Нийтлэл 03 сарын 12, 2019

Гуравдагч хөршийн бодлого ба үндэсний аюулгүй байдал

Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, гуравдагч хөрш, БНХАУ,ОХУ язгуур ашиг сонирхол, сэдвийн хүрээнд дараах асуудлыг хөндөн нэгдсэн дүгнэлт өгөхийг зорилоо.

“Гуравдагч хөрш” хэмээх нэр томъёоны ойлголт

“Гуравдагч хөрш”-ийн бодлого үндсэн баримт бичгүүдэд тусгагдсан нь

Монгол улсын гуравдагч хөршийн бодлогын хэрэгжих салбар

Гуравдагч хөршийн бодлогоор дамжуулан Үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулах

Монгол Улсын XX зууны түүхээс харахад Монгол Улсын гадаад орчны нөхцөл байдалд томоохон өөрчлөлт явагдаж, Монгол Улс харьцангуй бие даасан гадаад бодлого явуулах боломж бүрдэх бүрд гуравдагч улсуудтай холбоо тогтоохыг оролдсон байдаг. Тухайлбал, 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулсны дараахан Гадаад хэргийг бүгд ерөнхийлөн шийтгэх яамнаас Франц, Англи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Нидерланд, Австри гэсэн есөн улсад ноот бичиг илгээж, дипломат төлөөлөгчид солилцох, харилцан гэрээ байгуулах, худалдаа нэвтрүүлэх саналыг тавьж байсан.[1] Үүний дараагаар 1989 онд Олон улсын харилцаанд ноёлсон хоёр туйлт систем задарснаар Монголын гадаад орчин эрс өөрчлөгдөн шинэчлэгдсэн.

Монгол Улс социалист системээс ардчилсан системрүү шилжсэнээр дэлхий ертөнц нээгдэн  хоёр хөрш орны харилцаа хэвийн түвшинд очсоноор манай улс үндэсний ашиг сонирхлоо дээдэлсэн, бие даасан орчин үед нийцсэн  гадаад бодлого явуулах боломжтой болсон юм.

Монгол улс нь газарзүйн байрлалаасаа шалтгаалан урд талаараа Дэлхий хамгийн их хүн амтай улс БНХАУ , хойд талаараа дэлхийн хамгийн том газар нутагтайулс болох ОХУ-тай тус тус хиллэдэг.

 Ийм учир “Гуравдагч хөршийн бодлого” бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг зөвхөн 2 том хөршийнхөө төдийгүй зарим нөлөө бүхий орнуудын дэмжлэгтэйгээр хамгаалах зорилготой. Энэ нь хамтын ажиллагааны нэгэн зэрэг бөгөөд зэрэгцсэн хөгжлийн бодлого юм.

  “Гуравдагч хөршийн бодлого” бол олон улсын харилцаанд Монголын уян хатан байдлыг сайжруулахад чиглэгдэж, бид зөвхөн Орос, Хятад төдийгүй аль болох олон тоглогчтой ойр нягт харилцаатай байх гэсэн хүчин чармайлт.  

Газар зүйн үүднээс улс хөршөө сонгодоггүй ч гуравдагч хөршөө сонгодог.  Иймийн учир монгол улсын гуравдагч хөршийн бодлого Үндэсний аюулгүй байдалтай хэрхэн холбогдож, хамгаалагдаж байгаа талаар судлав.

МОНГОЛ УЛСЫН ГУРАВДАГЧ ХӨРШ ХЭМЭЭХ НЭР ТОМЪЁОНЫ ТУХАЙ

“Гуравдагч хөрш” гэдэг ухагдахуун нь зөвхөн газарзүйн тухай ойлголт бус, тухайлсан нэг улс ч бус ,харин улс төр эдийн засаг геополитикийн хүрээг хамарсан олон улсын харилцааны онолын цогц ойлголт юм.[2]

Монгол Улс ардчилал, зах зээлийн замд хөл тавьж , бие даасан нээлттэй гадаад бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн үе болох 1990 оны 08 дугаар сард АНУ-ын Төрийн нарын бичгийн дарга Ж.Бейкер Монгол Улсад айлчилж, “БНМАУ хоёр том хөрштэй. АНУ тэдэнтэй харилцахдаа танай харилцаанд сэв суулгахгүй. Монгол Улс АНУ-г оролцуулан гурван том улстай сайн харилцаатай байж болох юм хэмээн мэдэгджээ.[3] Энэ үг хоёр хөршийнхөө хооронд тэнцвэр барьж, өөр нэг орны дэмжлэгийг авах гэсэн Монголын гадаад бодлогын нэг стратегийн оноосон нэр томъёо болоход түлхэц болжээ.

ҮАБҮБ, ГБҮБ-д “гуравдагч хөрш” гэдэг үгийг хашилттай, хашилтгүй хоёр янзаар томъёолсон байна. Мөн зарим мэдээллийн хэрэгсэлээр “гурав дахь хөрш” гэж ярьж бичдэг. Цаашлаад “гуравдагч хөрш” гэдэг нь гадаад хэлэнд “гуравдугаар” гэсэн дэс тоон утгаар бууж байгаагаас улс орнуудыг дугаарласан мэт буруу ойлголтыг төрүүлэх хандлагатай байна.

Түүнчлэн “хөрш” гэдэг үгийн тухайд ч зарим судлаач шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал, хөрш гэдэг зэрэгцэж, хаяа нийлж, шууд хиллэсэн улсуудыг л нэрлэдэг газарзүйн ойлголт тул “гуравдагч түнш” гэх санал байдаг. Гэсэн хэдий ч хорь гаруй жил хорь гаруй жил Монгол улсын төрийн томоохон олон албан бичигт нэгэнт хэргэлээд дадсан “гуравдагч хөрш” гэдэг нэр томъёог албан ёсоор ашиглах нь зүйтэй.

Хэл шинжлэлийн салбарын хүмүүсийн тайлбарлаж буйгаар[4] “гуравдагч” , “гурав дахь” гэсэн үгийн аль аль нь “гуравдагуур буюу эхний хоёрын дараа гэсэн утгатай.Гэхдээ гуравдагч гэдэг нь аль нэг тодорхойгүй гурав дахь этгээдийг нэрлэсэн утгыг илэрхийлдэг бол гурав дахь гэдэг дэс тоо нь хэн нэгнийг шууд заасан илүү тодорхой утгыг агуулдаг байна. Иймийн учир зөвхөн “гуравдагч” гэдэг үгийг хэрэглэвэл зохилтой. Мөн “гуравдагч хөрш” гэдэг нь газарзүйн шууд утгаар бус,шилжсэн утгаар хэрэглэж байгаа хийсвэр ойлголт тул хашилтанд бичих нь зүйтэй.

“ГУРАВДАГЧ ХӨРШ”-ИЙН БОДЛОГО ҮНДСЭН БАРИМТ БИЧГҮҮДЭД ТУСГАГДСАН НЬ

1994 оны Монгол Улсын Аюулгүй байдлын үзэл баримтлалд, Монгол Улс гадаад харилцаандаа олон түнштэй байх бодлого явуулах тухай, Монгол Улс хоёр хөрш оронтой харилцах асуудалд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, тэнцвэртэй харилцах зарчим баримтлах тухай, нөлөө бүхий орнуудтай зөвлөлдөж байх, нөлөө бүхий улсуудын стратегийн сонирхлыг Монголд буй болгох бодлого явуулах тухай ерөнхийлөн заасан байдаг[5] бол харин үүнийг нарийвчлан,“Монгол Улс гадаад улс төрийн бодлогодоо... олон тулгуурт бодлого явуулна.” гэжээ.[6] Энэхүү гадаад бодлогын олон тулгуур гэдэг нь гадаад бодлогын үндсэн чиглэлүүдийг нэрлэж байгаа бөгөөд 1994 оны гадаад бодлогын үзэл баримтлалд үндсэн зургаан чиглэлийг харин гадаад бодлогын 2011 оны шинэ үзэл баримтлалд хуучин социалист орнуудын чиглэл хасагдаж үндсэн таван чиглэлийг багтаасан байна.[7] Эдгээр тулгуурын хоёр дахь чиглэл болох өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудтай харилцах бодлого нь эдүгээгийн “гуравдагч хөрш”-ийн бодлогын үндсэн суурь болж байна.

2011 оны Гадаад бодлогын шинэ үзэл баримтлалд “АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг баримтална”[8] хэмээн заажээ.

“Гуравдагч хөрш” үзэл баримтлалын гол агуулга нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал болон хөгжил дэвшлийн асуудал зөвхөн хоёр хөршөөс хамаарч нөхцөлдөж байх бус ,мөн дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдийн геополитик, геоэдийн засаг ,стратегийн сонирхол ,оролцоо, нөлөө хамаарлаас давхар шалтгаалж байх улс төр, эдийн засаг эрх зүйн орчинг бүрдүүлэхэд оршино.

 МОНГОЛ УЛСЫН ГУРАВДАГЧ ХӨРШ ОРНУУД МӨН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ    САЛБАРУУД

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын 14.2-т “ АНУ, Япон, Европын Холбоо , Энэтхэг, БНСУ,Турк зэрэг өрнө дорнын улс холбоотой “Гуравдагч хөрш”-н бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэн гэж заасан байдаг ба гадаад бодлогын үзэл баримтлалын 14.2-т заасан улсууд нь Монголын улсын үндэсний аюулгүй байдлыг хангах гурван салбарт хөрөнгө оруулалт хийх чадвартай дэлхийд техник технологи, хөгжил,боловсролын түвшингээрээ  тэргүүлэгч улсууд юм. “Гуравдагч хөрш” улсуудын харилцааг дараахь 4 төрөлд хуваан эрэмблэв.

Стратегийн түншлэлийн харилцаа (ОХУ, БНХАУ, Япон)

Иж бүрэн түншлэлийн харилцаа (БНСУ, Энэтхэг, АНУ, ХБНГУ, Түрк)

Өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа (Канад, Австрали, Казакстан)

Түншлэлийн харилцаа (бусад орон) зэргээр түншлэлийн харилцааг Монгол улс явуулж байгаа юм. Үүнээс харахад Монгол Улс нь “Гуравдагч хөрш” орнуудтайгаа иж бүрэн түншлэлийн харилцааг явуулж байна цаашлаад иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгох сонирхолтой байна.

Монгол улсын гуравдагч хөрш гэдгийг Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.5-т “ гуравдагч хөршийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан орнуудтай улс төр, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэн гэж заасан.  Уг заалтаас харахад Монгол улсын гуравдагч хөршийн бодлого нь соёл ,хүмүүнлэг, улс төрийн салбарт хэрэгжинэ гэж заасан байна.

Салбаруудыг тус бүрд нь авч үзвэл:

Эдийн засаг : “Гадаад бодлого бол эдийн засгийн бодлого, эдийн засгийн бодлого бол гадаад бодлого.Эдийн засгийн салбарт 2 хөршөөсөө хараат бус байхийн тулд гуравдагч хөршүүдийн оролцоог нэмж эдийн засгийн олон төрөлт болгон хөгжүүлэх нэн шаардлагатай юм. Эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтанд учирч буй хамгийн том бэрхшээл бол Монголын төр засгийн тогтворгүй байдал.Улс төрийн салбар Ардчилалын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлэх .Монгол улс нь НҮБ-ын голлох б.айгууллагуудад суудалтай, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа болон Европын .аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэг, НАТО-гийн үйл ажиллагааны хүндтэй оролцогч болж, 2011 оноос 2013 он хүртэл Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалсан. Судлаач шинжээчдийн бичсэн нийтлэл өгүүллээс дүн шижилгээ хийхэд Монгол улс нь өөрийн дотоод улс төрийн нөхцөл байдалдаа илүү их анхаарах нь зүйтэй болов уу.

Соёл хүмүүнлэгийн салбарын хүрээнд Монгол судлалыг авч үзэн ихээхэн анхаарал хандуулж байгаа. Үүний нэгэн тод жишээ бол “Тогтвортой хөгжил монгол судлал”сэдвийн хүрээнд өнгөрсөн онд  зохион байгуулагдсан монгол судлаачдын хурал юм.  Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны чиглэлд мөн монгол судлалын салбар орсон. Монгол улсын соёлыг дэлхий нийтэд таниулах нь цаашлаад монгол улсын хөгжил, эдийн засгийн хөгжилд ихээхэн чухал байр суурийг эзлэх юм.

ҮАБҮБ-н 3.1.1.6-д “хөрш хоёр орон, АНУ, НАТО – гийн гишүүн орнууд, Европын холбоо, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай аюулгүй байдал батлан хамгаалах салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно хэмээжээ.  Уг зүйл заалтын хүрээнд  Монгол улс нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах үйл ажиллагаанд тогтмол цэргээ илгээж байна

4.ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГООР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛАА БАТАЛГААЖУУЛАХ

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлийг эх сурвалжаар нь дотоод , гадаад цаг хугацааны хувьд гэнэтийн тодорхой хугацааны, түүхэн нэгэн үеийн, мөнхийн гэж тус тус ангилна.[9]

Монгол Улсын язгуур ашиг сонирхол нь мөнхийн ангиллын ашиг сонирхол байна.[10]

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гадаад хүчин зүйл нь олон улсын аюулгүй байдлаас голлон хамаарна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь олон улсын аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд түүнээс шууд хамаарна.[11]хэмээн заасан байдаг .Монгол Улс нь бүс нутгийн хувьд ЗХА-тай ихээхэн ойр. Зүүн Хойд Ази нь Оросын алс дорнод, Япон, Солонгосын хойгийг хамардаг бүс нутаг юм. Мөн заримдаа Монгол, Тайвань, Хятад буюу Хятадын зүүн хойд мужууд ордог.

Зүүн хойд Ази нь байгалийн баялаг асар их ,эдийн засгийн нөөц ихтэй бүс учир дэлхийн бусад улсуудын ч сонирхлыг ихээр татаж байна. Жишээ татан авч үзвэл манай улсын гуравдагч хөрш АНУ-н худалдаа энэ бүс нутагт ихээр хийгддэг. Зүүн Хойд Ази нь АНУ-н худалдааны гол бүс. АНУ төдийгүй бусад улсуудын  ч ашиг сонирхлыг татаж буй. Энэ бүс нутагт дэлхийн хамгийн том зах зээл, дэлхийн байгалийн баялагийн ихээхэн хувь нь байгаа. ЗХА-н улсууд хөгжлийн түвшинд хоорондоо өрсөлдөхүйц хүчирхэг улсууд ч зарим зүйлсээрээ хоорондоо ялгаддаг Жишээ татан авч үзэхэд:

Зүүн хойд азийн бүс нутагт хамаарагдах улсууд хоорондоо засаглалын хувьд ялгаатай. Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь нэг намын засаглалтай, Хойд Солонгос дарангуйллын засаглалтай, харин Япон улс нь америк маягийн ардчилсан засаглалтай юм.

Зүүн хойд азийн бүс нутагт дараахь асуудлууд хурцаар хөндөгдөж байгаа бөгөөд Үүнд:

Бүс доторх цэрэг зэвсгийн өрсөлдөөн(Дэлхийд цэргийн хүчин чадлаараа тэргүүлдэг 10 орны дөрөв нь Хятад,Орос,Япон,Өмнөд Солонгос). Мөн цэргийн тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг. Умард Солонгос нь ЗХА-д байрладаг.

Газар нутаг ,далайн ашиг сонирхлын зөрчил (Японы Хятад,Солонгос,Орос хоорондын Сэнкакү арал)

Интернет аюулгүй байдлын асуудал (Үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн арга хэрэгсэл нь баттай мэдээлэл, нарийн судалгаа, тооцооны үндсэн дээр үйл явцын өрнөлт, хөгжлийг урьдаас харж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь авах явдал юм. )

Солонгосын хойгийн зөрчилдөөн

 Умард Солонгос 1999 оноос 2009 он хүртэлх хугацаанд далайн хилийг зөрчин удаа дараа зэвсэгт мөргөлдөөн өдөөв. Мөн 2006, 2009, 2016 онд дараалсан цөмийн туршилт хийж бүс нутгийг цочролд оруулаад байна

Солонгосын Хойгийн зөрчилдөөн монгол үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болох талтай. Монгол улс өөрийн Үндэсний аюулгүй байдлаа илүү баталгаажуулахийн тулд ЗХА-н асуудалд чих тавин оролцохийг хичээх хэрэгтэй юм. Гадаад бодлогын 14.2-т заасан Манай улс гуравдагч хөрш орнууд нь ЗХА-н хамгийн зөрчилтэй асуудал болох Солонгосын хойгийн зөрчилд ихээхэн анхаарал тавьж байна. Үүнээс харахад манай улс гуравдагч хөршүүдтэйгээ хамтран дэлхий бодлогыг тодорхойлоход өөрийн хувь нэмрийг оруулах бүрэн боломжтой юм. Үндэсний аюулгүй байдалыг гадаад дотоод орчинд олон улсуудтай эвсэг найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлснээр уг аюулгүй байдал нь улам баталгаажих юм.

ЗХА-н аюулгүй байдалын үйл ажиллагаанд гол тоглогч болон оролцох бүрэн боломжтой хэмээн урьд дурьдсанчлан Манай улс  Уг асуудлын хүрээнд “анхлан 2014 оны 6 дугаар сарын 17-18–ны өдрүүдэд Зүүн Хойд Азийн  аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан . Саяхан 2016 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” Олон улсын III Бага хурал 6 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо болов. Нийт 150 гаруй төлөөлөгч оролцсон.[12]

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд өмнө нь ЗХА–ийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулга уулзалт, хотын дарга нарын форум, эрчим хүчний хэлхээ холбоо семинар, Залуучуудын чуулга уулзалт тус тус зохион байгуулагдсан.

 Өнөөгийн ЗХА-ийн аюулгүй байдалд ярвигтай сорилт нэмэгдэхэд олон хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн үр дүнгээр стратегийн харилцан итгэлцэл дутаж байна. Хамтын ажиллагааны механизм хангалтгүй байна ЗХА-н аюулгүй байдлыг хангахад улам бүр түвэгтэй болж байна. Монгол улс ЗХА-даа идэвхитэй тоглолтыг үзүүлэх ёстой. Манай улсын хувьд БНСУ болон БНАСАУ аль алинтай найрсаг ойр дотны харилцаатай байдаг үүний нэгэн жишээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д зочилсон явдал юм.  Бид бүс нутгийнхаа аюулгүй байдлын хүрээнд эвлэрүүлэн зуучлагч болох бүрэн боломжтой төдийгүй бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хурлыг зохион байгуулах  чадвартай ба Улаанбаатар хотод хоёр улсын уулзалтыг зохион байгуулах боломжтой.

Умард Солонгос улсын бүс нутагтаа хамгийн сайн ойлголцож чадах, боломжтой нь Монгол Улс. Бусадтай нь асуудалтай байдаг.

 Далайд гарцгүй монгол улсын хувьд Хойд Солонгос бол манай улсын хувьд далайд гарах хамгийн дөт зам. ОХУ, БНХАУ-тай зэрэг хиллэдэг Расоны гэж \ Унсан гэх \ боомттой . Хойдууд энэ боомтоо эдийн засгийн чөлөөт бүс болгох талд анхаарч, түрээслэх улс орнуудад хөрөнгө оруулалт хийх зэргээр шаардлага тавьж байгаа бөгөөд Расоны хотын энэ хотод БНХАУ болон бусад улсын олон тооны жуулчид ирдэг БНАСАУ-н аялал жуулчлалын нэгээхэн том бүс юм.

 Монгол Улсын аюулгүй байдалд ЗХА-н аюулгүй байдал буюу бүс нутгийн аюулгүй байдал ихээхэн чухал үүргийг гүйцэтгэнэ.Бүс нутаг тэнцвэртэй байж хэмээн Монгол Улсын аюулгүй байдал улам баталгаажих юм.

 Дүгнэлт

Ямар ч улсын гадаад бодлогын энэ тэргүүний чиглэл нь хөрш орнууд байдаг. Монгол улсын хувьд ч үүнээс гажихгүй. Манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь ямагт манай хоёр хөрш улс байх болно. Гэвч хөршүүдийнхээ аль нэгийх нь нөлөөнд хэт автах нь аюултай.Үүний нэгэн адил Монгол улс мөнхийн хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байх ,найдвартай түнш байх үүднээс тэдний нөлөөг “гуравдагч хөрш”ийн оролцоотойгоор зөөллөн, эвээр тэнцвэржүүлэхээр энэ бодлогыг явуулж байна.Үүнийгээ ч ҮАБҮБ болон ГБҮБ-даа тусгажээ. Ялангуяа ”гуравдагч хөрш”-ийн бодлого хэрэгжих салбарыг ҮАБҮБ-ын 3.1.1.5-д улс төр,эдийн засаг, соёл хүмүүнлэгийн салбарт байна гээд тодорхой заасан байна.

Түүнчлэн “гуравдагч хөрш”-ийг Монгол Улсын УИХ-ын баталсан ҮАБҮБ, ГБҮБ-д “гуравдагч хөрш”-ийн бодлогын тухайд зааснаар ойлгох нь зүйтэй.

Монгол Улсын олон баримт бичигт 1990-ээд оноос “гуравдагч хөрш” хэмээх энэхүү нэр томъёог албан ёсоор хэрэглэж ирсэн. Иймд энэ нэр томъёог өөрчлөхгүйгээр хэрэглэх нь зөв. ”Гуравдагч хөрш” хэмээх нэр томъёо нь аль нэг тодорхойгүй гурав дахь этгээдийг нэрлэсэн утгыг илэрхийлдэг тул энэ бодлогын мөн чанарт харшлахгүй болно.

Одоогоор хоёр хөршийн хүчний тэнцвэр тогтвортой байгаа явдал манай улсын аюулгүй байдлын гол баталгаа болж байна.Мөн ямар ч улс манай хоёр хөршийг шууд сөрсөн бодлого явуулахгүй байгаа нь эргээд Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого хэрэгжих таатай нөхцөл болж, хоёр хөршийн хамт “гуравдагч хөрш” орнуудтай бид харилцах боломжтой болж байна.

Мөн үндэсний аюулгүй байдалаа гуравдагч хөршүүдээр дамжуулан улам баталгаажуулахийн тулд ЗХА-н бүс нутагт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд идэвхитэй оролцож санал санаачлага гаргахыг хичээх ,

 

[1] Д.Уламбаяр, Монгол Улсын “гуравдагч

хөрш”-ийн бодлого: онол-түүх, орчин үеийн зангилаа

асуудал, 2011 он, Улаанбаатар

[2]Ц.Батбаяр Монгол Улс БНСУ –н иж бүрэн түншлэл нийтлэл 3-р тал

[3] https://2001-2009.state.gov/r/pa/ho/trvl/ls/13042.htm

 [4] Хэл шинжээчдийн үг

[5]  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын

үзэл баримтлал, 1994 оны 6 дугаар сарын 30, Төрийн

мэдээлэл, 9/1994, 781 дүгээр тал.

[6] Монгол Улсын гадаад бодлогын үзэл

баримтлал, 1994 оны 6 дугаар сарын 30, Төрийн

мэдээлэл, 9/1994, 805-806 дугаар тал.

[7] Монгол Улсын гадаад бодлогын үзэл

баримтлал, 2011 оны 2 дугаар сар

 [8] Монгол Улсын гадаад бодлогын үзэл

баримтлал, 2011 оны 2 дугаар сар

[9] http://www.legalinfo.mn/law/158

 [10] http://www.embassymon.at/mn

 [11] ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫНҮЗЭЛ БАРИМТЛАЛ

[12] http://www.mfa.gov.mn/?page_id=30331

 

Сэтгэгдэл бичих

arrow icon