ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Ардчиллын хаана алдаа гарав? (3-р хэсэг)

Дэлхий дахины чиг хандлага, оюунлаг уншигчдын дунд эрэлттэй байгаа агуулгаас танилцуулдаг ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? булангийн энэ удаагийн дугаарт "The Economist" сэтгүүлд нийтлэгдсэн Ардчиллын хаана алдаа гарав? нийтлэлийн төгсгөлийн хэсгийг  орчуулан хүргэж байна.

Гуравдугаар хэсэг: Ардчиллыг аврах нь

Орчин үеийн ардчиллын загалмайлсан эцэг Жэймс Мэдисон, Жон Стюарт Милл нар хэчнээн зөрүүд байсан нь өөрийн эрхгүй гайхал төрүүлдэг. Тэд ардчиллыг хүчирхэг боловч төгс бус механизм гэж үзээд хүний бүтээлч чанарыг товойлгохын сацуу аминч мугуйд зан чанарыг нь ч хянаж байхын тулд ардчилсан тогтолцоог маш няхуур загварчилж, ямагт тордож, засварлаж, ажиллаж байх ёстой зүйл гэж үзсэн юм.

Зөрүүд, гүргэр байх нь нэн ялангуяа  нялх ардчиллыг барьж байгуулахад зайлшгүй чухал. Маш олон ардчилсан туршилт бүтэлгүйтэж байгаа нь сонгуульд хэт их ач холбогдол өгөх хэрнээ ардчиллын бусад суурь шинж чанарыг орхигдуулдагт байдаг. Жишээлбэл төрийн эрх мэдлийг хянаж байх ёстой, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хангах ёстой. Хамгийн амжилттай ардчиллын нууц сонгуульд ялсан олонх юу хүссэнээ хийж дургих маягийн олонхийн согтуурлаас зайлсхийж чадсанд байдаг.Энэтхэг улс 1947 оноос хойш (түр засаглалын хэдэн жилийг эс тооцвол), Бразил 1980-аад оноос хойш аль аль нь засгийн газрын эрх мэдлийг хязгаарлаж, хувь хүний эрх эрх чөлөөг хамгаалж өгсөн тулдаа ардчилсан орны хувьд оршин тогтнож байна.

Тогтвортой Үндсэн хуульт нийгмүүд урт хугацааны тогтвортой байдлыг тогтоогоод зогсохгүй гадуурхагдсан цөөнх системийн эсрэг босох эрсдэлийг хязгаарлаж байдаг. Түүнчлэн хөгжиж буй орны шүдний өвчин болсон авилгын эсрэг тэмцлийг хөхүүлэн дэмжиж байдаг. Эсрэгээрээ сонгуулиар сонгогдсон засаглагчид олонхийн нэрээр түрүү барьж  тэдний эрх мэдлийн хязгаарлалтыг устгах гэж оролдох нь их юм горьдоосон ардчилал мөсөн уул мөргөх эхний дохио болдог. Морси Египтийн дээд танхимыг Муслим Ахан дүүсийн тусламжтайгаар хянах гэж оролдсон. Янукович парламентын эрх мэдлийг багасгасан. Путин ард түмний нэр барьж Оросын бие даасан институцуудыг үл тоомсорлох болсон. Африкын зарим орны удирдагчид ч олонхийн нэрээр түрэмгийлэх болж, Ерөнхийлөгчийн засаглалын хугацааг сунгах юм уу ижил хүйстний эсрэг шийтгэлийг хүндрүүлэх мэтээр авирладаг. Угандагийн Ерөнхийлөгч Мусивени нэг жишээ нь.

Олонх нь дэмждэг байсан ч хамаагүй ямар нэг орны удирдагч энэ мэтээр дарангуйлагч авирлах юм бол бусад орны манлайлагчид аль болох дуу хоолойгоо хүргэж байх нь зүйтэй.  Гэхдээ энэ бүхнээс хамгийн түрүүнд суралцах ёстой хүмүүс бол шинэ ардчиллын барилгачид. Эрүүл ардчиллыг барьж байгуулахад эрх мэдлийн тэнцвэр ба хяналт сонгуулийн эрхтэй эн тэнцүү хэмжээнд амин чухал гэдгийг ойлгох нь чухал.Нэг егөөтэй нь дарангуйлагчдад ч Египет ба Украйнаас суралцах зүйлс бий: Тэд тийм их эрх мэдлийг хуримтлуулж байгаад өрсөлдөгчдөдөө өгөөгүй бол Янукович амь насаа хамгаалахын тулд зугтаж, Морси шоронд үлдсэн насаа өнгөрөөх хэрэг гарахгүй байв.

Харьцангуй насанд хүрсэн ардчилсан оронд амьдрах хувьтай иргэд ч өөрсдийн улстөрийн системийн архитектурыг анхааралтай шинжиж байх хэрэгтэй. Глобалчлал ба дижитал хувьсгалын нөлөөгөөр ардчиллын аль амжилттай институцүүд ч хоцрогдож харагдах болов. Анхны ардчиллуудын хувьд дотоодын асуудлууд ба гадаад дахь ардчиллын нэр нүүрийг бодсон ч өөрсдийн улстөрийн системийг засч сайжруулах хэрэгцээ бий болжээ. Зарим орон хэдийнээ ажлаа эхэлсэн. 

 Америкийн Сенатаас сенаторууд аливаа уулзалтаас зайлсхийхэд хэцүү байхаар зохицуулсан бол зарим муж улсаас анхан шатны нээлтэй сонгууль нэвтрүүлж, бие даасан хороодод сонгуулийн бүсчлэлийг даатгасан байна. Европын Холбооны парламент гишүүдээсээ зардлын баримт нэхэх эрхтэй. Италийн парламент харин асар өндөр цалинтай маш олон гишүүдтэй, хүч тэнцүү хоёр танхимтай, үүнээсээ болоод юуг ч хийхэд хэцүү тэнцвэр үүсгэсэн байдалтай.

Гэхдээ шинэчлэгчид бүр их амбицтай байх хэрэгтэй. Тусгай ашиг сонирхлын бүлгүүдийн эрх мэдлийг хязгаарлах хамгийн сайн арга бол засгийн газраас хуваарилж чадах чихрийг аль болох бага байлгах. Түүнчлэн улстөрчдийн тухай олон нийтийн төөрөгдлөөс салах хамгийн сайн арга бол тэдний хэлж чадах амлалтыг багасгах.

Эрүүл ардчиллын гол түлхүүр нь товчдоо Америкийн хувьсгалын үеэс эхтэй жижиг төрийн тухай идей. Мэдисон хэлэхдээ “эхлээд төрд хүмүүсийг захирах боломж өгөөд дараа нь өөрийгөө хянахаар үүрэгддэгт хамгийн гол бэрхшээл оршино” гэсэн юм. Төрийн эрхийг хянах нь дэлхийн хоёрдугаар дайны дараах ардчиллын дахин гараатай ч нягт холбоотой. НҮБ-ын Дүрэм(1945), Хүний Эрхийн Түгээмэл Тунхаг(1948) нь олонхи хүссэн ч үл зөрчиж болох хэм хэмжээ ба эрхийг тогтоож өгсөн билээ.

Эрх мэдлийн эдгээр хяналт ба баланс дарангуйлагчдаас айх айдсаар нөхцөлдсөн юм. Өнөөдөр харин нэн ялангуяа Өрнөдөд тэдэн шиг том аюул заналхийлэл олж харахад амаргүй болсон. Нэг аюул бол улам бүр томорсоор буй засгийн газрууд. Засгийн газрын эцэс төгсгөлгүй тэлэлт эрх чөлөөг хумьж, явцуу эрх ашгуудад улам бүр эрх мэдэл өгөх боллоо. Дараагийнх нь аюул хар тамхитай дайтах гэх мэт ялж чадахгүй дайнд орох, эсвэл төлж чадахгүй эрхээ үүсгэх гэх мэтээр төрөөс олон нийтэд биелүүлж чадахгүй амлалтуудаа өгөх дадлаас үүсдэг болжээ.

Аль аль нь аливаад хэтрүүлэн риакцлах хандлагатай  төрийн язгуур чанарыг хязгаарлах хэчнээн чухлыг сонгогчид ба засгийн газрууд аль аль нь ойлгох нь маш чухал.  Жишээ нь бие даасан төв банкинд мөнгөний бодлогыг даалгах замаар 1980-аад оны танхай инфляцийг номхруулсан. Залуу ардчилалуудтай адилхан ахмад ардчилсан орнуудын хувьд ч Засгийн газрын эрх мэдэлд хяналт баланс хийх зайлшгүй хэрэгтэй.   Төр төрөл бүрийн арга замаар өөрийгөө хязгаарлах боломжтой. Швед улс эдийн засгийн циклд төсвөө зохицуулсан шиг сангийн хатуу дүрмүүдийг нэвтрүүлж алтан хамгаалалтын хүрэм өмсөж болно. Эсвэл аливаа хуулийг арван жил тутам хянаж шинэчилдэг “нар жаргах нөхцөл” нэвтрүүлж болно. Урт хугацааны реформ хийхийн тулд партизануудаас өөр багт ажил даалгаж болно. Швед улс хувийн тэтгэврийн сангуудыг идэвхитэй хэрэглэх прагматик шинэчлэл  санал болгосон бие даасан хороотой хамтарч байж сүйрлийн ирмэгт байсан тэтгэврийн тогтолцоогоо хадгалж үлдсэн. Чили улс төсвийн илүүдлийг сайн цагт хэрэглэх популист дарамт ба зэсийн үнийн хэлбэлзлийн хоршлыг эвтэйхэн зохицуулахад харьцангуй амжилт олсон.

Мундаг хүмүүс, сайн хүмүүст их эрх мэдэл өгөх нь ардчиллыг сулруулах нэг жор биш үү? гэж асууж магад. Заавал тийм байх албагүй. Төр өөрийгөө хязгаарлах нь цөөнхийг ялгаврлах, сонгогчид нийгмийн хямрал дампууралд хөтлөх их өртөгтэй бодлогод санал өгөхөөс сэргийлэх замаар ардчиллыг хүчирхэгжүүлэх боломжтой.Эрх мэдлийг мөнгөний бодлого, халамжийн реформ зэрэг том салбаруудад тархааж хуваарилах, тэгээд процесс нь нээлттэй ил тод байх хэрэгтэй.

Агуу хүмүүс, технократуудын дээшээ чиглэлтэй томилгоог жирийн хүмүүст зарим шийдвэр гаргах эрхийг өгсөн доош чиглэсэн томилгоогоор баланслаж байх хэрэгцээ бий.

Үүнийг хийх нэг арга нь глобализм ба локализмыг буруушаах юм уу үл тоохын оронд хослуулж хэрэглэх арга байж болох юм. Энэ хоёрыг зөв хослуулж чадвал дотоодоос жижиг хүчнүүд, гаднаас глобалчлал гэсэн хоёр чиглэлээс ардчилалд учруулдаг аюулыг харин ч эсрэгээр эргүүлэх боломж үүснэ. Токвиль нэгэнтээ тосгоны ардчилалд ардчиллын шилдэг хувилбар туссан байх нь олонтоо гэж хэлсэн байдаг. “Шинжлэх ухааны хувьд бага сургууль ямар үүрэг гүйцэтгэдэг вэ эрх чөлөөний хувьд тосгоны хурлууд тийм үүрэг гүйцэтгэдэг: тэд л эдгээрийг хүний амьдралд авчирдаг, тэд эдгээрийг хэрхэн хэрэглэх, хэрхэн таашаахыг хүмүүст зааж өгдөг”. Хотын мэрүүд улстөрчдөөс хоёр дахин өндөр рейтингтэй байх нь хэвийн үзэгдэл. Орчин цагийн технологи Токвилийн сумын улаан булангийн хурлыг орчин цагийн хувилбараар хэрэгжүүлж иргэний оролцоо, инновацыг нэмэгдүүлэх боломжийг бий болгоод байна. Хамаг юмыг эцэс төгсгөлгүй сонгуулийн сериалд даатгасан онлайн хэт ардчилал явцуу эрх ашгийн бүлгүүдэд тоглох боломж өгдөг. Гэхдээ технокраси ба шууд ардчилал нэг нэгийгээ хянаж байх боломжтой, жишээлбэл бие даасан төсвийн хороо орон нутгийн төслийн зардал ба боломжит байдлын үнэлгээг хийж болно.

Хэд хэдэн газарт ийм хоршлыг амжилттай хэрэглэж дэвшил гаргажээ. Үүний хамгийн тод жишээ: Калифорни муж. Калифорни мужийн шууд ардчилал өндөр зардалтай төсөв ба татварыг бууруулах зэрэг асуудалтай бодлого сонгох боломжийг сонгогчдод өгдөг бол нөгөө талаар хаалттай сунгаа, бялуу шиг хуваасан сонгуулийн тойргууд нь өөр төрлийн туйлшрал авчирсан. Гэвч өнгөрсөн таван жилийн хугацаанд сайн дурын үйлстэн, хөрөнгө оруулагч Николас Бергрүэний тодорхой хүчин чармайлтын ачаар Калифорни муж хэд хэдэн шинэчлэлийг эхлүүлсэн байдаг. Мужийн захиргаа өнөө маргаашаа харж сонгодог сонгогчдын хандлагыг өөрчлөх зорилготой “Think Long” нэртэй хороо байгуулав. Энэ хороо сунгааг нээлттэй болгож, бие даасан хороонд сонгуулийн тойргийг хуваах эрх мэдэл олгожээ. Цаашлаад мужийн төсвийн тэнцлийг хангахад амжилт олсныг Калифорнийн сенатын лидер Даррел Стайнберг өндрөөр үнэлж “бараг л сюрреал” үйл явдал гэж тайлбарласан байх жишээтэй.

Түүнчлэн Финландын засгийн газар тэтгэврийн системийнхээ ирээдүйн загварыг гаргахын тулд бие даасан хороо байгуулсан байдаг. Үүнтэй зэрэгцээд тэд цахим ардчиллыг хэрэгжүүлэх туршилт хийж байна. Тодруулбал Финландын парламент 50,000 иргэдийн гарын үсэг цугларсан аливаа санаачлагыг хэлэлцэх ёстой. Гэхдээ ардчилал эргээд эрүүлжих мушгиа замыг туулъя гэвэл технологийг шууд ардчилалтай хослуулах, парламент ба иргэдийн хооронд босоо эргэх холбоог бий болгох зэрэг иймэрхүү туршилт янз бүрээр хийх хэрэгтэй.

АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамс “ардчилал урт удаан насалдаггүй. Ардчилал өөрийгөө сүйтгэж, сульдаж эцэст нь өөрийгөө хөнөөдөг. Амиа хорлоогүй ардчилал гэж байхгүй” гэж нэгэнтээ хэлж байв. Мэдээж түүний буруу байсан. 20-р зууны идеологийн тулаанд ардчилал ялан гарч ирсэн. Гэхдээ21-р зуунд 20-р зууны амжилтаа ахиулахын тулд ардчиллыг нялх залууд нь уйгагүй бойжуулж, нас бие гүйцсэн хойно нь ч нягт нямбай тордож байх ёстойаж.

Нэгдүгээр хэсэг: http://www.trends.mn/n/6042
Хоёрдугаар хэсэг: http://www.trends.mn/n/6060

 

 


avatar
    • ХӨЛСНИЙ УХУУЛАГЧДАД!!!
    • 172.69.254.*

    английн ЭЭЛЖИТ ТАРХИ УГААЛТ байнааааа. тэд ардчилал гэгчээ тодорхойлдог, түүнийг нь бүх дэлхий дахин ДАГАЖ АМЬДРАХ ёстой гэвэл ГОНЖИЙН ЖОО Ш ДЭЭ. АРДЧИЛАЛ=НЕОТРОЦКИЗМ!!!!

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%