Нийтлэл 11 сарын 28, 2017

Пропоганда буюу суртал нэвтрүүлгээс өөрсдийгөө хамгаалах нь

АНУ-ын сэтгэгч Липман олон нийтийг “Зэрлэг хүн сүрэг” хэмээн тодорхойлжээ. Олон нийт амин чухал асуудал дэвшүүлэх, хэлэлцэх, шийдвэр гаргах чадваргүй учраас элитүүд "өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн" шийдэж, уг шийдвэрээ олон нийтээр хүлээн зөвшөөрүүлдэг байна

Монгол улсад олон нийтийн санаа бодлыг өөрсдийн зорилго чиглэлийнхээ зүг амжилттай эргүүлж, хэрэгжүүлж байгаа баг бол Ерөнхийлөгч Х.Баттулгын пи ар-ын баг. Тэдний баг сүүлийн 3 жилд хийсэн суртал нэвтрүүлгүүдийнхээ ачаар нөлөө бүхий өрсөлдөгчдийнхөө нэр хүндийг унагаж, улмаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ялуулах үүргийг гүйцэтгэжээ.

Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр хийсэн хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээний үр нөлөөний талаарх мониторингийн судалгааны дүнгээс үзвэл 2017 оны 6 сарын 1, 2-ны өдрүүдэд буюу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад нэр дэвшигч Х.Баттулгын багаас фейсбүүкт “М.Энхболдын удам угсааны тухай”,  “Эрэлхэг Монгол залуугийн үхэл”,    “Эзэн Чингисийг доромжилж байна” хэмээх гурван янзын бичлэгийг байршуулж, Оффшор,  Зугаатай залуус, Автомашин зарлал, Мэдээлэл, худалдаа зэрэг 40 мянгаас дээш гишүүдтэй фейсбүүкийн хамгийн том групуудэд тараажээ. Мөн эзэн Чингисийг доромжилсон хятад нөхрөөс яаж хариугаа авсан талаарх илт зохиомол зурагтай постыг Дагвадорж аварга 6 сарын 2-нд өөрийн фейсбүүктээ постолсон нь маш хурдан 671 хүнд шейрлэгдсэн боловч 1 цагийн дараа аварга энэхүү постоо устгасан юм. Монголчуудын Хятадад дургүйцэх уламжлалт сэтгэлгээтэй холбоотойгоор сошиал орчинд Хятадын талаарх бүхий л постуудад олонх хүн ухамсаргүйгээр итгэн хүлээн авах хандлагатай байгаа нь бидний дээрх судалгаанаас харагдаж байв. Мэдээллийн үнэн худлыг нягтлах, эх сурвалжийг шаардах гэх мэт ухамсартай шүүлт сошиал сүлжээнд огт үйлчлэхгүй байв гэжээ. Судалгааны дэлгэрэнгүйг эндээс

Ерөнхийлөгч Баттулга Оффшор данстнуудын мөнгийг Монголдоо оруулж ирнэ гэж сонгуулийн амлалт өгсөн. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд олон нийтийн дэмжлэгийг авах шаардлага түүнд буй. Тиймээс тэдний суртал нэвтрүүлгүүд энэ удаа "Оффшоруудын бүлэглэл" хэмээх цувралаар үргэлжилж байна. ЕТГ-ын дарга З.Энхболд цагаан захтнуудын хэрэг илрүүлэлт муу байна хэмээн 7 хоногийн өмнө мэдэгдэв. Харин өчигдрийн Оффшор данс ба түүний бүлэглэл нэртэй нэвтрүүлгээр цагаан захтнуудын гэмт хэрэг гэж энэ гээд дүгнэлт өгч харагдана лээ. 

Суртал нэвтрүүлэгт хэт их автвал ямар хор уршигтай болохыг Герман үндэстэн өөрийн биеэр туулж мэдэрсэн. Гитлерийн үзэл суртлыг дэлгэрүүлэгч Гебельсийн хийсэн нэвтрүүлгүүдийн дүнд еврей үндэстнийг үзэн ядах сэтгэлгээг ари үндэстэнд амжилттай суулгаж, дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлж байсан түүхтэй.

Энд оффшор данстангуудыг өмөөрөх ямар ч санаархал байхгүй. Гагцхүү өгсөн өгөөш болгоныг үмхэж өдөр, шөнөгүй түүгээр нь хоол хийж амьдрахгүйгээр асуудалд авах гээхийн ухаанаар хандаж, шүүлтүүрдэж байж "Та зэрлэг хүн сүргийн тооноос хасагдана" гэдгийг сануулах гэсэн юм. 

Суртал нэвтрүүлэг гэж юу вэ?

 

Сэтгэгдэл бичих

arrow icon