Д.Сумъяабазар: Таван толгойн бүлэг ордод олон улсын зах зээлд IPO босгох ажил өнөөдрөөс эхэлж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсантай холбогдуулан дараагийн шатны үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа.

Таван толгойг "хөдөлгөх" түүхэн шийдвэрийг УИХ-аас гаргасан нь олон улсын хөрөнгө оруулагчдад ихээхэн итгэл төрүүлэх болов уу. Засгийн газар одоо ажлаа хаанаас эхлэх вэ? 
Олон жил яригдсан Таван толгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үндсэн ажлыг УИХ-аас чиглэлээ аваад Засгийн газар өнөөдөр эхлүүлж байна. Одоо Засгийн газар тогтоолуудаа эцсийн байдлаар хэлэлцэхээр нэлээд өргөтгөсөн Ажлын хэсэг байгуулах ёстой. УИХ-аас Засгийн газар маш хариуцлагатай ажлыг хүлээн авч байна. Энэ ажлыг ард түмнийхээ өмнө нэр төртэй гүйцэтгэх үүрэгтэй юм. 
Ордын нөөцийн үнэлгээг дахин хийнэ гэсэн. Энэ ажил хэзээ эхлэх вэ? 
2011 онд хийсэн үнэлгээгээр одоо явж байна. Цаашдаа өсөх боломжтой нөхцлүүд үүсч эхэлнэ. Засгийн газрын шийдвэрүүд гарсны дараа дахин үнэлгээ гаргаад нийтэд мэдээлнэ. 
Олон улсын зах зээлд хувьцаа гаргах ажил 2019 оноос эхэлнэ гэж тогтоолд туссан. Энэ хугацаанд амжих уу?
Таван толгойн бүлэг ордод олон улсын зах зээлд IPO босгох ажил өнөөдрөөс эхэлж байна гэж ойлгож болно. 180 хоногийн дотор дотоод бэлтгэл ажлаа хангаад 2018 оны төгсгөлд УИХ-д оруулж танилцуулна. Шаардлагатай бол намрын чуулганд явцын байдлаар мэдээлэл өгнө. Ер нь маш богино хугацаанд энэ ажлыг хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өссөн, дотоодын улс төрийн нөхцөл байдал таатай, нийгмийн дэмжлэг асар их байгаа энэ үед цаг алдалгүй эхлэх ёстой. 
IPO гаргах хөрөнгийн биржийг хэрхэн сонгох вэ? 
Гадаадын хөрөнгийн биржүүдээс бид санал авна. Хонконг, Нью Йорк, Шанхай, Токио, Торонтогийн хөрөнгийн биржүүд Таван толгойд ямар үнэлгээ, санал өгөхийг харна. Хэрэглэгч, зах зээл нь хаана байгаа билээ гэдгийг бодолцож үзэх ёстой. Нью Йоркийн хөрөнгийн биржээс манай "Чингис бонд"-ын 1.5 тэрбум ам.долларын 80 хувь нь босч байсан түүхтэй. Хонконгийн бирж дээр ч маш олон үйл ажиллагаа явуулж, харилцаж байгаа. Бидний харж буйгаар энэ хоёр хөрөнгийн бирж илүү өгөөжтэй, илүү үнэлэх нөхцлийг тавих боломжтой юм байна гэж анхан шатанд ярьж байгаа. Мөн олон улсын нэр хүндтэй, томоохон ххөрөнгө оруулалтын банкуудтай хэлцэлд орж, албан даалгавар өгч, богино хугацаанд хөрөнгийн захыг судлах зэрэгт дотоод гадаадын зөвлөхүүдтэй хамтарч ажиллана. 
Томоохон бүтээн байгуулалтын ажил хэдийнээс эхлэх вэ? 
Таван толгойг эрчимжүүлэх ажлын томоохон үндэс суурь бол төмөр зам. Тиймээс төмөр замын ажлыг нэн даргуй эхлүүлнэ. Мөн гурван чиглэлийн авто зам байна. Сонирхож байгаа ААН-үүдтэй дэд бүтцийн төслүүдэд гэрээ хэлцэл хийж яаралтай ажилд нь оруулна. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлд 31 мянга орчим ажлын байр бий болно. Эдийн засагт үзүүлэх шууд болон шууд бус үр нөлөө асар их. Уул уурхайн салбарт орж ирж буй 100 ам.доллар тутмын 90 ам.доллар нь өөр салбаруудаар дамждаг. Тиймээс уул уурхай нь бусад салбараа дагуулан хөгждөг гэдгийг энд тодотгож хэлмээр байна.  
“Эрдэнэс Монгол”-ын 34 хувийн иргэдэд эзэмшүүлэх, худалдах асуудлыг оруулж ирсэн нь сая хэлэлцүүлгээр дэмжигдсэнгүй. Энэ тухайд таны байр суурь? 
"Эрдэнэс Монгол" бол стратегийн 16 ордын нэгдэл. Цаашлаад 39 орд орно. Тиймээс Монголын хамгийн том компаниудын нэгдэл байх ёстой. Энэ бол дараагийн бидний хийх ажлын нэг байх нь зайлшгүй. Судалгаа тооцоог гаргаж, орд тус бүрээр үнэлэх нь зөв. 34 хувийг иргэдэд эзэмшүүлнэ гэсэн АН--ын бүлгийн саналыг судалж үзээд эргээд намрын чуулганд танилцуулж болно. Аль аль талдаа зөв. Зөвхөн намын бүлгүүд бус улс орны эрх ашиг учир гишүүд хамтраад намрын чуулганд тогтоолын төсөл боловсруулаад хэлэлцэх боломжтой. 

ЭХ СУРВАЛЖ: Montsame.mn


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%