Нийтлэл 12 сарын 03, 2017

Их, дээд сургуульд залхуу хулчгарууд сурдаггүй, харин зоригтнууд сурдаг

Энд би нэгд, нэгдүгээр ангийн оюутнуудад зориулсан “Сурахад суралцах нь” гэсэн ярианы сэдэв, хоёрт, хичээлийн явцад оюутан нартаа олонтоо хэлдэг сургамжийн үгнээсээ оруулж байна. 
“Сурахад суралцах нь” гэсэн ярианы сэдвийн гол санаа гэвэл: 
Их, дээд сургуульд сурна гэдэг нь хүнд хөдөлмөр байдаг. Ийм хүнд хөдөлмөр хийхийн тулд сурах арга барилд суралцах ёстой. Үүнийг сурахад суралцах гэж ойлгож болно. Сурахад суралцана гэдэг нь: 

Нэг. Сурахад суралцана гэдэг нь сурагчаас өөр маягаар буюу оюутан маягаар сурна гэсэн санаа

Оюутан хүний суралцах нь сурагчийнхаас их ялгаатай. Сурагч хүн нь багш, эцэг эхийн байнгын хараа хяналтын дор, тэдний шаардлагыг биелүүлэх маягаар сурдаг, өөрөөр хэлбэл, багш өдөр бүр даалгавар өгөөд өдөр бүр шалгаад байвал даалгавар хийгээд, даалгавар өгөхгүй буюу шалгахгүй бол даалгавар хийхгүй, хичээл асуухгүй бол хичээл давтахгүй маягаар сурна. Тэгвэл их, дээд сургуулийн оюутан нь нэгэнт том хүн болсон болохоор багш өдөр бүр даалгавар өгөөд өдөр бүр шалгаад байхгүй, өдөр бүхэн хичээл асууж шахаж шаардаад байхгүй. 

Шинэ нөхцөл байдалд ороод ирсэн зарим оюутан өөрийгөө хичээл тарсны дараа хийх юмгүй, их зав чөлөөтэй хүн мэтээр төсөөлж, сурагч маягаар ухаарч хичээл давтах, даалгавар хийх цаг хугацаа болоогүй хэмээн бодож цаг алдах нь бий

Тэгэхэд зүй ёс нь оюутан хүн хамгийн завгүй, ном шагайсан, багш даалгавар өгөөгүй байсан ч, асуухгүй байсан ч өдрийн хичээлийг өдөрт нь давтаж ойлгодог хүн байх ёстой. Ийм учраас орос хэлийг гарамгай сайн эзэмшсэн Галсан доктор Шинжлэх ухаан, дээд боловсролын улсын хорооны дарга байхдаа ХААИС-ийн оюутнуудад нэг удаа лекц уншихдаа “Оюутан хүн нойр хоолгүй ажилладаг, тийм учраас ядраад нүд нь ширгэчихсэн хүн байх ёстой” гэж хэлсэн байдаг. Харин би оюутан шавь нартаа “Оюутан хүн ном шагайсан, номонд дурласан хүн байх ёстой болохоор хажууд нь сайхан хүү, үзэсгэлэн төгс охин ирж суусан ч тоохгүй номоо шагайсаар байх ёстой. Оюутан хүнээс чи юу хүсэж байна вэ? гэж асуухад жаахан зав гараасай, нэг сайн унтаад авах юмсан гэсэн хүн байвал жинхэнэ оюутан болж байгаа нь тэр” гэж зөвлөдөг. 

Хоёр. Орчин үеийн оюутан дээр үеийн буюу социализмын үеийн оюутнаас үндсэн ялгаатай болсон

Дээр үед оюутан хүн сурагч хүнтэй ойролцоо маягаар, бараг дан ганц багшаар заалгах маягаар сурч байсан. Тэгвэл одоогийн кредит сургалтын үед оюутан хүн сурах зүйлийнхээ бараг тэн хагасыг биеэ дааж сурах ёстой болсон. Ийм болохоор оюутан хүн багшийн заасан мэдлэг дээр тулгуурлаад бие даалтаар багшийн өгсөн даалгаврыг яг таг биелүүлэх замаар шинэ мэдлэг, чадварыг олж авах ёстой. Оюутан хүний сурагчаас ялгарах нэг гол ялгаа энэ бие даалтад байгаа юм . Сурахад суралцахын тулд бие дааж ажиллаж сурах, бие дааж ном унших замаар шинэ мэдлэг, чадвар олж авахад суралцах ёстой. Сурагч хүн багшийн заасныг мэдсэн байх шинжтэй хүн байхад оюутан хүн ном унших, мэдээллийн хэрэгсэл, ялангуяа интернэт ашиглах замаар шинэ мэдлэг, чадвар олж авах шинжтэй хүн юм. Иймийн учир нэг ухаантай хүн “Оюутан хүн байнга дүрэлзэн асаж байдаг бамбар байх ёстой” гэж хэлсэн юм гэсэн. Сурагч хүний бамбарын галыг багш үргэлж асааж өгч, үргэлж үлээж байхгүй бол бамбар нь унтарч орхидог байхад оюутан хүний бамбарыг багш нэг удаа асааж өгөхөд оюутан гэдэг дүрэлзэгч бамбарын гал унтрахгүй үргэлж дүрэлзэн асаж байдаг байна. 
Дунд сургуулийн сурагчийн муу орчинд арван хэдэн жил дассан зарим оюутан багшийн өгсөн бие даалтыг хийхгүй явсаар байгаад бие даалтыг шалгах цагт тулган хийх гэж санд мэнд чанаргүй хийх, хийж чадахгүй болдог гэм бий. Бие даалтыг шалгах хугацаанд тулгаж хийх биш, харин графикт хугацаанд нь хийж сурах нь суралцахад сурч байгаагийн нэг илрэл юм. 

Гурав. Оюутан хүний энэ шинжтэй уялдуулан хэлэхэд сурахад суралцана гэдэг нь юмны учрыг олж сэтгэж сурна гэсэн үг

Нэг профессор шавиасаа “Чи өглөө юу хийдэг вэ? гэж асуухад шавь нь уншдаг, өдөр юу хийдэг вэ? гэхэд уншдаг, орой юу хийдэг вэ? гэж асуухад бас уншдаг” гэж хариулахад профессор багш нь “Тэгвэл чи хэзээ нь сэтгэдэг юм бэ?” гэж уурласан юм гэнэлээ. 

Тэгвэл оюутан хүн зөвхөн унших биш, гол нь сэтгэж сурах ёстой юм байна. Сурагч хүн багшийн заасныг уншиж мэдээд багшид тэр заасныг нь хариулж хэлдэг хүн байхад оюутан хүн багшийн заасан мэдлэг дээр тулгуурлаад олон ном унших, мэдээллийн хэрэгслийг ашиглах замаар шинэ мэдлэг, чадвар олж аваад багшид мэдлэгээ шалгуулах үедээ “Та тэгж заасан, тэр номд тэгж бичсэн байсан, тэр эрдэмтэн тэгж хэлсэн байлаа, харин би ингэж бодож байна” гэх мэтээр хариу хэлдэг хүн байх ёстой юм байна. Сурагч хүн тоть шиг хүний хэлснийг давтан хэлдэг шинжийн хүн байдаг бол оюутан хүн эрдэмтэн, судлаач маягийн юмыг өөрөө эргэцүүлэн бодож ойлгодог, өөрийн гэсэн үзэл, бодолтой хүн байдаг байна
Дөрөв: Сурахад суралцана гэдэг бол ном уншиж сурна гэсэн үг юм

Ном уншиж сурах гэдэг нь юуны өмнө унших ном, түүнийг уншаад олж авах мэдлэгээ сонгож сурахыг хэлнэ. Нэг оюутан “Оюутан хүн их олон ном унших ёстой” гэсэн санааны дагуу номын санд суугаад их олон ном уншсан боловч шалгалтын үед унаж “F” авсан юм гэсэн. Тэгвэл ном уншиж сурна гэдэг нь юуны өмнө мэргэжлийн дагуу унших ном, түүнээс олж авах мэдлэгээ сонгоно гэсэн үг, өөрөөр хэлбэл, багшийн өгсөн даалгавар, хичээлийн хөтөлбөрт орсон номыг уншаад мэдвэл зохих мэдлэг, чадварыг олж авахыг хэлнэ. 

Ном уншихад анхаарах нэг зүйл бол номыг түргэн уншиж сурах явдал байдаг. Ном уншихдаа ном уншиж сурч байгаа хүүхэд шиг үсэглээд үсэг, үг, өгүүлбэр нэг бүрээр хөөцөлдөөд байж болохгүй. Харин мэдэж байгаа зүйлээ уншихгүй орхиод, мэдэхгүй зүйлээ эрэн хайх маягаар уншиж сурвал зохино. Жишээлбэл, олон оюутан суусан ангид орж ирээд хэн нэгийг хайсан хүн оюутан нэг бүрийг толгой дараалан харахгүй, харин анги дүүрэн харж зөвхөн өөрийнхөө олох гэсэн хүнээ хардгийн нэгэн адил мэдэхгүйгээ буюу мэдвэл зохих зүйлээ хайж унших ёстой. Үүний тулд мөрний эхнээс мөрний төгсгөл тийш нүдээ мөрний дагуу хойшоо гүйлгэж унших биш, харин доош нь гүйлгэж уншиж сурвал ном уншиж сурч байгаа нь тэр. Ном түргэн уншиж сурсан хүн нэг дор дөрвөн мөрийг зэрэг хардаг юм гэсэн. 
Ер нь, ном бичих ёсны дагуу бичсэн номд шинэ санаа бүхэн шинэ мөр буюу догол мөрнөөс эхэлсэн байдаг болохоор эхний мөрийг хараад тэр догол мөрний дотор ямар санаа байгаа нь тодорхой болдог учиртай байдаг болохоор догол мөрөөр нь харж уншиж болох талтай. 
Ном уншаад олж авсан мэдлэгээ мартахгүйн тулд тэмдэглэл хөтлөх, үе үе сэргээн санаж байх нь зүйтэй. 
Энэ дашрамд нэгэн зүйлийг дурдахад ерээд оноос хойш телевиз гэдэг нэг юмыг хүүхдүүд хараад ном унших нь ховор болсон тул ном уншиж сурах нь тун бэрхшээлтэй ажлын нэг болсон нь үнэн. Хэдий тийм боловч оюутан ёсоор сурч мэргэжилтэн болохын тулд энэ бэрхшээлээс айж цуцахгүй байх, ер нь их, дээд сургуульд залхуу хулчгарууд сурдаггүй, харин зоригтнууд сурдаг, “Эрдмийн дөрөөнд зориг чанга байх ёстой”
Тав. Сурахад суралцах гэдэг нь “Сууж” сурна гэсэн үг юм

Сууж сурна гэдэг нь тогтвортой сууж хичээл давтах, даалгавар хийх, ном уншиж сурахыг хэлнэ. Монгол ёсоор бол “Суниахгүй байх, суниавал сурсан эрдэм сугаар гараад явчихдаг” юм гэсэн. Суниах нь залхуу хүний, юмыг дургүй хийж байгаагийн нэг содон шинж юм. Тэгвэл “Суниахад сурсан эрдэм сугаар гарна” гэдэг нь залхуу, юмыг дургүй хийдэг хүний шинж болохоор юмыг залхуурахгүй хийж сур гэсэн цэцэн санаа, өөрөөр хэлбэл, юм сурахын тулд тэвчээртэй байж сур гэсэн санаа юм байна.

Дээр үед оюутнууд хичээлийн бус цагаар сургуулийнхаа лекцийн танхим, уншлагад их суудаг байсан болохоор суудал олдохгүй явдал олонтоо гардаг байсан. Тэр үеийн оюутан суудлаа алдахгүйн тулд түр завсарлах, морь харах, хооллох үедээ сууж байсан газраа “хэрэггүй” ном, дэвтэр орхиод явдаг, тэр ном, дэвтэр нь суудлыг нь хадгалаад байж байдаг байсан. 

Зургаа. Сурахад суралцахын тулд багшийн лекцийг түргэн бичиж авах чадвартай болсон байх ёстой

Ер нь дээд боловсролтой хүний нэг онцлог бол түргэн, алдаагүй, цэвэр сайхан бичиж сурах явдал байдаг. Багшийн лекцийг тэмдэглэж авах талаар багш нар өөр өөр бодолтой байдаг. Миний бодоход оюутан хүн багшийн амнаас гарсан бүхнийг тэмдэглэж авах нь зүйтэй. Учир нь гэвэл, нэгд түргэн бичиж сурна, хоёрт, анхаарал сарнихгүй, гуравт, багшийн хэлсэн бүхнийг мартахгүй байх мэтийн ач холбогдолтой байдаг. 

Лекцийн тэмдэглэл бол хувийн зүйл. Ийм болохоор түргэн бичихийн тулд муухай, үг, үсэг товчилсон зэргийн дутагдалтай байж болно. Харин албан бичгийг яг номын дагуу, алдаа мадаггүй, цэвэр сайхан, гаргацтай бичиж нь зүй ёсны юм. Түргэн бичиж сурахын тулд дасгал хийх, жишээ нь, радио нэвтрүүлгийг бичих мэтээр ажиллаж болох юм. 

Долоо. Орчин үед оюутан хүн гадаад хэлний, ялангуяа англи хэл, компьютерийн мэдлэггүйгээр амжилттай сурах, мэргэжилтэн болсон хойноо сайн ажиллах боломж байхгүй

Учир нь, гадаад, ялангуяа англи хэлээр бичсэн ном сурах бичиг, интернэт ашиглахгүйгээр их сургуульд сурах нь учир дутагдалтай. Энэ англи хэл, компьютер хоёрыг сургуульд олон цагаар заах боловч оюутан олон, техник хангамж төдий л сайн бишээс болоод өнөөгийн шаардлагыг хангах хэмжээнд сурах бололцоо үнэндээ байхгүй. Ийм болохоор биеэ даах буюу курс гэж хэлдэг түр сургалтад суралцахаас өөр арга байхгүй. Юуны өмнө англи хэлийг ном уншиж ойлгох, яваандаа ярьдаг, бичдэг хэмжээнд, компьютерийг интернэт ашиглах, ахин ахисаар бичих юмаа цаасан дээр бичихгүйгээр шууд компьютерт түргэн шивэх хэмжээнд сурвал зохино. 

