Нийтлэл 06 сарын 13, 2018

БАЙР СУУРЬ: Төрийн өмчийг хувьчлах тухай хэн юу хэлэв?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар болсон.

Хэлэлцүүлгийн үеэр хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнх нь үр ашигтай ажиллаж байгаа компаниудыг хувьчлах нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Хувьчлал нэрээр төрийн өмчийг үнэгүйдүүлж болохгүй, 20 гаруй аж ахуйн нэгжийг нэг дор хэлэлцэх боломжгүй, нэг бүрчлэн салгаж оруулж ирж үр өгөөжийг нь танилцуул хэмээн ажлын хэсэгт үүрэг өгсөн. Хуралдааны үеэр зарим гишүүдийн  санал сэтгэгдлийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Монгол шуудан компанийг 2 сая ам доллараар хувьчилчихаад дараа шуудан харилцаагүй болчихвол яах вэ? 

“Одоо компаничилсан хэлэлцүүлэг хийхээ болих хэрэгтэй байна. Бид  1990 онд компаничилсан хувьчлал хийсэн. Тэр бол 100 хувь төрийн өмчит нийгмээс 2-3 үе шаттайгаар зах зээлийн нийгэм рүү шилжсэн үе. Тэр үеийн хувьчлалаар өргөжиж сайжирсан зүйл ч их бий. Тухайн үед 100 хувь төрийн өмчөөс баялаг бүтээгддэг байсан бол одоо бараг 80 гаруй хувь нь хувийн өмчөөс бүтээгдэж байна. Гэхдээ одоо бол компаничлах асуудал үлдээгүй. Хэрэв одоо төрийн өмчид компаниудаа хувьчлах юм бол алдах зүйл их бий. Жишээлбэл Монгол шууданг хувьчилсан нь алдаа болж Монгол улс харилцаа холбоогүй болвол яах уу. Монгол шуудан компанийг хоёр сая ам доллароор хувьчилчихаад дараа нь шуудан харилцаагүй болчихвол яах вэ? 

Юу дутсан гэж гэж 2 сая ам долларын төлөө Монгол шууданг золиослох гээд байгаа юм.  Монгол улсын стратегийн гол бодлогын нэг бол хөдөө аж ахуйн салбар. Гэтэл бас хөдөө аж ахуйн биржийг хувьчилна гэж байна. Энэ бол Монгол улсын Монголын ард түмний хувь заяаг шийдэх чухал асуудал. МИАТ компанийн хувьчлалын асуудал ч мөн ялгаагүй. Ялангуяа манайх шиг ийм байршилтай улс орон өөрийн агаарын тээвэргүй байна гэдэг маш аюултай. Магадгүй МИАТ компанийг аль нэг гадны компани эзэмшдэг болж манай компаниудыг гадаадад байхад асуудал гарвал яах вэ? Хэн хариуцах вэ?

 Төрийн банк Монгол орон даяар салбар нэгжтэй болчихсон байна. Тэгээд Төрийн банкийг хувьчлаад гадны компани эзэмшдэг болбол Монголын төр алслагдсан сум суурингуудын банкны үйлчилгээг хариуцахгүй юм уу, иргэдээ хөсөр хаях юм уу?

 Ийм асуудлуудыг бид өнөөдөр ингэж бөөнд нь ярьж болохгүй.  Аж ахуй нэгжүүдийн өмчлөх асуудал чинь нэг нэгээрээ орж ирж нийт ард түмнээрээ хэлэлцэх ёстой Монгол улсын хувь заяаг шийдэх асуудал шүү дээ. Дотроо наймаалцсан юм шиг чи үүнийг ав, би үүнийг авна гэсэн шиг ийм амархан шийдмээргүй байна. Та нар тэр Германы өмч хувьчлалын жишээг хараарай. Герман улс яг энэ компаниудаа ард иргэддээ хөнгөлттэй үнээр хувьчлаад өгсөн. Үүний дараа дайн болж юу ч үгүй хоосон болсон Герман  улс орноо авч явах гол гол стратегийн бодлогууддаа ард иргэдээ оруулаад ирсэн учир маш хурдан хүнд байдлаас гарсан. Япон мөн адил. Ерөөсөө өмч хувьчлал гэдэг энэ. Монгол улс байгалийн баялагтай орон. Байгалийн баялагаа төрийн хяналтанд бас ард түмний хяналтанд байлгах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол энэ хувьчлалын асуудлыг буцаагаад нэг нэгээр нь оруулж ирэх хэрэгтэй”

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнгөрсөн 27 жилийн хувьчлалаас ард түмэн юу хожив гэдгийг дүгнэх цаг болсон

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, компанийг олон нийтэд нээлттэй хөгжүүлнэ гээд ярьдаг, Энэ зарчим гоё сонсогддог. Нэлээд том хэмжээний хувьчлал орж ирж байна. Балансын үнэлгээ нь нэг их наяд төгрөгтэй тэнцэх 27 аж ахуйн нэгж: тэр цундаа стратегийн шинж чанартай МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж, ХАА-н бирж зэрэг аж ахуйн нэгж байна.

