Нийтлэл 06 сарын 17, 2019

1940 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, зөрчил, үр дагавар

Өмнөх дугаарт анхдугаар Үндсэн хуульд орсон өөрчлөлт шинэчлэл хийгээд зарим алдаа дутагдлыг дурдсаныг эндээс уншина уу.

Чойбалсангийн гэх тодотголтой 2 дахь Үндсэн хууль 1940 оны 6 дугаар сарын 30-нд батлагдсанаас хойш 3 дахь (1960 оны) Үндсэн хууль батлагдах хүртэл 20 жил үйлчилжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхийг 1940 оны Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Улсын Их Хурлаас дангаар эрхлэх хэргүүд нь:

1.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг батлах ба өөрчлөх; ...”[1] гэж зааснаар УИХ хэрэгжүүлж байв. Харин эл Үндсэн хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг анхлан журамласнаараа ихээхэн ач холбогдолтой бөгөөд Үндсэн хуулийн төгсгөлд “БНМАУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх журам” хэмээх тусгай бүлгээр зохицуулж, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг өөрчлөх явдлыг Улсын Их Хурлаар гүйцэтгэх бөгөөд Их Хурлын тэргүүлэгчдийн гуравны хоёроос доош бус хувийн гар өргөж баталснаар өөрчилнө.[2] хэмээн журамлажээ.

Тус Үндсэн хууль батлагдсанаас хойш 1941, 1944, 1949[3], 1952, 1955, 1956[4], 1957[5], 1959[6] онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Үүнээс 1940 оны Үндсэн хуульд оруулсан хамгийн том нэмэлт, өөрчлөлт бол нийтийн биш, тэгш бус, олон шатат ил сонгуулиас нийт тэгш эрхийн үндэслэл дээр саналаа нууцаар гаргах сонгуулийн шинэ зарчмыг тунхаглаж төрийн төв, орон нутгийн байгууллагын тогтолцоог дорвитой өөрчилсөн заалтууд юм.

Үндсэн хуульд Улсын IX их хурлаас оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр анх 95 зүйлтэй Үндсэн хууль 108 зүйлтэй болж томорсон бөгөөд хэдийгээр нэг намын залуураар хэлбэрдэлд орсон ч гэсэн сонгуулийн ардчилсан зарчмын үзэл санааг Монголд нэвтрүүлсэн ач холбогдолтойг тэмдэглэх нь зүйтэй[7]. Тус хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулгаас харвал дээр дурдсан 1949 оны томоохон нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа холбогдох зүйлүүдэд дахин нэмэлт, өөрчлөлт оруулсан, мөн 1949 оноос өмнө буюу 1940 оны Үндсэн хуулийн эх бичвэрт нэмэлт, өөрчлөлт оруулсан ийм 2 янзын ялгаа байна. Иймээс дээрхийг эш болгон 1940 оны Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг

1). Зөвхөн 1940 оны Үндсэн хуулийн агуулга (зүйл, заалт)-д оруулсан нэмэлт, өөрчлөлт

2). 1949 оны нэмэлт, өөрчлөлтийг тусгасан агуулгад оруулсан нэмэлт, өөрчлөлт гэж 2 хуваан авч үзэх нь асуудлын мөн чанарыг олж харахад дөхөм байх болов уу.

1940 оны Үндсэн хуулийн агуулга (зүйл, заалт)-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухайд

Тус хуулийн 11, 34, 71 дүгээр зүйлүүдэд 1941, 1944 онд тус тус нэмэлт, өөрчлөлт орсон. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Завхан, Ховд, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Увс аймгууд, Улаанбаатар хотоор бүрдэл болж тогтоно.”[8] гэж Монгол Улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 13 аймаг, 1 хоттой байхаар тогтоосон. Үүнд 1941 онд БНМАУ-ын 24 дүгээр бага хурлаас тус зүйлд өөрчлөлт оруулж “Говь-Алтай, Баян-Өлгий” аймгийг нэмж, 15 аймаг, 1 хоттой байхаар[9] өөрчилжээ. Улмаар тус зүйлд 1949, 1957, 1959 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Асуудлын гол нь үүнд бус, харин Үндсэн хуулийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхийг ямар субъект эдлэх вэ гэдэгт буй. 1940 оны Үндсэн хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг анхлан тогтоосныг дээр дурдсан. Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Улсын Их Хурлаас дангаар эрхлэх хэргүүд нь:

1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг батлах ба өөрчлөх; ...”[10], 95 дугаар зүйлд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг өөрчлөх явдлыг Улсын Их Хурлаар гүйцэтгэх бөгөөд Их Хурлын тэргүүлэгчдийн гуравны хоёроос доош бус хувийн гар өргөж баталснаар өөрчилнө.”[11] гэж зааснаар УИХ Үндсэн хуулийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхийг эдэлнэ.

Гэтэл 1941 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг УИХ бус УБХ тогтоол гаргаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам (тус Үндсэн хуулийн 95 дугаар зүйл)-ыг ноцтой зөрчсөн Үндсэн хуулийн зөрчил мөн.

Үүнээс гадна 1944 онд тус Үндсэн хуулийн 71 дүгээр зүйлд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид (цаашид УБХТ гэнэ)  нэмэлт, өөрчлөлт оруулж удаах зөрчлийг дахин гаргав. Үүнд, Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1944 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр хурлаар БНМАУ-ын 71 дүгээр зүйлийн ёсоор сонгуулийн эрхийг хасагдагсдад сонгуулийн эрхийг олгох тухай асуудлыг хэлэлцээд Ухаан мэдрэл солиу буюу шүүх таслах газраас сонгуулийнхаа эрх хасагдагсдаас бусад Бүгд Найрамдах Монгол Ард  Улсын харьяат 18 нас хүрэгсэд эрэгтэй, эмэгтэй, үндэс угсаа, шашин шүтлэг, боловсрол, нүүдэл суурьшлын байдал болон хөрөнгө чинээний байдлаар ялгаварлагдахгүй цөм сонгох эрхтэй болно.”[12] гэж өөрчилж улмаар ...Дээр дурдсан өөрчлөлтийг дараа хуралдах Улсын Бага ба Их Хурлуудад оруулан батлуулсугай гэжээ. 1949 оны Улсын IX Их хурлаар тус зүйлд дахин өөрчлөлт орох хүртэл хугацаанд эл зүйл хүчин төгөлдөр мөрдөгдсөн юм.

УБХ болон УБХТ-ийн эрх хэмжээг Үндсэн хууль (1940), Улсын Их Бага хурлын гишүүдийн эрх хэмжээний дүрэм (1925), Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн дүрэм (1925, 1933), Монгол Ард Улсын Бага хурлын гишүүдийн дүрэм (1933) болон холбогдох бусад хууль тогтоомжид тодорхой хуульчилсан бөгөөд УБХ, УБХТ нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж, ийнхүү дур зоргоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.  

 1949 оны нэмэлт, өөрчлөлтийг тусгасан агуулгад оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухайд

1949 оны 2 дугаар сарын 12-ноос 19-ний өдрүүдэд Улсын IX их хурал хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, улмаар Үндсэн хуульд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт оруулсан. Эл өөрчлөлтөөр 1940 оны Үндсэн хууль 12 бүлэг, 108 зүйлтэй болж өргөжжээ. Тус Үндсэн хуульд бидний судалснаар давхардсан тоогоор 51 зүйлд (давхардаагүй тоогоор 42 зүйлд) нэмэлт, өөрчлөлт орсон (1949 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтийг хасаж тооцсон) байна[13](Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тодорхой баримт буюу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль, тогтоол зэрэг эрх зүйн акт /1952-1959 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд/-ыг үндэслэн тогтоов).

Үндсэн хуульд 1949 оны 2 сард оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тогтоолоос[14] харвал 80-87 дугаар зүйл буюу 8 зүйлд өөрчлөлт оруулсан. Харин “Улаан од” сонинд нийтлэгдсэн Үндсэн хуулийн эхээс[15] харвал 1949 оны нэмэлт, өөрчлөлтийг оруулж хэвлэхдээ нийт 96 зүйлийг өөрчлөн найруулсан. Үүнд, Шинээр нэмэгдсэн зүйл 16, хасагдсан зүйл 10, өөрчлөн найруулсан зүйл 80 (өмнө 1952-1959 онд орсон нэмэлт, өөрчлөлтийг тоолсон тул энэ хэсэгт эдгээрийг хасаж тооцсон), өөрчлөлт ороогүй 2 зүйл байна[16].

Нэмэлт, өөрчлөлт оруулсан агуулгыг бүхэлд нь авч үзвэл УИХ-ын бүрэн эрхийн хугацаа, тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн, УИХ-ын бүрэн эрх, асуулгын хариу өгөх хугацаа, хөдөлмөрчдийн депутатын хурлыг сонгох хугацаа зэрэгт холбогдох зохицуулалт (15, 16, 19-22, 24-27, 44, 47, 51, 58, 84-87 дугаар зүйлүүд) шинээр хуульчлагдсан бол Бага хурал ба түүний Тэргүүлэгчидтэй холбоотой хэм хэмжээ (18, 20, 21, 22, 25, 40-42, 67, 74 дүгээр зүйлүүд) бүхэлдээ хасагдсан.

1940 оны Үндсэн хуулийн 7 болон 8 дугаар зүйл (газар болон нэгдлийн өмчтэй холбоотой зохицуулалт)-д өөрчлөлт ороогүй[17]. Үлдсэн бүх зүйлүүд (дийлэнх хувийг эзэлж буй)-д буй зохицуулалтыг өөрчлөн найруулсан. УИХ-ын анхдугаар болон ээлжит, ээлжит бус чуулганы хуралдах хугацаа, УИХ-аас эрхлэх хэргүүдийн хамрах хүрээ өргөжиж, СнЗ болон яам, төрийн удирдан захирах төв газруудыг өөрчлөн байгуулах, тэдгээрийн нэр, төрөл, тоо хэмжээ, бүрэлдэхүүн зэргийн өөрчлөлт, мөн Тэргүүлэгчдээс гаргасан зарлигуудыг батлах, ардын аж ахуйн төлөвлөгөөг хянан батлах, улсын төсөв түүний гүйцэтгэлийн тайланг батлах эрх, УИХ-ын чөлөө цагт засгийн эрхийг УБХ барих зохицуулалтыг өөрчилж, УИХ-ын чөлөө цагт “Улсын их хурлын тэргүүлэгчид засаг төрийн эрх барих дээд байгууллага” хэмээн хуульчилсан зэрэг томоохон өөрчлөлт хийж, түүнийгээ “Улаан од”[18] зэрэг сонинд хэвлэсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор 1949 онд шинээр Үндсэн хуулийг баталсан гэдэг санааг судлаач Ч.Болдбаатар, Б.Баярсайхан нар бүтээлдээ[19] дурджээ.

Эдгээр томоохон өөрчлөлтийг хүчин төгөлдөр эсвэл албан ёсны гэж үзэхэд ихээхэн эргэлзээтэй. Учир нь Улсын IX их хурлаас баталсан энэхүү нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг оруулж хэвлэсэн албан ёсны эх сурвалж тодорхойгүй, мөн Улаан од сонинд хэвлэсэн Үндсэн хуулийг албан ёсны эх сурвалж мөн гэж үзэхэд учир дутагдалтай. Нөгөөтэйгүүр Их хурлын тогтоолд ...Үндсэн хуулийг бүх орсон нэмэлт, өөрчлөлтийн хамт хавсаргав.[20] гээд тэрхүү хавсралтад өөрчлөлт оруулсан 80-87 дугаар зүйлүүдийг хавсаргасан буй. Энэ тухайд судлаач Б.Баярсайхан ...тухайн үеийн эрх бүхий байгууллага ямар нэгэн хэлбэрээр тогтоолын дурдсан заалтыг зөрчин Үндсэн хуулийг албан ёсны эмхтгэлд хэвлээгүй бөгөөд зөвхөн “БНМАУ-ын сонгуулийн систем” гэсэн 9 дүгээр бүлгийг хэвлэсэн байна[21] гэж дүгнэжээ.

Ийм томоохон хэмжээний өөрчлөлт оруулсан Үндсэн хуулиас зөвхөн 9 дүгээр бүлгийг нь сонгон тасалж аваад тэрхүү хэсгээ хэвлээд бусдыг нь хэвлэлгүй үлдээнэ гэдэг бол тогтоолын заалтыг зөрчсөн хэрэг бус, харин Үндсэн хуульд үндсэн хуулийн бус аргаар буюу Үндсэн хуулиа зөрчиж өөрчлөлт оруулсан байна гэж үзэхэд хүргэж байна. Дашрамд дурдахад Үндсэн хуулийг хэвлэсэн 1954 оноос өмнөх болон хойно хэвлэгдсэн зарим хэвлэлд[22] 95 зүйлтэйгээр буюу анхны батлагдсан эхээрээ, 1949 онд хэвлэгдсэн “Улаан од” сонин болон 1954, 1956, 1957 оны хэвлэлд[23] 108 зүйлтэй буюу нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байдлаар хэвлэсэн. Гэхдээ эдгээр нь албан бус хэвлэл юм. Албан ёсны хэвлэл буюу “БНМАУ-ын хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл” болон “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл”-д Үндсэн хуульд 1949 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусган хэвлэсэн зүйл байхгүй байна. Мөн энэхүү өөрчлөлтийг хийсэн талаарх протокол, албан ёсны баримт бичиг нэг ч байхгүй байгаа нь энэ асуудлыг цаашид нарийвчлан судлах шаардлагатайг харуулж байна.

 Дээрх Хүснэгт 1-ээс харвал 1940 оны Үндсэн хууль болон 1949 онд оруулсан өөрчлөлтийн аль алинд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхийг УИХ эдэлнэ. Харин Бага хурал, түүний гишүүдийг Улсын Их Хурлын Тэргүүлэгчид (цаашид УИХТ гэнэ) болгон өөрчилснөөр УБХ, УБХТ гэх институт үгүй болж, тэдгээрийн эрх хэмжээ УИХТ-д шилжсэн гэж болно. Гэхдээ хачирхалтай нь 1949 онд хуралдсан IX их хурлаас УБХ-ыг 77 гишүүнтэйгээр байгуулж,  ...Улсын Их Хурлын сонгуулийг 1951 оны 1 дүгээр улирлаас хэтрүүлэхгүйгээр бэлтгэн явуулахыг Улсын Бага Хуралд даалгасан[24] байна. Үүний дагуу УБХТ БНМАУ-ын Их Хурлын сонгуулийг 1951 оны 6 дугаар сарын 10-ны өдөр явуулахаар зарлиг гаргаж[25], улмаар УИХ-ын нэгдүгээр чуулганыг зарлан хуралдуулах шийдвэрийг[26] ч гаргасан байдаг.

Хэрэв 1949 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хууль ёсных мөн гэж хүлээн зөвшөөрөх ахул Их хурлаас байгуулагдсан Бага хурал, түүний тэргүүлэгчид, тэдгээрийн шийдвэр нь ч хүчин төгөлдөр бус буюу Үндсэн хууль зөрчиж гарсан хэрэг болно. Эсрэгээр, IX их хурал 1940 оны Үндсэн хуулийн заалтаа үндэслээд Бага Хурлыг байгуулсан байлаа гэж бодоход мөн л Үндсэн хуулиа зөрчсөн. Учир нь 1949 оны өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд “Улсын Их Хурлын тэргүүлэгчид нь: ... г. Дагаж шийтгүүлэн байгаа хуулиудад тайлбар өгнө. Мөн зарлигуудыг гаргана...”[27] гэж заасныг үндэслэн УБХТ-ээс “Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын оронд зарлиг гаргах тухай”[28] тогтоолыг мөн онд баталсан. Энэ тогтоол гарсны маргаашнаас нь эхлэн УБХТ-ийн Зарлиг гарч эхэлсэн байдаг. Тус тогтоолд “...Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн ёсоор...” хэмээн үндэслэснийг эш болговол Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг биш, харин Их Хурлын тэргүүлэгчдийн зарлиг байх ёстой.

Баримт 2

Дээр дурдсантай холбогдуулан 1952-1959 он хүртэлх хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан эрх зүйн актын нэр, хэлбэр, баталсан субъект, огноог дараах хүснэгтэд жагсаав.

Эндээс УИХТ  1956 (1 зүйл), 1957 (1 зүйл), 1957 (10 зүйл), 1959 (1 зүйл) онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг мэдэж болно. Үндсэн хуульд 1949 онд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хууль тогтоох эрх нь гагцхүү Улсын Их Хуралд байна.[29] гэж хууль тогтоох бүрэн эрхийг зөвхөн УИХ хэрэгжүүлнэ гэдэг зохицуулалтыг шинээр нэмж хуульчилсан. (Хүснэгт 1-д үзнэ үү). Харамсалтай нь УИХТ УИХ-ын бүрэн эрхэд мөн л урьдынх шиг халдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийжээ.

Нэгэн зүйл. Их Хурлын Тэргүүлэгчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 1957.07.06-ны өдрийн 104 тоот зарлигаар  батлаад Үндсэн хуулийн ёсоор[30] Их Хуралд батлуулахаар оруулсныг баримтаас харж болно. Харин түүнийг Их Хурал чуулганаараа баталсан эсэх нь тодорхой бус байна. Академич Ж.Амарсанаа, О.Батсайхан нарын эмхтгэсэн номонд Их Хурлын Тэргүүлэгчдийн дурдсан зарлигийг Их хурлын чуулганаар баталсан гээд 1957.07.08-ны өдрийн баримтыг (хуулийг) хавсарган хэвлэжээ[31]. Академич Ж.Амарсанаа нар энэхүү баримтыг “БНМАУ-ын Үндсэн хууль, түүнд холбогдох актын эмхтгэл. 1941-1970. Хоёрдугаар дэвтэр. Уб., 1974” номын 259 дэх талаас авсан гэж эшлэсэн боловч тус номд эл хууль байсангүй. Миний бие тус зарлигийг хуулийн албан ба албан бус хэвлэлүүдэд Их хурлын чуулганаар баталсан эсэхийг хайсан боловч олдоогүй.

Тус Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигийг Их хурлын чуулганаар батлахдаа 5, 7, 12, 44, 57 дугаар зүйлийг яг хэвээр нь батлаад 15, 20, 30, 39, 40 дүгээр зүйлүүдийг хассан байна. Ямартай ч тухайн үед Их Хурлын тэргүүлэгчид Үндсэн хуульд заасан ёсоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрх өөрсдөд нь бус, УИХ-д хадгалагдана гэдгийг ухаарч байсныг дээрх баримт нотолж буй. Харин 1956, 1957.02.27, 1959 оны зарлигуудыг УИХТ өөрсдөө Их Хурлын чуулганд оруулалгүйгээр шууд баталсан нь Үндсэн хуулийг зөрчиж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж дүгнэх бүрэн боломжтой. Дээрхээс албан ёсны буюу Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигийг ялангуяа 1957.07.06-ны 104 тоот зарлигийг Их хурлаар баталсан эсэхийг тодлох шаардлага урган гарч байна.

Ийнхүү Их Хурлын Тэргүүлэгчид Үндсэн хуулийн нийт 13 зүйл (1957.07.06-ны 104 тоот зарлигийг Их хурлын чуулганаар баталсан нь тогтоогдвол 3 зүйлд өөрчлөлт оруулсан гэж тооцно)-д Үндсэн хуулийг зөрчиж, нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Бас нэгэн зүйл. Өмнө 1940 оны Үндсэн хуульд 1949 онд нийтдээ 96 зүйлд өөрчлөлт оруулсныг дурдсан. Судалгаанаас үзвэл эдгээр өөрчлөлт оруулсан зүйл нь нэгдүгээрт, албан ёсны баримт байхгүй, хоёрдугаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам, бүрэн эрх, процедурын шинжтэй ноцтой зөрчил гаргасан тул  эл өөрчлөлтүүдийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэстэй. Гэвч тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, бусад хүчин зүйлээс улбаатайгаар энэхүү өөрчлөлтийг дагаж мөрдсөн нь түүхэн үнэн билээ. Иймд эл өөрчлөлтөөр шинэ Үндсэн хуулийг баталсан бус, харин үндсэн хуулийн бус аргаар, Үндсэн хуулиа зөрчиж, дур зоргоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан ноцтой зөрчил мөн гэж үзнэ. Харин үүний сөрөг үр дагавар нь дараагийн Үндсэн хуулийг “хууль бусаар” батлахад зохих хэмжээгээр нөлөөлсөн гэх үндэстэй. Энэ тухай дараагийн хэсэгт авч үзнэ.

 

 

Баянбаатарын Батбаяр
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх
зүйн тэнхимийн багш, Хууль зүйн магистр (LL.M

 Судалгаанд ашигласан материал:

[1] БНМАУ-ын Үндсэн хууль. 1940 он. 16 дугаар зүйл. [БНМАУ-ын Үндсэн хууль, түүнд холбогдох зарим актын эмхтгэл. 1921-1940. Нэгдүгээр дэвтэр. Уб., 1972. 360 дахь тал]

[2] БНМАУ-ын Үндсэн хууль. 1940 он. 16 дугаар зүйл.

[3] 1949 онд 2 удаа өөрчлөлт орсон байх бөгөөд 1949 оны 2 сарын 19-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт 96 зүйлийг өөрчлөн найруулсан байдаг.

[4] 1956 онд 2 удаа нэмэлт, өөрчлөлт орсон.

[5] 1957 онд 3 удаа нэмэлт, өөрчлөлт орсон.

[6] 1959 онд 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон.

[7] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал: Нийтлэг асуудал. Нэгдүгээр дэвтэр. Уб., 2004. 217 дахь тал

[8] БНМАУ-ын Үндсэн хууль. 1940 он. 11 дүгээр зүйл

[9] БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлүүдийг өөрчлөх тухай. БНМАУ-ын Бага хурлын тогтоол. 1941.02.14. Дугаар 24. [Монголын хууль тогтоомжийн  түүхэн эмхтгэл. Дөрөвдүгээр боть. (1937-1958.Х сар). Уб., 2010. 113 дахь тал]

[10] БНМАУ-ын Үндсэн хууль. 1940 он. 16 дугаар зүйл.

[11] БНМАУ-ын Үндсэн хууль. 1940 он. 16 дугаар зүйл.

[12] БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1944 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан 74 дүгээр хурлын тогтоол. [БНМАУ-ын Үндсэн хууль, түүнд холбогдох зарим актын эмхтгэл. 1940-1970. Хоёрдугаа дэвтэр. Уб., 1974. 49-50 дахь тал]

[13] “Үндсэн хуульт ёс” сангаас хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн түүх (тойм, харьцуулсан судалгаа)” сэдэвт судалгааны төсөл. Гүйцэтгэгч Б.Батбаяр, М.Цэдэвсүрэн. 2019 он. Эл судалгаа хараахан дуусаагүй байгаа тул дээр дурдсан тоо баримт үл ялиг өөрчлөгдөх магадлалтай.

[14] БНМАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт ба нэмэлт оруулах тухай. БНМАУ-ын IX их хурлын тогтоол. 1949.02.19. Дугаар 9. [Монголын хууль тогтоомжийн  түүхэн эмхтгэл. Дөрөвдүгээр боть. (1937-1958.Х сар). Уб., 2010. 329 дэх тал]

[15] “Улаан од” сонин. 1949.02.26. №47 (3294)

[16] “Үндсэн хуульт ёс” сангаас хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн түүх (тойм, харьцуулсан судалгаа)” сэдэвт судалгааны төсөл. Гүйцэтгэгч Б.Батбаяр, М.Цэдэвсүрэн. 2019 он

[17] Ардын нэгдлүүдийн нийгмийн өмч гэсэн нэршлийг 1949 оны нэмэлт өөрчлөлтөд хэвээр баталсан. Харин энэ зүйлийг 1957 оны нэмэлт өөрчлөлтөөр хөдөө аж ахуйн нэгдлийн нийтийн өмч болгон хуульчилсан. Мөн Ард иргэд ба хөдөлмөрчдийн сайн дурын нэгдлүүдэд бэлчээр буюу тариалангийн газрыг үнэ төлбөргүйгээр олгох зохицуулалт нь хэвээр батлагдсан.

[18] “Улаан од” сонин. 1949.02.26. №47 (3294)

[19] 1940 оны Үндсэн хууль: Түүх, эрх зүйн асуудал. Эрдэм шинжилгээний өгүүлэл, баримтууд. Эрхэлсэн Ч.Болдбаатар. Уб., 2016; Б.Баярсайхан. Монгол Улсын үндсэн хуульт ёсны уламжлал. БНМАУ-ын 1949 оны Үндсэн хуулийн эрх зүйн шинжилгээ. Уб., 2017 зэрэг бүтээлд үзнэ үү.

[20] БНМАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт ба нэмэлт оруулах тухай. БНМАУ-ын IX их хурлын тогтоол. 1949.02.19. Дугаар 9.

[21] Б.Баярсайхан. Монгол Улсын үндсэн хуульт ёсны уламжлал. БНМАУ-ын 1949 оны Үндсэн хуулийн эрх зүйн шинжилгээ. Уб., 2017. 74 дэх тал

[22] БНМАУ-ын Үндсэн хууль. Уб., 1940. 5-71 дэх тал, БНМАУ хөрөнгөтний биш хөгжлийн төлөө тэмцэлд. Уб., 1956. 347-363 дахь тал, БНМАУ-ын Үндсэн хууль, түүнд холбогдох зарим актын эмхтгэл. 1921-1940. Нэгдүгээр дэвтэр. Уб., 1972. 356-375 дахь тал

[23] Б.Н.М.А. Улсын Үндсэн хууль. Уб., 1954. 3-29 дэх тал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль. Уб., 1954. 3-34 дэх тал, БНМАУ-ын их бага хурлын тогтоол. Үндсэн хууль. Тунхгууд. Уб., 1956. 235-251 дэх тал

[24] БНМАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт ба нэмэлт оруулах тухай. БНМАУ-ын IX их хурлын тогтоол. 1949.02.19. Дугаар 9.

[25] БНМАУ-ын Их хурлын сонгуулийг явуулах өдрийн тухай. БНМАУ-ын БХТ-ийн зарлиг. 1951.04.09. Дугаар 25. [БНМАУ. Хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл. 1951 он. №1. Уб., 1951. 8 дахь тал]

[26] Улсын Их Хурлын нэгдүгээр чуулганыг зарлан хуралдуулах тухай. БНМАУ-ын БХТ-ийн зарлиг. 1951.06.15. Дугаар 43. [БНМАУ. Хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл. 1951 он. №1. Уб., 1951. 49 дэх тал]

[27] БНМАУ-ын Үндсэн хууль. 1940 он (1949 оны өөрчлөлтөөр). 29 дүгээр зүйл.

[28] Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын оронд зарлиг гаргах тухай. БНМАУ-ын БХТ-ийн тогтоол. 1949.07.25. Дугаар 55. [БНМАУ. Хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл. 1949 он. №1-2. Уб., 1950. 18 дахь тал]

[29] БНМАУ-ын Үндсэн хууль. 1940 он (1949 оны өөрчлөлтөөр). 22 дугаар зүйл.

[30] Үндсэн хуульд 1949 онд “Хорин есдүгээр зүйл. Улсын Их Хурлын Тэргүүлэгчид нь: ... Г. Дагаж шийтгүүлэн байгаа хуулиудад тайлбар өгнө. Мөн зарлигуудыг гаргана. Үүнд тэдгээрийн хэрэгтэйгий нь Улсын Их Хуралд дараагаар оруулан батлуулна...” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд үүний дагуу ИХТ-чид зарлигийнхаа төгсгөлд “...БНМАУ-ын Үндсэн хуульд орсон эдгээр өөрчлөлтийг Улсын Их Хурлын чуулганд батлуулахаар оруулсугай.” гэсэн буй.

[31] БНМАУ-ын Үндсэн хуулийн зарим зүйлд өөрчлөлт оруулах тухай хууль. 1957.07.08. [Монгол Улсын Үндсэн хууль. Баримт бичиг. Эмхтгэж тайлбар бичсэн Ж.Амарсанаа, О.Батсайхан. Уб., 2004. 176 дахь тал]

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-06-18

    Urgeljleliig n xaanaas xarax ve

arrow icon