Найм. Сурахад суралцах талаар нэг анхаарах юм бол бодол санаагаа бусадтай хуваалцах явдал юм

Бусад хүнтэй ярилцах, багшаас асуух замаар хүнээс мэдлэг олж авах, мэдлэгээ бататгах арга байдаг болохоор ичиж зовохгүйгээр хүнтэй ярилцаж сурах, хичээл дээр багшийн асуусан асуултад бусдаас өрсөж хариулах явдал байдаг. 

Ес. Сурахад суралцана гэдэг нь сурсан юмаа ашиглах чадвартай болно гэсэн үг

Нэг ухаантай хүний хэлснээр, хүн мэдэхийн тулд мэддэггүй, харин ашиглахын тулд мэддэг юм. Иймийн учир зөвхөн мэдлэг олж авах биш, мэдсэн мэдлэгээ ашиглах чадвартай болох нь хамгаас чухал байдаг.

Зөвхөн мэдэх биш, мэдлэгээ ашиглах чадвартай болох нь оюутан хүний сурагчаас ялгарах бас нэг шинж мөн.

Мэргэжилтэн хүн бол мэдлэг, чадвараа хүнд зааж хүнээр ажил хийлгэж чаддаг хүн юм. Ийм мэргэжилтэн бэлтгэхийн тулд мэргэжлийн сургууль практик, дадлага, лабораторийн хичээл зохих хэмжээгээр заадаг боловч зарим оюутан тийм хичээлд идэвхтэй оролцохгүй алдах нь бий. Ер нь мэдлэгээ ашиглан ажиллах чадварыг сургуулийн хичээлээр бүрэн олж авах бололцоо байхгүй болохоор оюутан хүн биеэ даан ажиллаж сурахаас өөр арга бас байхгүй

Арав. Сурахад суралцах нь орчиндоо түргэн дасаж сурахыг хэлнэ

Орчиндоо аль болох түргэн дасах нь сурахад, бас ажиллах, аж төрөхөд багагүй ач тустай зүйл байдаг. Учир нь гэвэл биологийн хуулиар орчиндоо дасаагүй амьд биет сөнөдөг тавилантай гэдэг. Оюутан хүн сурагчийн орчноос өөр, шинэ орчинд орж ирж байгаа болохоор тэр орчинд түргэн дасах нь амжилттай суралцахын нэг үндэс болно. Оюутны орчин бол насанд хүрсэн том хүний орчин. Ийм болохоор хэдэн сарын өмнө хүүхэд байсан сурагч одоо оюутан буюу том хүний ёсоор биеэ дааж наад зах нь өглөөд дуудуулахгүй босож, орой хэлүүлэхгүй унтаж, хэлүүлэхгүйгээр хичээл давтах гэх мэтээр ажиллана гэсэн үг. Оюутны орчинд дасна гэдэг нь их сургуулийн орчинд, түүний дэглэм журам, хичээллэх ёсонд, оюутны дотуур байранд сууж байгаа бол дотуур байрны ёсонд, хөдөөнөөс ирсэн бол хотын ёсонд дасна гэсэн үг. 

Ер нь орчиндоо түргэн дасвал сайн оюутан, улмаар сайн мэргэжилтэн, сайн хүн болно, харин удаан дасах нь муу оюутан, дасахгүй бол оюутан биш болж ч мэдэх талтай

Арван нэг. Зах зээлийн өрсөлдөөнд ялж сайхан аж төрөхийн нэг үндэс нь өрсөлдөж сурах байгаа юм

Зах зээлийн ёс бол өрсөлдөөний ёс, өрсөлдөж аж төрдөг ёс, өрсөлдөөнд ялж байгаа нь сайхан амьдарч байхад ялагдсан нь муу амьдрах нь зах зээлийн ёс.

Манай их сургуулийн ангид Өвөр Монголоос ирсэн Хятадын Коммунист Намын гишүүн Сүхээ, бодвол дунд сургууль төгссөн байх, Эрдэнэбаатар, Эрдэнэбаяр гэсэн хоёр залуу, бүгд гурван оюутан байсан. Тэр гурав оюутны байранд сууна, гар нүүрээ угаахдаа жижиг түмпэнд ус хийгээд угаадгийн учрыг бид олохгүй гайхдаг байлаа. Тэд эрт босож үргэлж хичээлээ давтаж байдагсан. Тэд бидэнтэй ижилхэн монгол гаралтай боловч олон хүн амтай, суурин суурьшилтай улсын харъяат болохоороо өрсөлдөж сурч, өрсөлдөж ажил олж, өрсөлдөж амьдрахаас өөр аргагүй болж биднээс ялгаатай, залхуу биш, юманд ариг гамтай ханддаг болчихдог юм байжээ. 

