Нийтлэл 01 сарын 29, 2018

У.Хүрэлсүхийн Засгийн газрын амлалт үлдсэн 880 хоногт

Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийнхээ хамт 100 хоногийн ажлын үр дүнгийнхээ талаар хэвлэлийн бага хурал хийж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдэж буй 880 хоногт дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. 

Засгийн газрын бодлогын төвд НЕФТЬ, ХҮНС, ЭРЧИМ ХҮЧ байна. 

Хос эдийн засагтай болох ёстой. Хос эдийн засгийн нэг тулгуур нь уул, уурхай. Нөгөө тулгуур нь хүнс хөдөө аж ахуйн салбар.

 

Хүнснийхээ хэрэгцээг дотооддоо бүрэн хангах, гадаадад экспортлох бүрэн боломж бий. Өргөн уудам газар нутгаа тариалан эрхлэхэд ашиглах ёстой. Атрын 3 дугаар аяныг үргэлжлүүлнэ. Малаа эрүүлжүүлэх ёстой. 

Эгийн голын цахилгаан станцын 2 усан цахилгаан станцыг барьж чадвал эрчим хүчээ дотооддоо бүрэн үйлдвэрлэж чадна. Багануурын цахилгаан станц, Шивээ-Овоогийн 5.3 МВТ чадалтай станц ашиглалтанд орвол Зүүн хойд Азид экспортлох боломж байна.

Бид дотооддоо нефтийн боловсруулах үйлдвэр барих ёстой гэдэг байр суурийг Засгийн газар баримталж байгаа. 20 жил ярьсан. Одоо ажил хэрэг болгож, эхлүүлж, үр дүнгийг нь үзэх хэрэгтэй. Монгол улс жилдээ 1.5 сая түүхий нефтийг экспортолдог. Тиймээс нефтиэ дотооддоо боловсруулаад хэрэглээг хангах бүрэн боломж байна. Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч боловсруулах үйлдвэр барих ёстой. Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн өсөлт уналтаас хамааралгүй болгоно.

Бодлогын төвд эрчим хүч, хүнс, нефть гэдэг гурван асуудлыг тавьж үзэж байгаа.

Баруун 5 аймгийг үлдэж байгаа 2 жилд дэд бүтцээр холбоно. Олон улсын автозамын сүлжээ  болох Улаанбайшинт-Ховд-Ярант чиглэлийн авто замын H4 сүлжээг оруулна.

Төмөр замын хувьд УБТЗ-ын техникийн шинэчлэлийг эхлүүлнэ. Тавантолгой Гашуунсухайтын төмөр замыг барих ёстой. Тавантолгойг цогцоор нь авч үзэж, бодлого боловсруулж байгаа. УИХ эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Таван толгойгоо ашиглах цаг болсон. Зүүнбаян-Ханх чиглэлийн төмөр замыг барьж эхэлнэ.

Агаарын тээврийг либеральчлах ёстой. Хөшигтийн хөндийд аль болох олон авиа компаниуд ажиллах бодлогыг барина. Аялал жуулчлал бол агаарын тээвэртэй холбоотой. Агаарын тээвэрт өрсөлдөөнийг бий болгож билетийн үнийг хямдруулна. Ингэж байж аялал жуулчлал хөгжинө.

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой.

2 хөрш болон гуравдахь хөрш, бусад олон улсын байгууллага, бусад байгууллагатай харилцан хамтын ажиллагаагаа хөгжүүлж, тэдний дэмжлэг туслалцааг авч эдийн засаг улсаа бүс нутгийн интеграцид оруулах ёстой. Евро Ази, Зүүн Хойд Азийн эдийн засаг, бизнес, худалдааны  харилцаанд Монгол улс идэвхитэй оролцох ёстой.

Жилийн орлого нь 1.5 тэрбум хүртэлх аж ахуй нэгжүүдийн татварыг 1 хүртэл хувь болгон бууруулахаар Сангийн яам ажиллаж байна.

127 цэцэрлэг, 93 сургууль барьснаар 3 ээлжийг бүрэн халж 2 ээлжид шилжүүлнэ. Энэ бол боловсролын салбарт хэрэгжүүлэх хамгийн том ажил.

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг тогтолцоонд шилжинэ.

Түүхий нүүрс Улаанбаатар луу нэвтрүүлэхгүй

Утаагүй Улаанбаатар 2020 төсөл хэрэгжүүлнэ. 2019 оны 4 сараас эхлээд ахуйн зориулалттай түүхий нүүрс оруулахгүй. Ард иргэд, аж ахуй нэгжүүд бэлтгэлээ сайн хангаарай. Ингэж чадвал утаа дор хаяж 50 хувиар багасна. 3200 бага оврын уурын зуух 1,2 сая тн түүхий нүүрс шатааж байгаа. Энийг 50 хувь багасгана. Нүүрс боловсруулах үйлдвэр байгуулна. 540 мянган тн нүүрсийг боловсруулж чадна гэж бодож байгаа. Засгийн газар 4 сард хуулийн төслийг өргөн барина. Улаанбаатарыг утаанаас гаргах хамгийн том арга бол орон сууцжуулах. БНСУ-аас ирсэн тусламжийн хөрөнгийг энэ асуудалд чиглүүлнэ. Энэ жилд 10000 айлыг ипотекийн зээлээр, 2000 айлыг түрээсээр орон сууцанд оруулна. Индукцийн аргаар утааны хорт бодис багасгах арга хэмжээ авна. Айлуудын янданд индукцийн аргыг ашиглана.

Цэвэрлэх байгууламжийн асуудлыг БХБ-ын сайд хариуцна. Говийг усжуулах төслийг судалж байна. Улаанбаатар хотоос гарч буй 250000 куб метр саарал усны 200000 куб метрийг хоолойгоор дамжуулан Өмнөговьд аваачих төсөл хэрэгжүүлнэ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon