“Монгол ухамсар” юун дээр тогтох вэ?

Мэдлэггүй хүмүүс аливаа сайн сайхан, үнэт зүйлүүд нэг л ер бусын, ид шидийн газраас санаанд оромгүй байдлаар ирдэг хэмээн итгэдэг. Мэдлэггүй хүмүүст бүх зүйлс  ид шидийн байх ба хувь заяа, заяа төөрөг гэсэн хаанаас ч юм нэг айхтар чадалтай нөхөр бүх амьдралынх нь зургийг аль эрт зурчихсан байдаг учир одоо юу ч хийгээд нэмэргүй, заяа төөрөг л юм байлгүй гэж өөрийн болон өрөөлийн амьдралыг үрэн таран хийнэ.

Мэдлэггүй хүн юуг ч нандигнан хайрлахгүй. Яагаад гэвэл өөрийнх нь эргэн тойронд байх сайн сайхан, нандин зүйлс өөрөөс нь хамааралгүйгээр урган гарч ирсэн зүйлс учир буцаад яваад одсон гэвэл бас л өөрт огт хамаагүй хувь заяа гэх өнөөх шидтэний л зурсан зургийн дагуу бүх зүйлс явах зам мөрөөрөө явж байна гэж өөрийгөө тайвшруулна. Мөн өрөөлийг хохирооно.

Мэдлэг, эрдэм, моралаас  үүсэлтэй сайн сайхан, үнэт зүйлс, эх орон гэх ойлголтуудыг хүн бүтээсэн, хүн л арчилж,  засч залруулж явдаг

гэх хүний ертөнцийн туйлын үнэнг мэдээгүй яваа учир Монгол хүний хувьд нандин бүхэн нь хожимдож ирдэг, эсхүл амьдралын нандин бүхнээ хожимдож ухамсарлах учир энэ ухаарал бас л ер бусын, санаанд оромгүй газраас ирдэг.

Өнөөдрийн Монгол орон муу байгаа нь хэнээс болсон бол? Монгол хүн ядуу доройгоороо доромжлуулж, тэнэг мал, оркоороо дуудуулж, амьтны гэдэс ялгадсаар өл залгах хэмжээнд хүрсэн нь хэнээс болсон бол?

Монголчууд яагаад нэг нэгэндээ ахан дүүс шиг хүндлэлтэй хандаж, хамтдаа сайхан амьдарч чадахгүй байна вэ?

Монголын Эзэнт Гүрэн гэх агуу түүхийг бүтээж, хүн төрөлхтний хүндлэлийг олсон ард түмэн өнөөдөр харийн олон шашны өмнө ухаан алдан унаж, сүсэг бишрэлийн хувьд нийт масс нь хэдэн үе дамжин түвдийн шашны боол болсон. Өнөөдөр Монгол хүн мөнгөн дэвсгэртийн өмнө сөгдөж, төр, эх орон цаашлаад гэр бүлээ ч  худалдахад бэлэн байна. Энэ бүгд хүний л бүтээсэн зүйл. Мэдлэг, мөнгө тэр ч бүү хэл шашныг ч хүн л бүтээсэн нь бодит үнэн. Хүн бүтээсэн бол бас устгаж, сөнөөж чадна шүү дээ.

Гэтэл Монголчууд хүний бүтээсэн мэдлэгт суралцах моралыг эзэмшээгүй учир тэдгээрийн өмнө боол мэт сөгдөж, нэгэнт бууж өгчээ. Сайн сайхан, үнэт зүйл, морал зэргийг ид шидийн мэт ойлгоно. Цаанаасаа заяа төөрөг нь зурагдсан нөхдүүд л сайн сайхныг олж, амгалан тайван амьдрах боломжтой, би урьд төрөлдөө хийсэн нүглээсээ болоод ингэж бүтэлгүйтэж явна, дараа төрөлдөө гүрвэл болж төрөхгүйн тулд энэ насандаа гандан орж сайн ном уншуулъя гэж мухар сүсэглэнэ.

Бидний эргэн тойрны бүхий л зүйлс ер бусын, ид шидийн, санаанд оромгүй байгаа нь Монголчууд хүн төрөлхтний бүтээлүүдийн эзэн биш боол байгаагийн илрэл. Ид шид, ер бусын, санаанд оромгүй зүйлүүд хүүхдийн номонд л байдаг гэдгийг ухаарах цаг ирсэн.

Бусдын бүтээсэн зүйлийг ойлгох чадваргүй, ойлгохыг хичээх моралгүй бол бусдыг хүндлэх боломжгүй, бусдын хөдөлмөрийг хүндлэх, нандигнах боломжгүй. Нийгмийн хамтын амьдрал нь нэг нэгнийгээ харилцан хүндлэх гэсэн энгийн үнэт зүйл дээр тогтохоос биш ид шид байж боломгүй.

Мэдлэг бол хүч” гэсэн Английн соён гэгээрүүлэгч Франсис Бэйконы онолыг ойлгосон хүн байхгүй боловч, бүгд л өөрийгөө сэхээтэн гэж өргөмжилнө. Мухар сүсгийн өмнө сөгдөн унасан сэхээтнүүд Монголоор дүүрэн. Монголд яагаад шинжлэх ухаан хөгжихгүй байгаа учир маш энгийн. Шинжлэх ухаанд суралцаж, тэр талаар ойголт авсан хүмүүс  мухар сүсэг, ид шидэд итгэдэг байхад яаж ч шинжлэх ухаан хөгжих вэ манай оронд.

“Санаа нэг бол заяа нэг” гэж Монгол сайхан үг байдаг. Монголчуудын санаа  нэг, заяа ч нэг байх ёстой хэмээн бидний өвөг дээдэс  үеэс үедээ захиж ирсэн биз.

Гэтэл Монгол хүний төлөө биш шинжлэх ухаанаар бид яах вэ? Монгол хүний төлөө биш шашин, мухар сүсэг газар авсаар. Монгол хүнийг хар тамхи адил сорж, мунхруулж байгаа нь Монгол хүний зөвийн эсрэг гэмт хэрэг бус уу? Монгол хүний сайн сайхны төлөө биш төр засгаар бид яах билээ? Ерөөсөө Монгол хүний төлөө биш бол тэр Монголын төр биш. Одоо харин төр л нэртэй сүнсгүй хулгайч чөтгөр байна гэдгийг ухаарах цаг болсон биш үү?

Ард түмний амьдралыг сорж, хар тамхи мэт мансууруулах мухар сүсэг, мухар сүсэгт нэвт шингэсэн шашны худал хуурмагийг дэлгэн тавьж, ард түмнээ мухардлаас аврахгүй юм бол мэдлэг, шинжлэх ухаанд юунд суралцав, сэхээтэн гэж хоосон цол хүртэх хэрэг юун? Зөвхөн би л мэдсэн шүү гэж шоудах зорилготой юу? Яг үнэндээ мэдэж чадсан уу? Зүгээр л цээжилчихэв үү?

Мэдлэг бол хүнээс хүнд дамжиж байж л жинхэнэ мэдлэг болдог зүйл. Өмнөх үеийнхэн мэдэж байсан. Дараа үеийнхэн алдаа дутагдлыг нь засч, улам сайжруулдаг. Ганц хүнээс цоо шинээр, ор үгүй хоосноос бүтээсэн мэдлэг гэж байхгүй. Хэн нэгэн, хаа нэгтээ аль хэдийн бодоод олчихсон л байж таараа. Хэн нэгэн нь хэн нэгнээс санаа авсан, эсвэл тэд хамтран, нэгдэж нэг санаанд хүрсэн л байж таараа. Өөрөө л мэдэж чадаад, бусад хүн мэдэх боломжгүй мэт аашлах нь өнөө ид шидийн ертөнцөөс  салж чадаагүй хүүхэд л байна гэсэн үг.

Монгол хүний санаа нэг. Монгол хүний заяа ч нэг байх ёстой. Заяа нэгтэй, санаа нэгтэй Монгол ухамсраа сэргээж, нандин бүхнээ ухамсарлаж, хүний бүтээсэн мэдлэгт сөгдөх биш, харин мэдлэгийг Монгол хүний төлөө ажиллуулах тэр л ухамсраа бид сэргээх хэрэгтэй байна.

Өнөөдрийн Монгол улсад моралын гамшиг нүүрлэсэн нь нийгмийн сэхээтнүүд, мэдлэгтнүүд мухар сүсэг, бялдуучлагч, хулгайчдын өмнө боол мэт өвдөг сөгдсөнөөс нийгмийн ухамсар баларч, муу муухай бүхэн борооны дараах мөөг шиг олширсонтой шууд холбоотой.

Мэдлэгийн морал бол дан ганц мэдлэгийг хэрхэн сурсандаа биш мэдлэгээ хэрхэн нийт нийгмийн төлөө, ард түмнийхээ төлөө ашиглаж, сайн сайхан ирээдүйг бүтээх вэ гэдгийг л хэлдэг.

Бурхангүй газар бумба галзуурна гэдэг шиг моралгүй газар ид шид, ер бусын,  хувь төөрөг ярьсан нөхдүүд жинхэнэ мэдлэгтэн болж андуурагдах аюул бий.

“Моралтай Монгол” Сан

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3252

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%