээд шоглоод сууж байсан. Одоо бид өөрсдөө хувь заяаны шоглоомонд орчихоод явж байна. Би нэг ч хүнд нэг ч төгрөг өгөхгүй. Хэрвээ миний ярьж байгааг үнэн зөв гэж үзээд намайг дэмжвэл би МАН-ын даргаар ажиллахад бэлэн. Би намын даргын ажлыг мөнгөөр худалдаж авч хийхгүй. Дараа нь би юу хийх юм, юу ярих юм. Ингээд худалдаж авчихаад дараа нь хариуцлага ярина гэж байхгүй. Шударга ёс тогтооно гэж байхгүй. Улс орон чинь сөнөж мөхлөө шүү дээ. 

Туушинд байсан төлөөлөгч чинь гадуур хувцас хураагаад авчихсан гэж ярьж байсан. Ийм байдлаар 1309 төлөөлөгч маргааш намын даргаа сонгож чадах уу? Сонгууль яаж эргэх вэ?

Бид эдийн засаг, баялаг хөөж явсаар байгаад үнэт зүйл, үзэл санаагаа хаячихсан байна. Энэ байхгүй бол ямар ч нүүрс олборлоод, ямар ч алт гаргаад, ямар ч баялаг байгаад урагшлахгүй. Бид одоо гээгдсэн үзэл санаагаа олж авах ёстой. Энэ ганцхан МАН-ын асуудал биш улс төрийн намын асуудал болчихсон байна. Улс төрөө дагаад нийгэм эдийн засаг хямарч байна. Энийг бид эхлээд цэгцлэх ёстой. Ингэж байж бид цаашаа хөгжил ярина. Бид өөрсдийнхөө өв соёл, өөрсдийн оюун санаа, уламжлал, ёс суртахуун дээр тулгуурласан үзэл санаа, хөгжлийн бодлогоо гаргаж ирэх ёстой. Тухайлбал: НАМЗХ гээд МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага бий. Энэ байгууллага нь үр могой болж хувирсан. Даргын цүнх барьдаг залуучууд тийшээ орчихдог. Сураад, боловсроод ирсэн залуучуудад тийшээ орох боломжийг өгдөггүй, гадуурхаж шахсаар байгаад гомдоогоод явуулчихдаг. МАН уг нь хаалга үүдээ нээгээд тэр дуу хоолой, үзэл бодлыг сонсдог, хэрэгтэй зүйл байвал аваад хэрэглэдэг, хэрэгжүүлэх чадвартай боловсон хүчин байвал ажлыг нь хийлгэдэг, дэвшүүлдэг ийм манлайлагч нам байж байж бид улс орны хөгжил ярина. Тэрнээс ингээд доош нь дараад байвал цаашаа явахгүй шүү дээ. НАМЗХ гэдэг байгууллага хуваагдсанаас болоод МАН-ын хагарал болж байна. Энэ байгууллага сүүлдээ намын удирдлагуудаа дарамталдаг байгууллага болж хувирсан. Удирдах зөвлөлд тэдэн суудал өг тэгвэл бид саналаа өгнө гэдэг шантаажны байгууллага болоод хувирчихсан. Яаж бид цаашаа шударга ёс ярих юм. Яаж хөгжил дэвшил, оюун санааныхаа манлайлал болж явах юм. Намаг шалбаагтаа улам шигдээд яваад байна.

Зарим эх сурвалжийн хэлж байгаа боловсон хүчний дутагдалд ороод байгаа гэдэг зөв үү?

Боловсон хүчний дутагдал биш байгаа боловсон хүчин гарч ирэх боломжийг нь бид устгаад хаячихсан. Тиймээс гарч ирэх өөрийгөө илэрхийлэх бодож байгаагаа хүргэх боломжийг нь хаачихсан. НАМЗХ-г тараагаад клубын системд оруулаад явах ёстой гэж үздэг. Үүнийг бид дүрмэндээ оруулаад яриад явах ёстой. Бодитой гараад ирчихсэн зүйлийг хараагүй юм шиг, яваад байх юм бол дэлхий нийтээрээ болж байгаа процессыг хар. Өөрсдийн геополитикийн байршлаа хар. Бид ийм юм яриад, ингээд ухраад сууж байх боломж байна уу? тийм эрх байна уу? Ингээд сууж байх эрх байхгүй шүү дээ. Дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлээд урагшаа алхах ёстой. Үүнийг манлайлаад явах үүрэг нь МАН-д байна. Өөр инстүүц байхгүй учраас Монгол улсад өөр хэн ч хийж чадахгүй. Энийг хийж чадахгүй бол МАН 100 жилийн ойгоо хийж чадахгүйд хүрчихээд байна.

Гээгдсэн үзэл санаагаа сэргээх ёстой гэсэн бодолтой төлөөлөгч 1309 төлөөлөгч дотор хэр олон байгаа бол? Уур амьсгалаас ажиглагдаж байна уу? 

Сонгогдсон төлөөлөгчид уур амьсгал сонин болсоныг гэрчилж байна. Хайрцганд хийж байна гэж ярьж байна. Хоёрдугаарт бид ялагдаж үзсэн учраас өөрсдөдөө дүгнэлт хийж чадсан, одоо ялаад болохгүй байгаагаа ойлгосон байна. Хор уршгийг мэдэрч байгаа учраас эрүүл дуу хоолойгоо сонсох ёстой, эрүүл шийдвэр гаргах  ёстой гэсэн гишүүд ч байна.

Удирдах зөвлөлийг шинээр сонгоно гэж байна? 65 гишүүн бас л хуваагдсан байгаа. сунгаа явагдаад байна гээд яригдаж байна. Э

Удирдах зөвлөлийн хувьд МАН бүрэлдэхүүнээ цөөлөх ёстой. Намын дарга ороод 34 хүн хуралддаг. 34 хүн Нэг асуудлыг 3 цаг ярьдаг. Дор хаяж нэг хуралд 3 асуудал ордог. Ингээд тойрч ярьсаар байгаад шийдвэр гаргаж чаддаггүй. Шийдэл гардаггүй. Нэгэнт намын даргаа сонгоод явж байгаа бол бүрэн эрхийг нь өгөх ёстой. Улс төрийн хариуцлагыг нь тооцох ёстой. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг нь цөөлж өг. Бидэнд тийм туршлага бий. Зоригтой шийдвэр гаргаж хариуцлагаа хүлээж чаддаг байсан. Тал талаас энэ тэрний фракц, эдний фракцаас хүн оруулахгүй бол болохгүй, энэ ийм дарга байсан гээд юу ч биш болгож хувиргадаг. Одоо энийгээ болъё л доо. Ийм хурдан өөрчлөгдөж байгаа энэ ертөнцөд энэ механизм нь ажиллахаа болчихоод байна. Дотор хуралдаж байхад гадаа ямар шийдвэр гаргахыг нь мэддэг болчихсон байна. Хамгийн ойрын жишээ байна. БНХАУ-г Коммунист намын долоохон хүн удирдаад явж болж байна шүү дээ. Бид яагаад болдоггүй юм. Цомхон, цогц шийдвэр гаргадаг бүтэцтэй байхгүй бол ингээд л задлаад байх юм бол урагшлахгүй. Тоо нэмснээр шийдвэр гардаг юм уу?1990 оноос хойш хагарал,бутрал гарах тусам задрал бутрал явагдаад байдаг. Ван ханлигууд нэмэгддэг шиг дарга нарын тоо нь улам л нэмэгдээд байна. Энийгээ болих хэрэгтэй. 

Намын дүрмэнд 50 гаруй зүйл заалтад өөрчлөлт орж байгаа, харин энэ өөрчлөлтөд намын дарга биш ЕНБД Удирдах зөвлөлөө хариуцдаг болно гэдэг өөрчлөлт орно гэсэн? 

ЕНБД толгойлоод 33 хүн байгаа, намын дарга нэмэгдээд 34 болдог.Удирдах зөвлөлд намын дарга санал өгөх эрхгүй. Энэ нь намын 27 дугаар Их хурлаар орсон өөрчлөлт.

Маргааш жинхэнэ тулаан эхэлнэ, намын гишүүдийг та ямар байр сууринд нэгдээсэй гэж та хүсч байна вэ? 

МАН Түүхэн эргэлтийн цагт ирчихээд байна. Эргэлтийн цэг дээр ирчихсэн учраас зарчимтай шударга шийдвэр гаргахгүй бол цаашдаа МАН яах вэ гэдэг нь тодорхойгүй болчихоод байна. Ашиг сонирхол бүлэглэлийн төлөө шийдвэр гаргах юм бол цаг хугацаа болоод өнөөгийн нөхцөл байдал тэвчихгүй.Энэ бол зөвхөн МАН-ын хувь заяа биш, Монгол улсын хувь заяа  28-р Их хурлын 1309 төлөөлөгчийн гарт байна. Та бүхэн өөрсдийн сэтгэл зүрхээр, итгэл үнэмшлээр өөрт байгаа үзэл санааны төлөө санал өгөх хэрэгтэй. Энэний төлөө Их хуралдаа ажиллаач гэж уриалах байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon