ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Франсис Фүкүяма: IDENTITY POLITICS буюу ЧАМ дээр тоглох улстөрийн эсрэг (3-р хэсэг)

trends.mn уншигч та бүхэнд "Against Identity Politics" нэртэйгээр The Foreign Affairs сэтгүүлд нийтлэгдсэн, улстөрийн философич Франсис Фүкүямагийн өнөөгийн дэлхийн улстөр, цаашдын чиг хандлагыг том зургаар нь тоймлосон нийтлэлийг орчуулан хүргэж байгаа билээ. Зүүний намуудын улстөрийн баримжаа барууны намуудад хэрхэн халдсан талаар өгүүлэх гуравдугаар хэсэг. Жижиг дунд, сул дорой нийгмийн бүлгүүдэд хандсан халамжийн хөтөлбөр, тэдгээрт зориулсан сангаас авсан зээлийн дуулиан шуугиан, "шилийн сайн эрс" тэргүүлсэн өнөөгийн Монголын улстөрийг илүү өргөн агуулгад тавьж харахад тань зориулав.

Нэгдүгээр хэсгийг эндээс хоёрдугаар хэсгийг эндээс уншина уу.  

Зүүнээс Баруун руу

Зүүний намууд таны юм уу ер нь хэн нэгний ямар нэг хувь онцлог шинж чанар дээр улстөр хийх нь нэг бодлын ойлгож болохуйц зүйл, тийм хэрэгцээ ч амьдрал дээр байдаг. Нийгмийн бүлэг тус бүрийн амьдралын туршлага өөр өөр, тиймд өөр өөрөөр хандах хэрэгцээ угаасаа бий. Бэлгийн дарамт, хүчирхийллийг хөндсөн #MeToo хөдөлгөөнөөр л зарим нь сайн ойлголт авсан шиг зарим нийгмийн бүлгийг бид үг үйлдлээрээ хэрхэн гадуурхаж, аюул учруулж байгаагаа гаднаас нь хараад мэдэхгүй байх тохиолдол бий. Identity politics буюу ондоошлын улстөр нь шударга бус, нарийн төвөгтэй асуудлуудад илүү тод гэрэл тусгах замаар нийгмийн зан заншилд нааштай олон өөрчлөлт авчирч, олон хүнд тустай төрийн бодлогуудыг өлгийдөж авсан. Хэдийгээр хүчирхийлэл бүрэн арилаагүй нь боловч “Хар амьдрал ч үнэ цэнэтэй” хөдөлгөөн гэхэд  АНУ даяар цагдаагийн байгууллагууд нийгмийн цөөнхөд хамаагүй ухамсартай хандахад хөтөлж чадсан. #MeToo хөдөлгөөнөөр бэлгийн дарамт, хүчирхийллийн тухай олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлж, эрүүгийн хуульд ямар асуудлууд байгаа талаар чухал хэлэлцүүлэг эхлүүлж чадсан. Магадгүй хамгийн том чухал үр дагавар нь ажлын байран дээрх эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондын харилцааны дэвшил байсан болов уу. 

Тиймд энэ төрлийн identity politics-д ямар ч буруу муухай зүйл байхгүй ба хэн нэгнийг ондоо байсных нь төлөө шударга бус хандаж ирсэн нийгмийн зуршлыг ондоошлын улстөрөөр шийдэх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ ондоошлын улстөр соёлын шинж чанартай асуудалд илүү фокуслах болсноор хамгийн ардчилсан орнуудад ч 30 жил ажиглагдаж буй нийгэм эдийн засгийн эрх тэгш бус байдал гүнзгийрэх трэндийн эсрэг амжилт олж байсан дэвшилттэй ажлуудаас цаг, анхаарал саах болов. Бодлогын дэвшил гаргахаас илүү соёлын маргаан хийх нь амархан. Хотын төвийн бизнес цамхагуудаас хол хаягдсан цөөнх, эмэгтэйчүүдийн боломжийг тэлж, орлогыг нь нэмэхээс илүү улстөр хийх замаар тэднийг их сургуулийн квотод оруулах нь илүү хялбар. Тэрнээс гадна сүүлийн үеийн identity politics шинж чанарын улстөрийн гол бүрдэл хэсгийг харвал Цахиурын хөндий дахь эмэгтэй захирал, Холливуудын эмэгтэй одод гэх мэт хамгийн өндөр орлоготой хэсгийг хамарч буй. Тэдэнд илүү эрх тэгш байдал олж авах нь мэдээж сайн, гэхдээ хамгийн их орлоготой нэг хувь ба бусад гэсэн улам бүр гүнзгийрсээр буй ангалыг яах вэ гэсэн асуултад тийм их тус болохгүй.

Өнөөдөр зүүн жигүүрийн identity politics илүү том асуудлууд тээсэн нийгмийн том бүлгүүдийг мөн анхаарлын гадна талд орхигдуулах боллоо. Саяхныг хүртэл зүүний тэмцэгчид хар тамхины аюул, эсвэл өрх толгойлсон ганц бие ядуу гэр бүлд өсч байгаа хүүхдүүдийн хувь заяаны талаар олигтой юм хэлж байсангүй. Тэрнээс гадна Ардчилсан намынхан робот, аити хөгжлийг дагаад алдагдаж байгаа ажлын байрны талаар, технологиос үүдэх орлогын ялгааны талаар ч тоймтой, амбицтай шийдэл гаргаж тавьсан удаагүй.  Түүнчлэн зүүний намуудын ондоошлын улстөр ардчилалын дархлаанд нэн чухал рациональ хэлэлцүүлэг ба үг хэлэх эрхэнд ч заналхийлэл учруулах боллоо. Либерал ардчилсан орнууд нэн ялангуяа улстөрийн хүрээнд бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ер нь бол юуг ч хэлэх эрхийг хамгаалж ирсэн билээ. Харин хэн нэгний шинж чанарыг хэзээ ямагт чухалчлах болмогц чөлөөтэй хэлэлцэх боломж хумигдахад хүрээд байна. Хэн нэгний амьдралын туршлагыг сөхөн гаргаж ирдэг улстөр гадаад ертөнц дэх асуудлын учир шалтгааныг шүүн тунгаасан, өөрийнх нь саналыг няцаах чадамжтай чин шударга үзэл бодлоос илүүтэй хэн нэгний дотоод ертөнц, сэтгэл хөдлөлийг илүүд үзэх аж. Хэн нэгний үг яриа үзэл бодол өөр хэн нэгний өөрийгөө үнэлэх үнэлэмжид халдсан гэж үзэх юм бол тэр нь тэгээд амаа хамхих шалтгаан болох ёстой. 

Ондоошлын улстөрд хэт дулдуйдах нь улстөрийн стратегийн хувьд ч асуудалтай. Өнөөгийн АНУ-ын улстөрийн тогтолцооны чадамжгүй байдал, доройтол нь хэзээ хэзээд туйлширч, улам бүр өсөн нэмэгдэж буй, дайны ирмэгт тулж очсон мэт хагарал, хуваагдалтай холбоотой. Эдгээр асуудлын ихэнх буруу уг нь барууны намуудад бий. Улстөрийн ухааны Томас Манн, Норман Орнстэин нарын судлаачдын тэмдэглэснээр Ардчилсан нам хэт зүүний чиглэлд давхиснаас хамаагүй хурдтайгаар Репабликууд хэт баруун тийш даялжээ. Гэхдээ хоёр нам аль аль нь төвөөс алсарсан. Хэн нэгний шинж чанар дээр тоглодог зүүний намын тэмцэгчид ч бүх сонгогчдыг төлөөлөхөө больж, харин ч тэндээс хэрхэн алс зайнд тоглох урлаг болж хувирсан. 

Энэ бүхнээс илүүтэй  ондоошлын улстөрийн дагуулсан хамгийн том гай бол барууны намуудыг ч ийм төрлийн улстөрд түлхсэн явдал. Ямар нэг ёс зүйн гэсгээл амсалгүйгээр өөрсдийн үзэл бодол итгэл үнэмшлээ нээлттэй илэрхийлэх боломжийг дарангуйлдаг “political correctness” буюу улстөрийн хувьд зөв зүйтэй байх ёстой хэмээн зүүнийхний гараар дэглэсэн нийгмийн хэм хэмжээ үүнтэй ихээхэн холбоотой. Ямар ч нийгэмд олон нийтийн хэлэлцүүлэгт хэтийддэг, уламжлалт зөв зохистой зөрчилдөх үзэл бодлууд оршин байдаг. Гэхдээ өдөр тутам бий болох шинэ ялгамж чанар, ондоошил, түүнд зохицсон зөв зүйтэй үг хэлний шалгуурыг дагаж мөрдөх амаргүй. Аливаа нэг нийгмийн бүлгээ ихэд тусгайлан ухамсарладаг нийгэмд болох болохгүйн шугам улам тодорч, урд өмнө нь зүгээр байсан өөрийгөө илэрхийлэх арга замууд бүдүүлэг болж хувирна. Өнөөдөр жишээ нь  she тэр эмэгтэй, he тэр эрэгтэй зэрэг англи хэлний үгийг хэрэглэсэн төдийд агуулгаас хамаараад манин юм уу трансжендер хүнийг гадуурхсан болж хувирах нь холгүй. Гэвч иймэрхүү хэл хэллэг ардчиллын суурь зарчмуудад аюул занал болохгүй ба харин ч заан нэрлэж чадахгүй байгаа тухайн нэг группийг хангалттай ухамсарлахгүй байгааг, ойлгоц дутаж байгааг илэрхийлж байдаг. 

Бодит байдал дээр зүүн зүгээс харьцангуй цөөн тооны бичгийн хүн, урлагийнхан, оюутнууд, оюуны салбарынхан туйлширмал хэлбэрийн political correctness улстөрийн зохисыг дэмжиж харагддаг. Гэтэл тэдгээр цөөнхийн үзэл санааг уламжлалт үзэл санаа бүхий медиа сувгууд шүүрэн авч зүүний намуудыг тэр чигт нь зэмлэн буруушаахад хэрэглэдэг. Энэ өмнө нь бол Ерөнхийлөгчийн сонгуулиар бол гай болох байсан зан авир гаргасаар байтал зарим гол сонгогчдын бүлэгт Трампын нэр хүнд сайн гарсан 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар ажиглагдсан хачин жигтэй үзэгдлийг тайлбарлахад тус болно. Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр сэтгүүлчдийн хөгжлийн бэрхшээлийг шоолж, Мексикүүдийг хүчирхийлэгч, гэмт хэрэгтнүүд гэж цоллож, хүүхэн эргүүлснээ бахархан гайхуулсан яриа нь хүртэл цацагдсан. Трампын дэмжигчид энэ хэлсэн ярьсантай нь санал нийлсэн гэхээсээ улстөрийн хувьд зүй зохистой бай гэж загнуулсаар ирсэн өөрсдийнх нь суурь эрх чөлөөнд бага халдсан болохоор дэмжсэн гэж харж болно. Үг хэл үзэл бодол нь дэндүү цагдуулж байгаа юм шиг мэдрэмжтэй олон Америкчуудын хувьд Трамп тэгж дарамтлуулахаас айлгүй хүн амьтан доромжилж байсан нь таалагдсан байж мэдэх юм. Улстөрийн зохист баригдсан эринд Трамп олон Америк хүний хувьд тэдний үнэлдэг зарим нэг үнэт зүйлийг төлөөлж өгсөн. Трамп бүдүүлэг, арьс өнгөний үзэлтэй, ерөнхийлөгчийн шинжгүй байж болно. Гэхдээ л ядаж юу бодсоноо хэлж чаддаг. 

Үнэн хэрэгтээ Трампын амжилт консервативчууд ондоошлын улстөрийг үгүйсгэснийг биш харин ч барууны намууд тэрийг хүлээж авсныг тусган харуулдаг. Трампын дэмжигч, цагаан арьстай ажилчин ангийн америкчууд дунд элитүүддээ шахагдсан доромжлуулсан маягийн гомдол тээгсэд олон. АНУ төдийгүй Европын орнуудад ч гарч байгаа популист хөдөлгөөний гол арми болох хөдөөний хүмүүс үнэт зүйлд нь хотын юм уу олон улсын соёлтой хүмүүс аюул учруулдаг гэж үздэг. Хэдийгээр соёл, арьсны өнгөний хувьд гол том бүлэг боловч өөрсдийгөө хохирогч болж буланд шахагдсан гэж үздэг цагаан арьст ажилчид олон бий. Ийм хохирогчийн мэдрэмж барууны баримжаатай, заримдаа бүр туйлширсан хэлбэртээ бол ил тод арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй национализмд зам татаж өгдөг.

Трамп өөрөө энэ явцад шууд хувь нэмэр оруулсан. Түүний үл хөдлөхийн могул, ТВ стараас улстөрийн лидер болж хувирсан дүр хувирал нь Барак Обамагийн ерөнхийлөгчид өрсөлдөх эрхэд хүртэл эргэлзээ төрүүлсэн арьс өнгөөр ялгаварлах үзлийн хамгийн том төлөөлөгч болж хувирсан явцтай нь давхцдаг. Нэр дэвшигчийн хувьд Трамп өмнөх Ku Klux Klan(цагаан арьстнуудыг илүүд үзэх, цагаачдыг дорд үзэх хөдөлгөөнүүд)-ы удирдагч Дэвид Дюүк түүний талд орсон талаарх асуултыг булзааруулж өнгөрөөсөн бол Трампын Их Сургуулийн эсрэг хэргийг шүүж байгаа шүүгчид мексик гаралтай учраас шударга бусаар шүүж байна гэж гомдоллож байв. 2017 оны 8 сарын Виржиниа дахь хүч түрэмгий цуглаанаар цагаан арьстай үндсэрхэг үзэлтэн нөгөө талын эсэргүүцэгчийнхээ аминд хүрч дууссаны дараа “хоёр талд маш тулхтай хүмүүс” цугласан байсан гэх үгийг Трамп л хэлж чадна. Түүнээс гадна хар тамирчид, олны танил хүмүүсийг шүүмжлэхэд ч чамгүй цаг зарж, конфедерацын үеийн хөшөөнүүдийг буулгахаас үүдсэн уур хилэнг ч дуун дээр өөртөө ашигтайгаар эргүүлсэн. 

Трампын ачаар цагаан арьстны национализм зах ирмэг хэсгээс төв рүү түрэн орж ирсэн юм. Түүний дэмжигчид бол эмэгтэйчүүд, ижил хүйстэн, хар арьстнуудын эрхийг чанга ярьж болдог хэрнээ цагаан арьстнуудын эрхийг болохоор расист шошго зүүлгүйгээр ярьж болдоггүйд гомдсон хүмүүс. Зүүн жигүүр дэх ондоошлын улстөрчид болохоор угаасаа давуу эрх эдэлж ирсэн цагаан арьстнуудын эрхийг хамгаалахад эмэгтэйчүүд юм уу цөөнхийн бүлэг шиг ёс зүйн үндэслэл байхгүй гэж үзнэ. Тэр нь ч мэдээжийн үнэн. Консервативууд улстөрийн зохис үг хэлэх эрхийг боогдуулж байна гэж бөөн сүр болдог шигээ цөөнхийн бүлгийн эдэлж байгаа эрхийг дэндүү томруулан сенсаацалдаг. Зах руу шахагдсан олон нийгмийн бүлгийн хувьд бодит байдал өөрчлөгдөөгүй. Африк Америкчууд цагдаагийн хүчирхийлэлд өртсөн хэвээр, эмэгтэйчүүд дарамт, хүчирхийлэлд өртөх асуудал ч татраагүй. 

Гэхдээ энд тэмдэглэн хэлэх ёстой гол юм бол барууны намууд зүүний намаас тэдний аргачлал, хэл сэтгэлгээг хэрхэн хуулсан нь. Цагаан арьстнууд хохирч байна, тэдний зовлон нөхцөл байдал нийгмийн бусад хэсэгт харагдахгүй байна, нийгмийн болон улстөрийн бүтэц үүнд буруутай байна, нэн ялангуяа хэвлэл мэдээлэл болон засаглал гэх зэргээр гомдоллох Зүүнийг хуулсан Барууны үлгэрүүд дуусах хэрэгтэй байна. Идиологийн орчинд аль ч жигүүрт identity politics ондоошлын улстөр нь нийгмийн хамаг асуудлыг тольдон харахад хэрэглэдэг гол линз болоод байна. 

 

Үргэлжлэл бий. 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4844

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%