Нийтлэл 05 сарын 25, 2018

Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын томилгооны тухай мэргэжлийн хуульчдын нээлттэй хэлэлцүүлэг болно

УИХ-ын чуулганы тавдугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан захирамжийн дагуу Б.Буяндэлгэр  Г.Туулхүүг, Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан өнөөдөр 17 цагаас "Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлага, түүний томилгоо" сэдэвт хуульчдын нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдана. 

 

Эдгээр гурван нэр дэвшигчийн талаар Үндсэн хууль судлаач доктор О.Мөнхсайханы ikon.mn сайтад өгсөн ярилцлагад Үндсэн хууль битгий хэл хууль зүйн салбартаа ч нэр нь сонсогдоогүй, хуулийн мэргэжлийн ажил хийж бараг байгаагүй хүмүүс байна гэж дурджээ. 

 Ц.Нанзаддорж нь 1996-2015 он хүртэл Төрийн өмчийн хорооны дарга, газрын даргаар ажиллаж байсан бөгөөд эдгээр албан тушаалууд бол хуулийн мэргэжлийн ажил огт биш. Ямар сургууль хэзээ төгссөн нь тодорхойгүй. Магадгүй эрх зүйч байх. Гэхдээ энэ чиглэлээрээ огт ажиллаагүй. Ерөнхийдөө Үндсэн хуулийн маргаан эцэслэн шийдэх чадвар бүхий туршлага байгаа эсэх нь эргэлзээтэй. Мөн энэ хүн ёс зүйн хувьд олон асуудал яригддагийг хэвлэлүүд бичсэн байдаг. Тухайлбал, 20 шахам жил төрийн албанд ажилласан мөртлөө хэдэн тэрбум төгрөг бүхий хөрөнгөтэй, үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэггүй байсан, мөн шударга явагдсан эсэх нь эргэлзээтэй өмч хувьчлалуудыг явуулахад шууд болон шууд бусаар оролцсон гэж хэвлэлээр бичигддэг. Тэгэхээр үүнийг нь асууж, тодруулж, үнэнийг нь олох хэрэгтэй. Хэрэв эдгээр мэдээлэл үнэн бол Цэцэд очоод үнэнч шударга, зарчимч ажиллана гэж итгэх итгэл төрүүлэхгүй. 

Хоёрт нь Г.Туулхүү. Энэ хүн эрхзүйч мэргэжилтэй ч цэвэр мэргэжлийн ажил хийж байсан нь тодорхойгүй. Гаалийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллаж байсан тухай мэдээ байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажил гэдэг нь цагдаатай адил буюу гарсан шийдвэрийг л хэрэгжүүлдэг хууль сахиулагч гэсэн үг. Юу гэхээр энэ хүн өөрөө хууль зүйн дүгнэлт гаргаад, бие даан, хараат бус шийдвэр гаргах мэргэжлийн ажил хийж байсан гэж үзэх боломжгүй. 

Гурав дахь хүн болох Б.Буяндэлгэр нь эрхзүйч мэргэжилтэй ч мөн л мэргэжлийн ажил хийж байгаагүй. Ихэнх хугацаандаа бизнес хийж байсан хүн юм билээ. Ардчилалд шилжсэн 28 жилийн 21 жилд нь хувийн компанид захирал, 3 жилд нь аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байсан. УИХ-ын Тамгын газар ахлах рефрент хийж байсан ч энэ хугацаандаа зарим улсын талаарх лавлагаа гаргахаас илүү судалгаа хийж байсан тухай мэдээлэл алга. Эдгээр бүгд хуулийн мэргэжлийн ажил биш нь тодорхой.

 

arrow icon