Нийтлэл 02 сарын 28, 2018

Эрдэнэтийн 49 хувийг төрд авах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй

“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг шууд төрийн өмчид авахаар шийдсэн УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү хэмээн зарим иргэд цэцэд хандаж байсан. Харин өнөөдөр энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ. Цэц асуудлыг хянан  хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай уих-ын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ.

Цэцийн дүгнэлтээр:

Нэг. Монгол Улсын Их хурлын “Эрдэнэт” үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн тогтоол нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Үндсэн хуулийн 5.2 дахь хэсгийн төр нь хувийн өмчийн аливаа эрхийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, мөн зүйлийн 3 дахь хэсгийн өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. 16 дахь зүйлийн гурав дахь заалтын хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд, хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор үнийг төлнө. Үндсэн хуулийн 45 зүйлийн хоёр дахь хэсгийн Засгийн газрын захирамж, тогтоол нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно. 70 дугаарын зүйлийн нэг дэх хэсгийн Үндсэн хууль төрийн байгууллагын бусад шийдвэр хуульд үнэнээр нийцсэн байвал зохино гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

Хоёр. “Эрдэнэт” үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-гийн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчит авсан тохиолдолд "Монголиан коппер корпорэйшн" компанийн ОХУ-ын Ростех корпорацид уг 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэйг дурдсугай.

Гурав. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу дараагийн чуулган эхэлснээс хойш 14 хоногийн дотор хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай.

Сэтгэгдэл бичих

arrow icon