Нийтлэл 12 сарын 15, 2019

Татарстанд зорчсон тэмдэглэл ГҮРНИЙ АМБИЦ

Татарстан улсын Казань хотыг зорьсон тусгай нислэгийн онгоцонд хотын үүх түүх, тэр дундаа Алтан Ордны улсын түүхээс уншсан шиг явлаа. Татарстан нь одоогийн ОХУ-ын 85 нэгжийн нэг, тэр дундаа харьцангуй автономи эрх өгдөг 22 бүгд найрамдах улсын нэг юм. Газрын тосоор баялаг. Оростоо хамгийн өндөр орлоготой, үйлдвэржсэн холбооны улсын нэг.  Оросын түүхийн агуулгад “Татар Монголын дарлал” хэмээх ойлголт Чингис хааны ач хүү Бат Монголын эзэнт гүрний нэг хэсэг Алтан Ордны улсыг байгуулахдаа Орос оронд цусан далай урсгаж, өв соёлыг нь устгаж дарласан гэх маягаар түүхийг тайлбарладаг урсгалаас үүсч бий болжээ. Түүхийг дүрс гэвэл түүний тайлбар, тайлал гэдэг өнөө цагт буусан сүүдэр нь байдаг. Тэр утгаараа манай их түүхийн тайлал дэлхий дахин биднийг ямар сүүдэрт харж, хэрхэн харилцахыг их бага хэмжээнд тодорхойлсоор байх болно.

Миний бие ч замын туршид монгол хүний хувьд тэдний өмнө өөрийгөө хэн гэж сэтгэх вэ,  бид Татарстантай, цаашлаад хойд хөрштэй ямар нюансаар харилцах ёстой вэ тунгааж явав. Уншиж судлах тусам Монголын эзэнт гүрний түүх гэдэг зүгээр нэг мориндоо мордсон нүүдэлчдийн дээрэм тонуул байгаагүй нь ойлгогдож ирнэ. Систем систем хийж чадахгүй, төр төр удирдаж чадахгүй, хүн хүнээ хүлцэж чадахгүй хориннэгдүгээр зууны Монголын чадаагүй бүхнийг чадсан түүх. Асар их хурд, цэргийн стратеги, арын алба буюу зэр зэвсэг, хүнс хувцас хангамжийн аварга том үйлдвэрлэл технологи, нэгдсэн төрийн зохион байгуулалт, олон ургалч соёл шашин, либерал худалдааны бодлого. Жир бусын хөгжил, жир бусын амбицаас үүссэн жир бусын үзэгдэл байж.

Казань хотод буулаа. Дундаа нэг амраад 10 цаг, Евразийг хөндлөн гулд нисээд буухад чиний өчигдөртэй ямар нэг сэжмээр холбоотой газар нутагт хөл гишгэнэ гэдэг эцэг өвгөөс бидэнд үлдээсэн өв ажээ. Анхны харцаар Казань хотод дурлав. Өрнө дорнын уран барилга холилдохын зэрэгцээ соц маягийн орон сууцнууд нь Микр шиг, алсыг харагч нь манай парк уу гэлтэй танил харагдана.  Юу юугүй их үдэд нар бүүдийгээд бараг харанхуй. Гэнэтхэн цас нэвсийтэл орж, гэнэтхэн гутал нэвчтэл хайлах юм. Цэлгэр гудамтай, огцом өндөр барилгагүй жигд нам хотын уур амьсгал тийм гэх аргагүй энх тайван. 300 орчим жил Алтан ордны улс, улмаар Казанийн ханлиг, Хаант Орос гээд олон төрийн үүсэл мөхөл үзсэн мянган жилийн түүхтэй хот зөрчил тэмцлээс залхаа юу гэлтэй. Хүн амын тал нь Ижил мөрний булгарчуудаас угшилтай татар, тал нь орос агаад эв найртай зэрэгцэн амьдардаг олон ургалч соёлоороо Европт жишиг болдог гэх. Хотын бэлэг тэмдэг жижиг Кремлин ч энх тайван, эв нэгдлийн сануулга шиг цалин цагаан өнгөтэй юм.

Маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 6-нд энэ хотыг зорьж очсон гол арга хэмжээ буюу Монгол Улсыг ОХУ-д сурталчлах, АПУ компани Татспиртпром компани хооронд экспортын гэрээ үзэглэх “Монголын Нэг Өдөр ”өдөрлөг Казань Паласт зохион байгуулагдав. Арга хэмжээг энгийн даруу хийдэг оронд удсан надаас харж суухнээ Татар, Монгол аль аль нь эзэнт гүрний синдромтой ч юм шиг харагдана. Бараг л мини Хархорум хот засах маягтай нүсэр тансаг тайз засал дор уламжлалт ардын урлаг, сонгодог урлаг, орчин үеийн дуу хөгжмийн бүтэн концерт толилуулав. Алдарт уран барималч Даши Намдаковын гурван бүтээл танхимд гарч, өөрөө хүндэт зочноор морилов. Цэв цэнхэр уран сийлбэртэй монгол гэр, ноёд хатдын хувцас, тал нутгийн анчин нүүдэлчдийн сэдэвт уран баримал залсан ордонд монгол, татар, буриад гэрээ үзэглэж хуран чуулах нь хэзээ нэгтээ зүүд нойрондоо харсан үзэгдэл ч шиг... юу билээ?

Зүүд мөрөөдлийн үзэгдэл харж суухнээ яагаад ч юм олон жилийн өмнө санамсаргүй таарсан таксины жолооч ах санаанд эргэж орно. Одоо хотод ховор явдаг нэлээн муудсан жижигхээн орос тэрэг барьсан ах байсан юм. “Чингисийн үр сад би ингэж ч явах гэж дээ!” гэж  өөрөө өөртөө туйлын гутралтай хэлсэн нь чин сэтгэлийн гуниг байсандаа тэр үү зүрхэнд ёг хийтэл тусч санаанд хадагдсан хэрэг. Тэгэхэд “Чингис хаан гэдэг өнгөрсөн цаг биш одоо цаг юм байна, өнөөдрийн монгол хүний сэтгэл зүрхэнд оршиж байдаг юм байна” гэж бодож билээ. Казаньд очоод энэ бодол улам лавширч ирэв. Лавшрах тусам эргэн тойрноо харахнээ бүгд дотроо өнгөрсний ой санамжийг тээж, зарим нь үүнээсээ болоод өчигдөрт түгжигдэж , зарим нь маргааш дахиад нэгийг давтах хүсэлдээ шатаж явна. АПУ-гийн Батсайхан ч ялгаа алга. Ямар нормал бизнесмэн гэхээрээ хувийн компанийн зардлаар нэг онгоц уран бүтээлч дагуулж очоод улс сурталчлах төрийн ажил хийж явах билээ. “Би Чингис хаан брэнд гаргана гээд арван жил дэлхийгээр галзуу юм шиг явсан, уулзаагүй хүн үлдээгүй” гэнэ. "Монголын нэг өдөр" арга хэмжээний үеэр П.Батсайхан түүхэнд Пакс Монголика хэмээн тэмдэглэгдэж үлдсэн Монголын энх тайвны бэлэг тэмдэг, анхны олон улсын дипломат пасспорт болох Алтан Гэрэгэг бэлгэдсэн шагналыг Даши Намдаковт гардуулж өгөв. Ийм шагнал гардуулж байгаа нь ч, тэрхүү уран бүтээлч хүүгээ Чингис хэмээн нэрийдсэн байх нь ч цөм эдний сэтгэл зүрхэнд одоо ч орших их гүрний ой санамж, эзэнт гүрний үр садын амбиц юм байна.

Энэ тэгээд сайн уу, муу юу? Дээр өгүүлсэнчлэн өнгөрсөндөө түгжигдвэл муу, ирээдүйд  давтаж чадвал сайн. Цагийн байдал бол давтъя уу гэвээс давтаж болохоор нааштай. Дэлхий дахинд сүүлийн 250-300 жил орчим үргэлжилж буй технологийн хөгжил, соёлоор ижилсэх хандлага хөгжлийн оргилдоо хүрч буй шинж тэмдэг олон талаар илрэх болов. Эсрэг нь тэсрэгээ дуудах зарчмаар энэ хөгжлийн нөгөө талд эргээд ондоошил, эхлэлээ эрэх болж, машинт бус сэтгэл мэдрэмж, оюун санааны орон зай эрчимтэй тэлэх боллоо.  Apple, Amazon гээд медиа, технологийн бүх томчууд оюун санаа, контентын салбарт хөрөнгө оруулах болж байгаа нь үүний нэг тодорхой илрэл. 2020 онд л гэхэд эдний өрсөлдөөнөөс оригинал контент үйлдвэрлэлд 80 гаруй тэрбум доллар зарцуулагдах төлөвтэй байна.

Энэ бүхнийг дагаад story буюу түүх, зохиол технологи шиг, мөнгө шиг үнэд орох шинжтэй болж ирэв. Татар, Монголын хувьд ч коммунизмын үед гүн сурталдсан сөрөг имиж бага багаар бүдгэрч, эзэнт гүрний үлдээсэн эерэг өв, нэгдсэн төрийн хөгжлийг хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Энэ жил Татарсанд Алтан Ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буй нь ч үүний илрэл биз. Буруутаж асан түүх бахархал болохын хэрээр түүнийг өмчлөх өрсөлдөөн ч ширүүсэх нь тодорхой. Мөнгөтэй болсон улсууд дараагийн удаа түүхтэй болохоор шийдэж янз бүрийн сэдэлтэй түүхэн кино, цуврал хийх болсон.

Даши Намдаковын “Чингис хаан” сэдэвт уран баримлын нэгийг Татарстаны ерөнхийлөгч худалдаж авсан гэх нь, түүний баримлыг Төв Азийн бүх хот залж байгаа нь ч соёлын сэргэн мандалт, түүний доторх өрсөлдөөний илрэл буй за. Түүгээр зогсохгүй 100 жилийн өмнө дээрээс хардаг байсан өрнийн хотуудад ч онигор нүд, буддын шашны элемент, нүүдэлчин соёл нэвт шингэсэн түүний бүтээлээс сүндэрлэх болов. Умардын хаанаар гол дүр хийсэн “Хаадын тоглоом” цувралын араас манай Ху хамтлаг олон улсын хөгжмийн зах зээлд гарсан нь ч санамсаргүй үзэгдэл биш болов уу. Цаашид их түүх, онгон байгаль, органик соёл улам бүр үнэд орно.

Казань нисэхийн өмнө Хөрөнгө оруулагч үндэстэн чуулганаар яг энэ сэдвээр гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцаж таарсан. Тэрээр алдарт түүхч, үндэстэн судлаач Лев Гумилевийн тодорхойлсон "passionarity" буюу үндэсний эрмэлзэл оргилдоо хүрч их байлдан дагуулалт хийдэг хэмээх ойлголтыг “дотоод түлхэлт” хэмээн орчуулаад бид өөрсдөө анзаарахгүй болохоос дотоод түлхэлт ажиллаж эхэлж байгаа гэсэн юм.

Үүнийг бичиглэгч бээр 2019 онд нэлээн гарч орлоо. Урд хөршөөр ч, хойд хөршөөр ч явж ирээд бодоход нээрээ л сэргэн мандах, ямар нэг тэсрэлт гарах цаг ирж байж ч мэдэх. Хятадад таарсан өвөрмонгол орчуулагч хэдий бид гоё замтай ч монгол хүний эрх чөлөөний мэдрэмж, чөлөөт сэтгэлгээг гүйцэхгүй болсон гэж байв. Казань хот ч гэсэн үзэсгэлэнтэй хэрнээ Улаанбаатарыг бодвол буйд намдуу, олон улсын хөл багатай харагдана. Алдаж оноод ч болов ардчилал, эрх чөлөөг эрхэмлэж ирсний хэрэг эрт оройгүй гарч ургацаа хураах цаг ирнэ гэдэгт үргэлжид итгэнэ.

Юун төлөө ардчилсан орон билээ. Жишээ нь шинэ нисэх тойруулаад Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум, Алтан ордны нийслэл Сарай хот шиг гадаад худалдаа, олон соёл шашны чөлөөт бүс байгуулж яагаад болохгүй гэж?  Олон улсад шашны зөрчил өндрөө авч байгаа энэ үед Монгол төдийгүй Ази, Европын олон соёлтой танилцдаг, бараа бүтээгдэхүүн авдаг, олон үндэстний хоол иддэг, эв найртай зэрэгцэн оршдог Пакс Монголикагийн 21-р зууны жижиг загварыг хийхэд шинэ нисэх Ази Европыг холбох төв буудал болно. Торгоны зам дагуух худалдааг либералчилж, олон соёл шашныг хүлцэх нь жинхэнэ их гүрний амбиц байсныг бид өөрсдөө мартсан. Чингисийн Монгол гэдэг нь бусдыг дорд үзэх үндсэрхэг үзэл биш бусдыг хүлцэх, зэрэгцэн орших их соёл байсан. Хаах биш нээх, дагах биш давших амбиц байсан. Дагаж биш давшиж тоглож болно гэдгийг Казаньд харав.

Ингээд бодохнээ нэг онгоцоор бэсрэг  Монголоо ачиж очоод, ОХУ-ын зах зээлд гарна гэж амбицлах нь бидний хийх л ёстой зүйл юм байна. Нэн ялангуяа том компаниудын хувьд жижиг зах зээлээ мөлжиж, өрсөлдөөнийг дарангуйлах биш гадагшаа зах зээл нээж ажиллах болсон. Орондоо орох завгүй олзолдон тэмцэлдэж байсан омог аймгийг нэгэн зорилгод чиглүүлж гадагш тэлсэн түүх бэлхэн хичээл болно.

Нялх ардчилал гэж өхөөрдүүлж, шинэ зах зээл гэж гуйлга гуйж амьдарсан нэг үе шувтарч байна. Одоо Монгол гэж юув гэдгийг, амбицаа дахин нэг тодорхойлох цаг болов. Цаг үеийн тохироо, эцэг өвгөдөөс өвлөсөн өв бидэнд өөр хэн ч бичиж чадахгүй их гүрний үргэлжлэл болж тоглох боломж өгч байна. Үүгээр ямар дарс хийж хүртэх нь бидний мэдэх хэрэг.  Түүх үнэд орох цаг үе нэгэнт эхэлж, түүнийг өмчлөх ширүүн өрсөлдөөн түрж айсуй. 

arrow icon