ТОМ АХ гэж хэн бэ?

“100 ЧУХАЛ СЭДЭВ” нэвтрүүлгийн цахим хувьсгал сэдвийг хөндсөн дугаарын үргэлжлэл нийтлэлд Монголын цахим засаглал том ах болж хувирах эрсдэл байгаа эсэхийг дэлхийн түүхийн агуулгад асуусан. Харин уншигчдаас том ах гэж хэн бэ гэсэн асуулт ирсэн тул зарим нэг нэмэлт тайлбар хийе.

“Big brother is watching you” буюу том ах чамайг харж байгаа шүү гэдэг нь Жорж Орвеллын  1984 романаас үлдсэн алдартай хэлц юм. 1984 гэдэг маань аль 1949 онд бичигдсэн хэрнээ коммунизм нь хүний үнэт зүйлийг хэрхэн дарамталж сүйрүүлэх шинж чанартай дэглэм болохыг яг таг зөгнөн харуулсан тийм зохиол байдаг. Зохиолд зөгнөлт улс Осианиа дүрслэгдэнэ. Осианиагийн иргэн бүр төрийн хяналт шалгалт дор амьдардаг.  Хотоор нэг байх асар том дэлгэцээр намын дарга, дарангуйлагчийн царай үргэлж гарах ба “том ах нь ажиглаж байна шүү” гэдгийг иргэдэд тогтмол сануулдаг. Системийн эсрэг тэмцэлд уриалсан агуулгатай “V for Vendetta” кинон дээр гардаг том дэлгэц ч, хотын төрх байдал ч Орвеллын зохиолоос санаа авч хийсэн. Тэр тухай өмнө нь харьцуулсан шүүмж бичсэн нь энд бий.

Орчин үед том ах гэдгээр төрөөс хувь хүнийг хянах, нэн ялангуяа хувийн үнэт зүйлс, орон зайд халдаж хянах боломжийг илэрхийлдэг болсон. 100 чухал сэдэв нэвтрүүлэгт 1984 зохиолын санааг дурдсан хэрнээ эерэг агуулгад гаргаж зохиолын буюу редакторын алдаа гаргасан харагдана.  Нэг сонин нь артист, философичдын зөгнөсөн, зурагласан бүхэн амьдралд бодит зүйл болдог. Үлгэр үргэлж үнэний урд явдаг. 1949 онд камера, технологийн хөгжил ямар байлаа? Харин 70 жилийн дараа Орвеллын зөгнөж сэрэмжлүүлж үлдээсэн том ахыг төрүүлэх технологийн боломж бодитой болж, болох болохдоо зарим улсад амьдрал дээр хэрэгжиж эхлээд байна.

Жишээ нь олон нийтэд  ил гарсан бодитой хэрэг, АНУ иргэдийнхээ утсыг тагнаж чагнадаг тухай Эдвард Сноудэний хэрэг байна. Сая Төвдөд явж байхад хотоор нэг, замын дээгүүр дүүрэн камера харагдах нь бурхан шашин, цаст уулын оронд том ах ороод ирсэн юм шиг тухгүй оргих юм. Хятадад бол бүр кино зохиолыг давсан түвшинд хэрэгжиж байгаа талаар энд маш сонирхолтой нийтлэл байгааг санал болгох байна. Хэн нэгэн том ах чиний нүдний харц, невроны хөдөлгөөнийг хүртэл хянаж хичээлдээ төвлөрч байгаа эсэх, хүнд дурлаад шархадсан эсэхийг чинь мэдээд байвал ямар вэ? Энэ хүн төрөлхтний захиалсан бялуу мөн үү гэдэг асуулт."Minority Report” гэж кинонд Том Круз хүнийг гэмт хэрэг хийх гэж байгааг урдчилсан таамаглах гэж хийсэн системдээ өөрөө өртдөг. Энэ мэтээр том ахын аюулыг зөгнөсөн, сануулсан урлаг олон бий.

Манай улсын хувьд төрийн үйлчилгээний цахимжилт үргэлжилж байна. И-баримт бол маш амжилттай жишээ, саяхан гадаад пасспорт хүртэл и-баримтаар дамжаад захиалдаг үйлчилгээ нэмэгдсэн байсан. Улсын бүртгэлийн 136 үйлчилгээнээс 38-ыг нь и-баримтаар авч болно гэж байгаа. Одоогоор иргэний бүртгэл мэдээллийн 150 сая гаруй хуудас цахим хэлбэрт орж, burtgel.mn вэбсаитаас 23 төрлийн лавлагаа авч болохоор болсон. 192 мянган аж ахуйн нэгжийн мэдээлэл нээлттэй болсон. ЖДҮ сангийн дуулиан гарах үед улстөрчдийн компани, хамаарлыг хэн ч шүүж харж болсон байх жишээтэй. Тэгэхээр цахимжих процессын хувьд бол энэ эрчээрээ хөгжөөд, төгөлдөржөөд явах нь тодорхой.

Коммунист дадлаа хаяагүй манай төр бол цахимжсан цахимжаагүй хүчтэй том ах. Үүнийг хувийн яриагаа чагнуулж байсан найруулагч өөрөө ч мэднэ.  Монгол цахим шилжилт хийхэд энэ том ах улам хүчтэй болох уу, эсвэл цахим үйлчлэгч болох уу? Эрх мэдэл бол үргэлж өөрийгөө хүчитгэх чиглэлд ажилладаг онцлогтой. Тэгэхээр процесс дунд том ах төрүүлэхгүйн тулд иргэд технологийн боол биш эзний хувиар, өөртөө үйлчлүүлэх өнцгөөс сэтгэдэг байх нь чухал.  Үзэл санааны дархлаагүйгээр цахим засаглалыг сохроор балиашиглах нь хожим үнэт зүйлийн зөрчил, хүний эрхийн хязгаарлалт дагуулна.

Тэгэхээр бид цахимжих процессыг өргөн агуулгад, олон талаас харах хэрэгтэй гэсэн үг.  Тиймд “100 чухал сэдэв” шиг сэдвийн буюу нөлөөллийн нэвтрүүлэг асуудлыг ердөө л пропоганда маягтай үзүүлэх үзэл суртлын хийцээс татгалзаж сэдвийг агуулгаар нь хөндөх хэрэгтэй.  Өмнөх нийтлэлд бол нэвтрүүлгийн контекстыг өргөжүүлж, оюун ухаант хүн өөрийн гараар бүтээсэн технологийн машинд өөрөө эргэж ирсэн түүхээс дэлгэрэнгүй өгүүлсэн. Анхны технологи агнуур түүврийн либерал харилцааг устгаж, дараагийх нь дэлхийд колоничлол, сая сая охид хөвгүүдийн амийг авсан дайнд хөтөлж, тун саяхных нь буюу санхүүгийн технологи үй олон жирийн иргэдийн хармаанаас триллион триллион доллар дээрэмдсэн. Энэ талаар том зураг өгүүлсэн нэг сурвалж гэвэл Хараригийн “Хомо Сапиэнсийн товч түүх” манайд орчуулагдаж гарсан харагдсан. Эргэн тойрноо харахгүй асар хурдтай гүйж байгаа юм шиг технологийн хөгжил хүн төрөлхтнийг хааш нь хөтөлж байгаа вэ гэдгийг асууж, сануулж байгаа учраас Харари орчин цагт хамгийн нөлөөтэй сэтгэгчдийн нэг гэгдээд байгаа болов уу.

Товчдоо технологи шат ахих тусам хоёр иртэй хутга шиг бүтээх хүч, сөнөөх хүч нь зэрэг нэмэгдэж ирсэн гэсэн үг. Эрх мэдлийг улам бүр хүчирхэгжүүлэх, эсвэл иргэн хүнийг орлоготой эрх чөлөөтэй болгох хоёр чиглэлд үйлчилж ирсэн технологи. Дараагийнх нь буюу үйлдвэрлэлийн хувьсгалын дөрөвдүгээр шатанд контраст бүр хурц болно. Улам бүр хүчтэй, улам бүр хурдтай болж ирсэн хиймэл оюун ухаан, биг дата, кибер системийн цаг үед бид юуг олж, түүнийхээ төлөөсөнд юугаа өгөх бол?  Мөн чанарын хувьд аливааг decentralize хийх буюу төвлөрлийг задлах шинж чанартай  крипто мөнгө, блокчэин технологи энэ өрсөлдөөнд эцсийн цэг тавьж, эрх мэдлийг нэгмөр задлаад жинхэнэ цахим хувьсгал өрдөж ч магадгүй. Явж явж эцэс төгсгөлгүй сонголт, зах хязгааргүй боломжийг өгдөг технологиос үзэл санаа, үнэт зүйл гэдэг шанагаар л хутгаж авч систем хийдэг. Монголд цахимжих процесс дуусахад том ах үхсэн байвал Эстони шиг дэлхийд гайхуулах, экспортлох цахим ардчилал болно, улам хүчтэй болсон байвал цахим дарангуйлал болно.

 

 

Нүүр зургийн эх сурвалж: study.com

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5129

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%