Нийтлэл 08 сарын 24, 2018

ЭРҮҮЛ МЭНД: Хүүхдээ тэгш цэх нуруутай болгохын тулд хөлд нь анхаарал хандуулаарай

Хүүхдүүд гадаа тоглох нь эрс багассан болон хөлдөө таараагүй гутал өмссөнөөс үүдэн хөлний гажигтай хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд ихсэж байна.

Хүн хоёр хөл дээрээ тэнцвэр авдаг тул хөлөнд гажиг үүсэхэд биеийн тэнцвэр алдагдана. Биеийн тэнцвэргүй байдлыг засах гэж нуруу дагаад муруйдаг. Тиймээс хүүхэд тань хэрвээ бөгтийх, эсвэл нуруу нь муруйж эхэлвэл хөлийг нь анхаарч үзээрэй.

Хүүхэд бүр төрөхдөө “хавтгай ул”-тай төрдөг. Гадаа сайн тоглож, гүйж харайдаг хүүхдийн тавхайн нум 3-4 насанд нь хөгжиж бий болдог. Төрснийх нь дараа шууд оймс өмсгөх, бүдэрчихвий уначихвий гээд тэгш газраар л алхуулаад байвал хөлнийх нь хөгжил муу явагдаж, “хавтгай ул” буюу тавхайн нум багасах, “валганы хөл” буюу эрхий хуруу эргэх гажиг, “экс хөл” буюу өсгий дотогш хазайх гэх мэт төрөл бүрийн хөлний гажиг үүсгэх үндсэн шалтгаан болдог.

Хүүхдийн хөлийг зөв хөгжүүлэхийн тулд, гадаа тоглуулах, юм өшиглөх, юманд авирах зэрэг олон төрлийн хөдөлгөөн хийлгэх, хөл нүцгэн байлгаж тавхайн мэдрэлийг идэвжүүлэх нь чухал байдаг. Өвс шороон дээр алхуулах, тэнцвэргүй гадарга буюу өвөр дээрээ алхуулах, өвдгөн дээрээ зогсоох, бөмбөг өшиглөх, хөөцөлдөж тоглох, мөлхөж шал угаалгах зэрэг нь хүүхдийн хөлний хөгжилд сайн байдаг.

Мөлхөх процесс нь хүүхэд хөлд орж алхахад хэрэгтэй булчинг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Сайн мөлхөлгүй, эрт хөлд орвол булчин сул байж, бүдэрч унах нь их байдаг учир хөлд оруулах гэж яарч шавдуулах хэрэггүй.

Хүүхдийн хөлний гажигийг засахгүй бол ууц нуруу, өвдөгний согог, нурууны ясны муруйлт үүсгэдэг. Ялангуяа, нуруугаар төв мэдрэлийн систем дамжиж байдаг тул нурууны яс муруйснаас мэдрэлийн сигнал зөв илгээгдэхгүй болж, биеийн тамир, хичээл сурлагад нь нөлөөлж эхэлдэг. Цаашлаад дотор эрхтний үйл ажиллагаа, сэтгэл зүйн хөгжил зэрэг өргөн хүрээний сөрөг нөлөөг биед үзүүлдэг байна. 

Нуруугаа хотойлгох болон тонгойход өвдөх, нэг хөлөн дээрээ 5 секундээс илүү хугацаагаар тогтож чадахгүй байх, нурууны яс нь далийсан, өвдөгний үе мөчөөр нь өвддөг, өвдгөөрөө чөлөөтэй хөдөлж чадахгүй байгаа эсэхийг нь сайн анхаарч шалгаж байх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon