Нийтлэл 02 сарын 17, 2019

2018 оны эдийн засгийн өсөлт ба иргэдийн амьдрал

2018 онд Монголын эдийн засаг 6.9% ѳссѳнийг Үндэсний статистикийн хороо зарласан. Дотоодын нийт бүтээгдэхүүний ѳсѳлтийн статистик гарах болгонд ”Энэ ѳсѳлт надад мэдрэгдсэн үү, ер нь иргэдэд хэрхэн нѳлѳѳлсѳн бэ, энэ ѳсѳлт сайн уу, муу юу” гэх мэт асуулт түгээмэл байдаг. Иймд ер нь эдийн засгийн ѳсѳлт бидний амьдралд хэрхэн нѳлѳѳлдѳг, ѳсѳлттэй холбоотой зарим чухал асуудлуудыг авч үзье.

1. Ѳсѳлтийн эерэг сѳрѳг нѳлѳѳ

Эдийн засгийн ѳсѳлт ѳѳрѳѳ бизнесийн идэвхжлийг харуулдаг бѳгѳѳд ѳнгѳрсѳн жилээс (эсвэл улирлаас) үйлдвэрлэл үйлчилгээ хэр их нэмэгдсэн бэ гэдгийг илэрхийлэх үзүүлэлт юм. Иймд эдийн засагт бий болсон ѳсѳлтийн цаана хэн нэгний борлуулалт, орлого, хэрэглээ нэмэгдсэн байх учиртай. Гэхдээ ДНБ-ийн ѳсѳлт нийт эдийн засагт дунджаар юу болж ѳнгѳрсѳн бэ гэдгийг харуулах тул ѳсѳлт бий боллоо гээд хүн бүрийн орлого нэмэгдсэн байх албагүй юм. Ѳсѳлтийн үр ѳгѳѳж, ашиг шимийг тэрхүү ѳсѳлтийг бий болгоход шууд гар бие оролцсон эдийн засгийн салбар, компани аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс л түлхүү хүртэж, ашиг орлого нь нэмэгдэнэ гэсэн үг. Харин нѳгѳѳ талаар нийт эдийн засаг ѳсѳлттэй байлаа ч зарим нэг салбар агшилттай, эсвэл ѳсѳлттэй салбар дотроо ч үйлдвэрлэл, борлуулалт нь муудсан компани, хувь хүмүүс байж болно. Түүнчлэн эдийн засгийн идэвхжлийн үед хэрэглээ ѳсѳх, импортын эрэлт ѳсѳх зэргээс шалтгаалж ханш, үнийн ѳсѳлт ажиглагдах нь түгээмэл тул орлого нь ѳсѳѳгүй зарим иргэдийн амьжиргаанд сѳргѳѳр нѳлѳѳлсѳн байх ч боломжтой. Өсөлт өөрөө хэн илүү бүтээмжтэй, хэн илүү хичээсэн бэ гэдэг ялгааг гаргаж ирдэг гэдэг утгаараа орлогын тэгш бус байдлыг үүсгэдэг натуртай гэдгийг онцлох нь зүйтэй.

2. Хүртээмжтэй ѳсѳлт

Эдийн засгийн идэвхжлийг дагаад үнэ ханш нэмэгдэж, зарим хүмүүст ѳсѳлт сѳргѳѳр мэдрэгдэх боломжтой ч эдийн засаг уналттай байснаас мэдээж ѳсѳлттэй байсан нь дээр юм. Учир нь эдийн засаг өсөлттэй үед татварын орлого нэмэгдэж, төсвөөс санхүүжигдэх зүйлст эерэг тусгалаа олдог гэдгийг мартаж болохгүй. Тухайлбал, батлан хамгаалах, зам дэд бүтэц, цагдаа, эмнэлэг сургуулиар дамжаад үр шимийг нь өсөлтийг бий болгоогүй хүн ч шууд бусаар хүртэж байдаг.

Тэгвэл ѳсѳлтийг хэрхэн илүү хүртээмжтэй болгох вэ, бий болсон эдийн засгийн ѳсѳлтийн ашиг шимийг илүү олон хүнд хүртээж, амьжиргааг нь хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг нь аль ч улс оронд тавигддаг чухал асуудал юм. Энд, хүртээмжтэй өсөлт гэдэг нь өсөлтийг бий болгоход гар бие оролцож чадах хүмүүсийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал болохоос, зүгээр сууж байгаад мөнгө авдаг хавтгай халамжийн тухай асуудал биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Угтаа эдийн засаг мянган хувь өслөө ч ядуу хүн өөрөө л хичээхгүй бол ядуурлаас гарахгүй, амьжиргаа нь дээшлэхгүй гэдэг бол суурь зарчим юм. Иймд эдийн засгийн өсөлттэй, ажил хөдөлмөр хийх ерөнхий орчин сайжирч, боломж нэмэгдэж буй нөхцөлд боломжийг ашиглах эсэх нь тухайн хувь хүний сонголт байдаг. Тэгэхээр, хүртээмжтэй өсөлтийг бий болгоно гэдэг нь цаанаа ур чадвартай, бүтээмжтэй хүмүүсийг нэмэгдүүлэх тухай асуудал юм.

3. Тогтвортой ѳсѳлт

Эдийн засгийн ѳсѳлт хов хоосноос ѳѳрѳѳ бий болдоггүй. Ѳсѳлтийг бий болгохын тулд санхүүжилт хэрэгтэй, үйлдвэрлэлийн орц хэрэгтэй, хѳдѳлмѳр хэрэгтэй. Эдгээрээс хамаараад ѳсѳлт ѳѳрѳѳ урт хугацаанд үргэлжилж, тогтвортой байж чадах уу үгүй юу гэдэг асуудал тулгардаг. Тухайлбал Сингапур, Япон, Солонгос, Хятад гэх мэт амьжиргааны түвшнээ гайхалтай дээшлүүлж чадсан эдийн засгууд 20-30 жилийн тогтвортой ѳндѳр ѳсѳлтийн үр дүнд тийм амжилтанд хүрсэн байдаг.

Нэгт, өсөлтийг бий болгох санхүүжилтийн хувьд, өрѳѳр санхүүжүүлсэн тохиолдолд тийм ч тогтвортой байдаггүй гэдгийг олон улсын туршлага харуулдаг. Засгийн газрууд мѳнгѳ зээлээд түр зуур ѳсѳлтийг бий болгох боломжтой ч, энэ нь цаашид удаан үргэлжлэхэд хэцүү. Нэг талаас хѳрѳнгѳ оруулалтуудын ѳгѳѳж буурч, харин нѳгѳѳ талаас тѳсѳв дээр ирэх ѳрийн үйлчилгээний ачаалал нэмэгдсэнээр цааш үргэлжлэх замгүй болж буланд шахагддаг гэж ойлгож болох юм. Богино хугацааны ѳсѳлтийг бий болгох гээд их хэмжээний ѳрѳѳр санхүүжүүлснээр ѳрийн хямрал, улмаар олон жилийн эдийн засгийн хүнд асуулдуудтай тулгарсан жишээг нэрлэж болно. Аж ахуйн нэгжүүд болон иргэдийн хувьд ч төстэй зүйлийг хэлж болно. Дааж чадах хэмжээнээсээ хэтэрсэн өр зээлээр үйлдвэрлэл үйлчилгээгээ санхүүжүүлж буй компаниудын санхүүгийн байдал эмзэг бөгөөд өсч уруудаж байдаг эдийн засгийн цикл дунд борлуулалт бага зэрэг буурах үед л өрийн дефолт гэдэг зүйлтэй нүүр тулах нь цөөнгүй.

Иргэдийн хувьд ч хэрэглээгээ хэт тэлж, орлогоос давсан хэсгээ өрөөр санхүүжүүлэх нь тийм ч оновчтой сонголт биш гэдгийг 2008 оны Америкийн моргежийн зах зээлийн уналтаас эхлэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал харуулсан.

Хоёрт, эдийн засгийн үйл ажиллагааны цөм болсон үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэж, ѳсѳлт бий болоход түүхий эд, материал хэрэгтэй. Тэдгээрийг олборлох, боловсруулах явцаас гадна ашиглаж дууссан хойно хог хаягдал бий болдог. Цэвэр ус ашиглахаас гадна агаар мандал, хѳрс, нуур усыг бохирдуулагч олон зүйлсийг ч үйлдвэрлэл, хэрэглээний явцад ялгаруулдаг. Сүүлийн үед хүчтэй яригдаж буй агаар усны бохирдол, пластик хаягдал, дэлхийн дулаарал зэрэг нь эдийн засгийн ѳсѳлтийн нэг том сѳрѳг тал, зардал юм. Иймд хэдийгээр ѳсѳлтийг бий болгож амьжиргааг дээшлүүлэх нь чухал боловч хэрхэн байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн үйл ажиллагааг явуулах вэ гэдгийг сүүлийн үед дэлхий нийтээр онцлох болж байна. Хэрэв байгаль орчин сүйдэж, амьдрах аргагүйд хүрвэл эдийн засаг, өсөлтийн тухай яриа мэдээж огт утгагүй болж хувирна.

Эцэст нь хэдийгээр автоматжуулалт хурдтай ѳрнѳж буй ч үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, ѳсѳлтийг бий болгох хамгийн чухал орц нь хүний хѳдѳлмѳр хэвээр байна. Иймд хэрхэн бүтээмжтэй ажиллах хүчнийг бэлдэх боловсролын тогтолцоог бүрдүүлэх вэ, хѳдѳлмѳр үр дүнтэй байх институцийн тогтолцоог бүрдүүлэх вэ гэх мэт асуудлууд чухлаар тавигдсаар ирсэн. Чанартай боловсрол, институцийн тогтолцоог бэхжүүлж чадсан улс орнууд ч тогтвортой, хүртээмжтэй ѳсѳлтийг бий болгож амьдралын түвшнээ сайжруулж чадсан байдаг. Гэхдээ хѳдѳлмѳр тунг нь тааруулахгүй бол золиостой. Зогсолтгүй эдийн засгийн үйл ажиллагаан дунд орчин үеийн завгүй амьдрал ѳндѳр стресс, нийгмийн асуудлуудыг ч бий болгосоор байна. Япон, Солонгос тэргүүтэй орнуудад хэт завгүй амьдралаас үүдэлтэй ажлын ширээн дээрээ зүрх нь хаагдах, эсвэл гэрлэлт, тѳрѳлт буурч хүн амын хѳгшрѳлт хурдтай явагдах гэх мэт нийгмийн үзэгдлүүд ч ѳрнѳж буй. Иймд ажил амдралын баланс (work life balance), илүү цагаар ажиллахыг хязгаарлах, 4 ажлын ѳдѳртэй 7 хоног гэх мэт шинэ ойлголтууд цѳѳнгүй орнуудад бодитоор яригдах асуудал болж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon