Нийтлэл 03 сарын 29, 2018

БИ САЙН ЭЭЖ: Манай хүүхдийн амьсгалж байгаа нь мэдэгдэхгүй байна гээд их сандардаг байж билээ

Би сайн ээж булангийн энэ удаагийн дугаарт таван сайхан хүү төрүүлж өсгөсөн Цэнд-Аюушын Лэгжмаагийн үр хүүхдээ өмгөж хүмүүжүүлсэн туршлагаас хуваалцъя. 

Сайн байна уу. Та бидэнд өөрийгөө танилцуулаач?

Цэнд-Аюушын Лэгжмаа. Увс аймгийг Хяргас суманд 8 хүүхэдтэй айлын хоёрдахь охин болон мэндэлсэн. Одоо 43 настай. 2008 оноос хойш Дархан шиджин ирж суурьшаад хувийн бууз, баншны үйлдвэрт ажиллаж байна. Таван хүүхэдтэй. Бага хүүхэд маань одоо гурван сартай.

Хамгийн анх хэзээ ээж болж байв. Анх ээж болоод нэлээд будилж байсан болов уу. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?

Би анхны охиноо 22 настай төрүүлж байсан. Нөхөр бид хоёр хөдөө байсан. Охин маань хөдөө гэрт төрөөд нутгийн 76 настай эмээ өлгийдөж авч байсан юм. Тэгээд эмнэлэгт очиход хөх маань бүүр чангараад л цээж тэр чигтээ өвчин болж суганы булчирхай цочоод их л сандаргасан. Удалгүй ээж маань ирээд уураг нь зангирсан байна гээд сааж өгч байсан. Тэгээд л нэг юм тайвширсан даа. Гэхдээ бас л нэг л түгшүүртэй. Гэртээ ирээд л охин маань уйлж байснаа чимээгүй болчихоор айгаад л. Дэмий л нөхрөө сэрээгээд хажуу айлын эгч дуудуулаад эгчид “Манай хүүхдийн амьсгалж байгаа нь мэдэгдэхгүй байна” гэсэн чинь юугаа яриад байгаа юм бэ унтаж л байна шүү дээ гээд загнуулдаг байж билээ.

 Монголчуудын дунд гурван хүү дараалан төрүүлсэн эмэгтэй дархан бэр хэмээн хүндэтгэдэг шүү дээ. Энэ талаар юу гэж боддог вэ?

Би олон сайхан охидтой. Охин хүү ялгаагүй хүүхэд бол хайрын бурхан шүү дээ. Ер нь 3 хүү дараалан төрүүлсэн бэр хадам талынхаа гал голомт удам сударыг бүрэн эзэмшиж хадамынхаа бэр биш хүүг нь орлодог юм байна. Тийм учраас хадам талын ах дүүс бэрээ дархалдаг юм билээ. Гурван хүү дараалан төрүүлсэн эмэгтэй хүн их цэвэр ариуханд тооцогддог учир хүүхэд төрүүлдэггүй эмэгтэй хүн хормойноос нь адис авч хүүхэд болохыг хүсдэг юм гэсэн.

Олон хүүхэд өсөгөхөд мэдээж бэрхшээл их байх?

 Байлгүй яах вэ. Хүүхэд бүр өөр өөр зан ааштай. Өвчлөвтгий, уйлхай гээд л бүгд л өөр өөр зан араншинтай. Наад зах нь хувцаслах, хооллох, гээд л хүүхэд бүрт анхаарал хандуулах шаардлагатай. Ер нь тэгээд ээж байна гэдэг чинь эмч, угаагч, үйлчлэгч, асрагч, тогооч гээд л бүх л мэргэжлээр сайн дураараа ажиллана. Хүүхдүүд арай жаахан том болж сургуульд суралцахаар багш болно. Арван зургаан нас хүрэхээр нь зөвлөгч, сэтгэл зүйч болно. Сургуулиа төгсөөд насанд хүрээд ирэхээо нууцыг хадгалагч, тагнуулч, ирээдүйд ээж, аав болоход нь бэлтгэх гээд л ээж байх үнэхээр сонирхолтой шүү.

Манайханы хүүхдээ хүмүүжүүлэх арга барил их энгийн шүү дээ. Таны хувьд хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

 Тийм шүү. Хүүхдээ ээж аав ямар хүмүүжилтай өссөн байна түүний адилаар төлөвшдөг гэж би боддог. Үүнээс гадна олуулаа өссөн хүүхэд ганцаараа өссөн хүүхэд зан аашны хувьд их өөр. Би ах дүү наймуулаа. Эгч нь эгч шиг ах нь ах шиг байр суурьтай хүмүүжсэн. Олуулаа өссөн хүүхэд их нийтэч тусархаг хөдөлмөрч болдог. Тиймээс би хүүхдүүдээ үнэнч шударга ажилч хичээнгүй хийж байгаа зүйлдээ хянамгай хариуцлагатай, анхааралтай болгоомжтой байх хэрэгтэй л гэж хэлдэг дээ. Ер нь байгаагаа зохицуулаад өмсчихдөг, хоолоо өөрөө хийгээд идчихдэг хувцасаа тохируулаад өмсчихдөг л болгож хүмүүжүүлэхийг хичээдэг. Ямар дээд сургууль төгссөн боловсролтой мэдлэгтэй байсан ч хувь хүний хариуцлага, аливаад хандах хандлага чимбай байх ёстой. Гэрийн ажил хийж сурах хэрэгтэй. Амьдралд дээр сурсан мэдсэн бүхэнд ямар ч хүнд хэзээ ч хаана ч хэрэгтэй. Мөн зөв хүн болж төлөвшихөд чиглүүлж өгдөг гэж би боддог. Ялангуяа охидууддаа гал тогооны ажил үргэлж чамтай хамт байна гэж хэлдэг.

Хүүхдүүддээ юуг их захиж хэлдэг вэ?

Үнэнч шударга хаана ч очсон биеэ зөв аваад явах чадвартай бай. Өөрөөсөө ахмад хүнтэй болон найз нөхөдтэйгээ хүндэтгэлтэй хандаж үргэлж мэнд устай явах хэрэгтэй гэж хэлдэг дээ. Хүнийг хувцасаар угтаад ухаанаар үддэг гэдэг үгийг байнга хэлдэг. Аль алинаар нь хүмүүст үнэлэгдээсэй гэж хүсдэг болохоор. Мөн хийж буй зүйлдээ хариуцлагатай үүргээ сайн ойлгож болж өгвөл алдаа багатай юм хийж бай л гэж үргэлж захидаг.

Хүүхдүүддийнхээ авьяас чадварыг хэрхэн дэмждэг вэ. Мэргэжил сонголтонд нь нөлөөлдөг үү?

Дэмжилгүй яах вэ. Хүүхэд бүр өөр өөр сонирхолтой. Юу илүү сохирхож байна юундаа илүү сайн байна гэдгийг нь ажиглаж байгаад түүнийг нь чадах чинээгээр нь дэмждэг юм. Манай том охин их нямбай хийх гэж байгаа зүйлдээ анхаарлаа бүрэнд хандуулдаг. Тийм учраас нягтлангаар сургаж байна. Өөрөө ч дуртай байгаа. Дараагийн охин аливаа зүйлийг сурахдаа их хурдан арга эвийг хурдан олдог учир цэцэрлэгийн багш болно гэсэн. Дараагийн охин маань и эрэгтэйлэг. Чөлөөт бөхөөр хичээллэдэг. Орсон тэмцээн болгоноос медальтай ирдэг. Одоо ч гэсэн цахилгааны ангид сурдаг. Хүү маань гуравдугаар ангид сурдаг. Тоо бодох их дуртай сэтгэн бодох чадвар нь сайн гэх мэт хүүхэд бүрийн сонирхолыг анхаарч мөнгө санхүү эд материал талаас ч тэр сэтгэл санаа урам зоригоор их дэмждэг.

 

Залуу ээжүүдэд хандаж юу хэлэх вэ?

Хүүхдээ ганц нэг гэхгүй нийтэч хүнээс үг сонсдог хүнийг хүндэлдэг үнэнч шударга хүүхдэд хэлдэг үг хэлдэггүй үг, хийж болдог зүйл, болдоггүй зүйл гэдгийг л сайн ойлгуулах хэрэгтэй. Бурмаар биш урмаар тэтгэж, мөнгөөр биш ухаанаар бүхнийг шийдэж болдог гэдгийг сайн ойлгож байгаарай гэж хэлье дээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon