БОДИТ БАЙДАЛ: Багш нарын ажил хаялт хүүхдүүдийг хохироож байна

Өнгөрсөн жилээс эхэлсэн багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлага өнөөг хүртэл шийдэгдэхгүй багш нарын ажил хаялт үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 130 гаруй боловсролын байгууллага ажил хаялтад нэгдсэн төдийгүй энэ тоо өдөр бүр нэмэгдсээр байгаа нь сургууль цэцэрлэгийн хүүхдүүд гэртээ харах хүнгүй өнжиж эцэг эхчүүд ажлаа хийхэд ч бэрхшээл учирч байна гэдгийг зарим эцэг эхчүүд хэлж байна.

Г.Наранчимэг: Би бага ангийн нэг хүүхэд, цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй. Бүгд улсын сургууль цэцэрлэгээр хүмүүждэг. Одоо бүгдийнх нь сургууль цэцэрлэг ажил хаялтад нэгдсэн байна. Яг үнэндээ багш нарын ажил хаялт тийм ч таатай санагдахгүй байна. Ядаж л хүүхдүүдээ харах гээд ажлаас чөлөө авч байна. Хүүхдүүд ч хичээлээсээ хоцрогдож байна. Дөнгөж хичээл эхэлж байхад хүүхдүүдийг ингэж хохироож байгаа нь хэцүү л байна.

М.Мөнхбат: Манайх ЕБС-ын сургуулийн 3 хүүхэдтэй. Одоогоор хүүхдүүдийн маань сургууль ажил хаялтад нэгдээгүй байгаа бололтой хүүхдүүд маань хичээлдээ явж байгаа. Миний хувьд энэ завхарсан жагсаал цуглааныг хурдан шийдээсэй гэж хүсэж байна. Боловсролын байгууллага улс оронд нэлээд чухал. Тэдний нийгмийн халамж сайн байх ёстой. Гэхдээ хамгийн чухал нь сайн боловсрол олгох. Сайн боловсрол олгохын   оронд дундуур нь ийм их жагсаал цуглаан зохион байгуулж хүүхдүүд хохирч байгааг хаа хаанаа бодох л хэрэгтэй.

Ж.Мөнгөнчимэг: Манай охин сая нэгдүгээр ангид орсон. Багш нар ажил хаялтад нэгдсэн. Бидний зүгээс багш нарын нийгмийн халамжаа нэмэгдүүлэхийг хориглож чадахгүй учир яах ч билээ. Багш нар хүүхдүүдийнхээ хоцрогдол, хичээлээ нөхөж орох зэргээ зохицуулсан байгаа л гэсэн тайлбарыг сургуулийн зүгээс өгсөн. Харин хичээл нөхөхөд зургаан настай хүүхдүүд л бэрхшээлтэй санагдаад байна. Зургаан настнууд чинь үсэг, тоо, дуу шүлэг гээд шинээр сурч мэдэх зүйл их. Энэ бүхнийг хэт их шахвал маш их ядрах байх.

Р.Саруул: Өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэж байгаа нь сайн хэрэг. Гэвч миний бодлоор энд хоёр сөрөг асуудал байна. Нэгдүгээрт хүүхдүүд хохирч байна. Тэд сурах ёстой зүйлээ цагт нь сурч чадаагүйгийн төлөө дараа нөхөх хичээл зэрэг хүндрэл үүсэж байна. Бас одоо хичээл орохгүй байгаа үед гадуур тэнэх гэмтэл бэртэл авах зэрэг асуудлууд гарч байх шиг байна. Хоёрдугаарт төрийн байгууллагын ажилчид цалингаа нэмэгдүүлэхэд бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг. Энэ талаар зохицуулсан журам гэж байдаг юм уу. Үүнээс болж хувийн хэвшлүүд хохирч үлддэг.

Д.Төгс: Манай хүүхэд хүүхдүүд бүгд гэртээ байгаа. Багш нарын ажил хаялт хэзээ зогсохыг мэдэхгүй болохоор хүүхдүүдээ гэрт нь байлгаж байна. Зарим хүмүүс хүүхдүүддээ гэрээр давтлага авч байгаа гэсэн. Одоогоор манай гэр бүлд тийм боломж байхгүй байна.

С.Гангаамаа: Ахлах ангийн хүүхдүүд ч хичээлээ бие даагаад судлах ч юм уу багш нар нөхөж хичээл ороход маш хурдан хүлээж авч чадах байх. Харин энэ жил шинээр сургуульд орж буй зургаан настнууд л хэцүү байна. Дөнгөж сургуулийн босго давж орж ирээд л боловсролын байгууллагын золиос болж байна.

Б.Номин: Багш нар бас аргагүй юм. Өнгөрсөн жилээс эхлээд л тэмцэж байна. Даанч үр дүнд хүрэгүй юм. Энэ асуудлаас болж өчнөөн хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байгаа гэдгийг төр засаг тэр тусмаа салбар яамны сайд нь анхаармаар л байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2826

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%