Өрсөлдөж сурна гэдэг нь юуны өмнө өөрийгөө бусад оюутантай харьцуулж үзээд хэр зэрэг сурч байгаагаа, хүч чадлаа хэр зэрэг дайчилж байгаагаа мэдэх, улмаар бусдаас дээр гарахын төлөө бүх хүч чадал, бололцоогоо дайчлан сурна, ажиллана гэсэн үг

, өөрөөр хэлбэл, энэ оюутны бодсон тоог би бодож чадах уу, англи хэлний хувьд би энэ оюутнаас дутуу юу, илүү юу гэх мэтээр өөрийгөө тэргүүний сайн оюутантай үргэлж жишиж, анги дотроо, сургууль дотроо хаана яваагаа мэдэж “Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж” суралцах учиртай. Бусдаас дутуугүй, харин илүү гарч сурах гэсэн чармайлт бол өрсөлдөөн юм. Зах зээлийн үеийн хүн өрсөлдөн сурч, өрсөлдөн ажиллаж, өрсөлдөн амьдрах учиртай. Энэ санаагаа товчхон, тод илэрхийлэхийн тулд би өрсөлдөөний хуулиар бол “чиний хажууд сууж байгаа оюутан нэг ёсондоо чиний “дайсан”. Яагаад гэвэл чиний ажиллах гэсэн газар зөвхөн нэг хүн авах орон тоотой. Чи 99 оноотой төгссөн байхад чамтай өрсөлдөгч 100 оноотой байсан бол чи ялагдаж ажилгүй хоцроно” гэх мэтээр хэлдэг юм. 

Хичээлийн явцад би оюутан нартаа олонтоо хэлдэг миний сургамжийн үгнээсээ зарим нэгийг дурдвал:

МУИС-ийн манай ангийн багш Наранцацралт гэдэг цэл залуу, сайхан, бас сайхан ааштай багш байж билээ. Би ийм том сургуульд ийм залуу багш байх гэж бахархаж багш шигээ хүн болох юмсан гэж боддог байлаа. Үүнээс улбаалаад хэлэхэд би оюутан нартаа нэг үлгэр жишээ сайн хүнтэй болж тэр хүн шигээ хүн болохын тулд зүтгэх ёстой. Хэрэв үлгэр жишээ хүн олдохгүй бол тэр багш шигээ мэдлэгтэй, тэр ах, эгч шиг сайхан ааштай хүн болох юмсан гэх юм уу, нэг сайхан ааштай хүнээс аашийг нь, их мэдлэгтэй хүнээс мэдлэгийг нь авах замаар зүүмэл хүнтэй болж “Эзэн нь хичээвэл, заяа нь хичээнэ” гэдгээр дуурайн зүтгэх ёстой гэж захидаг юм. 

Ер нь, “Хүн хэрээ, тэмээ тэнгээ мэдэж байх”, тэгээд тэр хэрээ дээд зэргээр ашиглаж байвал сайн байдаг юм гэсэн. Зарим нэг нь “Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй” гээд хэр чадлаасаа хэтэрсэн юм мөрөөдөөд дэмий гиюүрээд байх нь “Булуу даадаггүй нохой булуу хураахын” үлгэрээр бас ашиггүй болно. Хүн хэр чадлаа, түүнийгээ хэр зэрэг ашиглаж байгаагаа мэдэхгүй, “Салхины аясаар хийсэж байгаа хамхуул” шиг байвал орчин үед хаашаа ч, оюутан биш болох тал руу ч хийсч мэднэ

Сурах, ялангуяа их, дээд сургуульд сурах нь оюуны хүнд хэцүү хөдөлмөр байдаг болохоор “нүдээ ширгэтэл сууж чадах” зоригтнууд сурахаас биш, хулчгарууд олигтой сурна гэсэн ном байхгүй гэдгийг, бас “Эзэн нь хичээвэл заяа нь хичээдэг” сургаалыг үндэс болгоод би оюутан нартаа Монгол ардын сургаалаар бол “Эр хүн зоригтой байвал чоно чацга алддаг” гэдэг, одоо эрэгтэй эмэгтэй ялгалгүй адилхан эрхтэй, адилхан чадвартай болсон болохоор хээрийн тэр зоригтон “эм хүнийг ч хараад чацга алдаж байх ёстой” гэж сануулдаг. Ер нь монгол хүний нэг онцлог нь эр зоригт байдаг байж мэдэх юм. Орчин үед олон улсын цэргийн үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүд тухайн нутагт амархан дасан зохицдог байна. Эвгүй харьцуулалт хийвэл, их хөгжилтэй орны хүн байран маллагааны мал шиг байхад монгол хүн бэлчээрийн мал шиг тэсвэр, хатуужилтай байдаг байх. 

Миний оюутнууддаа хэлдэг нэг ойлголтоор бол хүний дур хязгааргүй их, тэр их дурыг хангаад байх бололцоо байхгүй болохоор дураа хязгаарлаж байж хүн болдог. Жишээ нь, унтах дур нь хүрсэн үедээ унтаад, уух дур нь хүрсэн үед уугаад байсан хүн хэзээ ч сайн хүн болохгүй. “Намар их гүйсэн ухна, хуц хавар турж үхдэг” гэсэн үгээр авч үзвэл ухна, хуцаас ялгарах хүний нэг гол ялгаа дураа хязгаарлахад байдаг ажээ. Түүнээс гадна хүний бие махбодь муу юманд амархан дасдаг мөртөө сайн юманд дасах нь төвөгтэй байдаг. Жишээлбэл, унтаад байхад амархан, харин босоход бэрхшээлтэй байдгийг хүн бүхэн мэднэ. Ийм болохоор “Унтаж байж нойрыг давахгүй, харин босч байж давдаг”, “Нойрноосоо морио, чөмөгнөөс хутгаа” гэсэн ардын сургаалаа дагаж эр зориг гарган муу хэрэггүй юманд биеэ дасгахгүй, харин бэрхшээлтэй ч гэсэн сайн, ашигтай юманд биеэ дасгаж сурахаас өөр арга байхгүй. 
Оюутан гэдэг нь оюун ухаантай хүн гэсэн санаа байх. Тэгвэл оюутан хүний хамгийн чухал зорилтын нэг бол оюун ухаанаа хөгжүүлж байх явдал юм. “Уулын мод урт, богинотой байдгийн” нэгэн адил хүн бүхэн бие бялдрын хувьд, оюун ухааны хувьд адил байдаггүй. Үүнээс болоод ижилхэн ажиллаад ижил сайхан амьдрах боломжгүй болох талтай. Гэхдээ оюутан бүхний анхаарах нэг зүйл бий. Амьтны ёсоор бол сул дорой нь байгалийн шалгарлыг давахгүй сөнөх тавилантай байдаг.

Харин хүний ёсоор бол хүн оюун ухаантай амьтныхаа хувьд өөрийгөө зориуд хөгжүүлж өрөөл бусдын хэмжээнд хүрэх бололцоотой гэдгийг цаг ямагт анхаарч өөрөө өөрийгөө хөгжүүлж байвал зохино

. Нэг ухаантай хүн хүний авьяасын нэг хувь нь төрөлхийн, харин ерэн есөн хувь нь хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог гэж хэлсэн нь үнэний ортой байх. Монгол ойлголтоор бол “Эзэн хичээвэл заяа нь хичээдэг” юм гэсэн. Орчин үеийн Монголд өөрийгөө хөгжүүлэх сайхан бололцоо бүрдэж байна. Энэ боломжийг ашиглаад сул дорой төрсөн нэгэн нь бие бялдрын хувьд ч, оюун ухааны хувьд ч өөрийгөө хөгжүүлж өрөөл бусдын хэмжээнд хүрч болно. Бас эдийн засгийн боломж муутай байсан ч их, дээд сургуульд сурах боломж олгодог төр засагтай гэдгээрээ бахархаж сурах ёстой юм шүү. Хүний хувь тавилан төрөлхийн шинжгүй гэдгийг орчин үеийн шинжлэх ухаан нэгэнт баталсан байна. Ийм болохоор сул дорой төрсөн нэгэн нь миний хувь тавилан ийм байжээ гэж итгэж бууж өгөхийн оронд хүний ёсоор тэмцэж сурах, тэмцэж амьдрах ёстой. 

Аливаа юм хийхэд биеийн хүч, оюун ухааны хүч гэсэн хоёр хүч шаардагдана. Эрт үед биеийн хүч их шаардагддаг байсан бол орчин үед биеийн хүчийг машин техник орлох болсон учир оюун ухааны хүч илүү ихээр шаардагдах болжээ. Дээр үед хамгаас хүчтэй, бүхнийг чаддаг юмыг бурхан гэж ойлгож байсан үед “Дархан хүн бурхан ухаантай” гэсэн ойлголт гарсан байна. Өөрөөр хэлбэл, ”Бурхан ухаантай” гэдэг нь бүхнийг чаддаг ухаантай гэсэн үг болж байна. Орчин үед энэ дархан гэдэг үгийг мэргэжилтэн хүн гэдэг утгаар ойлгох болсон болохоор “Мэргэжилтэн хүн бурхан ухаантай” болжээ. Мэдлэг дангаараа хүнд хэрэг болохгүй. Тэр мэдлэгийг ашиглах чадвар маш чухал байдаг. Энэ мэдлэг, түүнийг ашиглах чадвар хоёрыг мэргэжил гэж ойлгож болох юм. Нэгэнт байдал ийм болсон учир орчин үеийн хүн өргөн мэдлэгтэй байхын хамтад тодорхой нэгэн мэргэжилтэй, тэр мэргэжилдээ гаршсан буюу мэргэшсэн байхаас өөр арга байхгүй болж байна. Манай дээд боловсролтой хүнд ажил олдохгүй байгаагийн нэг шалтгаан нь ажлын дадлага, туршлага байхгүй, өөрөөр хэлбэл, зөвхөн онолын мэдлэгтэй болохоос биш, тэр мэдлэгээ ашиглаад ажил хийх чадвар байхгүйд байгаа юм. Монгол ардын хэллэгээр бол “Жор мэддэг эмчээс зовлон мэддэг чавганц дээр” байдаг. Их, дээд сургуулиас олж авч байгаа дээд мэргэжил бол дээд боловсролын зөвхөн нэг тал нь юм. Үүн дээр дээд зэргийн хүмүүжлийг нэмбэл сая дээд боловсрол болдгийг анхаарч дээд зэргийн хүмүүжилтэй болох нь оюутан хүний бас нэг зорилго болно. 

Би хүн төлөвшихөд их чухал үүрэгтэй байдаг гэж боддог гурван санааг оюутан нартаа давтан давтан хэлдэг юм. Ийм гурван санаа гэвэл: “Айдаг юмаа авдартаа хийчихсэн”, “Ичих нүүрэндээ элгээ наахчихсан” “Өөрийгөө өмөөрөхдөө өндгөө дарсан шувуу шиг” хүн сайн хүн болохгүй гэсэн санаа юм. 

Монголчууд “Айж явбал аминд тустай” гэдэг. Харин “Айх юмаа авдартаа хийчихсэн” хүн олигтой хүн болохгүй. Айна гэдэг нь юм бүхнээс айна гэсэн үг биш, айх ёстой юмнаас, тухайлбал, ёс бус юмнаас, хүний ёсноос гадуур юмнаас айгаад, айх ёсгүй юмнаас айхгүй байхыг хэлнэ. Ийм учир айх нь хулчгар зан биш. Зарим хүний хэлдгээр “Дээр үед залуу үе их дуулгавартай байсан, одоо дуулгаваргүй болжээ. Ташуур авч ирээд өмдөө тайл гэхэд тайлаад ташуурдуулдаг байсан” гэж ярьдаг, харин би “Тэр үеийн дуулгавар айхын эрхэнд тулгуурлаж байсан, тэгвэл одоогийн дуулгавар үүнээс өөр, ухамсартай дуулгавар байх ёстой. Үнэнхүү буруу юм хийсэн бол ташуурдуулдаг, буруу хийгээгүй бол шийтгүүлэхгүй байх. Ер нь, хүч хэрэглэх нь хүчтэйн шинж биш, харин хүчгүйн шинж буюу асуудлыг эвээр зохицуулах чадваргүйн шинж байдаг. Иймийн учир одоо дүү нараа, ирээдүйд өөрийн хүүхдээ зодохгүйгээр, сурган хүмүүжүүлэх ёстой” гэдэг юм. Зодож хүмүүжүүлсэн хүүхдээс хүүхдээ зоддог аав, ээж, зодолддог айлаас зодолддог айл гарах замаар зодоон үе залгамжлагдана. Монгол ёсоор бол “хүүхэддээ боовны амт үзүүлэхээс“ өөр аргагүй болсон үед хонги дээр нь “таван салаа боов” өгдөг байсан байтал одоо зарим нэг залхуучид бөхийхөөсөө залхуураад толгой дээр нь буулгадаг болжээ. Монголчууд тэврэлдээд, үнсэлцээд байдаггүй байсан байхад орчин үед зарим нэг нь америк кино үзсээр байгаад “цусаа шүүртэл тэврэлдээд, ясаа яйртал зодолдоод байх ёстой” гэсэн онигоо маягийн юм хэлдэг болсон нь Монгол ёс алдагдаж байгаагийн нэг жишээ. Орчин үед зарим цэргийн дарга “Би хүүхдээ тэлээгээ тайлаад ороолгож орхидог” гэж их баатар эрийн шинжтэй ярьдаг. Энэ далимд хэлэхэд цэргүүдийн дотор байдаг дарамтлах ёсыг дарга нар далдуур дэмждэг учраас дарангуйлал байсаар байгаа, энэ нь их бага ч гэсэн дарангуйллыг бэлтгэдэг нэг “сургууль” болж байна гэж жаахан дэгс хэлж болохоор. Дээр үед энэ дэглэх ёс хүчтэй байсан үед цэрэгт яваад ирсэн оюутнаасаа “Чи хар цэрэг болсон хойноо дэглэж байсан уу?” гэж асуухад “ дэглүүлж байсан учир дэглэж байсан. Энэ чинь нэг ёсны заншил шиг болсон юм шүү дээ” гэж хариулж билээ. Энэ дэглэх ёс оюутны дотор халдварлаж магадгүй гэж би их айдаг юм. 

Хүний адгууснаас ялгарах нэг гол ялгаа бол ичих зан. Адгуусан амьтан ичдэггүй юм гэсэн. Хүн ичих зангийн хүчээр адгуусны хийдэг бүхнийг хийхгүй болж хүний ёсыг баримталж хүн болж төлөвшдөг байна. Ичих зан бол адгуусанд байдаггүй, зөвхөн хүнд байдаг, хүнийг адгууснаас ялгаж байгаа нэг шинж болохоор, “Ичих нүүрэндээ илэг наахчихсан” хүн бол үндсэндээ хүн дүрстэй ”адгуус”. Ичихээ мэддэггүй хүн хүн шиг хүн болж чадахгүй. Тэгэхдээ цэвэр ичимтгий зан, бүрэг ичимтгий зан хоёрыг ялгаж байх ёстой. Бүрэг зан хүний амьдралд саад болдог, хүний ёсоор хийдэг юмыг хүртэл хийхэд тушаа болдог. Жишээ нь, зарим нэг оюутан мэддэг юмаа хүртэл ичээд хэлэхгүй, юм мэддэггүй юм шиг харагдах нь бий

Хүний ёс суртахуун нь олон түмний санаа сэтгэлийн хүчээр төлөвшдөг, хэмжигддэг болохоор ёс суртахуунд харш юм хийсэн, зан авир гаргасан бол олон түмэн, эргэн тойрны хүн буруушааж, сайн юм хийсэн, сайхан ааш гаргасан бол сайшааж хөхүүлэн дэмжиж байдаг. Ийм болохоор оюутан таныг ямар нэгэн хүн талархсан, сайшаасан царай гаргах, үг хэлээр сайшааж байвал би ёс суртахуунтай юм хийжээ гэж бодож байх, харин хэн нэгэн хүн зэмлэсэн царай гаргах, зэмлэсэн, буруушаасан үг хэлж зэмлэж байвал би ёс бус юм хийжээ гэж ойлгож засаж залруулж байх ёстой. Гэтэл зарим нэг оюутан бусад хүн буруушаах, зэмлэхэд намайг яагаад буруушааж, зэмлэж байна вэ? гэж бодож өөртөө дүгнэлт хийх ёстой байтал юуны өмнө өөрийгөө өмөөрөх, өөртөө зөвийг өгөх, харин бусдыг буруушаах, эсэргүүцэх, үзэн ядах, “Өөрийн толгой дээрх эврийг харахгүй мөртөө, өрөөлийн толгой дээрх өвсийг харах”, “Өөрийгөө өмөөрөхдөө өндгөө дарсан шувуу шиг, хүнийг харахдаа хүрэн эрээн бүргэд шиг” болох нь бий. Өөрийгөө өмөөрөөд байсан хүн өөдтэй хүн болохгүй гэдгийг үргэлж санаж явсан хүн сайн хүн болно. Ингэж олон түмэн, бусад хүний үнэлгээгээр өөрийгөө үнэлэн дүгнэж ёс суртахууны хүмүүжил олж авахгүй бол “Хуурсаар хуурсаар худалч, Хумсалсаар хумсалсаар хулгайч” болж төрийн хуулийн хэм хэмжээгээр шийтгүүлэх, өөрийн гэр орон, хамт олны дотроо ч нэр хүндээ алдахад хүрч мэднэ гэдгийг цаг ямагт санаж явах ёстой. Ер нь нэг ухаантай хүний хэлснээр, аливаа хүн унтахын өмнө юу юу хийсэн, тэдгээрээс юу нь зөв зүйтэй байсан, юу нь буруу, ёс бус байсныг нарийн тунгаан бодоод эндсэнээ засах, оносноо бататгах тангараг тавиад унтах ёстой юм гэсэн.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2023-01-30

    үнэн

    • Saihantamir
    • 2018-03-10

    gaihaltai bichjee

    • TS.Hosbayr
    • 2018-02-09

    Olon talt zowlomj

arrow icon