Нийтлэл 05 сарын 29, 2019

God бол God, Будда бол Будда

Сая намайг Бельгид аялж явахад Токиогоос нэгэн Өвөрмонгол хүүхэн утсаар залгаж ярьлаа. "Өөрөө кирил монгол бичиг сайн мэддэг болохоор миний сонин хэвлэлд өгсөн ярилцлагуудыг нэлээд уншиж сонирхдог гэнэ. "Таныг хятад хэлний гайгүй сайн орчуулагч гэж ойлгодог учраас хамтран ажиллах санал тавьж байна. Би үнэндээ бол Америкт төвтэй шашны том байгууллагын Японд байдаг салбарын монгол хэлний орчуулагч юм. Хэрвээ та зөвшөөрвөл одоо манай салбарын дарга хятад бүсгүй тантай утсаар ярьж болох уу?" гэдэг юм байна.

Тэгээд утсаар ярих зуур хятадаар дээрхи санааг давтан өгүүлээд хамтарч ажиллаж болох эсэхийг асуув.

Би түүний хариуд:

"Би өөрөө Буддын шашинтан хүн. Гэхдээ Христийн шашин бол хүн төрөлхтний оюун соёлын маш чухал салбар гэж хүндэтгэлтэй ханддаг. Бас ертөнцөд хоёр үнэн гэж үгүй болохоор тэрхүү үнэнийг өөрсдийн харагдаж мэдрэгдэж байгаа өнцгөөс тайлбарласан байж болох талтай гэж үздэг. Би хааяа заримдаа ганц нэг Христийн номын хэд гурван хуудас сөхөн харж байхад алдаа мадагтай байж болохоор санагдсан үг найруулга цөөнгүй харагдаж байсан шүү. Ялангуяа Монголд байгаа "Ариун судар" буюу "Библийн" тал дээр ярьж байна. Би орчуулагч хүний хувьд "Ариун судар" гэсэн нэрээр бүгдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц сайхан хувилбар гаргах хүсэлтэй гэдгээ гэр бүл, найз нөхдийн хэмжээнд ярьж л байдаг юм. Тэгэхээр энэ тал дээр хамтран ажиллаж болно."

гэдэг санаагаа хэлчихлээ.

Нөгөө хятад бүсгүй "Бид эхлээд танд хэдэн сорил маягтай сэдэв явуулж сорьж үзээд манай орчуулгын багийн сайн мэргэжилтэнгүүд түүнийг хүлээн зөвшөөрвөл бид тантай хамтран ажиллахдаа таатай байх болно. Гэхдээ та өгөгдсөн сэдвийг уран зохиолын орчуулга шиг гоёж гоодолгүй, хамгийн гол нь тавигдсан үгнүүдийг яг ёсчлон орчуулж тавьсан байх шаардлагатай. Бас Христийн шашны мэдлэгийн тогтсон нэр томъёоны жагсаалт монгол хэл дээр байгаа. Бид тан руу түүнийг явуулна. Танд тиймэрхүү нэр томъёо таарвал яг тэр дагуу бэлэн зэлэн үгээр нь тавиад яваарай. Гол нь Бурханы ариун үнэн, хэлсэн үг бүрийг яг тэр дагуу үнэн зөв буулгах учиртай гэдгийг анхаараарай." гээд тэр өдрийн яриа дууссан юм.

Тэгээд удалгүй сорилтын сэдэв гээд 500-гаад ханз үсэгтэй зүйл орж ирсний дотор нөгөөх жагсаалтанд байгаа нэр томъёо цөөнгүй багтжээ. Түүнийг баримтлаад тавиад явчих гэтэл бас л цаад мөн чанарын хувьд мөргөлдөж зөрчилдсөн зүйлс арвин таараад явах юм биш. Ямар ч байсан өөрийн "Ариун судрын" сонгомол орчуулгын хувилбарыг гаргахдаа баримтлая гэж боддог зарчмыг барьсхийгээд орчуулаад явуулчихлаа. Хэд гурав харсан чинь сэтгэлд тун нийцтэй аятайхан болжээ.

Би "The God" гэдэг үгийг "Сахиулсан" хэмээн буулгасан нь жагсаалтын нэр томъёоны хамгийн эхэнд тавиастай "Бурхан" гэдэг үгтэй яавч нийцэхгүй шүү гэдэг санааг эш болгосон хэрэг л дээ. Бас жагсаалтын дотор "Бурханы бурханлиг мөн чанар" гэдэг оноолт тууж явсан. Одоо сайн санахгүй байна маш хуучны бололтой англи хэлний хоёр гурван үгээр илэрхийлэгдсэн ухагдахуун байв.

Би Христийн шашны талаар учиргүй гүн мэдлэгтэй нэгэн биш л дээ. Гэхдээ миний ойлгож байгаагаар "The God" гэдэг ухагдхуун нь "ертөнцийг бүтээж, хамгийг эрхшээн захирагч мөнхийн эзэн" гэсэн утгатай юм болов уу гэж ойлгодог. Харин монгол хэлний Бурхан, Хамаг Бурхад гэдэг ойлгоцын цаана ертөнцөд эснэн мэндлээд харьшгүй хичээл шамдлын үр дүнд ертөнцийн хамаг үнэнийг таньж болгоогоод гэгээрлийн хутгийг олж хамаг амьтанг зовлон, түүний шалтгаан, зовлонгоос ангижирах аргыг айлдан номлогчид хэмээн тоймлон ойлгож болох юм.

Миний дээр өгүүлсэн зүйлд ерөөсөө Буддын болон Христийн шашны үүслийн тухай маргааны гол зөрчилдөөнтэй тал оршиж байгаа юм. Харин "The God" үгийг "Сахиулсан" хэмээн буулгадаг нь манай монгол хэлэнд миний л мэдэхийн дээд шүтээнүүдийг "Тэнгэр, Бурхан, Сахиулсан" гэж тухайлан оноон нэрийдэж ирсэнийг бодолцсон хэрэг. Тэнгэр сахиулсан, Бурхан сахиулсан, Хувилгаан сахиулсан хэмээх холбоо үг ч хуучны ном сударт олонтоо тохиодогийг тэр талын мэдлэгтэй уншигчид гадарлах буй за.

Хамгийн гол нь Бурханы шашинд 33 тэнгэрийн орны аль нэг давхаргад "Мөнхийн эзний улс" оршиж байдаг. Түүнийг Ванчүг сахиулсан эрхшээн захирмой." хэмээн айлдсан байдаг нь угтаа бол энд өгүүлээд байгаа "The God"-ыг хэлсэн хэрэг байж таарна.

Христийн Үнэн алдартны мөргөлтэй байсан нь тогтоогдоод байгаа Хэрэйдийн Ван хан, Найманы Таян хан нар цагтаа "Сахиулсан минь," хэмээн залбираад зогсож байсан гэдгийг бараг тааварлах хэрэггүй болов уу?

Энэ утгаар авч үзвэл "Бурханы бурханлиг мөн чанар" гэдэг жагсаалтанд байгаа орчуулга үндсээрээ буруу байж таарна. 
Бурхан Сахиулсангийн мөн чанарын хувьд сая товч тайлбарлачихлаа. Хуучны уламжлалт судар номонд "Бурханы мөн чанар" хэмээх шулуун гоё оноолт бэлэн зэхээний байж байдаг л даа. Харин ерээд оноос хойшхи орчуулгын бүтээлүүдэд үзэгдэх болсон "бурханлиг мөн чанар" огт буруу оноолт шүү гэдгийг би цөөнгүй бичлэгтээ товч дурьдаж байсан. Үүнийг чихэр, чихэрлиг, төмөр төмөрлиг хоёр яг нэг зүйлийг илэрхийлсэн ухагдхуун биш гэдэгтэй төстэй ойлголт хэмээн тайлбарлаж болно оо доо.

Хятад хэлэн дээр Христийн шашны дээрхи ухагдхууныг хэрхин илэрхийлсэн байдаг юм бол гээд тулгаад хартал "神的神性" хэмээн яг миний дээр тайлбарлаж байсны дагуу их сайхан буулгажээ. Энд Бурхан гэсэн үг байхгүй харин сахиулсан гэдэг утгатай үг хоёр ч удаа давтагдан орсныг гярхай уншигч эрхбиш харж байна уу? Түүнийг баримтлан "Сахиулсангийн сахиулсан мөн чанар" гээд буулгачихаж болох боловч сахиулсан гэдэг үг өөр бас хувилгаан гэсэн хуучны утгатай байдгийг бодолцоод "Сахиулсангийн хувилгаан мөн чанар" гэхэд яг таацсан сайхан орчуулга санагдаж билээ.

Ер нь шашны сэдэвт орчуулга гэдэг нь маш хариуцлагатай шашин гүн ухааны өндөр мэдлэгтэй цөөн хэдэн хүний зориглон барьж авах асуудал мөн байж таарахыг та бүхэн дээрхи хоёрхон үг, ухагдахууныг орчуулахдаа тулгарч байгаа асуудал бэрхшээлээс ойлгосон байх аа.

Удалгүй Токиогоос миний сорилын хариу иржээ. Гурван нөхөр англи хэлийг баримтлан миний хятад хэлнээс хийсэн орчуулгын талаар дүгнэлт гаргасныг хавсаргасан байна. Эхний дүгнэлтийн засвар дээр улаан эрээн болтол засахдаа нөгөө л Бурхан, Бурханы Бурханлиг мөн чанар гэдэг үгнүүдийг хэвээр буулгаж хэрэглэсэн харагдана. Харин нөгөө хоёр засвар дээр боломжийн гэхдээ л жагсаалтаа баримтлан засварласан зүйлс цөөнгүй орсон байлаа.

Тэгээд уг байгууллагын зүгээс "Та уран зохиол болон уламжлалт орчуулгын өргөн мэдлэгтэй хүн болох нь таны орчуулсан сэдвээс харагдаж байна. Гэхдээ бидний ажил мэргэжилдээ тавьдаг орчуулгын үндсэн босго нь Бурханы үнэн үгийг яг тэр ёсоор нь үгчлэн буулгах ёстой юм. Таны орчуулгыг жирийн уншигчид уншихад хэдийгээр уншууртай сонсголонтой боловч бидний тавьдаг шаардлагатай нийцэхгүй байна." гэсэн дүгнэлт хийсэн байлаа.

Би түүний хариуд "Ер нь үнэнийг эш болгон баримтлах нь орчуулгын үндсэн зарчим мөн. Тэр дундаа манай уламжлалт шашны орчуулганд энэ тал дээр маш хатуу тогтсон дэг баримтлаж ирсэн нь угтаа бол та нарын ажил мэргэжлийн босгонд уг нь тэгтэл тороод байх учиргүйсэн. Ер нь хэн нэгний сайтар бодож боловсруулаагүй гаргасан нэр томъёоны жагсаалтанд тавигдсан үгсийг яг үгчлэн буулгаад байна гэдэг нарийн мэргэжлийн орчуулагчийн ажил биш их сургуулийн англи хэлний захын оюутан хийж дөнгөөд байх зүйл биш гэж үү?
Манай Монгол бүр Хэрэйд, Найман улсын үеэс тодорхой хүрээнд Христийн шашин шүтэж байсан түүх бий бөгөөд хамгийн алдартай төлөөлөл нь Хубилай хааны эх Сорхугтан үжин байсан юм. Бас 16 дугаар зууны үеийн "Ариун судрын" монгол орчуулга өнөө хэр та бүхний оршин суугаа Япон улсад нэгэн судлаачийн гар дээр байдаг тухай саяхан би олж сонссон. Өөрөөр хэлбэл манай улс африкийн харууд болон Америкийн Индианууд лугаа адил энэ талын уламжлал урьд өмнө ор хоосон байгаагүй хэрэг огт биш. Тэгэхээр ийм хариуцлагатай зүйл дээр хуучин уламжлалт мэдлэгийг заавал сэргээн ашиглах шаардлагатай байж таарна." гэдэг санаагаа утсаар хариу дуулгав.

Ийм нарийн асуудлыг хэд гурван минутын хугацаанд утсаар ярих төдийгөөр ойлголцох аргагүй л дээ. Ашгүй нөгөө Өвөрмонгол хүүхэн хажуугаас оролцоод "Таны хэлээд байгааг ойлгож байна. Гэхдээ Монголчуудын сэтгэлгээний онцлогийг харгалзаж "The God"-ийг Бурхан хэмээн нэрлэсэн хэрэг." хэмээн тайлбарлав. Хариуд нь: "Тэгвэл Бурханы шашны судар номонд Буддаг "The God" хэмээн орчуулсантай адил хэрэг болно. Танай өвөрмонголчууд хятад хэлний "神舟" гэдэг үгийг хувилгаан завь хэмээн орчуулсан байдаг биш бил үү?" гэж тайлбарлаад бидний энэ талын хамтын ажиллагаа ер нь явцгүй болох нь ойлгогдоод ирлээ.

Аргаа барахдаа "Та нарын наад баримтладаг зарчмын дагуу манай монголд "Аав аа, намайг ашиглаач." гэсэн орчуулга гарчихаад нийгмийн сүлжээгээр шоолуулж шүүмжлүүлж байгааг та нар мэдэх үү?" гэж асуутал өөдөөс "Тэр бол дэлхий нийтэд түгээмэл дэлгэрсэн алдаа мадаггүй орчуулга мөн. Буддын шашинтангууд л биднийг гутаан доромжлохын тулд тийм үйлдэл гаргасан байж таарна." гэдэг байгаа. "Ашиглаач" гэдэг үгийн шилжсэн утга Монгол хэлэнд юу болохыг гадны хүнд тайлбарлаад зогсож байлтай биш?

"Хэрвээ та бидний л баримтладаг зарчмыг хүлээн зөвшөөрөөд ажиллавал бид олон улсын тогтсон орчуулгын хөлсний жишгийг баримтлан тантай хамтран ажиллах санал маань хэвээрээ шүү." гэдгийг дуулгаж байна.

Гэхдээ өөрийн насан туршид баримтлаж ирсэн орчуулагчийн тогтсон мэргэжлийн ёс суртахуунаасаа өдий насанд гажих зориг үнэндээ хүрээгүй юм. "Надад Христийн шашин шүтдэг маш сайн хятад хэлтэй залуу дүү байдаг. Түүнийг танилцуулж өгье дөө." гэж хэлээд салахад сэтгэл маань нэг л өег сайхан уужирч хөнгөрөөд явчихаж билээ?

Аливаа шашин гэдэг бол үндэсний ухамсар, соёлын маш чухал нарийн бүрэлдэхүүн хэсэг байдаг. Шашны судар ном, тулгуур ухагдахууныг орчуулна гэдэг туйлын хүнд бэрх агаад маш хариуцлагатай ажил байх учиртайг "Мила Богдын тууж зохионгуй", "Гэтэлгэгч судар", "Дияан" болон "Баруунш зорчсон тэмдэглэл" бүтээлүүдийг олон сар жилийн турш уйгагагүй нухсаар гаргаж ирэхдээ яс махандаа шингэтэл ойлгож билээ.

Манай өвөг дээдэс энэ тал дээр онцгой хариуцлагатай хандсаар ирсэн. Христийн шашны монгол орчуулгыг гаднаас санхүүжүүлэн чиглүүлэх биш харин төр засгийн холбогдох байгууллагууд болон Христийн шашинтангууд маань өөрсдөө энэ талын санаачлагыг гартаа төвлөрүүлж Монгол уламжлалт онцлогоо харгалзсан орчуулгын тогтсон дэг журамтай болоосой гэдэг санаа бодлын үүднээс энэ бичлэгийг оруулав. Гэхдээ Христийн шашны ном бүтээлийн орчуулгын явцад нарийн хяналт тавьдаг загвар нь надад их таалагдсан шүү гэдгийг энд онцлон хэлсү.

Манай Буддын ном судрын орчуулга маш арвин баялаг уламжлалтай хэдий ч түүнд салхи савир оруулж шинэ цагийн уншигчдад илүү ойлгомжтой болгох шаардлага ус агаар шиг хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ ажил үндсэндээ хариуцах эзэнгүй хаягдаж төр засгийн хараанд бараг өртөхөө больсныг бид бүхэн мэдэж байгаа.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-12-02

    Сорил нэрээр христийнхэн өөрсдийнхөө номлолд илүү автах гүн нарийн бишрэл төрүүлэх утгатай үгнүүдийг түүвэрлэн авч байгаа юм байна. Бурхан гэдэг үгийн гүн утгыг мэдчихээд санаатай өөртөө ашиглаж иргэдийг төөрөлдүүлэх маягаар номлолдоо оруулах зорилго агуулсан гэж бодогдлоо.

    • Зочин
    • 2019-12-01

    Монгол хүүхдүүдийг хятаджуулах ажил нь хангалтгүй санагдаад буддын шашинтнуудыг дотор нь хагаралдуулах хорон ажиллагаа хийгээд байгаагаа болиорой өвгөн гуай. Хүний гараар могой бариулаад ард нь суугаад байгаа шүү

arrow icon