САЙН ААВ: Аав маань ажлын гараагаа жолоочоор эхэлж цахилгааны инженер хүртэл дэвшсэн

 "Сайн аав" булангийн энэ дугаарт С.Батжаргал хэмээх нэгэн хөдөлмөрч аавыг онцлон түүний охин Б.Дөлгөөнтэй аавынх нь  сайхан зан чанар,  үр хүүхдээ хүмүүжүүлсэн арга барилын тухай ярилцлаа.

Сайн байна уу. Аавыг тань хэн гэдэг вэ?

Сайн байна уу? Манай аавыг Санжжавын Батжаргал гэдэг

Бидэнд аавыгаа товчхон танилцуулаач?

Манай аав Улаанбаатар хотод  1964 онд төрсөн. Ээжээсээ 7-уулаа их өтгөн ам бүлийн дунд хүү. ЕБС-ийн 35-р сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд  тэр үеийн барилгын техникумд сурч дараа нь 1983-1986 онд цэргийн алба хашсан. Цэргээс халагдаж ирээд одоогийн Улаанбаатар цахилгаан  түгээх сүлжээнд жолоочоор ажилд ороод  Цахилгааны инженер хүртлээ дэвшиж 20 жил ажилласан. Цэрэгт жолоо барьж сурсан ба УБЦТС-нд ажиллаж байх хугацаандаа ажлаа чин сэтгэлээсээ хийдэг зэрэг нь үнэлэгдэн компанийн зардлаар ажлын хажуугаар ШУТИС-д  1997-2000 онд цахилгааны инженерээр баклавар зэрэг хамгаалсан.

Бага насны тухай дурсаач аавдаа хэр эрхэлдэг байв?

Би айлын ганц хүүхэд гэхэд эрх биш. Аав минь тэгж их эрхлүүлдэггүй. Хүссэн болгоныг авч өгөхгүй ч зөв юм хүсвэл авч өгдөг.

Аавын тань хамгийн сайхан зан чанар нь?

Аавын хамгийн сайхан зан чанар гэвэл манай аав хүнийг их хүндэлж харьцдаг. Хүнийг хүнийх нь хувьд хүндэл гэж байнга хэлдэг. Архичин ч бай ядуу ч бай хүн л бол хүн, хүндэтгэж харьцаж байх хэрэгтэй гэдэг. Манай аав өөрөө их амьдралын ухаан сайтай хүн. Зураг төсөлгүйгээр тархиндаа зураглаж хэмжээ авч байшин барина. Газарт унасан нэг хадаасыг ч авч халаасална. Хогоо ялгаж хаяна. Хүн сайн танина, ганц харсан, танилцаж байсан хүнээ мартана гэж байхгүй. Хүний утасны дугаар, машины дугаар цээжинд нь байдаг, гүйлгээ ухаан, заль ихтэй, ажлыг их сайн зохицуулж зохион байгуулна, түргэн шуурхай хөдөлгөөнтэй. Цаг барьдаг, үнэнч, хийсэн ажлаа ягштал хийж дуусгаж байж санаа нь амардаг. Хоёр жилийн өмнөөс аав байшин барьж эхэлсэн. Мөн гудамжны айлуудын бүх усны савыг нь цуглуулаад худаг руу усанд явдаг, ийм л сайхан сэтгэлтэй тусч энгийн нэгэн монгол эр хүн бий.

Аавын тань таныг хүмүүжүүлсэн арга барил?

Хүмүүжил гэх үү надад сургасан хамгийн том нэг зүйл бол өглөө эрт босох.Гурван жилийн өмнөөс намайг ажилд орсноос хойш өглөө эрт босгож сургасан. Ажлын цаг гэдэг бол ажилдаа амжиж очихын нэр биш, харин эртлэн оччихоод ажилдаа бэлдээд эхлэх гэдэг бол ажлын цаг гэж сургасан. Одоо би ажлын цагаас гучин минутаас цагийн өмнө эрт очдог. Аав маань намайг магтана гэж бараг байхгүй. Ер нь эрхлүүлдэггүй, буруу юм хийсэн бол ахиж алдахгүй болтол минь их зэмлэнэ, шүүмж их хэлнэ. Харин надаас өөр жишээ нь манай хамаатнууд ажлынхан гэх мэт хүмүүст их магтдаг юм байна лээ.   Ер нь хатуу арга барилаар хүмүүжүүлсэн гэхэд болно.

Аав тань танд юуг чухалчлан захидаг вэ?

Хүнд эзэмшсэн боловсролоос илүү хүмүүжил тухайн хувь хүнийг илүү тодорхойлдог. Харин би өөрийгөө хүмүүжлээрээ хаа ч гологдохгүй гэдэгтээ 100% итгэлтэй байдаг. Аавын хэлж захисан сургааль, хүмүүжүүлсэн хүмүүжил маань намайг ямар ч хүнтэй зөв боловсон хүндэтгэлтэй харьцахыг, хар бор ажлыг гололгүй хийхийг, аравхан минут унтаад босож сурахыг, эртхэн босоод ажлаа хурдан амжуулахыг, цагаа хэрхэн хуваарилж хэрхэн олон ажил амжуулж болохыг зааж амьдралын ухаанд сургасан.

Аав тань таныг хэрхэн дэмждэг вэ?

Аав маань  эхлээд хийж буй зүйл, зорьж байгаа зорилгын хамгийн болохгүй талыг маань эхэлж надад хэлдэг. Энэ нь намайг сэтгэлээр унагаах гэсэндээ бус хийж буй зүйлийнхээ бэрхшээлтэй тулбал энэ бүхэн нь нуран унавал сэтгэл зүйн бэлтгэлтэй бай гэсэн үг л дээ. Гэхдээ аль хэзээний миний санааг дэмжээд эхний алхам хийхэд маань бэлдчихсэн байдаг. Үргэлж том зүйл зорьж, хэцүү алхам хийж бэрхшээлтэй тулахад зоригтой байдаг. Яагаад гэвэл миний ард аав минь бий гэж боддог.

Аавыгаа хэр олон удаа гомдоож байв?

Хүн ер нь жаахан нас яваад ирэхээрээ хүүхдэрхүү зантай болдог юм шигээ. Сүүлийн үед аав маань их гомдомтгой болоод байгаа, утсаар ярихгүй удвал, очихдоо чихэр шоколад дуртай юмыг нь авч өгөөгүй байвал гээд жижиг сажиг зүйл дээр ч тэр санаандгүй байж байгаад гомдоодог байх. Аав ээж хоёрыгоо аль болох гомдоохгүй байхыг хичээдэг өдий 20 гарчихаад аавыг битгий оройт, найзуудтайгаа битгий уулз гэсэн үед үгэнд нь ордог.

Сайн аав байна гэдэг таныхаар?

Сайн аав гэдэг бол хүүхэддээ хүссэн үед нь амттаныг нь авч өгдөг биш уйлуулаад ч хамаагүй шүдийг нь хамгаалдаг, үргэлж магтаж сайшааж урмаар бялууруулдаг биш хатуу ч гэсэн үнэн үгээр алдааг нь хэлж өгдөг, өдөр бүр үнсэж эрхлүүлэхгүй ч сэтгэлээр унасан амьдралын бартаанд төөрсөн үед  халуун тэврэлтээр төөнөдөг хүнийг, холоос хол хүсэл мөрөөдлөө даган нисэхэд жигүүр нь богинодох үед өөрийн өд сөдөө хайр найргүй өгдөг хүнийг л хэлнэ. Аав бол миний хувьд хүсэл мөрөөдлийн жигүүр, амьдралын жолооны курсын багш, өвдсөн үед сэтгэлээрээ ивж уруулаа дэвсэх түргэний эмч, баярлан задарч явахад минь дэврүүн сэтгэлээрээ хэрэгт орооцолдохоос хамгаалах цагдаа,

 Аавтайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

Олон хоног уулзаагүй байж байгаад аавындаа очоод аавын бондгор гэдсэнд хөлөө хийгээд номоо уншаад хэвтэх бол жинхэнэ жаргал шүү дээ. Аавтай өнгөрүүлж буй амьдралын минь хором бүр миний дурсамж

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5120

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%