САЙН ЭЭЖ: Би өөрөө ээжийгээ эрт алдаж, элэг эмтэрч өссөн болохоор үр хүүхдүүддээ энэ зовлонг мэдрүүлэхгүйн тулд эрүүл мэнддээ их анхаардаг

"Сайн ээж" булангийн энэ дугаарт Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн менежер Лувсандамбын Мядагсүрэн гэх эмэгтэйтэй ярилцсан юм. Түүнтэй уулзах гээд өрөөгөөр нь ороход анагаахын оюутнууд суучихсан түүнээс хийх даалгавраа авч байсан юм. Хүүхэд бүрт хандаж хийж ёстой ажлыг нь нэг бүрчлэн зааж, сар давхардуулахгүй хариуцлагатай байхыг сануулж байсан Мядагсүрэн эгчид арай гэж зав гаран тухтай ярилцах өрөө хайж явах хооронд л хэд хэдэн хүн таарч "Мядагаа эгч ээ энийг яах уу тэрийг яах уу", "өө тэр болсон баярлалаа",  гэх мэтчилэн ярьж Мядагаа эгч ч таарсан хүн бүртээ тун найрсаг харьцаж, асуусан хариулт бүрт чин сэтгэлээсээ хариулж байгаа нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм.

Сайн байна уу.  Та бидэнд өөрийгөө танилцуулаач. Таны ажлын гараа хэдэн оноос эхэлж хэзээ хүний гэргий болж ээж болсон бэ?

Би их олон хүүхэдтэй айлын бага охин. Олуулаа бужигнаж, бие биедээ тус дэмтэй их сайхан өссөн. 1984 онд  40-р дунд сургуулийг төгсөж Анагаах ухааны дунд сургуульд сувилагч мэргэжлээр хоёр жил суралцаж 1986 онд төгссөн. Ингээд 1987 оноос хойш одоо хүртэл улсын гуравдугаар төв эмнэлэгт  32 дахь жилдээ ажиллаж байна. Сайхан хамт олон, сайхан эх орон минь надад үргэлж сайн сайхан бүхнийг мэдрүүлж байдаг. Эдгээрээс хамгийн сайхан нь миний хань үр хүүхдүүд минь шүү дээ. Би анх ханьтайгаа 1991 онд танилцаж гэр бүл болоод хамгийн анхны охиноо 1992 онд, дараагийн охиноо 1996 онд ингээд гурав дахь охиноо бүүр дөч гарсан хойноо төрүүлээд одоо гурван сайхан охинтой ийм л ээж байна даа.

Та сувилагч мэргэжилтэй шүү дээ. Тун удахгүй сувилагчдын баяр болох гэж байна. Сувилагч мэргэжлийн онцлогоос бидэнтэй хуваалцаач?

 Тийм ээ. Одоо 12-нд сувилагчийн баяр болно. Энэ ташрамд ажлын хамт олондоо намайг үргэлж дэмжиж тусалж байдагт талархлаа илэрхийлээд та бүхэндээ сувилагчийн баярын мэндийг дэвшүүлье. Хүн зоны эрүүл мэндийн манаанд зогссон сувилагч мэргэжил чинь хамгийн гэгээн хамгийн сайхан бас дээр нь хэцүү мэргэжил шүү. Мэдээж ажил, амьдрал жигдэрнэ гэдэг их сайхан. Хүнд боловсрол мэдлэг гэдэг хамгийн чухал  бас нэг нэр хүндийн илэрхийлэл болсон зүйл байдаг. Ирээдүйн ажлаа зөв сонгоод өөрийн сонгосон салбартаа чин шударгаар ажиллана гэдэг их сайхан шүү дээ. Миний хувьд ажлаа хийхдээ үнэхээр жаргалтай байдаг. Манай тасаг түргэн тусламжийн тасаг учир үргэлж бэлэн байдалд байх шаардлагатай. Цаг наргүй ажиллана, хэн ч хаанаас ч ямар ч нөхцөл байдалтай ирж болно. Энэ бүхэнд бэлэн байх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр гэртээ зарцуулах цаг зав жаахан хомс л байдаг. Үүнийг миний хань гэр бүл маань их сайн ойлгож дэмждэг.

Гэртээ байгаа үедээ ээж хүнийхээ хувьд юу хийх дуртай вэ?

Маш их ачаалалтай ажилласны дараа үнэхээр их ядардаг. Гэвч үр хүүхдүүд хань ижлийнхээ инээд хөөр, цог золбоог хараад л сэргэх шиг болдог. Би сайхан цай чанах дуртай. Хүүхдүүд маань ч их дуртай. Жаахан шар тос орхиж байгаад л банштай цай хийж уугаад, гэрээрээ хөгжилтэй зүйлс ярилцаад суух гоё шүү. Хүүхдүүд маань үүнийг их үгүйлдэг. Их цайсаг хүүхдүүд.

Таны бодлоор ээж байх, эмэгтэй хүн байхад хоёрын ялгаа байдаг уу?

Мэдээж их ялгаатай. Ээж болохоор эмэгтэй хүн их өрөвч, зөөлөн болдог юм билээ. Уйлсан  хүүхдийг ч өрөвдөөд л, хөгшин настай хүн өвдөж байхыг хараад өрөвдөөд л уйлдаг. Ялангуяа төрсний дараа хүүхэд өвдөх үед их хэцүү. Энэ үед ч уйлна. Харьцангуй эмнэлгийн салбарын бид чинь сэтгэлийн тэнхээтэй хатуужилтай байх ёстой хүмүүс. Мэргэжил маань ч тэгж шаарддаг. Гэхдээ л ээж болоод ирэхээр илүү зөөлөн, илүү уян болдог юм билээ. Ээж болоогүй байхад илүү цаг зав ихтэй, сурах хөгжих бүх боломж нээлттэй гэх зэрэг давуу талууд бий ч ээж боллоо гээд энэ бүхэн хоригдож байна гэсэн үг бас биш.

Таны ээжийн талаар бас ярилцъя. Таны ээж ааваасаа авсан суурь хүмүүжил?

Аав ээж маань биднийг их сайхан хүмүүжүүлсэн. Харамсалтай нь ээж маань намайг бага ангид байхад бурхан болсон. Дараа намайг 20 настай байхад аав минь бурхан болсон. Хэдийгээр эгч нь ээжийн хайрыг хангалттай том болтлоо мэдэрч чадаагүй ч ээжийнхээ надад хэлж сургаж байсан, эгч ах нарыг маань хүмүүжүүлж байсан арга туршлагаас нь авч үлдсэн юм бий. Одоо ингээд түргэн тусламжийн тасагт ажиллаж байхад олон сайхан настай буурайнууд хүнд, хөнгөн янз бүрийн хэлбэрээр өвдөөд ирдэг. Энэ үед их өрөвддөг бас ээжийгээ их санадаг. Ээж минь байсан бол гэж бодох ч үе бий. Бас охидоо төрүүлэх гээд эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа ч ээжийгээ санадаг. Хорвоо дээрх хамгийн үнэн хайр бол ээжийн хайр шүү дээ. Би өөрөө ээжийгээ эрт алдаж, элэг эмтэрч өссөн болохоор үр хүүхдүүддээ энэ зовлонг мэдрүүлэхгүй тулд эрүүл мэнддээ ч их анхаарч байна.

Таны охидын талаар ярилцъя. Хүүхэд тус бүрийн онцлогт тааруулж тэдэнтэй ярилцана гэдэг бас их амар ажил биш байх?

Бага охиноо их хожуу гаргасан болохоор их эрхлүүлнэ. Аав бид хоёрыгоо хаашаа л явна хамт явна л гэж үзнэ. Том охин маань анагаах ухааны их сургуулийг их эмч мэргэжлээр төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаад мэргэжлээ дээшлүүлж, нарийвчлан суралцахаар мэдрэлийн чиглэлээр суралцаж байна. Их зөөлөн, эрч хүчтэй, тууштай охин. Дунд охин маань яг л аавыгаа дууриасан. Эршүүд, шулуун шударга зантай, хошин шогийн мэдрэмжтэй үргэлж л хөгжилтэй юм ярьж хүнээр тоглож явдаг. Би дунд охиноороо их бахархдаг. Оюутан байхдаа яг л хүүхэдтэй хүн шиг дүүгээ хараад л дүүгээ сургуульд хүргэж бас авдаг ар гэрийн ажил бүгдийг зохицуулдаг. Миний хүүхдүүд ер нь бүгд л аав ээждээ тус дэмтэй бахархмаар хүүхдүүд шүү.

Та хүүхдүүддээ юуг чухалчлан захидаг вэ?

Хүүхэд өндөр настай хүнийг хүндэлж боломжоороо тусалж байгаарай гэж захидаг даа. Санаа сайн бол заяа сайн гэж сайхан зүйл бодож сайхан бүхнийг хийж явахад амьдрал өөрөө аяндаа тэгширдэг юм. Хамгийн гол нь хийж буй зүйлдээ л чин сэтгэлээсээ итгэл үнэмшилтэй хандах ёстойг л ойлгуулахыг хичээдэг. Аль болох өөрийн биеэр үлгэрлэдэг дээ.

Охидынхоо мэргэжил сонголтод нөлөөлсөн үү?

Хүүхдүүдтэйгээ энэ тухай ярилцдаг. Гэхдээ чи ийм мэргэжилтэй бол ингэ тэг гэж тулгадаггүй. Том охин маань өөрөө эмч чин эрмэлзэлтэй байсан. Би өөрөө эмнэлгийн салбарын жаргал зовлон мэддэг хүний хувьд охиндоо эмч мэргэжил урт хугацаанд сурна, хариуцлага өндөр гээд дутагдлуудыг нь хэлж үзсэн ч охин тоогоогүй. Хүүхдүүд юу хүснэ түүнийгээ хийхэд зөв буруу хамаагүй туршиж үзээд л алдаа оноогоо өөрөө олдог юм билээ.

Хүүхдүүдийнхээ авьяас чадварыг яаж дэмждэг вэ?

Дэмжнээ. Охид маань бүгд өөр өөрийн гэсэн хөөрхөн авьяастай. Ялангуяа спорт талдаа сайн. Сагс, гар бөмбөг сайн тоглоно.  Том охин мань англи хэлтэй. Өөрсдийнх сонирхож байгаа зүйлсийг аль болох чадлаараа дэмжинэ. Нэг зүйл анзаарахад спортоор хичээллэж байгаа хүүхдүүд их биеэ дааж, хичээнгүй тэвчээртэй болдог юм билээ.

Сайн ээж байна гэдэг ямар ээжий хэлэх вэ таны бодлоор?

Ээж  хүн өөрөө их сайн хувь хүн болж төлөвшсөн байх хэрэгтэй. Дараа нь ээж болох сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үр хүүхэд хань ижлээ халамжлана, өөрийгөө хөгжүүлэх боловсруулах тал дээр анхаарах зэрэг тал талын олон төрлийн ажлыг л амжуулдаг бол сайн ээж болно доо миний бодлоор.

Охидын хамгийн дотнын найз ээж шүү дээ. Охидтойгоо хэр их ярилцдаг вэ. Хань ижил цаашдын амьдралын талаар?

Ярилцана.  Одоо хүүхдүүд минь насанд хүрч байгаа учир.  Боловсрол мэдлэгийг чухалчлах хэрэгтэй. Гэхдээ боловсролоос гадна ханиа их зөв сонгох хэрэгтэй. Ханиа зөв сонгоно гэдэг далайгаас сувд шүүрэхтэй адил гэж охиддоо хэлдэг.

Охидтойгоо цуг үргэлж хийдэг ямар нэгэн зүйл бий юу?

Уг нь эрүүл мэнддээ анхаараад дасгал хөдөлгөөн хийхийг чухалчилдаг. Дунд охин маань их спортлог учир байнга л дасгал хөдөлгөөн хийдэг юм. Би ч дагаад л хийнэ. Бага охин минь их хөөрхөн дундаас нь гэнэт орж ирээд л хөл гараа нэг эвгүй хөдөлгөж байснаа болчихдог юм. Охидтойгоо дасгал хийх их хөгжилтэй байдаг.

Охидын тань бага насны хөөрхөн хөгжилтэй үеэр дурсаад яриагаа өндөрлөе

Би хүүхдүүдээ хоёр ой хүргээд л хөхүүлэхээ больсон. Том охиноо мээмнээс нь гаргахын тулд гашуун эм түрхчихээд хөхүүлсэн чинь хөөрхий минь айхтар огьсон юм. Тэгээд л түүнээс хойш мээмэндээ ойртохоо больсон. Хүүхэд нас гэдэг их цайлган өхөөрдөм хөөрхөн нас. Охид  маань одоо ч их өхөөрдөм хөөрхөн жаахан хэвээрээ л харагддаг.

 

 

 

 

 

 

 


avatar
    • myagmarsuren
    • 172.68.255.*

    egchdee tsaashdiin ajil amidrald sn saihan bvhniig hvsen erooe

    • Ө.Ариунаа
    • 172.68.253.*

    Л.Мядагсүрэн найздаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Удахгүй болох Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэе сайхан баярлаарай найз аа. АӨСҮТ Ө.Ариунаагаас

    • Зочин
    • 162.158.38.*

    Dandaa ineemseglej yavdag,dolgoon,taivan,mundag suvilagch shu!

    • amiii
    • 172.68.253.*

    woow saihan yariltslaga bn

    • зочин
    • 172.68.253.*

    чин сэтгэлийн сайхан ярилцлага болжээ.Наранцацрал сэтгүүлчийн буланг их унших дуртай гэгээлэг сайхан булан шүү ажлын амжилт хүсье.

    • Зочин
    • 172.68.253.*

    чин сэтгэлийн сайхан ярилцлага болжээ.Наранцацрал сэтгүүлчид ажлын амжилт хүсье.

    • Зочин
    • 172.68.253.*

    чин сэтгэлийн сайхан ярилцлага болжээ.Наранцацрал сэтгүүлчид ажлын амжилт хүсье.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5102

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%