Нийтлэл 07 сарын 18, 2019

Сэтгэлгээний хоцрогдлын өртөг: Амь нас, эрүүл мэнд

1. Орлого ба хэрэглээний өсөлт

Ѳнѳѳгийн монголчуудын амьдралын түвшин, хэрэглээ ямар байгааг зарим энгийн тоогоор харуулж болно. 2018 оны байдлаар 900 мянган ѳрхѳд 600 мянган машин; 3.2 сая хүнд 3.4 сая гар утас хэрэглэгч, 2.7 сая интернет хэрэглэгч байна. Давхардсан тоогоор нэг жилд гадаадад зорчсон иргэд 2.5 саяд хүрчээ. Монгол 10 жилийн өмнө л 250 мянган машинтай, гадаадад зорчигсдын тоо одоогийнхоос 2 дахин бага байсан. Гар утаснаасаа интернет ордог хүн хэр олон байсан талаар статистик тоо харах ч шаардлагагүй болов уу. Гэхдээ Монголд ядуурлын түвшин өндөр, ард түмний амьдрал хэцүү гм олон асуудал байгаа талаар түгээмэл яригддаг, эдгээр нь ч бодит сорилтууд. Тийм боловч 90 оноос хойш амьдралын түвшин хэрхэн сайжирч ирснийг ѳѳр олон үзүүлэлт илэрхилнэ. Цаг хугацааг үнэ цэнэ гэж үзвэл 1992 онд 62.3 байсан дундаж наслалт 2018 онд 70 болсон байна. Амьжиргаа чухал гэж үзвэл ядуурлын түвшин 2009 онд 39% байснаас 2019 онд 28% болж буурсан. Хэрэглээтэй холбоотой нэг үзүүлэлт болох импорт 2000 онд $600 сая байсан бол 2018 онд $5.9 тэрбум, үүнээс $500 сая нь суудлын автомашин & сэлбэг хэрэгсэл байв. Нийт эдийн засгийн хэмжээ чухал гэж үзвэл ДНБ нэрлэсэн дүнгээр 1993 онд $770 сая байснаа 2018 онд $13 тэрбум болж ѳссѳн. Бодит хэмжээгээр энэ хооронд 4.3 дахин ѳссѳн нь хүн амын ѳсѳлтѳѳс хурдтай байв. Дэлхийн банкны улс орнуудыг орлогын түвшний ангиллаас харахад ч 1990-ээд онд Монгол улс "Low income" буюу албан ёсоор бага орлоготой ядуу улс байсан бол 2018 онд "Middle income" буюу дундаж орлоготой улс болсон байна.

2. Асуудал

Өнөөдөр Монголд 3 өрхийн 2 нь машинтай, найз нѳхѳд эсвэл гэр бүлээрээ аялж, дуртай газраа давхиад хүрдэг болжээ. Энэ бол хүн тѳрсѳн газраасаа холдолгүй насыг бардаг байсан дээр үе байтугай саяхан хүртэл боломжгүй байсан зүйл. Гэхдээ үүнийг дагаад зам тээврийн осол, амарсан аялсан газраа хог хяаж байгаль орчноо бохирдуулах асуудал ч хурдтай нэмэгдэж байна. Зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 2018 онд 562 байсныг ЗЦГ анхааруулж "Яараад яахав дээ" аяныг өрнүүлж буй. Уг үзүүлэлт 2 жилийн дотор л бараг 20% буюу 100 орчим хүнээр нэмэгдсэн тул анхааруулахаас ч өөр аргагүй. 2016 оны байдлаар 100 мянган хүн амд ногдох автомашины ослоор нас барагсдын тоо Монголд Америкаас 33% их байсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вебсайтаас үзэж болно. Уул нь Америк хөгжсөн орнууд дунд энэ үзүүлэлтээр нэлээд өндөрт тооцогддог. Тухайлбал Америкт 12/100К байдаг уг үзүүлэлт Герман, Японд 4/100К; Норвеги, Швейцарьт 2.7/100К байх жишээтэй. Харин Монголд 16/100К. Түүнчлэн, хэдийгээр албан статистик байхгүй ч Тэрэлж Туулын хөндийгөөс эхлээд Хөвсгөл, Хяргас & Өгий нуур, Алтай таван богд, Дарьганга Шилийн богд, хѳдѳѳ хээр замын дагуу, овоо толгод болгон дээр хог хаяагүй газар цөөн байгаа талаарх сошиал постууд, зургуудыг бид байнга харцгааж байна. Элдэв хадаг, уяа дарцаг, идээ будаа хоол хүнс, архи дарс ч элбэг болсон нь нѳгѳѳ талаар байгальд үлдэх хогны том эх үүсвэр болжээ. Тэгвэл энэ бүхэн юу хэлнэ вэ: Монголчуудын орлого дээшлэхийн хэрээр 21-р зууны хэрэглээтэй болсон ч, ухамсар сэтгэхүй нь үүнтэйгээ дүйцэхгүй амь нас, эрүүл мэнд, байгаль орчноо сүйтгэж байна уу? Дэлхийд хамгийн сийрэг хүн амын нягтралтай, хэдэн цаг давхихад хүнтэй тааралдахгуй ѳргѳн уудам нутагт энэ асуудлыг зөвхөн хатуу хяналт, дүрэм журмаар бүрэн шийдэх мэдээж боломжгүй.

3. Ухамсар ба сэтгэлгээний өөрчлөлт

Хэдийгээр Монголд нэг хүнд ногдох бодит ДНБ буюу тухайн орны амьдралын түвшнийг ойролцоогоор илэрхийлэх үзүүлэлт 1993 оноос хойш 3 дахин өссөн боловч энэ нь хүний хөгжил гэхээсээ газрын хэвлийн баялаг, тэр дундаа нүүрс, зэс, алтны орлого болон гадаад санхүүжилттэй илүү холбоотой юм. 1990 оноос хойшхи эдийн засгийн өсөлтийг задлаад үзвэл ялангуяа сүүлийн 10 гаруй жилд бий болсон өсөлт бүтээмж/чадвар гэхээсээ капитал хуримтлалтай холбоотой байдаг. Ѳѳрѳѳр хэлбэл техник тоног тѳхѳѳрѳмж, барилга байшин, дэд бүтэц ихээр нэмэгдсэн гэсэн үг бѳгѳѳд энэ нь ихэвчлэн уул уурхайн салбарт орсон хөрөнгө оруулалт, энэ салбарт хийгдсэн бүтээн байгуулалт, бий болгосон орлогын үр дүн гэсэн үг. Харин нийт эдийн засагт оролцогчдын мэдлэг чадвар ур ухаан төдийлөн сайжраагүйг илэрхийлнэ. Уул нь хөгжил гэдэг зүйл бол хүний уйгагүй хөдөлмөр, үүнтэй цуг дээшилдэг ухамсрын дүнд бий болдог учраас "улсын хөгжил хүндээ байдаг" гэж ярих нь түгээмэл. Баялаггүй ч өндөр хөгжсөн улс орнууд, иргэдийнх нь мэдлэг боловсрол ухамсрын түвшин үүнийг батална. Харин Монголын хувьд байгалийн баялгийн орлогo дээр нэмээд гадаад ѳр зээлүүд хэрэглээг огцом нэмэгдүүлсэн бөгөөд, япон хүний унадаг машиныг унаж, финлянд хүний барьдаг гар утсыг барьж буй ч хүмүүсийн ухамсар сэтгэхүй зэрэгцэж дээшилсэнгүй. Цаашид энэ байдлаар эдийн засаг тэлвэл олон монгол хүн мѳнгѳтэй болохын хэрээр илүү хүчтэй машин унана, илүү сайн замаар давхина, илүү үнэтэй архи ууж, илүү хол аялж зугаалдаг болно. Энэ хэрээр байгальд үлдэх хог хаягдал, замд гарах осол аваар нэмэгдэнэ гэсэн үг. Иймд монголчууд бид хөгжил, амьжиргаа, хэрэглээгээ нэмнэ гэхээсээ өмнө сэтгэлгээ, ухамсраа эргэн харж цэгнэх цаг болжээ. Ядуурал, эд мөнгө гачигдалтай амьдрал бол хүсүүштэй зүйл мэдээж биш. Гэхдээ ухамсар дээшлэхгүйгээр эд хѳрѳнгѳтэй боллоо ч сайхан нийгэм, тогтвортой хѳгжил бий болохгүй. Ухамсаргүй эд мөнгө ухамсаргүй хэрэглээг нэмэгдүүлж, байгаль орчин амь насаа сүйтгэх эрсдэлтэй гэдэг нь одоо ч бэлхэн харагдаж байгаа тул сэтгэлгээний хувьсгал яаралтай шаардлагатай.


(Зургийг С.Цогтбаяр)

Сэтгэгдэл бичих

    • Анхааруулга
    • 2019-07-20

    Зам муутай шүү дээ

    • Анхааруулга
    • 2019-07-20

    Зам муутай шүү дээ

arrow icon