Нийтлэл 04 сарын 30, 2018

ИРГЭДИЙН ШААРДЛАГА: Хотжилт нэрээр гишгэх ч газаргүй боллоо

Бид Баянзүрх дүүрэг дэх сургууль цэцэрлэгийн гарц хааж баригдсан гаражаас болж сурагчдын эрх, аюулгүй байдал зөрчигдөж байна гэсэн иргэдийн гомдлын дагуу дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Гэтэл Улаанбаатар хотод барилгаа дагаж зам тавигддаг жишиг тогтсон. Тэнд шинэ хотхон, шинэ үйлчилгээний газар нээгдэхэд л тэр зүг рүү зам тавигдаж, ойр орчим цэцэрлэг, сургууль, гараж зэрэг хүний хэрэгцээт зүйлүүд бий болдог. Гэхдээ энэхүү хүний хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай зүйлүүд ч хэрэггүй газраа байрласан бол аливаа эрсдэл хохирлыг үргэлж дагуулж байдаг. Манай улсад гэрэлтүүлэг, камер, хашаа зэрэг иргэн хүн аюулгүй зорчих баталгаа болох зүйл нэлээд асуудалтай. Тиймээс эмэгтэйчүүд, хүүхдүүд гэмт хэрэг аюул осолд үргэлж өртөж байдаг. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ гэгчээр гэмт хэрэг аюулд осолд өртөх орчин нөхцөл нь үргэлж бэлэн байдаг нь өнөөгийн нийгмийн үнэн төрх. Харанхуй гудам, хальтаргаатай зам, гарц хашлагагүй замууд...

Манай улсад хүүхдийн эрх алхам тутамд зөрчигдөх болсон. Гэр бүлийн орчинд төдийгүй нийгмийн амьдралд ч тэдний эрх зөрчигдөж буй нь олон сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүйн дээр тоглох талбайгүй байгаа нь ч үнэн. Одоо бүр тоглох талбай битгий хэл сургууль цэцэрлэгтээ явах ч замгүй болж байна. Тодруулбал та бүхний харж буй энэхүү  гараж нэгдүгээрт, сургууль цэцэрлэгийн орц гарцан дээр байрласан, хоёрдугаарт, нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан, гуравдугаарт, албан ёсны  зөвшөөрөлгүй, дөрөвдүгээрт, 33-р сургууль зам тээврийн осол  аюултай 5 сургуулийн тоонд орсон байгаа юм.

Нийслэлийн 33-р сургуулиас хүүхэд, эцэг эх, багш ажилчид баруун тийш гарахдаа та бүхний харж буй энэхүү  гаражны дундуур явдаг. Сургууль 3000 гаруй сурагч 160 багш ажилчидтай. Мөн энэхүү гараж 61-р цэцэрлэгийн хойд гарцыг ч хаасан байгаа юм. Тус цэцэрлэг нь  300 хүүхдийн хүчин чадалтай ч 600 хүүхэд хүлээн авсан. Мөн л цэцэрлэгийн хүрэлцээ муу учир ингэж олон хүүхэд авсан хэрэг.

 Эндээс харахад хүүхэд багш ажилчид мөн бага ангийн хүүхдүүдийн ээж аав, цэцэрлэгийн хүүхдүүдийн ээж аав нарын 60% нь нөгөө талаас орж гарна гээд бодоход өдөртөө энэ гарцаар доод тал нь 1000 гаруй хүн нааш цааш явган зорчиж байна. Гэтэл энэ газар өвөлдөө хальтиргаатай, хавар намар сул шороо боссон, эргэн тойрон хог шороо, булан тохой бүрт шээс, ялгадас ч байх энгийн үзэгдэл. Бүр цаашилбал шөнө орой охид бүсгүйчүүд цүнхээ дээрэмдүүлдэг, утсаа шүүрүүлдэг энэ аюултай гарцыг анхааралдаа авч, хүүхдэд ээлтэй орчин болгох шаардлагатай байна.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon