Нийтлэл 01 сарын 22, 2018

Ерөнхийлөгч Х.Баттулгын толгойд 500 мянган цэрэг оруулъя  

Бүтээн байгуулалт моодонд оржээ. Тэрбум доллар зээлж ирээд бүтээн байгуулна. Татвар нэмж татаж байгаад бүтээн байгуулна. Сүүлдээ бүр эр эмгүй цэрэгт татаж улсын төсвөөс цалинжуулж байгаад бүтээн байгуулна гэнэ. Мөн ч их “бүтээн байгуулах” юм хөөрхий, тэгээд бүтэж байгаа юм байхгүй.  Ер нь л монголчууд бид хамгийн бүтээх чадваргүй хэдээ төрд цуглуулж байгаад  хамаг мөнгөө өргөж ирэв.  Тэр чинь хангалтгүй , одоо нэмээд залуу насыг чинь авъя гэнэ. Залуу насаа дээрэмдүүлэхэд тулсан залуу үедээ хандаж хэлэх нь: Та нар 500 мянган “цэрэг” мөн нь мөн, гэхдээ үзэл бодол үнэт зүйлтэй байж чадвал.  Өнөөдөр дээрээс шидсэн яс шиг энэ мэт галзуу санаа эдийн засгийн мэдлэгийг чинь, түүнээс урган гардаг үзэл бодлыг чинь, эрх чөлөөний мэдрэмж, маргаашийн чиг баримжаа, үнэт зүйлийг чинь шалгаж байна.   Битгий хуц, цэрэг биш хүн,  чиний биш миний мөрөөдөл, төр биш миний бүтээн байгуулах ирээдүй гээд гэдийчих үзэл санаа байна уу, чамд?

Томхон хуваавал эдийн засгийг авч явах нь төр, эсвэл зах зээл гэсэн хоёр том байр суурь өрсөлдөж ирсэн.  Төр биш юм байна гээд түүх нэгэнт дүнгээ тавьснаас 30 жилийн дараа дахиад энэ асуулт ийм нухацтай босч ирж, ийм юм бичиж суугаадаа итгэмгүй. Гэхдээ бидний туулсан замнал, үлдээсэн өчигдрөөс ангид өнөөдөр байхгүй. Өнөөдрөөс ангид маргааш бас байхгүй.  Төрийн оролцоо ингэтлээ өндрөө авахад хүрсэн нь хаанаас эхлэлтэй талаар зарим нэг ерөнхий агуулга хүргэе.

Буруутан нь зах зээл биш

Цэрэг цэрэг гэвч нэгэнт дайны эдийн засаг биш тул хүний нөөцийг төр удирдах нэг төрлийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн л төсөл юм. Нөгөө л төр үү, зах зээл үү гэсэн танил асуултыг та биднээс асууж байна гэсэн үг. Энэ асуултад өгөх хариулт 90-ээд оны эхэн үеэс их өөр болжээ. Монголд ч, бусад улсад ч ялгаагүй. Төр, намд төвлөрсөн ЗХУ төвтэй блок ямар их чимээтэй, ямар гамшигтай нурж эцэг эх ах эгч нь юу туулсныг мэдэхгүй залуус өнөөдөр олон болжээ. Тухайн үед  ЗХУ-ыг задрахад  чөлөөт зах зээл ба ардчиллын магтуу өндрөө авч байв. Харин одоо болсон хойно зах зээл болсонгүй, ардчилал цаашаа гэх маягийн нео-ком, нео-наци үзэл эргээд газар авах хандлага харагдах болов.  Гэхдээ зах зээлийг буруутгаж төрд найдаж байгаа нь дайсан нөхрөө дэндүү андуурахын үлгэр. Монголын эдийн засаг чөлөөт нэртэй боловч төсөв хэт томорч улам төвлөрсөн, улам коммунист шинж чанартай болж ирж байгаа тухай олон тэмдэглэлд хөндсөн. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл манай эдийн засаг чөлөөт зах зээлийн шошготой боловч төвлөрсөн шинжээс хэзээ ч салаагүй ба тэр утгаараа өнөөгийн муу муухайд хэн нэг нь буруутай бол тэр буруутан нь төр мөн.  Хүйтэн дайн дууслаа гээд зах зээл ялан мандсан хэрэг биш харин ч төр илүү төвд орж, илүү том төсөв зарцуулах болсныг хэнд баримтаар харъя. 

Хүйтэн дайн дууссанаас хойш ч олон улсад чөлөөт зах зээлийн шошго дор чимээгүй төвлөрөл үргэлжилж иржээ.  Засгийн газруудын бүтээн байгуулалт ба түүнийг дагасан төсвийн өр газар сайгүй өсч олон асуудал дагуулах болов.  2007 он гэхэд 30 их наяд доллар байсан өр 7 жилийн дотор хоёр нугарчээ. 1990 он гэхэд нийт засгийн газрын өр дэлхийн нийт ДНБ-ний 42 хувьтай тэнцэж байсан бол одоо 2017 оны байдлаар 100% болж. 100 хувь гэдэг нь дэлхий бүтээж байгаа нэг доллар тутамд засгийн газар нэг долларын өр тавьж байна гэсэн үг.  Эдийн засаг, төр хоёр маань анхнаасаа юу билээ гэдгээ эргээд нэг санавал энэ тоо шиг хачин юм байхгүй.

Эдийн засагт төсвийн зардал том үүрэгтэй болсон нь  1930-аад оны Их хямрал ба тэр үеэр хүчээ авсан Кэинсийн эдийн засагтай их холбоотой.  Өөрөөр хэлбэл Маркс ялагдлаа гээд төр ялагдсан гэсэн үг биш байв. Түүний ард Кэинсизм буюу хямралын менежмент нэр дор арай далд хэлбэрийн төрд төвлөрсөн эдийн засгийн идеологи чимээгүй хэрнээ зугуухан барьцаа лавшруулж ирэв. Зах зээл өөрийгөө зохицуулж чадахгүй мэт дүр зураг үүсэн их паникын үеэр бичигдэж, засгийн газарт итгэл хүлээлгэсэн түүний зөвлөгөөг  улс төрчид идэвхитэй авч хэрэгжүүлээд 80 жил өнгөрчээ.  Энэ 80 жилд  харамсалтай нь тийм том үүрэг хүлээсэн төр нь улам тэнэгэрч ирэв. Улам тэнэг нөхдийг сонгодог, өнөөдүүл нь  улам их мөнгө зардаг хачин хоршил үүссэн гэсэн үг.  Уг нь 2000 он гэхэд түүхэнд хамгийн олон орон ардчилсан сонгуулиар төрөө бүрдүүлдэг болсон ч хаа сайгүй популизм цэцэглэх боллоо. Үүнийг дагаад бодлогын чадамж, түүнийг дагаад төрд итгэх итгэл шалдаа бууж ирэв. Дэлхий дахинд засгийн газарт итгэх итгэл 44 хувь болж цаашид ч буурах хандлагатай байгааг эндээс харж болно. Ингээд том зургаа базаад харвал: Өөрсдөө тэнэг төр томилж хамаг мөнгөө цацуулчихаад араас нь голж суугаа маягийн юм.    

Энэ 80 жилд гарсан нэг том үсрэлт: зурагт. Зурагт гарснаас хойш улстөрчид илүү царайлаг, илүү тэнэг болсон гэнэ.  Алсаас илтгэж ухаан уралдуулж улсаа хувьсган өөрчилсөн уран илтгэгч, царай муутай Авраам Линколн зурагтаар өрсөлдөөнд орсон бол ялах байсан уу үгүй юу, бүү мэд.  Ганц зурагтын нөлөө мэдээж биш. Ямар ч гэсэн уг нь бол Кэйнс эдийн засагт бүтээмж нэмэхийн тулд төсөв зарах зөвлөгөө өгсөн нь хэдийн мартагдаж харин ч бүтээмжээс золиос төлөөд поп бүтээн байгуулалт хийх моод гарчээ.  Биднээс хамаагүй ахмад ардчилалтай, биднээс хамаагүй өндөр бүтээмж бүхий эдийн засгууд ч “өр-инфляци-нийгмийн асуудал-түүн дээр тоглох популизм-өр” гэсэн хар гинжин хэлхээнд ороод байна

Гэнэн цагаан, уян эмо монголчуудад зурагт бүр ч гай болсон бололтой. Таньдаг чөтгөрийн дүрмээр сонгосон төр нь тэнэгрэх, тэгсэн хэрнээ улам томрох, тэгээд аймар тэнэг тэнэг төсөл мөнгөөр зодож хийх, хийх ч гэж заримдаа агаарт уурших, улмаар улс нийтээрээ жорлонд унаж дэлхийн бөгсөнд үлдэх. Энэ явц  дэлхийгээс хэд дахин хурдтайгаар манайд гүнзгийрч ирлээ.  Зурагтаар уйлж байгаад толгойд заларсан Элбэгдорж АСЕМ, ГОК49 гэх мэтээс авахуулаад юу хутгаж өгөөд явсныг санахад хангалттай.  Төр тэнэгрэх трэнд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар оргилдоо хүрч дунд сургуулийн боловсролтой тэргүүнээ тойруулаад Г.Уянга тэргүүтэй хамаг шилдгээ залсан.  Төсөв томрохын хувьд өмнөх тэмдэглэлд тоонуудыг тоймлосон. Ингээд энэ хоёр трэндийн ноён оргил 500 мянган цэрэг гэдэг сэдэв дээр зангилагдаад байгаа нь энэ. Энэ бүхнийг дурдахын учир нь эдний гаргаж байгаа санал, бодлогуудыг иргэд бид макро агуулга, хөгжлийн гэрэлд тавьж харах ёстойг сануулах зорилготой. Төрийн эдийн засаг Монголд төдийгүй олон улсад улам хүчээ авч, улам их асуудал дагуулж байгаа чиг хандлагын манлайд явна гэсэн үг. Бид ардчилсан тогтолцоо, зах зээл гэсэн хоёр инстүүцийг бүхлээр нь буруутгаж хамгийн дарангуй, хамгийн үр ашиггүйг сонгох аймшигт сэтгэлгээ  рүү дунгуйдахын оронд тэнэгийг томилдог, тэнэгт бүтээн байгуулалт захиалдаг өөрсдийн сонголт, захиалгаа эргэн харах ёстой юм.

Зах зээлд зохицуулалт хэрэгтэй ч ерөнхийдөө төр өөрөө бүтээн байгуулалт хийхээс илүүтэй чөлөөт бизнес, технологи, инновацийг дэмжих бодлоготой нь хөгжиж байгаа ерөнхий дүр зураг бол тодорхой. Монголд одоо том төрийн том бүтээн байгуулалтаас илүү зах зээлийн жижиг тоглогчдын сөнөөх ба бүтээх хүчийг моодонд оруулж эдийн засгийн гол дүрээ солих цаг нэгэнт болжээ. Эдийн засгийн төвд засгийн газрыг оруулж ирсэн нь Кэинс бол хуучныг бүтээлчээр сүйрүүлж шинийг бүтээж байдаг энтэрпренёрыг оруулж ирсэн нь Жозеф Шюмпетер.  Кэинстэй зэрэгцээд 20-р зууны хамгийн нөлөө бүхий эдийн засагчдын нэг гэгдэнэ. Зах зээлд хуучин бүтцийг сүйрүүлж улмаар нөөцийг илүү үр ашигтай зарцуулах боломжтой шинэ бүтэц үүсгэдэг “бүтээлч сүйрэл” тасралтгүй өрнөж байдаг гэж үзсэн түүний бүтээл эшлэгдсэн тоогоороо Марксын дараа орно. Уншигчдад ойр жишээ гэвэл Нокиаг орлосон смарт утаснууд байна.  Бидэнд өнөөдөр хуучин бүтэцтэй төрийн гараар хийх Марксист маягийн бүтээн байгуулалт биш хуучныг нураах Шюмпетерийн бүтээлч сүйрэл ба түүний орыг залгах шинэ бүтэц л хэрэгтэй. Тэгэхийн тулд хуучин тархиараа нэг их зарцуулалт хийгээд байхаа больж, шинэ үеийн хүүхэд залуусыг хайрцаглах гээд чичрээд байхаа л байчихмаар байна. МУИС ЭЗС зэрэг сургуулиуд ч дан Кэинс,  ДНБ-гээр зодохоо байж эдийн засгийг илүү амьд, эрчимтэй сөнөх ба бүтэх явц талаас нь заадаг болмоор байна. Бүтээлчээр сүйрүүлдэг бас бүтээж чаддаг гол дүрүүдээ бэлдмээр байна.

Бүтээлч сүйрлийн ч, бүтээлийн ч араас явж үзээгүй нийгмийн бүтээгдэхүүнүүд,  атар талхны араас алалцаж өссөн бидний өлөн үеийг бантагнаж байх зуур  алдаа оноотой ч ардчилсан нийгэмд компьютер, ухаалаг утас, интернэт хэрэглэж өссөн задгай сэтгэлгээтэй шинэ үе төрж байгааг алхам тутамдаа харж явна. Юун цэрэгт ачих. Эднийг барихгүй, хайрцаглахгүй, багахан саад болоод өгвөл Монголын нөөц боломжийг маргааштай нь  түгжээд гацсан хуучин бүтцийг бүтээлчээр сүйрүүлж шинийг бүтээнэ. Хачин гоё юм хийнэ. Өөрөөр сэтгэнэ. Дэлхийд гарна. Эднээс 500 мянган цэрэг татах гэхээс илүү тэгж сэтгэж байгаа тархи руу, болдог бол 500 мянган цэрэг оруулж их цэвэрлэгээ хийвэл зохих юм. Уг нь тархи руу дайлаар мордох боломжгүй бол биш, тэртэй тэргүй цаадуул чинь Фэисбүүк манаад сууж байгаа. Бидэнд цэргийн социализм, төрийн бүтээн байгуулалт, төсөв татварын дарамт биш эрх чөлөө, хуучныг сүйрүүлж шинэ бүтээх боломж, шударга ёс өг гэж 500 мянган дуу хоолой шаардаж чадвал тэр чинь хуучин сэтгэлгээтэй хийх шинэ үеийн армийн “дайн”, бүтээлч сүйрлийн эхлэл мөн.  Бүтээн байгуулахаас өмнө бүтээлчээр сүйрүүлэх хэрэгтэй юм Монголд их байна даа, номер нэгээсээ эхлээд.

 

arrow icon