Энэ том аж ахуйн нэгжүүдийг кампаничилж хувьчилна гэдэг "бушуу туулай борвиндоо баастай” гэгч болно. Бид үнэтэй сургамж авах ёстой. Өнгөрсөн хугацаанд 2000 орчим аж ахуйн нэгжээ хувьчлаад 300 хүрэхгүй үгүйтэй тэрбум төгрөг олсон. Гэтэл хэдэн мянган хүн ажилгүй болсон. Монголын өнөөдрийн ажилгүйдэл ядуурлын үндэс энэ өмчлөлөөс үүдэлтэй. Өмч хувьчлалын оновчтой бодлого явуулаагүйгээс баян ядуугийн ялгаа, баялгийн тэгш бус хуваарилалтаас ядуурал бий болсон. Тэгэхээр одоо бид дахиж алдмааргүй байна. Тэр тусмаа МИАТ, Төрийн банк, гол гол биржүүдийн хувьчлалыг маш нухацтай хэлэлцэх ёстой.

Ард түмний эзэмшиж байгаа балансуудын хувьцаа 30 их наяд төгрөгийн үнэлгээтэй. Монголын ард түмэн ийм өмчтэй. Гэтэл энэ 30 их наядын үр өгөөжийг ард түмэн хүртэж байна уу гэвэл үгүй. Энэ төрийн өмчит компаниуд ялсан намын бялуу хуваадаг хэрэгсэл болж байна. Сонгуулийн санхүүжилтийг эндээс гаргадаг. Ийм ялзарсан бодлоготой явж ирлээ. Өнгөрсөн 27 жилийн хувьчлалаас ард түмэн юу хожив гэдгийг дүгнэх цаг болсон. Цаашдаа Монголын төр өмчтэй байх уу үгүй юу гэх бодлогоо тодорхой болгомоор байна.

Дараагийн асуудал үнэлгээ. Олон улсад байдаг жишгээр төрийн өмчит компаниуд үнэлэгдээсэй. Түүнээс балансын үнэлгээгээр биш шүү. Хөрөнгийн үнэлгээ, бэлэн мөнгөний, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тусдаа хийгдэх ёстой. Ингэж байж зөв үнэлгээ гарч ирнэ. Өнөөдөр 27 компанид 7,200 хүний ажил амьдралын асуудал яригдана. Нийгмийн баталгааг яах вэ. Өнгөрсөн хугацаанд 27 мянга гаруй ажилтнаа бид цэнхэр, ягаан тасалбар гэдгээр хуурч аргацаасан.

Өнөөдөр 2,000 хүн хөрөнгөтэй болсон болохоос өөр асуудал шийдэгдээгүй. Алдааг бид дахиж давтаж болохгүй. Энэ бүхнийг цогцоор нь харж байж өмч хувьчлалын асуудлыг шийдэх хэрэгтэй. Би бол Төрийн банкийг хувьчлах шаардлагагүй гэж бодож байна. Азийн бар болсон улсууд Төрийн банкаараа дамжуулж жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгож байж хөгжсөн юм билээ.

 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Ашигтай сайн ажиллаж байгаа компаниудаа яагаад бага мөнгөөр хувьчлах гээд байгаа юм 

Одоо ажиллаж байгаа компаниуд сайн ажиллаж байна, үр ашгаа өгч байна.  Гэтэл яагаад хувьчлах гээд байгаа юм бэ. 2016 онд өмч хувьчлалын жагсаалт оруулж ирэхдээ алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг хувьчилж, төрийн ачааг хөнгөлнө гэж байсныг би сайн санаж байна Тэр үед аж ахуйн нэгжийн захирлуудтай нэг бүрчлэн үр дүнгийн гэрээ байгуул гэж би удаа дараа шаардлага тавьсан. Энэ дагуу гэрээ байгуулсан, ашигтай ч ажиллаж байсан юм.

Төрийн банк, АЗЗА, МИАТ зэрэг компани байна. Ашигтай ажиллаж байхад нь яагаад бага мөнгөөр хувьчлах гээд байгаа юм. Өмч хувьчлалыг 4-5 минутад хэлэлцэх боломжгүй, Нэг нэгээр нь оруулж ирж хэлэлцэж байж хувьчлах эсэхийг нь шийдэх ёстой.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:Төрийн мажоритар хэсэг нь компани сайн удирдаж чадахгүй байгаа учир өгөөж нь иргэдэд очихгүй байна 

Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд эргэж харах хэд хэдэн зүйл байна. Өнөөдрийн байдлаар 50 орчим төрийн өмчийн 100 хувь болон тодорхой оролцоотой компаниуд хөрөнгийн бирж дээр хувьцаат компани гээд бүртгэлтэй байгаа. Эдгээр компаниудын жижиг хувьцаа эзэмшигчид ямар ч үр дүн, өгөөж хүртэхгүй байгаа. Төрийн мажоритар хэсэг нь компани сайн удирдаж чадахгүй байгаа учир өгөөж нь иргэдэд очихгүй байгаа. Тиймээс өөрчлөлт шинэчлэлт хийх зарчим нь зөв. Гэхдээ УИХ-ын нэг тогтоолоор хувьчлах үндсэн чиглэл нэрээр 10 гаруй объектуудад ганцхан баримтлах зарчим, хэрэгжүүлэх хэлбэр гээд маш ерөнхий юм оруулж ирж байгаа нь учир дутагдалтай байна. Үүнийг  ингэж хувьчилж болохгүй. Тиймээс уг асуудлыг буцаагаад, объект тус бүрт нь тохирсон цаашид баримтлах бусад хөгжлийн бодлогуудтай уялдуулж, ямар үр дүн хүсэн хүлээж байгаагаа маш сайн тооцоо, судалгаатай оруулж ирэх хэрэгтэй.

Ардчилсан намын бүлгийн хурал дээр холбогдох байгууллагуудын тайлбарлаж байгаагаар бол үнэндээ хувьчлах асуудал дээр Засгийн газар нэгдмэл байр суурь, алсыг харсан дүн шинжилгээ судалгаа байхгүй байгаа юм билээ. Ийм түүхий байдлаар энэ том объектуудыг ингэж оруулж ирж байгаа нь үнэхээр хариуцлагагүй асуудал. Тухайлбал, Хөрөнгийн биржийн тухайд гэхэд л 21.3 тэрбум төгрөгийг Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу. Гэтэл ямар үр дүнд хүрсэн юм.

Тус гэрээний үндсэн агуулга манай хөрөнгийн биржийг бусад улсын хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөх тэр хэмжээнд хүргэж хөгжүүлээд манайтай хамтарч бусад гадаад зах зээл рүү арилжаанд оролцох боломжийг хангах зэрэг маш олон том зорилтуудыг тавьсан хэлцэл. Гэтэл эдийн засгийн байнгын хороо тэр хэлцлийн үр дүнг нэг авч хэлэлцэх хэрэгтэй байгаа юм. Бид манайд хөрөнгө оруулах гэж байгаа тэр хөрөнгө оруулагчдыг дагаж дэмжих ази талын хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах ёстой юм билээ. Гэтэл бид Лондон тал руу явчихсан. Лондон гэхээр манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан Английн ямар ч компани алга. 

Тиймээс энэ асуудлыг цэгцлэхгүйгээр зүгээр л Лондонд өрөндөө тодорхой хэмжээг нь өгөөд, үлдсэн хэсгийг нь зарна гэж байгаа бол зүгээр мөрөөдлийн жагсаалт шүү. Ийм хариуцлагагүй ажил байхгүй. Эдгээр объектуудыг IPO гаргаж, хөрөнгийн биржээр хувьчлах гэж байгаа бол эхлээд хөрөнгийн биржийг ажиллагаанд оруулах ёстой. Үндэсний хэмжээнд өөрийнхөө үнэт цаасны компанийг бусдын жишгээр гадаад санхүүгийн зах зээлтэй холбох гол гүүр болох энэ байгууллагаа жаахан бодолтой хувьчлахгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Өмч хувьчлалын үндсэн чиглэлд ямар бодлого барих вэ гэдгээ тодорхой болгомоор хэрэгтэй

Хувьчлалын асуудлыг оруулж ирж байгаа нь зөв. Гишүүдэд хэлэлцүүлгийн явцад /зөвхөн гишүүдэд/ хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй юм шиг. Томоохон хувьчлал, стратегийн чанартай, үндэсний хэмжээний сүлжээтэй гол гол аж ахуйн нэгжүүдийн асуудал хөндөгдөж байгаа учраас ийм асуудлыг нухацтай авч үзэх ёстой. Хоёрдугаарт, хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулж арилжих гэж байна. Энэ үед хөрөнгийн зах зээлд гаргах үнэлгээг ярих ёстой. Энэ том ажил. Үүнийг хийхгүй бол ягаан, цэнхэр тасалбар тараасан шиг зүйл болно. Баялгийн тэгш, зөв хуваарилалттай холбох тэгш боломж бий болгох бодлоготойгоо уях ёстой. Энэ бол зарчмын том асуудал. Цаашид өмч хувьчлалын үндсэн чиглэлд ямар бодлого барих вэ гэдгээ тодорхой болгомоор байгаа юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon