Жонхууг жонхууруулсан нь

“Олон нийтийг сонсох чихгүй олон нийтийн засгийн газар нэг бол инээдмийн, эсвэл эмгэнэлт жүжгийн, эсвэл аль алиных нь босгон дээр байдаг”. Ж.Мэдисон

Элийрэгч нэрээр жиргэдэг иргэн Ц.Уянга Ерөнхийлөгч Х.Баттулгыг гутаан доромжилсон гэнэ. Энэ талаар тамгын газар нь гомдол гаргаж, цагдаа хэрэг бүртгэл явуулснаар Зөрчлийн хуулийн 6.21 зүйл ангиар торгож, хаягийг нь хаах хүртэл арга хэмжээ авна гэнээ. Энэ кэисийг тойрсон өргөн хэлэлцүүлэг өрнөж байна.

Ер нь улстөрчийг гутаан доромжлох гэдэг ойлголт байх боломжтой юу? Улстөрч гэдэг ургадаггүй, төрдөггүй, хувь хүний үзэл бодлоос бий болдог. Бусадтайгаа л адил хоёр хөлтэй хохимой толгойтой хувь хүн бусад хувь хүний үзэл бодол гэдэг хийсвэрээс рейтинг олж, тэр рейтинг нь ардчилсан сонгуулиар төрийн эрх мэдэл болж хувирдаг. Тэр эрх мэдэл нь төрүүлсэн эх үзэл бодлоосоо илүү бодитой. Төрийн эрх мэдэл бол төсөв, шүүх цагдаа, шийдвэр гаргах эрх, нөлөөлөл гээд нийгмийн амьдрал, олон хүний хувь заяаг шийдэх хүчийг агуулж байдаг.

Хүний гарт хэдий чинээ хүчтэй зэвсэг байна, төдий чинээ сайныг үйлдэх, эсвэл эсрэгээрээ хүчирхийлэх боломжтой. Тэр ч утгаараа хүний түүх гэдэг хувь хүнээс сурвалжтай хэрнээ хувь хүний язгуур эрхэнд халдах, геноцид хийх, эцэг эхийн эрхэм хөвүүдийг сая саяар нь дайчлан хядсан түүх байдаг. Өнөөдөр эрхбиш ардчилсан улсын хувьд ийм хэмжээнд төрөөс хүчирхийлэл хийх боломж багассан. Гэхдээ орчин үед төрийн дарангуйлал арай далд, гоё хэлбэрт орсон. Төсөл, хөтөлбөр, тендер, концесс, ждү гээд гоё гоё нэр дор явдаг. Нийтийн эрх ашигт зориулагдсан эдийн засгийн нөөцийг нийтийн үзэл бодлоос төрсөн улстөрийн эрх мэдэл хувааж иддэг. Энэ шинэ төрлийн дарангуйлалд хамгийн гаршсан улстөрчийн нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө. Төмөр замын 280 сая доллар гэх мэт дуулиант хэргийг больё. Саяхны жишээ гэхэд дүү Х.Баттуул нь ждүчин гишүүдийг хэд нугалсан тэжээлийн тендерийн зээл 2 тэрбум төгрөг, хэвлэлийн албаны дарга Ж.Цэсэнгийнх нь гэр бүлийн компани мөн л 1,2 тэрбум төгрөгийн зээл авсан байх жишээтэй. Тэгээд хэвлэлийн албаны даргаа халлаа гэж мэдээ гаргасан ч үнэн хэрэгтээ халагдаагүй байх жишээтэй. Энэ бол бодитой доромжлол.

Энэ мэт иргэдийн амь амьдралын баталгаа болох бодит эдийн засгаас гадна үнэт зүйл, оюун санааны хүчирхийлэл ч нэмэгдэнэ. Улстөрийн идэвхитэй иргэн, либерал үзэлтэй нийтлэлчийн зүгээс харахад Женко бол үнэхээр хараалаа барж залхаж үхмээр хар гайны улстөрч. Өнөөг хүртэл үеэс үед залгамжлан бүтээж ирсэн олон улсын харилцаан дахь Монгол Улсын ололт амжилт, үнэт зүйлд үргэлж заналхийж байдаг. Цус шинжилнэ, цэргийн эдийн засаг ярина, ШХАБ гэнэ, цаазын ял гэнэ, уул уурхайн популизм хийнэ, одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тэс хөндлөн санал оруулж жонхуу хутгана. Нээрээ л Монголын ардчиллыг сүйрүүлэх даалгавар авсан юм шиг л харагддаг "новш".

Иргэн би ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгыг "новш" гэж хараахаар монгол төр муухай болох уу? Үгүй шүү дээ. Харин ч феодал эрх мэдлийг жирийн иргэдээс хамгаалах жийргэвч маягаар үүссэн уламжлалт соёл дор авилга, хулгай цэцэглэн байх нь төрийг байтугай Монголыг ёроолоос нь мэрж идсээр сүйрэхэд хүрээд байна. Тэр утгаараа Женко шиг улстөрчдийн рейтинг барагдаж дуусахад харин ч төр шиг төртэй болно. Асар хүчирхэг төрийн эрх мэдэл, тамга барьж байгаа улстөрчийг түүнийг анх бүтээсэн үзэл бодлоороо шүүхээс өөрөөр гар нүцгэн иргэн яах билээ? Үзэл бодлоос рейтинг төрж, үзэл бодлоос рейтинг нурах нь ардчилсан процесс. Энэ процессыг нь хааж боогоод ирэхээр хүчирхийлэл болж хувирдаг.

Ер нь иргэний хяналтгүй гоё төр гэж юм түүхэнд байгаагүй. Иргэнийг дор эрэмбэлж, төрийг дээр эрэмбэлэх соёл үүссэн нийгмийн байгуулал дор монгол хүн хэн байсан юм? Босгоны боол л байсан. Оюун санааны эрх чөлөө, хүний эрхээ Үндсэн хуулиар хамгаалуулсан монгол хүн гэдэг тун саяхны ололт амжилт юм шүү.

Тийм байтал ээ хөөрхий Ерөнхийлөгч минь бүү доромжил, бүү халд гэнэ. Ямар их хошуу хормой дэвсдэг юм? Ийм цайлган ард түмнийг ийм их уул уурхайн нөөц, ингэтэл авилгажсан төрөөр засаглаж буй эрх мэдэлтнүүд чиний хөөрхийлөл, өмгөөллөөр дутна гэж бодож байна уу? Өмчийг төрд төвлөрүүлсэн коммунист төр хүний түүхэнд бий болсон хамгийн хүчирхэг эрх мэдлийн нэг байсан. Эмэг өвгийг чинь мянга мянгаар нь хядсан түүхийн хуудас шарлаж амжаагүй байхад золоор олдсон эрх чөлөө рүүгээ нулимж, дарангуйлал хүсч явахаас залуучууд ичих хэрэгтэй. Феодал дээрээ коммунист угшилтай Монголд төр иргэнээс асар өндөрт оршсон хэвээр байна. Хүчний харьцаа тэнцвэржтэл өдий. Авилгажсан төрийг бүр сайн хянах, шүүмжлэх, шахах хэрэгтэй. Төр бол шүтээн биш үйлчлэгч.

Нөгөө талаар Монгол хурдтай нийгэм, иргэд овоо хүчтэй болж байгааг энэ торгууль баталж байгаа юм. Нэг муу апп хэрэглэдэг нэг муу иргэнийг Ерөнхийлөгчийн тамгын газар нь Цагдаагийн Ерөнхий Газартаа хандаад нийлээд торгуулж л байдаг, ичмээр. Эртээд бас Элбэгдорж экс еөк би мэт нэг муу иргэнийг албан ёсны ханан дээрээ тороолдцон л тууж байсан. Ёс заншил, соёл, хууль гээд хэдэн давхар хамгаалалт дор туйлж ирсэн эрх мэдэл иргэний нийгэм хүчтэй болох эхний дохионоор паниктаж байгаа нь энэ. Тэд гартаа байгаа эрх мэдлээр шийтгэж байгаа бол бид ч гартаа байгаа үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж эргээд рейтингтэй нь тулах л хэрэгтэй. Тэр эрх чөлөөг дарангуйлах иймэрхүү оролдлогыг нийтээрээ тас цохиж байхгүй бол салхи үзэхгүй эрх мэдэл улам ялзарч, хөгжлөөс улам алсарна. 

Түрүүн эрх мэдэл илүү бодитой гэж бичсэн. Гэхдээ оюун ухаант хүний нийгмийн нэг гоё чиг хандлага байна, урт хугацаанд зөөлөн нь хатуугаа, үзэл бодол нь эрх мэдлээ мэдэж ирсэн. Иргэний үзэл бодлыг атгах гэж оролдох тусам элс шиг асгарч өөрсдийнх нь оноо хасагдах болно. Тиймд Х.Баттулга нар уг нь хараал зүхэл болоод ч болов ил тод дүн тавьж өгч байгаа дуу хоолойг хаах гэж оролдохын оронд тусгаад засаад явбал өөрт нь тустай. Ер нь улстөрийн нэр хүндийг шүүхдэж биш манлайлж олж авна биз дээ. Х.Нямбаатар гишүүн намайг утсан хүүхэлдэй гэлээ гэж шүүхдээд утсан хүүхэлдэй хочтой болсон. Ерөнхийлөгчийн тамгын газар түүнийг жонхуу гэлээ гэж цагдаад хандаад эзнээ бүр жонхууд хутгаад хаячихлаа. Үзэл бодлоос эхтэй улстөрийн гоё нь эндээ байна, эцсийн шүүх иргэний толгойд, үг хэлэх эрх чөлөөнд бий.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4675

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%