''Хөвөлзөх ертөнцийн зураач'' номын тэмдэглэл

Нэгдүгээр хэсэг: Амжилтын тухай төөрүү бодол
Хүний амьдрал богинохон. Ердөө л дунджаар 70-80 насална. Үүнийхээ 1/3 д нь л идэвхтэйгээр хийж бүтээж амьдардаг байж мэдэх юм. Мэдээж хүн бүр адилгүй. Түүнээс урт бас богино байж ч мэднэ. Бас хүн бүрийн хийсэн бүтээсэн бүр нийгэмд нөлөөлөөд байдаггүй нь ч үнэн. Тэгэхээр бидний үнэт зүйл, үлгэр дуурайлал гэж баримжаалж байгаа зүйлс, хүмүүс маань юу байв? хэн байв ? гэдгээр олонхийн маань үг үйлдэл, үнэн төрх заримдаа богинохон амьдралын маань утга учир хэмжигдэх нь бий. Бид өөрийн мэдэлгүй хэн нэгний үлгэр дуурайлал болж, санаатай санаагүй хэлсэн үгээрээ, хийсэн үйлдлээрээ хамгийн харамсалтай нь хоолоо олж идэхийн тулд л цэгнэж гаргасан шийдвэрээрээ хэн нэгэнд үлгэрлэл болж орхидог нь бий.


Ишүгүро номондоо амжилтад хүрснээ ойлгосон сэтгэл ханамжийг ийн дүрсэлжээ.
“ Хичээл зүтгэл эцсийн эцэст зохих ёсоор үнэлэгдлээ гэдгийг ойлгосны дараах аз жаргалын мэдрэмж, хэцүү бэрх хөдөлмөр, шаналгаат эргэлзээ түгшүүрийн ард гарч, үнэхээрийн үнэ цэнэтэй, алдар гавьяатай зүйл бүтээснээ ойлгомогц мэдрэгддэг тэр аз жаргал” (308р тал) Гэтэл ийм мэдрэмжтэйгээр гүн итгэл үнэмшилтэйгээр хийсэн зүйл чинь улс орноо мөхөлд хүргэх алхам байсан бол та яах вэ? Одоогийн улс төрчид энэ номыг заавал уншаасай. Уг нь бид “Хатуу итгэж үнэмшсэн зүйлээ чин сэтгэлээсээ хичээж хийсэн” (308 дугаар тал) юмсан гэж хэлээд дайны дараах Япон орон шиг болгож орхих вий дээ. Энэ ном эрх мэдэл, амжилтад төөрөлдөж яваа нэгний ширээний ном байгаасай.

Хоёрдугаар хэсэг: Хөвөлзөх ертөнцийн зураач хэн байв?

Зураач хэн гэдгийг,  түүнийг олон талаас дүрсэлснээс өөртөө ойрхон 2 өнцгөөс түүнийг харьцуулан үзмээр санагдлаа. Эхнийх нь тэрээр хүүгийн хувьд хэн байв, аавын хувьд хэн байв.

Хүү:
Тэрээр төрсөн эцгийнхээ үнэт зүйл, үзэл бодлыг үгүйсгэж өөрийн хүсэлд хөтлөгдсөн ачлалгүй хүү. Юу хүсч мөрөөдөж байгаагаа мэдээд түүндээ зориг гарган тэмүүлсэн ухаантай хүү.
Аав:
Тэрээр ганц хүүгээ дайнд алдаж, “ Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлагтун” гэж лоозогнон зурсан зурагт хуудасныхаа гашуун үнэнийг өөрийн биеэр амссан золгүй нэгэн. Түүнтэй маргаж, түүнийг өөрчилж ажил хэргийг нь уламжлан залгамжлахгүй ч өөрийнхөөрөө амьдрах хүүгээ үзэж харж чадаагүй өөрийнхөө азгүй ааваас ч хувьгүй нэгэн.


Үлдсэн хоёр охиндоо үнэ цэнэтэй, халамжтай сайн аав байж чадав уу? Үнэнийг хэлэхэд үхтэл үр харам гэгчээр бардам зангаа уландаа гишгээд тэднийгээ л гэх сайн аав. Үргэлж тэдний хайранд эргэлзэж, үгэнд нь бас үнэнд нь эмзэглэж өөрөөсөө урвасан мэт санаж явдаг өчүүхэн аав. Тэрээр өөрөөс нь ичиж байгаад нь гоморховч эх орныхоо хэцүү бэрх он цагт төрж өсөж, бүтээж туурвиж, хамт ялж ялагдаж, бас одоо хэн ч биш болсноо мэдэрч гутарч яваа ч түүндээ өвдөг сөхрөөгүй бардам аав.
Хоёрдох нь тэрээр шавийн хувьд хэн байв бас багшийн хувьд хэн байв.
Шавь
Өөрийн зорьсноо сураад багшаа дараагийн амжилтанд хүрэх гишгүүр болгон ашиглаад өд сөдөө гүйцмэгц өөрийн хүссэн зүгтээ нисэн оддог ачлалгүй шавь. Үгүй дээ, шавь гэж угаас ийм байх ёстой гэдгийг харуулсан жинхэнэ үлгэр жишээ ч юм уу.
Багш бүрийн хүсэл гарын шавиа өөрийн арга барил, алдар сууг залгамжлагч хөгжүүлэгч болгох, хамгийн гол нь өөрийнх нь үзэл бодлоос урвахгүй байхыг эрхэм болгодог гэж үзвэл тэрээр тун чиг харуусам нэгэн. Хамгийн сайн шавь нь боловч хамгийн тэрслэгч нэгэн.
Багш
Олон шавь тойрон хүрээлэгчидтэй хэдий ч муу багш. Авьяасыг нь хөгжүүлж, тойрон хүрээлүүлж чадаж байгаагаар нь биш, ачийг нь санаж алдрыг нь магтаж байгаагаар нь биш харин зааж сургая гэж бодсоноо шавьдаа өгч чадсан уу гэдгээр нь, өөрөөсөө илүү нэгний өд сөдийг ургуулахад дэм болж уу гэдгээр нь хэмжвэл тэр өөрийн багшдаа хүрэхгүй өчүүхэн нэгэн.
Зөвхөн өөрийнхөөрөө хэмжин төөрөлдөгч нэгэн.
Хөвөлзөх ертөнцийн зураачийг уран бүтээлч, иргэн, хань, эр хүн, найз нөхрийнх нь хувьд олон талаас нь бичсэнийг дурдаж болох ч хүн бүр өөрийн нүдээр хараг гээд орхилоо.
Нэг хүнийг олон өнцгөөр харж бичсэн энэ зохиол өөрийн амьдрал байр сууриа эргэцүүлэн бодоход их л тустай шимтэй, сонирхолтой бичлэгийн төрөл байлаа гэж.

Гуравдугаар хэсэг: Сэтгэлд туссан өгүүлэмж:
Ямар ч ном уншихад дараа нь сэтгэлд хадагдчихдаг санаа, өгүүлэмж байдаг. Миний хувьд “Хөвөлзөх ертөнцийн зураач” зохиолын дараах хэсэг сэтгэлд уяатай үлдлээ.
“Манай байшин руу өгсдөг овооны бэлд хүрээд, Тээнэгэлзлийн гүүр дээр түр саатаж, хуучны зугаа цэнгэлийн дүүрэг тийш эргэн харах үед тань харанхуй нөмөрчхөөгүй бол, ар араасаа жагссан одоо хэр нь хооронд нь утсаар холбоогүй цахилгаан утасны шонгууд таны саяхан явж ирсэн зам дагуу харанхуйд уусаж одохыг , шонгуудын оройд нэгэн цагт дээр нь зэрэгцэн суудаг асан цахилгаан утсаа хүлээж буй аятай тухгүйхэн бээвийцгээх шувуудын дүрс бараантахыг ялган харж ч магад” (49-50 дугаар тал).
Үүнийг уншаад
“Хүн амьдралынхаа төгсгөлд ирэхийн үесэд сүнсний мөнхийн орны мөнгөн хаалганы өмнө амсхийхдээ , өнгөрсөн амьдралаа дүгнэн цэгнэж үр дүнтэй, сэтгэлдээ хүртэл амьдарч чадсан эсэхээ тээнэгэлзэх тэрхэн мөчдөө, туулсан амьдралынхаа сайн сайхан, нуумаар муухай бүхнээ ч эргэн харах үед, ухаан чинь таныг эзгүй орхичхоогүй л бол хоорондоо бат бөх гэр бүлийн, хүмүүн төрөлхтний хүйн холбоотой байх ёстой ч, нийгмийн ороо бусгаа өөрчлөлт, ар араасаа ирсэн үе хугацааны зайны гайгаар, амьдралд болж өнгөрсөн аливаа асуудлын харгайгаар хоорондын ойлголцлын холбоо нь үгүй болсон хүмүүс хэзээ нэгэн цагт байсан сэтгэлийн дулаанаа дамжуулах ойлголцлын утас тасарсны улмаас одоо цогшиж үлдсэн жаахан дулаанаа бие бие рүүгээ илгээх эсэхдээ эргэлзэн тэр дулаан сэтгэлийн дууч шувуухай нар нь тухгүй ёрдойх шонгийн оройд бараантан байхыг үзэх болно.” гэж бичсэн юм шиг надад санагдсан.
Чухам ийм л үед “Чин сэтгэлээсээ амьдарсан уу, чин сэтгэлээсээ харилцсан уу. Ядаж л өөрөө өөртэйгөө” гэж асуумаар бодогдоно. Уг нь тийм. Чин сэтгэлээсээ пионерт элсэж, Сүхбаатарыг хайрлан хүндэтгэн өссөн. Ленинг аугаа удирдагч гэдэгт итгэдэг л байсан. Одоо ч тэр хүний тухай бүлээн дулаан дурсамж хэвээр. Гэтэл миний хүү түүнийг энгийн л нэг хорон санаатан, тохиолдлоор төрийн эрхэнд гарсан албан ёсны мангуу гэж нэрлэхийг сонсохоор зүрх ёгхийх ч маргаж зүрхлэхгүй. Миний хүүхэд бага насандаа итгэж байсан зүйлсийг одоо бүгдээр буруутгаж, үр хүүхэд маань ч ойлгохгүй байхад би өөрөө өөртөө сэмхэн л уг нь үнэн л гэсэн дээ Бидэнд тэгж л заасан даа. Одоо яагаад болохгүй байгаа юм бол гэж тээнэгэлзэж суух минь гашуун. Бас болоогүй тэгж итгэж байсандаа хүүгийнхээ өмнө, өвгөдийнхөө өмнө буруутай мэт санагдах нь хэцүү. Өнгө хувирсан ертөнцийн өмнө үхэж л цайрах нүгэл юм байлгүй дээ. Ганцаараа биш бүгдээрээ ийм байж дээ гэж бодохоор бүр л уйтай. Ингэж бэртэгчин бодолд автаж дэмий шаналж байхад “ Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг хамгийн хулчгар зан. Тэр тусмаа алдаагаа эх орныхоо төлөө хийсэн гэж цагаатгахыг оролдох нь жинхэнэ өөдгүй явдал” (94 дүгээр тал) гэх нь бүр л шарханд давс цацаж байгаа мэт. Араас нь “ ер нь өөрийгөө хүндэлдэг хүн өнгөрсөн үйл хэргийнхээ хариуцлагыг үүрэхээс аль болохоор зугтахыг хичээдгийг нэг л ойлгохгүй байгаагаа хэлмээр байна; мэдээж, амар хялбар биш боловч амьдралдаа үйлдсэн алдаагаа хүлээн зөвшөөрч байж л хүн өөрөө өөртөө үнэнч үлдсэний сэтгэл ханамж эдэлж, нэр төрөө авч гарч чадна. Ямар ч муу зүйл бодолгүй , ямар нэг зүйлд гүн гүнзгий итгэж, сайн санаж яваад л гаргасан алдаа дутагдлаасаа тэгтлээ ичих хэрэг байхгүй. Харин түүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй, хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байх нь л хавьгүй ичгүүртэй хэрэг мөн” ( 196 дугаар тал) гэх нь сэтгэлийн шарх аниулах эм түрхэх мэт.
Адилхан л хөвөлзөх ертөнцөд төөрөх хувьтай төрсөн нийгмийн өөрчлөлтийн золиосын хувьд энэ номыг хөндлөнгөөс биш дотроосоо хөндүүрлэж уншлаа даа.
Тээнэгэлзлийн гүүрнээс эргээд харахад гэрэлтэй гудамж, цахилгааны утас шонгуудын хооронд дураар нисэх шувууд, шонгийн модон дээрх гэрлүүд баяртай хэмээн анивчин байхыг харах сан...


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4994

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%