Нийтлэл 12 сарын 05, 2017

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурван ээлжээр хичээллэж байгааг шийдвэрлэхийг үүрэгдлээ

2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 20 сургууль гурван ээлжээр хичээллэж байна.  Тэгвэл гуравдугаар ээлжний 154 бүлэгт 6154 хүүхэд хичээллэж, 152 багш, 140 ажилчид илүү цагаар ажиллаж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр оройн цагаар агаар бохирдол их, харанхуй, хүйтэнд бага насны хүүхдүүд хичээлээ тараад явдаг гэсэн үг. Тиймээс энэ асуудалд төр засгийн зүгээс анхаарал тавьж сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй нь харагдаж байгаа юм.  

Харин энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн утаа хамгийн ихтэй бүс болох Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн бүсэд ажиллаж орчин нөхцөлтэй танилцсаны дараа Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ ажил энэ сарын 15-наас хэрэгжиж эхлэх аж.

 Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр сургуулийн нэг Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд өөрийн биеэр очиж гуравдугаар ээлжинд хичээллэж буй хүүхдүүд болон багш ажилчидтай уулзсан юм. Ерөнхий сайдыг 18 цагийн үед очиход тус сургуулийн гуравдугаар ээлж хичээллэж байлаа.

Тус сургууль 3516 сурагчтай, гуравдугаар ээлжинд гурав, дөрөвдүгээр ангийн 14 бүлгийн 493 сурагч хичээллэж байна. 19 цагт хичээл тарахад  гэрэлтүүлэггүй харанхуй, согтуу хүмүүс, нохойноос айдаг гэж гуравдугаар ангийн сурагч охин ярьж байсан.

Бага ангийн сурагчид гуравдугаар ээлжинд хичээллэж байгаагаас зам, тээврийн осол гэмтэл, эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг. Хүүхэд хөгжүүлэх дугуйлан, сонгон хичээллэх боломжгүй, хоцрогдолтой сурагчтай ажиллах цаг бага зэргээр сургалтын чанарт нөлөөлж байгааг багш нар хэллээ.

Мөн энэ үеэр Ерөнхий сайд Хүрэлсүх сургуулийн багш нарт “Хүүхэд хүмүүжүүлнэ, төлөвшүүлнэ, хөгжүүлнэ гэдэг багш хүнд л заяах хариуцлагатай алба. Улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ цаг үед багшийнхаа цалингаар ажлаа нэр төртэй гүйцэтгэж, улс эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж үнэнч сэтгэлээр ажиллаж байгаа багш, ажилтуудад талархаж байна” гэлээ.

Мөн тэрээр нийслэлийн гурван ээлжийн сургуулийн гуравдугаар ээлжинд ажиллаж байгаа багш, захиргааны болон үйлчилгээний ажилчдын илүү цагийн хөлсөнд шаардлагатай 574 сая төгрөгийг шийдвэрлэхийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад үүрэг болголоо.

Хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалах учиртай гэдгийг Ерөнхий сайд хэлээд  гурван ээлжтэй сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг хотын удирдлагуудад, эдгээр 20 сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах, эргүүлийн цагдаа нэмж ажиллуулахыг Нийслэлийн цагдаагийн газрын даргад Ерөнхий сайд үүрэг болголоо.

Түүнчлэн энэ жил улсын хэмжээнд 2018 онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургууль баригдаж эхэлнэ. Эдгээр сургууль, сургуулийн өргөтгөл баригдаж дуусахад гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно. 65 дугаар сургуулийн хувьд, 640 хүүхдийн сургуулийн өргөтгөл 2019 оны намар гэхэд ашиглалтад оруулж 100 цэцэрлэгийн барилга, 29 цэцэрлэгийн өргөтгөл шинээр барьж, бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна гэв.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon